Бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан Хангайн бүсээс эхэлнэ
Улс Төр
Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан 2025 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт болно.
Хуралдаанд бүсээс сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд, төрийн захиргааны байгууллагууд, Хангайн бүсийн аймаг, сумдын удирдлага, хувийн хэвшил, олон улсын байгууллага, мэргэжлийн холбоод, эрдэмтэн, судлаачид, иргэдийн төлөөлөл оролцоно.
Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны 3 дугаар тэмдэглэл, 2025 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн хуралдааны 5 дугаар тэмдэглэл, Бүсчилсэн хөгжлийн Үндэсний хорооны 2025 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн 1 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар “Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулж, бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, бүс тус бүрд шаардлагатай мега төслийг танилцуулж, хэлэлцүүлэх" шийдвэр гаргасан билээ.
“Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдааны үеэр таван сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдах бөгөөд ирэх 4 жилд хэрэгжүүлэх боломжтой бүсийн хөрөнгө оруулалтын төслүүдийг орон нутгийн иргэд, хөрөнгө оруулагчдад танилцуулж, санал, дүгнэлтийг хэлэлцүүлэх ажээ.
Бүсийн онцлог, харьцуулалт хэлэлцүүлэгт модератор, панелистаар оролцох гишүүдийг танилцуулбал:
Модератор:
Ч.Даваабаяр– Ерөнхийлөгчийн Үйлдвэр, үйлчилгээний бодлогын зөвлөх
Панелист:
Г.Тэмүүлэн– УИХ-ын гишүүн
П.Гомбодорж– Архангай аймгийн ИТХ-ын дарга
С.Батбаатар– Стандарт хэмжилзүйн газрын дарга
Д.Мөнхжаргал– Баянхонгор аймгийн Жаргалант сумын ИТХ-ын дарга
Н.Эрдэнэ-Очир– ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Инновац, хамтын ажиллагааны салбарын эрхлэгч, доктор
Ө.Амгалан– МУИС-ийн Хот ба бүс нутгийн хөгжлийн хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга