Сэтгүүлч Эмүжин: АН-ын туулсан уналтыг танай МАН туулна
Улс Төр
АН-ын туулсан уналтыг танай МАН туулна!
Лу.Гантөмөрийг юу ч гэж шүүмжилж болно оо, би ч шүүмжилдэг.
Гэвч энэ хүн өөрөө ардчилсан цаг үеийн бүтээгдэхүүн, түүнийгээ ч харуулж байна.
Ардын намынхан нэг их шүүмжлээд, шүлсээ үсэргээд байх хэрэггүй.
Тун удахгүй танай энхрий хайрт Ардын нам эдний АН-ын сүүлийн найман жил туулсныг туулна.
Наад дарга чинь тамгаа тэврээд зугтана, дараагийн дарга нь гэрчилгээгээ өвөртлөөд ордонд төөрнө. Тэгээд наашаа ч үгүй, цаашаа ч үгүй, 2027, 2028 оныг шаварт хутгалдаж, шалбаагт мөлхөж барна. Лу.Гантөмөр эцсийн эцэст Монголын ардчиллын талд, нийгэм цаг үеэ мэдэрсэн шийдвэр гаргалаа.
Энэ чинь намдаа Нэг ардчилал хөдөлгөөн байгуулж, төрд Боловсролын сайдаар ажиллаж, Японд 1000 оюутан сургах хөтөлбөр хэрэгжүүлэн, сурангаа ажиллах гэрээт хувилбарын эхлэлийг тавьсан, 1999 онд Шинэ үе залуучуудын байгууллагад бужигнуулж явсан нөхөр. 1999-2006 онд Японд коллеж, удаад нь Нагаокагийн их сургууль дүүргэсэн, юун танай хулхины дипломтой, хуулбар Ерөнхий сайд вээ, ёстой яаж тэсч 10 сар шадарлаж ажилласан юм.
Хэдэн даргадаа дарамтлуулсаар байгаад юм үзээгүй МАН-ын нөхдийг бодоход хаана яаж, хэрхэн дуугарахаа мэднэ.
Харж ав, энэ өдрүүдэд Монголын ардчиллын хувь заяа дэнжигнэж, шалихгүй дарангуйлагч өсч өндийгөөд, хэдийнэ хэл, хөлд орсныг мэдэрсэн хүний шийдвэр байна.
Алийн болгон Ардын намыг далайхад далд ороод, даллахад шарваганаж явдаг юм.
Ямар нохой байна уу?
АН бол маш хүнд цаг үед унаж босч, уруудаж өгсөж ирсэн улс төрийн хүчин, ардчилал амьд байгааг баталсан алтан шийдвэр яг энэ цаг үед хэрэгтэй байлаа.
Хоёр сонгууль дамнан ганц хүнээс шалтгаалсан дотоодын самуунтай, гудамжинд лааз өшиглөсөн АН үнэт зүйлээ хадгалж чадаж байхад, тасралтгүй төр барьж, тансаглалд живсэн МАН-ынхан балчир дарангуйлагчийнхаа гарт гаслаад байж дээ!
Одоо ч танай намынхан ганц постны дор лайк дарсныхаа төлөө грүпп чат дээрээ намнуулаад, хойд солонгосчууд шиг хойшоо харж гөлөлзөөд, урагшаа харж үг үйлдлээ хянуулаад, ярайтал эгнэж суучихаад ярсхийтэл алгаа ташаад байж байдаг биз дээ?
Нэртэйгээр нь бүгд намын даргаа долоогоод, хүүг нь бас долоогоод, Гэрэгэ тауэрын гадаа машиндаа хоноод, манай Хэро гэж хэлээ унжуулж гүйгээд, брэндийн цүнхэнд нь бүгдээрээ хамт багтаарай, та нар.
Нөгөө хүн нь бууж чадахгүй, намын Бага хурлын шийдвэрээ давж заалдаад, даварч заамдаад, сагаж сайварлаад явж өглөө.
Ганц хүн буунгуут ганхдаг төр юм бол наад байгуулсан Засгаа хар, ямар Засаг гэдэг юм.
Нэг хүн унангуут үнс болоод хийсчихдэг төсөл юм бол наад баталсан төслүүдээ хар, ямар төсөл гэдэг юм?
Лу.Гантөмөр шийдвэрлэх мөчид намаа, үзэл санаагаа ямар зэвүүн авч гарч байна аа, гэтэл танай намын дарга,
Ерөнхий сайд чинь гэртээ, гэдсэндээ намаа, улстайгаа, бүр парламенттай нь чихчихээд, чихэлдээд яваа биз дээ?
Жэнок АН-ыг самарч бараад, одоо МАН руу даргаар чинь дамжуулаад далдайгаад орсон, дороос нь идэж, дээрээс нь лантуудаж дөнгөж эхэлж байна!
АН ардчилсан суурьтай учраас хугацааны уртдаа босоод ирнэ,
МАН соцдек энэ тэр гээд баахан төөрчихсөн, томоос том толгойндоо даруулаад нүсэр муухай ойчно.
Тийм, наад хүнээ сайн хөөргөөд, сайтар дэмжээд, адаг сүүлд нь АН-ын найман жил туулсан зовлонг наян жил сөхөртлөө туулаарай, МАН-ын хөөрхөн бялдуучид аааа!
Тэгэлгүй дээ, АН брэндийн цүнхнээс хямдхан байна гэж юу байдаг юм,
1999 оны Гантөмөр эргээд иржээ!