“Хармагтай” төсөл дээр Монголын төр хувь эзэмших үү
НийгэмМонгол дахь томоохон ордуудын нэг, Индонезийн Грасбергийн уурхайтай зүйрлэгддэг “Хармагтай” орд нь өнөөдрийн байдлаар хамгийн ирээдүйтэй томоохон төслийн тоонд зүй ёсоор багтаж байна. Австралид бүртгэлтэй “Занадау Майнз” компани нь дэлхийд порфирын төрлийн зэс, алтны ордыг илрүүлэх, тогтоох чиглэлээр мэргэшсэн бөгөөд Монголд 10 гаруй жил үйл ажиллагаагаа явуулж буй.
“Хармагтай” ордын нөөц жил ирэх бүр нэмэгдсээр 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алт болоод байна
2022 онд Занаду компани уг төсөл дээр Хятадын “Зижинь” уул уухайн групптэй стратегийн түншлэл байгуулж, хөрөнгө оруулснаар 14.9 хувийн эзэмших болсон юм. Мөн уг төслийн 76.5 хувийг эзэмшдэг “Хүйтэн Металлс Пте Лимитэд” компанид 50/50 хувийн хамтрал байгуулсан билээ. “Зижинь” компанийн тухайд Европ, Төв Ази, Африк зэрэг 13 улсад төслийн болон олборлолтын ажил явуулдаг Хятадын томоохон уул уурхайн компаниудын нэг гэгддэг.
2018 онд уг ордоос авсан 12 дээжээс алтны илэрц тогтоогдож байсан бөгөөд тухайн үед 630 метрийн гүнд хийсэн өрөмдлөгийн үр дүнд тонн хүдрээс 0.49 гр алт, 0.34 хувийн агууламжтай зэс илэрсэн гэж байсан бөгөөд өргөтгөсөн өрөмдлөгөөр 180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг тонн хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн хэмээн ажлын дүнгээ шинэчлэн танилцуулж байсан билээ. Үндсэндээ 1.9 сая тонн зэс, 4.3 сая унц алт, алтны дундаж агуулгатай 203 сая тонн хүдрийн нөөцтэй хэмээн үзэж байсан юм. Оюутолгойгоос 15 дахин бага, Цагаан суваргын ордын нөөцтэй дүйцүүлэн бодвол бага ч, манайдаа томоохонд тооцогдох ордын нэг. “Хармагтай” орд нь Улаанбаатараас 420 км зайд, Цагаан суваргын ордоос 170 км, Оюутолгойоос 120 км зайд оршдог.
Хармагтайн зэс, алтны ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн юм. Тус ордыг 2002-2003 онд Роберт Фридланд анхны өрөмдлөгийн ажлыг эхлүүлсэн гэгдэж байсан билээ. Хайгуулын лицензийг 2002 онд “Айванхоу майнс” компани өөрийн охин компани “Оюут Улаан”-д шилжүүлж, 2013 онд Хармагтай ордын нөөц тогтоогдож, “Занаду Майнс” компани “А” ашиглалтын лицензийг нь эзэмших болсон. “Занаду Майнз” нь Өмнөговь аймаг дахь Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2014 онд “Turquoise Hill Resources” компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан бөгөөд үлдсэн хувь дээр нь “Mongol Metals” болон “Quincunx” компани орж ирж байв.
Хятадын “Зижинь” групп “Хармагтай” төсөл дээрх өөрсдийн эзэмшлээ 20 хувьд хүргэв
2023 онд 24 сарын хугацаанд хийсэн өрөмдлөгийн ажлын үр дүнд шинээр 2.1 сая тонн зэс, 5.6 сая унц алтны нөөц тооцоолсон. Улмаар Хармагтай нь нийт 3.4 сая тонн зэс, 8.5 сая унц алтны нөөцөд хүрээд байлаа. Энэ нь 2021 оны нөөцийн тооцооллоос зэс 15 хувиар, алт 9 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлт юм.
Харин энэ оны 9 дүгээр сарын шинэчилсэн тооцооллоор тус ордын зэсийн боломжит нөөц 14 хувиар өсөж, 463 мянган тонноор нэмэгджээ. Харин алтны нөөц 9 хувиар өсөж, 7691 мянган унцаар нэмэгдсэн байна. Сүүлийн шинэчилсэн мэдээллээр нийт 3.8 сая тонн зэс, 9.3 сая унц алтны нөөцтэй байгаа гэсэн үг. Энэ оноос уг төсөл дээр хайгуулын ажлаас олборлолт руу шилжсэн. Ингэснээр 2027 он гэхэд зэсийн баяжмалыг олборлож гаргах төлөвлөгөө бий.
Урьд нь улс төрийн зүгээс “Занаду Майнз” 51 хувь, Засгийн газар 34 хувь эзэмшинэ гэсэн асуудал багагүй хөвөрч, хуучнаар Тогтвортой байдлын гэрээ гэж нэрлэгддэг гэрээг үзэглэнэ гэж байгаад намжсан. Оюутолгой шиг тодорхой дэд бүтэцтэй газарт түшиглэж ажлаа эхлүүлсэн бол олон талын давуу байдал үүсэх байсан ч хоосон тал газар, сумын төвөөс ч зайд байрлах “Хармагтай” дээр хөрөнгө оруулагч талаас их хэмжээний хөрөнгө хаяж, ажлаа эхлүүлэхээс аргагүй болсон. 1.6 сая орчим австрали долларыг хайгуулын ажилд зарцуулсан нь тус компанийн санхүүгийн томоохон хүндрэл үүсгэж байв. Уул уурхай дагасан элдэв хөдөлгөөнийхөн “Хармагтай”-г төрд авах ёстой гэх мэтийн асуудал хөндөж, шуурч яваад тэгэсгээд чимээгүй болчихдог.
Өнөөдрийн байдлаар тус компаниас ТЭЗҮ-ээ эцсийн байдлаар гаргасан тухайгаа зарлаад байна. Мөн БНХАУ-ын “Зижинь” групптэй төслийн дараагийн шатны хөгжүүлэлтийн төлөвлөлт, санхүүжилттэй холбоотой яриа хэлэлцээгээ үргэлжлүүлж байгаа бөгөөд хоёр компанийн түншлэлээр “Хятадын групп “Занаду Майнз”-ын 20 хувийг эзэмшиж, "Хармагтай" төслийн үйл ажиллагааг урагшлуулах хамтарсан компани байгуулахаар эцсийн шийдвэрт хүрсэн.
“Занаду Майнз” компани 2023 онд Хармагтай төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг боловсруулж буй талаараа болон эрдсийн өндөр агууламж бүхий шинэ бүсүүд илрүүлснээ зарласан нь энэ талбарт томоохон компаниудын анхаарлыг татсан юм. Уг төслийн урьдчилан ТЭЗҮ-ийг боловсруулах, хайгуулын ажилд өмнө нь 35 сая ам.долларын санхүүжилтийг татан төвлөрүүлээд байсан билээ.
Цаашид “Хармагтай” төслийн олборлолтын процесс ахицтай байх тусам монголын төр оролцох, уул уурхай дагасан улс төржилтүүд бий болох эрсдэл бий. Уг төсөл дээр Монголын төр хувь эзэмшиж орсноос татвараа өндөр тогтоогоод явах нь илүү өгөөжтэй гэдэг байр сууринаас хандах нь оновчтой хувилбар болов уу.