Х.Нямбаатарын багт том хариуцлага үүрүүлэв

Улс Төр
khiimori.co@gmail.com
2024-10-10 04:53:22

Монголчууд дөрвөн жилд нэг удаа аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчөө сонгодог сонгууль болж өндөрлөв. Энэ удаагийн сонгууль ирц, саналын босгогүй ч улс даяар 50 хувиас дээш, Улаанбаатар 42 хувьтайгаар өндөрлөв. Өөрөөр хэлбэл, бүх нийтээр нь амрааж, сонгуульдаа идэвхтэй оролцуулах зохицуулалт хийгээд ч иргэд энэ удаагийн орон нутгийн сонгуульд ач холбогдол өгсөнгүй.

СОНГОГЧДЫН 50 ХУВЬ НЬ Л САНАЛАА ӨГӨВ

Улс төрийн намуудын хувьд орон нутгийн сонгуульд ач холбогдол өгч, УИХ-ын сонгуультай дүйцэхүйц сонгууль болж өнгөрсөн гэж олон нийт дүгнэж байна. Харамсалтай нь иргэдийн сонгуульд оролцох идэвх муу байв. Энэ удаагийн орон нутгийн сонгуульд 10 нам, нэг эвсэл болон бие даагч нар 8031 мандатын төлөө 17,278 нэр дэвшигч өрсөлдсөн. 21 аймгийн 558 тойрог 751, сумдын 1,642 тойрог 6,922, нийслэлийн 12 тойрог 45, дүүргийн 181 тойрог 313 мандаттай байв. Нийт 2,107,291 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1,120,021 хүн саналаа өгчээ. Улаанбаатарын үндсэн сонгогч 1,005,132 байснаас 425,347 иргэн саналаа өгч 42,3 хувьтай байв. Ийнхүү нийслэлчүүд энэ удаагийн сонгуульд хамгийн бага ирцтэй байсан бол аймгуудаас хамгийн өндөр ирцтэй нь Баян-Өлгий аймаг.  Ирц бага байсан нь Баасан гаригт санал хураалтын өдрийн товлосон,  сонгуулийг ирцийн босгогүй болгосон нь сонгогчдын идэвхийг бууруулсан гэж үзэх хүмүүс олон байна.

Х.НЯМБААТАР ХОТЫН ДАРГААР УЛИРНА

Энэ удаагийн орон нутгийн сонгуульд нийслэлд МАН үнэмлэхүй олонх, орон нутагт 14 аймагт олонхийн санал авав. Тодруулбал, МАН НИТХ-ын 45 төлөөлөгчөөс 40 нь МАН-ын гишүүн, тав нь Ардчилсан намаас сонгогджээ. Орон нутагийн 124 аймагт МАН олонх болж, долоон аймагт Ардчилсан нам олонх болжээ.


2024 оны УИХ-ын сонгуультай харьцуулбал олон нийт нэг намд илүү их итгэл хүлээлгэж, сөрөг хүчнийг тун бага сонгожээ. Парламент 126 гишүүнтэй болж, дөрвөн ч намын төлөөлөл багтаж чадсан учраас орон нутгийн сонгуульд ч мөн олон нийт солонгоруулсан сонголт хийх болов уу гэсэн хүлээлт их байв. Гэвч хүн амынх нь тал оршдог нийслэлчүүдийн дийлэнх нь аль нэг намд итгэл хүлээлгэхгүйгээр саналаа өгөхөөс татгалзаж, харин саналаа өгсөн хүмүүсийн олонх нь Х.Нямбаатар даргатай МАН-д саналаа өгсөн нь одоо эхлүүлээд буй 20 минутын хот, метро зэрэг том төслүүдээ хөдөлгөх хариуцлага үүрүүлж байна гэсэн үг. НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид ялалтын нулимс унагаж, баярлах нь олон байв. Гэвч сонгогчид тэдэнд нийслэлийн түгжрэл, зун нь үерт, өвөл нь утаанд угаартуулахгүй, аюулгүй орчин, бетонон ширэнгэ болсон хотоо өөрчлөх, шинэчлэх, амласан хэлснээ хийж, хэрэгжүүлэх үүрэг, хариуцлага өгч байгаа болохоос баяр тэмдэглүүлж, ялсан мэдрэмж өгөх гэж саналаа өгөөгүй биз ээ. Өдрөөс өдөрт асуудал нь дуусдаггүй, олон жил шийдлээ хүлээсэн олон асуудал хотод бий. Сонгогчдын МАН-ын дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавих, хариуцлага нэхэх ажил өнөөдрөөс эхэлнэ.

МАН ялалт байгуулбал Х.Нямбаатарыг Хотын даргаар улираана гэсэн. Тиймээс энэ долоо хоногт НИТХ хуралдаж, Х.Нямбаатарыг албажуулж, ажилдаа орно.

Олон удаагийн сонгуулийг харвал орон нутгийн сонгуулийн ирц хамгийн бага байсаар, сонгогчид идэвх муутай, мэдээлэлгүй байсаар ирсэн. Тиймээс цаашид аймаг, нийслэл, сум, дүүргийн төлөөлөгчөө сонгох сонгууль нь сонгогчид ямар чухал болох талаарх сонгогчдыг мэдээлэлжүүлэхэд шат шатны Сонгуулийн хороо, хууль тогтоогч дээд байгууллага болох парламент нь анхаарах цаг болсныг энэ удаагийн сонгуулийн ирц харуулав. Ялангуяа нийслэлчүүдийн 42 хувь нь л саналаа өгсөн нь маш бага үзүүлэлт юм.

Эцэст нь онцлоход, сонгогдсон төлөөлөгчид нь амласнаа хэрэгжүүлдэг, дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлдэг, сонгогч бүр сонгуульдаа идэвхтэй оролцдог, сонгуулийн дараа хариуцлага нэхдэг, хянадаг байх нь хамгийн чухал юм.

Холбоотой мэдээ