МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярын асуудлаар ТАЙЛБАР ХИЙХ НЬ

Спорт
khiimori.co@gmail.com
2021-06-06 05:19:03


Монголын үндэсний олимпын хороо (МҮОХ)-ны дэд ерөнхийлөгч Г.Наранбаатар болон Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Д.Отгондалай, Т.Амаржаргал нар 2021 оны 06 сарын 02-нд МҮОХ-нд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл хийв. 

Энэ үеэрээ тэд МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон Монголын ард түмнийг хуурсан, илт ташаа худал мэдээлэл хийлээ.

Тодруулбал:

Ч.Наранбаатар болон Д.Отгондалай нар мэдээлэл өгөх үеэрээ “Олон улсын Олимпын хороо (ОУОХ - IOC)-ноос МҮОХ-нд үүссэн нөхцөл байдлын талаар тайлбар явуулахыг хүссэн. 

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ёс зүйн арга хэмжээ ав гэсэн бичгийг удаа дараа ирүүлсэн. 

Энэ тухай Гүйцэтгэх зөвлөлийн гишүүддээ удаа дараа хэлсэн...

Тэр ч бүү хэл, ОУОХ-ноос Н.Түвшинбаярт арга хэмжээ авахгүй бол Монгол Улсын тамирчдыг олимпод цагаан тугийн доор оруулна гэсэн.

Мөн Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг авч зугтаасан” гэх мэтээр ярьж, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүд болон Монголын ард түмнийг хуурлаа.

Иймд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар бодит мэдээллийг өгч байна.

Нэгдүгээрт:


ОУОХ-ноос МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд хандан "Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт ёс зүйн арга хэмжээ ав гэсэн бичгийг удаа дараа ирүүлсэн" гэдэг нь ташаа мэдээлэл.

Харин ОУОХ-оос Н.Түвшинбаяртай холбоотой үүссэн асуудал дээр “Энэ бол хувь хүний хэрэг. 

Та бүхэн үүсээд байгаа асуудлаа дотоод дүрэм, журмаараа шийдвэрлэ” гэсэн албан бичгийг ирүүлсэн бөгөөд нэг ёсондоо ОУОХ энэ асуудалд огт оролцохгүй гэдэг байр суурийг илэрхийлсэн.

Гэтэл МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг ОУОХ-ны гишүүн, ОУОХ-ны нэрийг барьж түрэмгийлэн дайрч, ийм үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.

Б.Баттүшиг МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгчийнхөө хувиар дотоод ажилд оролцох эрх нээлттэй.

Харин ийм асуудал дээр ОУОХ-ны нэрийг барьж, талцал хуйвалдаан зохион байгуулж, асуудал үүсгэж байгаа нь Б.Баттүшиг гэдэг ОУОХ-ны гишүүний хувьд байж болохгүй зүйл.

Магадгүй хүмүүсийг хагалан бутаргаж, эрх мэдлийн төлөө хэт улайрч байгаа энэ бусармаг үйлдэл нь эргээд түүнийг ОУОХ-ны гишүүнчлэлээс хасах хүртэл хэмжээнд яригдаж болно.

Хоёрдугаарт:


Тэд мэдээлэл хийхдээ "Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан. Үүнээс болж Монгол Улсын тамирчид олимпийн наадамд цагаан тугийн дор жагсаж магадгүй" гэжээ.

Ийм зүйл огт болохгүй бөгөөд олон нийтэд зөв мэдээлэл өгөх үүднээс сүүлийн үед болсон үйл явдлын талаар товч мэдээлэл өгье.

Н.Түвшинбаяр нь өнгөрсөн тавдугаар сарын 27-нд ажил дээрээ очсон. МҮОХ-ны дүрмийн дагуу МҮОХ-ны Ерөнхийлөгч Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг 7 хоногийн өмнө зарлаж, гишүүддээ бичгээр хүргүүлэх ёстой байдаг.

Гэтэл түүнийг ажилдаа очсоны маргааш МҮОХ-ны зарим удирдлага Гүйцэтгэх зөвлөлийн хурлыг гэнэт зарлаж, хурал болохоос хэдхэн цагийн өмнө Н.Түвшинбаярт мэдэгдсэн байна.

Улмаар өөрсдийн дуудан ирүүлсэн хэвлэл мэдээллийг хэрэгслээр дамжуулан Гүйцэтгэх зөвлөлөөс гаргасан шийдвэрээ яаран сандран олон нийтэд мэдээлж, "Н.Түвшинбаярыг үүрэгт ажлаас нь түр түдгэлзүүллээ" гэсэн тайлбар өгүүлсэн.

Тэр ч бүү хэл Н.Түвшинбаярын өрөөний цоожийг тэр даруй сольж, лацдан битүүмжилжээ.

Уг нь Н.Түвшинбаяр тамгаа авч зугтаагүй.

Ном журмын дагуу ажлаа өгөхөө хэлж байсан ч түүнийг зориуд гэм буруутай мэт харагдуулахыг илт зорьж, "Ажлаа өгөх дургүй байна.

Тамгаа аваад зугтсан.

Үүнээс болж олимпийн наадамд манай тамирчид цагаан туган доор тэмцээнд оролцоно. 

Олимпод оролцох боломжгүй болох аюул нүүрлээд байна" гэх зэргээр худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан зохион байгуулалттайгаар удаа дараа өгч байгаа нь гайхшрал төрүүлж байна.

Дахин хэлэхэд, Н.Түвшинбаяр ажлаа өгөхөд татгалзах зүйлгүй гэдгээ хэлсэн.

Харин нэгэн үе хамтран ажиллаж байсан хүмүүс нь гэнэт дүрмийн бус шийдвэр гаргаж, ийм зүйл хийж байгаа нь хачирхалтай гэмээр үйл явдал болчхоод байна.

Гуравдугаарт:

 МҮОХ-ны удирдлагууд гишүүдээ хүндлэхгүйгээр Н.Түвшинбаярыг дүрмийн бус шийдвэрээр үүрэгт ажлаа хийх боломжгүй болгосон гэж ойлгож болно. 

Учир нь МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийг 7-оос доошгүй хоногийн өмнө зарлан хуралдуулах ёстой.

МҮОХ-ны Ерөнхийлөгчийг хэн үүрэгт ажлаас нь чөлөөлөх вэ?

МҮОХ-ны Ерөнхийлөгчийг МҮОХ-ны бүх гишүүд чөлөөлдөг бөгөөд Гүйцэтгэх зөвлөл нь Ерөнхийлөгчийн ажлыг түдгэлзүүлэх дүрмийн заалт байхгүй болно.

Энэ тухай МҮОХ-ны дүрмийн 18 дугаар зүйлийн тодорхой заасан байгаа. 

Тодруулбал, Гүйцэтгэх зөвлөлд дараах тохиолдолд сул орон тоо үүснэ гээд 18.1.2-т Өөрийн хүсэлтээр гишүүнээс чөлөөлөгдөх /бичгээр/, 18.1.3-т Гишүүнчлэлээс чөлөөлөх болон хасах /тухайн гишүүнд тайлбар хийх хангалттай боломж олгон, түүнийг сонссоны дараа гишүүдийн хуралд оролцож буй гишүүдийн 2/3-ын саналаар гишүүнээс хасна гэж заасан.  

Нэг ёсондоо Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд МҮОХ-ны Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх эрх үүрэг байхгүй. Олимпийн дараагаар МҮОХ-ны чуулган болж, бүх гишүүдийн саналаар дараагийн Ерөнхийлөгчөө томилдог юм.  

Дөрөвдүгээрт:


МҮОХ бол хэн нэгэн өчүүхэн эрх ашигтай хүмүүсийн орогнодог, мөнгө угаадаг байгууллага биш. 

Энэ байгууллага бол Монголын тамирчдын амжилт, бүтээлийн архив, Монгол тамирчдын нэр хүндийн баталгаа болох газар. 

Гэвч сүүлийн үед МҮОХ-нд одоо ажиллаж байгаа зарим удирдлага, он удаан жил ажилласан зарим мэргэжилтнүүд болон түүний ойрын хамсаатнууд нь өөрсдийн халаасаараа нэгдэж, Монголын спортын хөгжлийг, монгол тамирчдын хөгжих боломжийг хулгайлсаар л байна. 

Тэдгээр хүмүүс ОУОХ-ноос Монголын тамирчдыг хөгжихөд зориулж өгч байгаа төсөл, хөтөлбөрүүдийг өөрсдөд ашигтай байдлаар ашиглаж, тогтмол мөнгө угааж, өөрсдийн эрх ашгийн төлөө явсаар байна. 

Энэ тухай Үндэсний аудитын газрын дүгнэлт ч ил болсон бөгөөд тодруулж хэлбэл, МҮОХ-нд одоо ажиллаж байгаа зарим удирдлага, он удаан жил ажилласан мэргэжилтнүүд МҮОХ-ны нэрийг барьж, идэж уусан олон бусармаг үйлдэл нь аудитын дүгнэлтээр ил болсон юм. 

Мөн энэ бүхнийг ил болгосноороо Н.Түвшинбаярыг өнөөдөр Монголын ард түмний дайсан мэтээр олон нийтэд ойлгуулахаар улайрч, хууль бус үйл ажиллагаагаа нуун дарагдуулахаар оролдсоор байна.

Эцэст нь, ОУОХ нь МҮОХ-ны дотоод асуудалд огт оролцохгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд ОУОХ-ноос Н.Түвшинбаярыг шахсан зүйл байхгүй. 

Харин Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдэд ОУОХ-ноос ийм шахалт ирж байна ташаа гэсэн мэдээллийг зориуд санаатайгаар өгч, хүмүүст буруу ойлголт өгсөөр байгаад харамсаж байна.

Н.Түвшинбаяр ёс зүйн хариуцлагаа хүлээж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн ажлаа өгнө. 

Үүнд чаргууцалдах зүйл байхгүй бөгөөд хамгийн чухал нь МҮОХ-г цаашид зөв хүн, зөв чигт нь авч яваасай гэж чин сэтгэлээсээ хүсэж, энэ ажилд маш буруу эрх ашигтай хүний хувийн ашиг сонирхол орж болохгүй гэж үзэж байгаа юм.

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн зарим гишүүд

Холбоотой мэдээ