ТРАМПЫН ИЛТ ДҮРИЙГ ЭРГЭН САНУУЛАХУЙ ДОР
Улс ТөрТРАМПЫН ИЛТ ДҮРИЙГ ЭРГЭН САНУУЛАХУЙ ДОР
Америкийн шинэ ерөнхийлөгч Дональд Трампыг үзэж ойлгох өнцөг дэлхий даяар өөрчлөгдөж байна. Манай Монголд ч гэсэн түүнийг бараг л Гитлер шиг балмад нөхөр мэт ойлгогсод цөөнгүй байдаг. Саяхан хүртэл миний бие тэдний нэг шахуу явсанаа нуух юун. "Make America great again" гэдэг түүний ерөнхийлөгчийн сонгуулийн уриаг "Монгол ялна" хэмээх уриатай төсөөтэй популист амлалт төдийхөн ойлгож явснаа эргээд бодохоор ичмээр ч юм шиг.
Ер нь манай Монголд Америкийг, тэр тусмаа Трампыг бодитой зөв ойлгогсод их л цөөхөн байж мэдэхээр юм байна лээ шүү. 1987 онд Трампын туурвисан "Арилжааны урлаг" нэртэй ярилцлагын ном үндэсний бестселлэрийн жагсаалтыг хэдэн долоон хоногийн турш тэргүүлж байсан гэхээр яаж ч хоосон эр байж таарах билээ? Бас 2016 онд хэвлэгдсэн "Трампын намтар" хэмээх ном дахин хэвлэгдээд Амазоноор идэвхитэй зарагдаад эхлэсэн тул англи хэлтэй уншигчид уншаад үзвэл Трампын үзэл бодол, байр суурийг илүү бодитой ойлгоход тустай байх нь лавтай.
Тэгвэл Трамп Америкийг хэрхин яаж ахин аугаа их гүрэн болгох вэ? Түүний энэ уриа хэрэгжих боломжтой юу гэдгийг тогтож ярьвал илүү сонин байх болов уу? Мэдээж хэрэг Америкийг аугаа их гүрэн болгох гэдэг нь батлан хамгаалах зардлыг өсгөөд шинэ хүчтэй зэвсэг үйлдвэрлээд болчих зүйл биш байж таарна.
Трамп болон Илон Маск тэргүүтэй бусад ухаалаг хүчирхэг удирдагчдын хоршил өөрөө маш "хүчтэй зэвсэг" болон хувирлаа гээд хэлчихвэл хол зөрөхгүй л дээ. Наймааны холч ухаантай нөхөд нэг л зүйлийг маш сайн ойлгож байгаа нь "Гол чухал салбаруудад" монополь тогтоох нь асар их мөнгө олох цорын ганц арга зам гэдгийг ойлголгүй яахав.
Энэ утгаараа Америк улс хиймэл оюун, эрчим хүч, жолоочгүй автомашин, холбоо харилцааны шинэ технологи, чип үйлдвэрлэл, сансрын тээвэр зэрэг гол чухал салбарт монополь эрхээ тунхаглах дүр зураг, чиг хандлага бүрэн тодорхой болж ирлээ. Энэ тал дээр маш их хөрөнгө хүч зарцуулж, тэр хэрээр түлхүү амжилт олж байгааг ч жаахан юм уншиж судладаг хүмүүс анзаарч байгаа биз ээ. "Өөрийн стандартыг бусдад тулгаж чадсан тал дэлхийд ноёлно" хэмээх алдартай үг байдгийн цаад санаа ерөөсөө энэ юм. Бүр тодорхой ярьвал Илон Маск ердөө тав гурван жилийн дараа жолоочгүй автомашин, харилцаа холбооны салбар, хиймэл оюун зэрэг гол чухал салбарт өрсөлдөгчгүй дангаар ноёрхоход эргэлзэх хэрэггүй. Энэ утгаар түүний компаниудын хувьцааны үнэ өртөг суга өсөөд эхлэсэн байж таарна. Ганц түүгээр зогсохгүй Америкийн бусад хүчирхэг компаниуд ч өөр өөрсдийн салбарт давуу эрхтэй болох гээд маш эрчтэй ажиллаж байгааг өгүүлэх юун.
Америкийн компаниуд баян, хүн ард нь ч мөнгөтэй бол харин засаглалын чадавхийн хомсдлоос шалтгаалаад засгийн газар нь санхүүгийн хувьд гуцуухан байсаар ирсэн. Тэр байдлыг л засахын тулд Илон Маскийг төрийн захиргааны ажлыг боловсронгуй, үр ашигтай болгох чиг үүрэг бүхий шинэ яамны сайдаар тохоон томилсон. Амжилт, ахиц удахгүй харагдана гэдэгт эргэлзэх хүн цөөхөн буй за.
Дээрх хоёр үндсэн гол зорилтыг хэрэгжүүлчихсэн байхад Америк улс ахин аугаа хүчирхэг урьдын цаг үе рүүгээ буцан орж чадна. Тийм агуу хүчирхэг гүрэн лүгээ сайн харилцаатай байж хөлтэй наймаа хийж чадсан тал чамгүй том бялуу хүртэх боломжтой гэдгийг Си Зиньпин, Путин, Моди нар байтугай Ким Жон Ун хүртэл маш сайн ойлгож байгаа. Угаас наймааны хэрсүү ухаантай Трамп өөрийн энэ үнэ цэнийг сайтар ойлгосон болохоор л "Орос Украйны дайныг 24 цагийн дотор зогсооно" гэж хэлсэн нь ойлгомжтой юм.
Америкийн шинэ хүчирхэгжил, Трампын алсын хараатай дээрхи бодлогын улмаас дэлхий дахины геополитикийн нөхцөл байдалд эрс хувирал гарах нь тодорхой болж байна. Нөхцөл байдлын эерэг хувирал Монголд ашигтай тусаж газрын ховор элемент, эрчим хүчний шинэ хүчтэй тоглогч болох бүрэн боломж бий. Даанч одоогийн манай өнөөгийн УИХ болон засгийн газарт суугаа "битүү шөл" шиг битүү толгойтой нөхөд үйл явцын асар хурдтай энэ өрнөл хувирлыг ойлгон ухаарч байгаа нь юу л бол доо?
Манай хэвлэлийн газрууд Трампын дээрх хоёр номыг орчуулж олны хүртээл болговол олон түмэн Америк орон болон Америкийн шинэ ерөнхийлөгчийг шинэ сонирхолтой өнцгөөс ойлгож ухаарах боломж олгоход тустай байж мэднэ.