Евро 2020: Хэсгийн тоглолтуудад гялалзсан шилдэг 11 тоглогч

Спорт
khiimori.co@gmail.com
2021-06-26 04:35:54

Евро-2020 тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. 

Хэсгийн шатанд нийт 36 тоглолт явагдаж, 94 гоол орж, бид олон сонирхолтой тоглолтын гэрч болов. 

Хасагдах шатны тоглолтууд зургадугаар сарын 27-ноос явагдаж эхлэх бөгөөд бид та бүхэнд хэсгийн шатны бэлгэдлийн шигшээ баг буюу хамгийн шилдэг тоглолт үзүүлсэн шилдэг 11 тоглогчийн гарааны 11 бүрэлдэхүүнийг танилцуулж байна. 


Хаалгач: Каспер Шмэйхэл (Дани)

Данийн шигшээ баг тэмцээний эхэнд Кристиан Эриксений нөхцөл байдлаас болж сэтгэлзүйн хувьд хүндхэн тоглолтууд хийсэн. 

Эхний хоёр тоглолтын тухайд гоол оруулах тал дээр асуудалтай байснаар хожигдол хүлээсэн гэж хэлж болно. 

Хамгаалалтын хувьд давгүй ажилласан бөгөөд олон гоолын боломжийг хамгаалалт нь зогсоож байлаа. 

Үүнд Каспэр Шмэйхэлийн хичээн зүтгэл голлох нөлөө үзүүлж, тэмцээний хамгийн олон гоолын боломжийг хаасан хаалгачдын нэг байсан юм. 

Данийн хувьд 3 оноотойгоор хэсгээс шалгарсан. 

Үүнд гоолын зөрүү чухал нөлөө гүйцэтгэсэн бөгөөд ОХУ, Финланд, Дани ижилхэн 3 оноотой тэнцэж, гоолын зөрүүгээр Данийн баг хоёрдугаар байраар шалгарсан билээ. 

Хэрвээ Шмэйхэлийн гайхалтай хаалтууд, хамгаалалтын шугамыг хойноос нь чиглүүлж буй үүрэг байгаагүй бол нөхцөл байдал арай өөр байх байсныг үгүйсгэхгүй. 


Хамгаалагч: Симон Кьер (Дани) 

Данийн шигшээ багийн ахлагч Симон Кьер талбайд тоглогч талаас үзүүлсэн үзүүлэлт, ахлагч талаас үзүүлсэн нөлөөлөл үнэхээр магтахгүй байхын аргагүй байв. 

Өмнө нь дурдаж байсанчлан Данийн шигшээ багийн хувьд сэтгэлзүйн хувьд хүнд байдалтай тоглолтуудад оролцож байсан тул хэсгээс шалгарна гэдэг маш хүнд асуудал байсан юм. 

Гэвч Симон Кьер ахлагчийн талаас багаа маш сайн удирдаж, хамгаалалтыг сайтар зохион байгуулж, чухал мөчүүдэд байх ёстой байрандаа байж чадсанаар багаа эцсийн хожил авахад маш том нөлөө үзүүлсэн.

Түүний хувьд BBC-ийн тоглолтын дундаж үнэлгээгээр 7.75 буюу хамгаалагчид дундаа хамгийн өндөр үнэлгээг дунджилсан байна. 

Тоглолтод хийж буй ашигтай үйлдлийн тоо бусад төвийн хамгаалагчдаасаа ялгарахуйц байв. 


Хамгаалагч: Леонардо Бонуччи (Итали) 

Италийн шигшээ багт олон жил тоглож буй туршлагатай хамгаалагч Бонуччи хамгаалалтыг гол зохион байгуулж буй хүн. 

Хамгаалалт зонхилсоор ирсэн Италийн хөлбөмбөгт багийн ахлагч, төвийн хамгаалагчдын үүрэг оролцоо дэндүү өндөр. 

Ижил сэтгэж, зэрэг үйлдэл хийж, багаар хамгаалах нь Италийн нэрийн хуудас. 

Тэр ч утгаараа сүүлийн 11 тоглолт дараалж гоол алдаагүй байгаа Италийн хамгаалалтыг Бонуччи удирдан тоглож буй. 

Хэсгийн тоглолтод нэг ч гоол алдаагүй гэдэг үзүүлэлт Бонуччиг яагаад энэ жагсаалтад орох ёстойг нотолно.


Хамгаалагч: Леонардо Спиназзола (Итали) 

Итали дийлдэшгүй байгаа шалтгааныг гарааны тоглогчдын төгс формоос харж болно. 

Үүний тод жишээ бол зүүн жигүүрийн хамгаалалтад тоглож буй Ромагийн зүүн Спиназзола юм. 

Эхний тоглолтод гоол болон гоолын дамжуулалтад оролцоогүй ч тоглолтын шилдгээр нэрлэгдэж, ямар том үүрэгтэй тоглогч вэ гэдгээ харуулсан. 

Довтолгооны санаачлага, гүйлтийн тэсвэр, хамгаалах чадвар гээд олон талын тоглолт нь Италийн зүүн жигүүрийг дийлдэшгүй болгож байна. 

Угаас Итали үеийн үед жигүүрийн хамгаалагчид нь 5 хагасын хоёр жигүүрт гардаг учраас урагшаа хойшоо сайн гүйдэг, дамжуулалт болон хамгаалалтын чадвар өндөртэйгээр бэлтгэгддэг. 

Тэр ч утгаараа Спиназзола Италид маш их үүрэг гүйцэтгэж байгаа юм. 

Энэ жил гэхдээ Итали 4 хамгаалагчтай хувилбар сонгож байгаа билээ. 


Хамгаалагч: Дензел Дамфриес (Нидерланд) 

Дензел Дамфриес ПСВ Эйндховен клубт хүчин зүтгэдэг тэрбээр тэмцээний "нээлт" болоод байгаа. 

Нидерландын шигшээ баг хэсгийн гурван тоглолтын хоёрт нь хаалгандаа гоол алдаагүй. 

Тэрбээр хамгаалалт довтолгоонд аль алинд нь идэвхтэй тоглож байгаа бөгөөд хэсгийн тоглолтуудад 2 гоол оруулаад амжсан юм. 

Өмнөх улиралд Европа лигт 1.3 бөмбөг булаалт дунджилсан бөгөөд Нидерландын шигшээ багийнхаа ирээдүй болоод байна.

Түүний өөртөө итгэлтэй, санаачлагыг гартаа авч тоглодог, сэтгэл хөдлөлөө илэрхийлж тоглодог байдал нь Нидерландад хэрэгтэй зүйлийг нь өгч байна. 

Тэр ч утгаараа чухал мөчүүдэд чухал гоол оруулж, хэрэгтэй үйлдэл хийж, багтаа хожлын момент үүсгэсэн. 


Хагас хамгаалагч: Мануэл Локатэлли (Итали)

Сассуолло багаас энэ жил Италийн шигшээд хэд хэдэн тоглогч голлох үүрэг гүйцэтгэж байгаагийн нэг нь Мануэл Локатэлли. Зинедин Зидан, Шави, Пирло зэрэг домгуудыг санагдуулам тоглолтын хэв маягийг хэсгийн гурван тоглолтоос бид хангалттай харав. 

Тулгуурын хагас хамгаалагчийн байрлалд тоглодог Локатэлли Италийн шигшээдээ хажуудаа Жоржиньотой учир түүн дээр ирэх ачаалал клубт байдгаас нь хавьгүй бага байгаа. 

Тэр утгаараа Локатэлли маш чөлөөтэй, санаачлагатай, өөртөө итгэлтэй тоглолт үзүүлж байна. 

Хамгаалалтад сайн тусладаг, өөрөө төвийн хагасын хамгийн хойно ч байрлаж тоглох боломжтой

Локатэллигийн хувьд Италийн амжилтын нууц болж байна.

Хэсгийн тоглолтод чухал тоглолт дээр хоёр гоол оруулж, бусад тоглолтууд дээр ч нөлөөллийн хувьд өндөр байв. 


Хагас хамгаалагч: Кэвин Дэ Броин (Бельги) 

Эхний тоглолтод тоглоогүй ч сүүлийн хоёр тоглолт дээр өөрийн классик тоглолтоо үзүүлж, энэ жагсаалтад багтсан эрхэм бол Кэвин Дэ Броин. BBC-ийн дундаж үнэлгээгээ 8.06 гэсэн үзүүлэлтийг дунджилж, сэлгээгээр орж ирсэн тоглолтдоо 1 гоол, 1 гоолын дамжуулалт, сүүлийн тоглолт дээр 1 гоолын дамжуулалт өгсөн. 

Цаашлаад түүнийг орж ирснээр өөрчлөгдөж буй багийн сэтгэлзүй, тоглолтын явц, санаачлага гээд бүхий л талаараа Дэ Броин өөрийгөө энэ тэмцээний хамгийн шилдэг тоглогчдын нэг гэдгээ хангалттай баталж байна. 


Хагас хамгаалагч: Жоржинио Виналдум (Нидерланд) 

Өдгөө 30 настай ПСЖ-ын клубын шинэ цэрэг Жиоржинио Виналдум 2020 оны ЕАШТ-ий хэсгийн тоглолтуудад Нидерландын шигшээ багийнхаа хамтаар үнэхээр онцгой байж, 9 оноотой итгэл төгс хэсгээ тэргүүллээ. 

Тэрбээр хэсгийн гурван тоглолтод 3 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтын тэргүүлэгчдийн эгнээнд бичигдэж байна. 

Донни Ван Дэ Бэк, Виржил Ван Дик зэрэг чухал тоглогчидгүйгээр оролцож буй Нидерландад Виналдум  мэтийн том багийн тоглогчдын шилдэг тоглогч зайлшгүй хэрэгтэй байна. 

Энэ үед Виналдум үүргээ давуулан биелүүлж байгаа гэхэд буруудахгүй бөгөөд довтолгоо, бөмбөг эзэмшилт, хамгаалалт гээд бүхий л талд багийн лидер мэт нөлөөлөл үзүүлж буй юм. 

BBC-ийн дундаж үнэлгээгээр Дэ Броины хамтаар 8+ үнэлгээ аваад байна.


Довтлогч: Криштиану Роналду (Португал) 

Өдгөө 36 настай Роналду домогт тоглогч ямар байдгийг дахин нэг удаа дэлхий нийтэд харуулж буй. 

ЕАШТ-ий хэсгийн гурван тоглолтод 5 гоол оруулж бүх тоглогчийг тэргүүлж байна. 5 гоолын гурвыг нь торгуулийн цохилтоос оруулаад байгаа ч бүгдийг нь амжилттай болгож, нэмээд чухал мөчүүдэд гоол авчирч байгаа нь хангалттай. 

Түүний энэ мэт гоолууд, багтаа өгч буй сэтгэлзүйн хүч, ахлагчийн характер гээд олон чадвараар нь Португал “хооллож” байгаа билээ. 

Өмнөх тэмцээнүүд дээр багийнхнаасаа өндөр чадвар нэхэж, алдах үед нь “стресс” гаргаж, сэтгэлзүйн хувьд хурц тоглодог байсан бол энэ удаад багийнхандаа орон зай, алдах боломж өгч байна. 

Энэ нь багийнхан нь хожигдож байсан ч алга ташиж, магтаж, инээж байдаг, эсрэг баг нь гоолдсон ч юу ч болоогүй мэт сэтгэлзүй харуулж байгаагаас нь харагдана. 

Түүний хувьд гайхалтай тэмцээн болж байгаа бөгөөд Европын Аваргад хамгийн олон гоол оруулсан тоглогч, ЕАШТ, ДАШТ-д нийлээд 20+ гоол оруулсан анхны тоглогч гэх амжилтын эзэн болоод байгаа юм.


Довтлогч: Ромелу Лукаку (Бельги) 

Шигшээ багийнхаа гол довтлогч Лукаку ээлжит том тэмцээндээ оролцож байна. 

Залуугаасаа л сүпэр одын карьераар тоглож эхэлсэн Лукаку багийнхаа хамтаар том тэмцээний цомыг өргөж үзээгүй явна. 

Бельгийн шигшээ том тэмцээнээс хасагдах бүрт зэмлүүлж, том багийн эсрэг сайн тоглодоггүй зэрэг шүүмжлэлийг хүлээдэг Лукаку энэ тэмцээнд ондоо сэтгэлзүйтэй, ондоо тоглолтыг харуулж байна.

Клубын хэмжээнд сүпэр улирлыг үдсэн Лукаку тэр формоо хадгалж орж ирсэн бөгөөд өмнөх тэмцээнүүдийг бодвол илүү хөдөлмөрч, идэвхтэй, нөлөөтэй тоглолтыг үзүүлэхийг хичээж байна.

Тийм ч учраас хасагдах шатны тоглолтуудад хөлбөмбөгийн том гүрнүүдийн эсрэг чухал гоолыг оруулж, хамгаалахад бэрх тоглолтыг үзүүлнэ хэмээн таамаглаж байна.


Довтлогч: Патрик Шик ( Чех)

Чехийн шигшээ баг хэсгийн эхний тоглолтоо маш гайхалтай эхлүүлсэн хэдий ч сүүлийн хоёр тоглолтоо тааруу хийснээс болж хэсгийнхээ гуравдугаар байраар шалгарсан юм. 

Багаа хасагдах шатанд шалгарахад хамгийн том тус нэмэр болсон тоглогч бол Патрик Шик. Хэсгийн тоглолтод нийт Чехийн шигшээ гурван гоол оруулсаны бүгдийг нь Патрик Шик шигтгэсэн.

Байер Леверкузен клубын довтлогч тэрбээр өнгөрсөн зун Рома клубээс £22 сая паундын үнээр тус клубт нэгдэж, эхний жилдээ 13 гоол оруулсан гэх амжилттай байна. 

Тэрбээр энэ формоо Евро-2020 дээр хүртэл үргэлжлүүлж байгаа бөгөөд Английн багууд түүнийг аль хэдийнэ сонирхоод эхэлсэн.


Холбоотой мэдээ