Нобель 2024 оны эзэд: Хэн? Яагаад?

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2024-10-10 21:36:20

Энэ долоо хоногт Нобелийн шагналтнуудыг зарлах үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Уг шагналыг хүн төрөлхтний хөгжил дэвшлийг нэг алхам урагшлуулсан эрхмүүдийн хичээл зүтгэл, авьяас билгийг үнэлэн гардуулдаг билээ.  

Уг нийтлэлээр шагнал хүртсэн эрхмүүдийн судалгаа, бүтээлүүдтэй дэлгэрэнгүй танилцаж, орчлон ертөнц бидний нүдэн дээр хэрхэн өөрчлөгдөж буйг хамтдаа гэрчилцгээе.  

ХИМИ

Судалгааны сэдэв: AlphaFold программыг ашиглан уургийн бүтцийг өндөр нарийвчлалтайгаар загварчлах нь 

Судлаачид: Демис Хассабис, Жон Жампер, Дэвид Бейкер 

Судалгааг энгийнээр

Бидний биед явагдаж буй бүхий л химийн урвалд уураг нэн чухал. Дааврын зохицуулалт, тархинд дохио дамжуулалт, дархлааны үйл явц гэх мэт биднийг төдийгүй амьдралыг цогцлоодог зүйл бол уураг. Уураг нь 20 төрлийн амин хүчлээс тогтох бөгөөд тэдгээр нь эсийн орчноос хамаарч янз янзаар хэлбэржиж бүтцээ олдог. Ийнхүү эвхэгдэж, нугаларах үйл явц тун нарийн бөгөөд олон боломжит хэлбэрийг үүсгэж болдог. 

Эрдэмтэд хэдэн мянган уургийн амин хүчлийн дарааллыг мэдэх боловч тэдгээрийн гурван хэмжээст орчин дахь бүтцийг оновчтой, хурдан,бага өртгөөр загварчлах аргыг хараахан олоогүй байсан юм. Уураг хэрхэн нугаларч буйг харах боломжтой X-ray crystallography гэх уургийн бүтцийг тодорхойлох алтан стандарт болсон арга бий. Энэ нь өндөр өртөгтэйн дээр цаг хугацааа их шаарддаг. Нэг ёсондоо өнгөрсөн 50 жилийн турш биохимийн салбарт уургийг зөвхөн амин хүчлийнх нь дараалал дээр үндэслэн хурдан, өртөг багатай, оновчтой загварчлах нь сорилт болж байв.

Уг асуудлыг 2020 онд Демис Хассабис, Жон Жампер, Дэвид Бейкер нар шийджээ. Тэдний бүтээсэн AlphaFold гэх хиймэл оюун ухаанд суурилсан программ нь судлаачдын мэдэж буй асар олон уургийн мэдээллийн сангаас уураг хэрхэн нугаларч, эвхэгдэж, хэлбэрээ олж буйг сурч авдаг гэсэн үг. Яг л цаасаар оригами хийхийг заалгаж байгаа мэт. Яаж цаасаа нугалвал, ямар дүрс бүтээж болох уу? гэдгийг тус программ сурч, боломжит хувилбарыг оновчтойгоор олж тогтоодог гэсэн үг. 

Ач холбогдол

Ийнхүү уургийг загварчилж чаддаг болсноор судлаачид өөрсдийн хүссэнээр цоо шинэ уургийг зохион бүтээх, шинэ төрлийн наноматериал, эм, вакцин үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа юм. Жишээ нь, уг программын тусламжтай Алцгеймер өвчнийг илүү сайн ойлгож, эмчилгээний шинэ арга барил бий болгох боломж бүрдэх юм. Учир нь Алцгеймер өвчин нь тархины бета амилойд уураг буруу угсрагдсанаас болж тархи, мэдрэлийг гэмтээдэг аж. Тиймээс энэхүү уургийг хэрхэн хэлбэржиж буйг мэдсэнээр түүнд тохирсон эмчилгээг турших, цаашдын судалгааны ажлыг урагшлуулах юм. 

УРАН ЗОХИОЛ 

Зохиолчийн тухай

Хан Ган бол Өмнөд Солонгосын нэрт зохиолч бөгөөд түүний бүтээлүүд хүний дотоод сэтгэл, бие махбодын өвдөлт, нийгмийн асуудлуудыг дүрсэлдгээрээ онцлог. Тэрээр 1970 онд Сөүл хотод төрсөн бөгөөд 1990-ээд оноос зохиол бүтээлээ туурвиж эхэлжээ. Хан Ган "Цагаан хоолтон" хэмээх романаараа дэлхийд алдаршин олон орны хэлээр орчуулагдаж, утга зохиолын хэд хэдэн шагнал хүртсэн байдаг. Мөн энэхүү романы хоёрдугаар хэсэг болох "Монгол толбо" бүлэг нь Өмнөд Солонгосын И Сан Утга Зохиолын Шагналыг бие даан хүртжээ. 

Зохиолчийн бүтээлүүд

Дээр дурдсан "Цагаан хоолтон", "Хүн мод", "Цуст Мөндөр" зэрэг романууд түүний гол бүтээлүүд бөгөөд ихэвчлэн хүний биеийн болон сэтгэл зүйн өвдөлт шаналан, нийгмийн дарамт зэргийг зохиолдоо тусгаж, амьдралын утга учир, хүн хоорондын харилцааг тод томруунаар дүрсэлдэг. Сонирхуулахад, өөрийн хамгийн алдартай "Цагаан хоолтон" романаа "Миний эмэгтэйн жимс" өгүүллэгээсээ сэдэвлэн бичсэн гэдэг.

Ач холбогдол

Хан Ганийн бүтээлүүд утга зохиолын ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг бөгөөд орчин үеийн дорнын утга зохиолыг олон улсад таниулсан зохиолчдын нэгээр зүй ёсоор тооцогдоно. Түүний зохиолууд хүний эрх, сонгох эрх чөлөө, нийгмийн эмзэг, хар бараан асуудлуудыг уншигчийн сэтгэлд гүн гүнзгий буулгадгаараа онцлог. Энэ жил түүнийг "Сэтгэл зүйн түүхэн учир шалтгаант цочрол, шархтай нүүр тулж, хүний амьдралын эмзэг талыг нээн харуулсан машид хүчтэй, яруу найраглаг туурвилуудаараа Нобелийн утга зохиолын шагнал хүртлээ.” хэмээн Шведийн Академиас мэдэгдсэн юм. 

ФИЗИК  

Судалгааны сэдэв: Хиймэл нейроны сүлжээг ашилан машин сургалтыг хөгжүүлэх суурь судалгаа

Судлаачид: Жон Ж. Хопфилд болон Жеффри Е. Хинтон

Судалгааг энгийнээр

Хиймэл оюун ухаан, машин сургалт гэхээр ихэд нарийн үйл ажиллагаатай, түм буман өгөгдөл дээр ажилладаг, хүнээс ч илүү ухаантай зүйлс гэж төсөөлөх нь бий. Нэг талаараа зөв боловч нөгөөтээгүүр бидний мэдэх хиймэл оюун ухаан заасан үйлдлийн дагуу харьцангуй хөшүүн байдлаар ажилладаг байсан юм. Үүнийг нь нейробиологи, компьютерийн шинжлэх ухаан, физик гэх гурван том салбар шинжлэх ухааныг хослуулан ашигласнаар өөрчилжээ. 

Ингэхдээ, хүний тархины мэдрэлийн сүлжээг загварчлах байдлаар хиймэл оюун ухааныг сургажээ. Нэг ёсондоо хүний тархины сурч мэдэх, мэдээллийг санах чадварыг нь дуурайх гэсэн үг. Тэдний бүтээл нь “Хопфилдийн сүлжээ” болон “Больцманн” машин гэх шинэ сүлжээг хөгжүүлснээрээ онцлог. Жишээ нь, Хопфилдийн сүлжээ нь статистик механикийн зарчимд үндэслэн хиймэл мэдрэлийн эсүүдийн хоорондын харилцан үйлчлэлийг ашиглан дутагдалтай мэдээллийг засаж, зөв мэдээллийг сэргээх чадвартай.

Харин судлаач Хинтон Больцманн машин хөгжүүлснээр уг сүлжээ өөрийнхөө сурах явцыг заалгалгүй, мэдээллийн онцлогийг тодорхойлж, дүгнэлт гаргах чадвартай болж. Өөрөөр хэлбэл уг систем яг л хүн шиг орчин болон туршлагаасаа суралцаж чадна.

Ач холбогдол

Өмнө нь ямар ч өгөгдөл байхгүй байсан ч цоо шинэ зүйлийг хиймэл оюун ухаан сэтгэх чадвартай болох юм. Үүний үр дүнд онолд суурилсан хиймэл оюун ухааны загварууд өдгөө эрүүл мэндийн салбарт өргөн хэрэглэгдэж байна. Жишээлбэл, нейроны сүлжээнүүд эмнэлгийн орчинд өвчнийг илүү нарийвчлалтай оношлох боломжийг олгож, материалын шинжлэх ухаанд урьд өмнө нь хэзээ ч байгаагүй цоо шинэ материалыг зохион бүтээх боломжтой болж байгаа юм. 

ЭНХ ТАЙВАН 

Шагналын эзний тухай 

1956 онд байгуулагдсан Нихон Хиданкё (日本被団協) буюу Японы Цөмийн Зэвсгийн Хохирогчдын Холбоо нь атомын бөмбөгдөлтийн хор уршгийг биеэр мэдэрсэн ч амьд үлдсэн иргэд (хибакүша) төлөөлдөг. Энэхүү байгууллага нь Хирошима, Нагасаки хотуудын бөмбөгдөлтийн дараахан байгуулагдаж, өнөөдрийг хүртэл цөмийн зэвсгийн аюул заналаас ангижрах, энх тайван, цөмийн зэвсэггүй дэлхийг бүтээхийн төлөө уйгагүй тэмцсээр иржээ. Тус холбоо нь цөмийн зэвсгийн хохирогчдын эрүүл мэндийг дэмжих, амьдралын чанарыг сайжруулахад анхаарахын зэрэгцээ тэдний дуу хоолойг олон улсын тавцанд хүргэхийг зорин ажилладаг. 

Байгууллагын үйл ажиллагаа 

Нихон Хиданкё нь цөмийн зэвсгийг хориглох, олон улсын хэмжээнд бүхий л төрлийн зэвсэглэлээс ангид байх гэрээнүүд батлах, цөмийн зэвсгийн хохирогчдын эрхийг хамгаалах, тэдний амьдралын чанарыг сайжруулах чиглэлээр өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллага цацраг идэвхэд өртсөн иргэдийн бодит түүхээр дамжуулан атомын бөмбөгдөлтийн хор уршиг, цөмийн зэвсгийн хөнөөлт үр дагаврыг таниулж, энэ түүхийг дахин давтахгүй байхыг дэлхий дахинд уриалсаар иржээ. Үүний зэрэгцээ, залуу үеийнхэнд энх тайвны боловсрол олгох, ялангуяа цөмийн зэвсгийн аюулын талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд голлон анхаарч ажилладаг.

Цаашлаад, Нихон Хиданкё нь цөмийн зэвсгийн хохирогчдын эрүүл мэндийн болонэмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн хамгааллын чиглэлд хэрэгжүүлэх төрийн бодлогод хувь нэмрээ оруулахыг зорьдог гэнэ. Түүнчлэн цөмийн зэвсгийн хоригтой холбоотой олон улсын арга хэмжээ, томоохон уулзалтад оролцож, цөмийн зэвсэггүй бүс нутгуудын тоог нэмэгдүүлэхийг уриалдаг аж. 

Ач холбогдол 

Нихон Хиданкё нь цөмийн зэвсгийн эсрэг тэмцэгч байгууллагуудын дундаас цөмийн хор уршгийг биечлэн мэдэрсэн хүмүүсийг төлөөлдгөөрөө онцгой ач холбогдолтой. Цөмийн зэвсгийн аюулыг ойлгох нь цөмийн зэвсэггүй ирээдүйг бий болгоход хамгийн чухал хүчин зүйл гэж тэд үздэг байна. 

Шведийн Академиас Нихон Хиданкёг “Дэлхий дахиныг цөмийн зэвсэггүй ертөнц болгохын төлөө, ахин хэзээ ч энэхүү хөнөөлт зэвсгийг хэрэглэхгүй байхыг уриалдагт нь Нобелийн Энх тайвны шагналыг хүртээлээ.” хэмээжээ. 

ФИЗИОЛОГИ БУЮУ АНАГААХ УХААН 

Судалгааны сэдэв: микроРНХ ба түүний транскрипци дараах гений зохицуулалт дахь үүрэг 

Судлаачид: Виктор Амброс, Гари Рувкун 

Судалгааг энгийнээр

Уг нээлт тэртээ 1980-аад оны сүүл үеэс эхлэлтэй. Тухайн үед Виктор Амброс болон Гари Рувкун нар C. elegans дугуй хорхойн гений экспрессийг судалж байх явцад lin-4 хэмээх асар богино РНХ молекул үйлдвэрлэгч генийг илрүүлсэн юм. Уг нь судлаачид мРНХ-ийг уураг үйлдвэрлэх транскрипцийн үйл явцад оролцдог хэмээн үзэж байсан юм. Харин тус судалгаагаар нэгэн жижиг ген уураг үйлдвэрлэх үйл явцад ерөөс оролцохгүй хэрнээ уургийн үйлдвэрлэл, зогсох цаг хугацааг зааварлаад байгаа нь хачирхалтай байлаа. Гэхдээ тухайн үед энэ транскрипцийн дараах зохицуулалтын механизм нь зөвхөн C. elegans хэмээх организмд л тохиолддог хэмээн үзэж нэг их анхаарал хандуулсангүй.

Гэтэл 2000-аад оны дараах судалгаагаар микроРНХ нь хүний уургийн кодчилол бүхий гений 60 хувийг зохицуулдаг болох нь батлагдаж, эсийн хуваагдал, дархлааны хариу үйлдэл, өвчний үүсэл гэх мэт олон үйл явцад нөлөөлдөг болохыг олж тогтоов. Цаашлаад микроРНХ-ийн үйл ажиллагааны алдагдал нь хорт хавдар, зүрхний өвчин, мэдрэлийн эмгэг зэрэг өвчний суурь шалтгаан болж буйг олж тогтоосон юм.

Ач холбогдол

Тухайлбал, микроРНХ нь хорт хавдарт яг л хөдөлгөөн зохицуулагч цагдаа шиг ажилладаг. Бидний биед хорт хавдар үүсэх үйл явцыг дэмждэг "онкомиР" гэгдэх микроРНХ-ууд байхаас гадна хорт хавдрын генийг дарж, хавдрын өсөлтийг зогсоодог микроРНХ-ууд ч бий. Тиймээс эрдэмтэд тэрхүү микроРНХ-ийг чиглүүлэх байдлаар зөвхөн хорт хавдар гэлтгүй бусад өвчнийг хянах шинэ аргыг судалж буй. Тэгэхээр бие жижиг ч бэлчээр том энэ РНХ-ийн үйл ажиллагааг нээж илрүүлсэн явдал нь шинжлэх ухааны салбарт маргаангүй шагшигдах ололт билээ.

Холбоотой мэдээ