Хүнсний захууд ХААЛГАА БАРЬЖ эхэллээ

Эдийн Засаг
khiimori.co@gmail.com
2021-10-19 23:46:45

Хүүе, алим хамгийн хямдхан нь 10 мянга. 3000-ын жижигхэн мандарин байдаг ш дээ. Тэр 10 мянга болчихсон байна. Өчигдөр айлд очихдоо хүүхдүүдэд нь жимс авч орох гээд чадсангүй…

БНХАУ-ын Эрээн хотод халдварын нэг тохиолдол илэрсний улмаас хилээ хаагаад дөрөв хонож байна. Энэ дэглэмийг дагаад өргөн хэрэглээний импортын бүтээгдэхүүнийхээ 80 хувийг Хятадаас оруулж ирдэг Монгол Улс барааны хомсдолд орж, хүнсний захууд хаалгаа барихад хүрээд байна.

Эхэнд өгүүлсэн яриа бол “Барс” захын ойролцоох гудамжаар зөрсөн хүний яриа.

“Барс” худалдааны төвийн хаалгаар ороход “Хил хэзээнээс онгойно гэсэн бэ?” гэсэн наймаачдын сураг ажиг тавьсан үгс хаа сайгүй сонсогдоно. Лангуун дотроо багтахгүй их бараа өрж, үлдсэнийг нь гаднаа гаргаад тавьчихсан байдаг жимс, нарийн ногооны тасгууд хоосон сагстай, тоотой хэдхэн бараатай үлджээ.

Энд дүүрэн бараатай ганц, нэгхэн тасаг харагдана. Хамгийн их хүнтэй байгаа лангуу руу очиж, худалдагчаас барааны ханш асуухад “Нүд орой дээр гарам” үнэ хэллээ.


“Барс” худалдааны төвд өнөөдрийн байдлаар (2021.10.18)

Чинжүү – 16.000 төгрөг (1 кг-ын үнэ) Өргөст хэмх – 18.000 төгрөг Бууцай – 22.000 төгрөг Үрлэн улаан лооль – 22.000 төгрөг Улаан лооль – 12.000 төгрөг Цэцэгт байцай – 22.000 төгрөгийн үнэтэй байна. Хил хаасны улмаас бараагаа татаж чадахгүйд хүрч, улмаар хаалгаа барихад ойрхон байгааг наймаачид хэлж байна.

Наймаачдын яриа:

-Хамгийн сүүлд хил хаахаас хоёр хоногийн өмнө бараагаа татсан. Одоо ингээд дуусаж байна. Ямар ч нөөц байхгүй. Лангуугаа хаахгүйн тулд аргагүйн эрхэнд “шаг”-ийн худалдаачдаас нэг хайрцаг ногоог 250 мянгаар авч, зарж байна. Энэ байгаа ногоогоо зараад хаах гэж байна.

-Том улаан лооль 12 мянган төгрөг. Миний зарж байгаа бусад нарийн ногоо 18 мянга гэж байгаа. Ногооны үнэ өдөр өдрөөр өсөж байна. Өргөст хэмх гэхэд18 мянган төгрөг боллоо. Өчигдөр 15 мянга, хоёр өдрийн өмнө 12 мянга, гурван өдрийн өмнө есөн мянгаар зарж байсан. Одоо бүр үнэтэй ч хамаагүй олдож байгаад нь баярлах хэрэгтэй болоод байна.


ОРОСООС ОРУУЛЖ ИРДЭГ АЛИМ Л ҮЛДЛЭЭ…

Жимсний тасгаар ороход мөн л ёроол нь цухуйсан, хоосон сагснууд угтав. Хүнсний ногоо өдөр тутмын хоолонд хэрэглэдэг учир өндөр үнэтэй ч “хүний хөл” тасрахгүй байгаа бол жимсний үнэ “тэнгэрт хадсан”-аас үүдэн энэ тасагт худалдан авагч харьцангуй цөөн байв.

Хил нээгдэх эсэхийг ярилцаж, үлдсэн хэдэн бараагаа цэгцэлж буй наймаачид хий дэмий шахуу лангуу харуулдах аж.

“Чимгээ чамд үлдсэн мандаринаасаа өгнө гэнэ үү. Нэг хайрцгийг авчих юмсан”… Энэ мэтчилэн тэд лангуугаа хаачихгүйхэн, хов хоосон болгочихгүйхэн хил нээхтэй золгохыг л бодож буй бололтой.

Жимсний үнийн талаар худалдаачдаас асуухад “Хятадаас орж ирдэг банана, усан үзэм, мандарины үнэ маш их өссөн. Банана гэхэд гурав хоногийн өмнө 6000 төгрөгийн үнэтэй байсан. Одоо 8000-аар зарж байна. Усан үзэм 15-18 мянган төгрөгийн хооронд байна. Харин Европ жимсний үнэ хэвийн байгаа” гэлээ.


8000-ЫН НОГОО 18000 БОЛЖ ҮНЭ НЬ НЭМЭГДЖЭЭ

Барааны үнэ өдрөөс өдөрт өссөөр байгаа ч хэдхэн хоногийн дотор суга өссөнийг хүнсээ цуглуулах гэж ирсэн хүн бүр гайхаж, ам амандаа “бувтнана”.

Дэлгүүрийнхээ барааг авах гэж ирсэн эмэгтэйтэй таарав.

Тэр “Зарим нарийн ногоо нэг килограмм нь 20 мянга гээд байна. Ийм үнээр аваад хэдэн төгрөгөөр цааш зарахаа гайхаж л байна. “Барс” руу 30 минутын өмнө орж ирсэн юм. Үнийг нь хараад юу авахаа сонгож чадахгүй байна. Бүгд л нэмэгдсэн байна. Авахаа болиод буцдаг юм бил үү гэж бодож байна. Жишээ нь, банана хайрцаг нь 120 мянга гэж байна. Хэдхэн хоногийн өмнө 65 мянга гэж байсан юм. Бөөний үнэ гэж байхгүй болсон байна” гэлээ.

Тор дүүрэн бараатай захаас гардаг цаг өнгөрчээ. Худалдан авсан бололтой “Аравын уут”-нд жижиг алчуур хийсэн настан ч үнэ өссөн байгааг хэллээ.

“Ач, зээ нартаа чихэр, жимс, ойр зуурын юм авах гэсэн юм. Гэтэл үнэ нь дийлдэхгүй болсон байна. Авч чадахгүй л явж байна. Миний авдаг байсан 20 мянгын чихэр 23 мянга болчихож” хэмээв.

Мөн хажуугаар зөрөх хосууд “8000 төгрөгийн үнэтэй ногоонууд 18 мянга болчихсон байна. Хоёр нугалж зарж байна” гэсээр өнгөрөв.


“БАРС” ЗАХЫН ХЭМЖЭЭНД НАРИЙН НОГООГҮЙ БОЛСОН. АЛИМ, ЖИМСНҮҮД Ч ДУУСАЖ БАЙНА”

“Барс” худалдааны төвийн ард байрлах бөөний төвүүд рүү орлоо. Худалдаачдын ногоогоо бөөндөж авдаг газраар орох гэсэн боловч цоожтой хаалга хэд хэдэн удаа мөргөв.

Дараа нь жимс, ногоогоо Хятадаас татдаг гэх бөөний лангуунд очив. Эндхийн наймаачин “Барс захад байгаа ногоо нь гэвэл төмс, лууван, манжин, байцай гээд монгол ногоонууд л байна. Нарийн ногоо, жимс ингээд байхгүй болж байна. Хил тодорхойгүй хугацаагаар хаачихсан байдаг. Манайх долоо, долоо хоногоор бараагаа татдаг. Хамгийн сүүлд долоо хоногийн өмнө бараагаа татсан юм. Татсан бараа маань ингээд дуусаж байна. Хил өнөөдөр нээгдлээ гэхэд гурав хоногийн дараа бараагаа татна.

“Барс” захын хэмжээнд нарийн ногоо байхгүй болсон. Алим, жимснүүд нь шавхагдаад дуусаж байна. Хойд хөршөөс татдаг жимс, хатаасан жимснүүд л үлдсэн.

Манай захын зарим зоорь, бөөний төвүүд хаагдсан. 10 зоориноос дөрөв нь хаалгаа барьсан байна. Манайх ч мөн адил үлдсэн бараагаа ганц, хоёр өдөр зараад хаах гэж байна. Одоо орос мандарин, хатаасан жимс, хатаасан үзэм гэх мэт европын жимснүүд л үлдсэн” гэлээ.


Өөр нэг лангуугаар оров. Энд хатаасан жимс, ачилтын явцад дарагдсан чинжүүний үлдэгдлээс өөр бараагүй болсон байлаа.

Нэгэн худалдагчаас “Хил нээгдэхгүй бол яах вэ” гэхэд “Бараагүй наймаачид өөрсдийгөө харуулах гэж суултай нь биш хаалгаа бариад, хаадаг л байхдаа” гээд ширэв татлаа.

Түүнээс ийн асуух зуур нөгөө талд “8000 төгрөгийн усан үзэм байна гэсэн. Дуусчихсан уу” гэсээр сагсанд шилэгдэж үлдсэн хэдхэн жимсийг хэн нэгнээс түрүүлж авах гэсэн худалдан авагч ухас хийж байгаа харагдав.

БНХАУ-ын хил дөрөвхөн хоног хаагдахад л Монголд барааны үнэ “тэнгэрт хадаж”, хүнсний захууд захаасаа хаалгаа барихад хүрч байна…



Холбоотой мэдээ