Мөнхийн хоёр талд зогсох нэг үндэстэн
Улс Төр
1. Эсийн хуваагдал ба Монголчуудын сэтгэлзүйн онцлог
Шинжлэх ухаанаар авч үзвэл амьд организмын үндсэн нэгж болох эс хуваагдсанаар амьдрал тэлж, амьд организм хувьсан өөрчлөгддөг. Харин хяналтгүй хуваагдал нь хорт хавдар, задралруу хөтөлдөг. Монголын нийгэм ч яг л ийм: намчид, хиамчид, холбоодууд, бүлэглэлүүд, хувийн хэвшил гээд бүх юм хоёр талд хуваагддаг. Яг эсийн митоз хуваагдлын дараах шатаар л урагшилж, сүүлдээ мутацид орж, өөрөө өөрийгөө устгадаг хорт хавдрын эс шиг. Энэ нь биологийн процесс мэт харагдавч, үнэн хэрэгтээ бидний үндсэн сэтгэлзүйн хэв маягт шингэсэн “хоёр туйл”-ын сэтгэлгээний илрэл юм.
2. Монгол хүний зан төрх ба уур амьсгалын нөлөө
Хангайн сэрүүн бороотой өглөөнөөс Говийн хатуу хуурай шөнө хүртэл, Хөвсгөлийн хахир өвлөөс Өмнөговийн шатам халуун төөнөх нар хүртэл Монголын цаг агаар бол эрс тэс уур амьсгалын туйл юм. Энэ эрс тэс нөхцөл байдал нь зөвхөн байгальд биш, хүн, мал, ургамлын хувьсал, зан төрхөд ч гүн нөлөө үзүүлсээр хувьсан ирсэн.
Эрс тэс уур амьсгалд дасан зохицохын тулд монгол хүн гэнэт эргэлт хийх, хурдан шийдэх, түргэн автагдах, сэтгэл хөдлөлөөр хариу үйлдэл үзүүлэх зан төлөвтэй болсон. Өнөөдөр барьсан байшингаа маргааш буулгах, өнөөдөр магтсан хүнийг маргааш доромжлох, өнөөдөр итгэсэн хүнээ маргааш сэжиглэх энэ араншин бол цаг агаарын сэтгэл зүйн үр дагавар юм.
Энэ нь бидний амьд үлдэх чадварыг тэтгэж ирсэн ч, урт хугацааны итгэлцэл, институцын тогтвортой байдал, зохион байгуулалттай амьдралыг бусниулж ирсэн. Ингэж байгалиас шалтгаалсан дасан зохицлын механизм нь нийгмийн хөгжлийг өөрөө хязгаарладаг.
3. Түүхэн хуваагдал: Чингисийн үр садын зөрчил
Монголын түүх бол нэг талаас аугаа их нэгдлийн, нөгөө талаас задарч бутарсан аймшигт хуваагдлын түүх юм. Чингис хаан дэлхийн хагасыг эзэлж, нэгдлийг бий болгосон ч, түүний дараах үе бол цус нэгтэй ах дүү нарын хоорондын тэмцэл, сэтгэлгээнд шингэсэн талцлын эх сурвалж болсон.
Аригбөх ба Хубилай нарын зөрчил бол Монголын төрийн суурь хагарал. Аригбөх Алтан ордныг түшиглэн язгуур монгол төрийн уламжлалыг хадгалахаар чармайж байхад Хубилай гадаад нөлөөнд хөтлөгдөн Хятадын төрийн тогтолцоог хуулбарлаж эхэлсэн. Хубилай ялж, Аригбөх бууж өгсөн ч, энэ ялалт нь Монголын уламжлалт төрийн суурьт сэв суулгасан.
Удалгүй их хааны алба хөндийрч, Ил хаант улс, Цагаадайн улс, Алтан ордны улс, Юань гүрэн тус тусдаа бие даан оршиж, нэг нэгнээ дэмжих бус, харин ч довтолж, хорлон сүйтгэх үйлдэлд шилжсэн. 13–14-р зууны энэхүү задрал бол өнөө цагийн “нэг нутгийн, нэг бүлгийн, нэг намын, нэг холбооны” үзэлд живсэн бидний уг түүхэн рефлекс юм.
15-р зуунд Хөхнуур, Ойрад, Баруун зүүн Монголын хоорондын иргэний дайн мэт тэмцэл, хаан суудлын төлөөх тулаан эцэстээ Монголын тусгаар тогтнолыг гадаадын нөлөөнд бүрэн оруулах суурийг тавьсан. Үүнийг нь ч Манжийн төр соргогоор ашиглаж ах дүү нарыг хооронд нь алалцуулж хүчийг нь сулруулж байгаад нөлөөндөө авсан түүхийн мөр арилаагүй байна.
Түүхийн энэ зөрчил, уламжлалт эвдэрлийг бид мартаж чадалгүй, одоог хүртэл соёл, сэтгэлгээний түвшинд тээн явсаар байна.
4. Орчин үеийн талцал: Холбоо бүр нь хоёр хуваагдсан улс дэлхийд байхгүй
Өнөөгийн Монголд нэг ч эвлэл, холбоо, байгууллага бүтнээрээ оршин тогтнож чадахгүй болсныг бид өдөр бүрийн мэдээллээс харж болно. Хоёр талтай, хоёр тамгатай, хоёр удирдлагатай, бид “жинхэнэ” гэж өөрийгөө тодорхойлсон байгууллагууд ар араасаа мэндэлсээр. Энэ бол зөвхөн эрх ашиг, албан тушаалын зөрчил биш, харин үндсэндээ нэг үндэстэн дотор урт хугацаанд боловсрч суусан сэтгэлзүйн гүн хуваагдлын илрэл юм.
• Бөхийн холбоо хоёр хуваагдаж, наадам хийнэ хийхгүй гэж хуваагдаж, бөхчүүдийн нэр хүнд шавартай хутгалдсан. Ардын уламжлалт соёлын гол бүрэлдэхүүн ийм замаар задран унасан.
• Сагсан бөмбөгийн холбоо, хөлбөмбөгийн холбоо хүртэл олон жил үргэлжилсэн дотоод хагарлаас болж, олон улсын тэмцээнд оролцох боломж хаагдаж, тамирчид хохирсон.
• Урлагийн салбар хүртэл “МҮОНРТ дотроо хоёр хуваагдлаа”, “Жүжигчид хоёр талд лайв хийнэ” гэх нийтлэл хэвлэл мэдээллээр өдөр бүр гарна.
• Төрийн бус байгууллагууд, иргэний нийгмийн сүлжээ хүртэл санхүүжилтийн эх үүсвэр дээр талцаж, гадаад дэмжлэгтэй эсвэл эсэргүүцэгчдийн тулааны талбар болж хувирсан.
Хамгийн эмгэнэлтэй нь энэ бүх хуваагдал үнэндээ ард иргэдэд ашиггүй, харин хоёр хөршийн геополитикийн тоглолтод ашигтай байдал үүсгэдэг. Нэгэн сонирхолтой зүйл бол эдгээр холбоодын хагарал бүрийн цаана гадаад улс төр, бизнесийн нөлөө, далд санхүүжилтийн хэлтэрхий байдаг.
Иймэрхүү байдал нь Монголыг дотроос нь эвдэж, гадагшаа нэгдэх боломжийг хязгаарладаг — ялангуяа олон улсын хэлцэл, геополитикийн байр суурийн хувьд.
Монгол дотроо нэгдэж чадахгүй байж юуны Хамаг монгол нэгдмэл Монгол ба пакс монголиа байхавдээ.
5. Хоёр хөршийн ашиг сонирхол: Хуваагдмал Монгол — хяналттай Монгол
Геополитикт хүчирхэг, эв нэгдэлтэй хөрш бол боломж ч байж мэднэ, аюул ч болдог. Харин хуваагдмал, дотооддоо сөргөлдөөнтэй хөрш бол ашигтай, хяналттай, дарамтгүй хөрш юм.
Монгол бол Орос, Хятад хоёрын хооронд шахагдсан, газар зүйн хувьд стратегийн чухал байршилтай ч, нэгдмэл бодлого үгүйлэгддэг улс. Энэ сул талыг хоёр хөрш системтэйгээр овжин ашиглаж ирсэн.
• Оросын хувьд, Монголын улс төр дэх “Москважсан” фракцуудыг тэтгэж, эдийн засгийн хамаарал (шатахуун, төмөр зам, эрчим хүч) дээр суурилсан зөөлөн хяналт хэрэгжүүлдэг. Талцсан улс төрийн орчинд оролцох нь амар, ялангуяа нийгмийн сэтгэл зүйг зүүн, баруун гэж хоёр хуваахад зүгээр л “сайхан орос” эсвэл “муу америк” гэсэн лоозон хангалттай.
• Хятадын хувьд, эдийн засгийн хамаарал (экспорт, импорт, хөрөнгө оруулалт, зээл, бүтээн байгуулалт) дээр тулгуурлан урт хугацааны дотоод хяналтыг эдийн засгийн зөөлөн шахалтаар хэрэгжүүлж ирсэн. Тэд Монголын дотоод талцлыг геополитикийн тогтворгүй байдал гэж үзэхгүй, харин “зохицуулсан бутрал” гэж харж, бизнесийн тоглолтоо түүнд тааруулан хийдэг.
Өөрөөр хэлбэл: Монголчууд нэгдэж чадвал хоёр хөршийн хувьд зохицуулахад хэцүү, харин хоорондоо талцаж байвал хоёр хөршийн хувьд удирдах, нөлөөлөхөд амар. Монголчууд дотроо учраа олоод эхэлвэл Өвөр Монгол, Шинжан Уйгар, Буриад, Тува, Халимаг гээд бутарсан улсаа нэгтгэх гадагшаа чиглэлтэй бодлого хэрэгжүүлээд эхлэвэл 2 том хөршийн маань дотоодын зөрчилд аюулын харанга дэлдэнэ. Энэ бол цэвэр геополитикийн логик.
Оюутолгойн гэрээ, төмөр замын чиглэл, эрчим хүчний хараат байдал, валютын ханшийн савлагаа зэрэг асуудлууд бүгдээрээ энэ талцсан бүтэц дэх гадаад хяналтын цонхнуудаар орж ирдэг.
6. Улс төрийн талцал ба төр–хувийн хэвшлийн дайсагнал
Монголд “төр” гэдэг ойлголт анхнаасаа ард түмний нийтлэг эрх ашгийн илэрхийлэл байх учиртай байв. Гэвч өнөөдрийн нөхцөлд төр нь хувийн хэвшилтэйгээ сөргөлдөж, түүнийг өрсөлдөгч мэт үздэг дайсагналын хэлбэрт орчихсон. Энэ бол зөвхөн бодлогын алдаа биш — үндсэндээ сэтгэлзүйн зөрчил, эрх мэдлийн хяналт, тэнцвэрийн алдагдлын үр дагавар юм.
• Төмөр замын хэрүүл гэхэд л арваад жил үргэлжилж, төрийн өмчит болон хувийн хэвшлийн оролцогчдын хооронд байнгын үл итгэлцэл, өрсөлдөөн дунд алалцаж, улмаар бүтээн байгуулалт саатсан. Үүний цаана улс төрийн бүлэглэлүүдийн ашиг сонирхол, гадаад нөлөө хавсарсан байдаг.
• Тендер, хөрөнгө оруулалтын бодлого нь ил тод бус, хувийн хэвшлийг дэмжих биш дарамталдаг, хянадаг, шүүхээр айлгадаг механизм болж хувирсан. Үүнийг олон бизнес эрхлэгчид “улстөрчидтэй тохиролцохгүй бол амьдрах аргагүй” гэж тайлбарладаг. Ингээд хувийн хэвшил төрд хүмүүсээ шургуулж бизнесээ хамгаалах дархлаа үүсгэсэн. Улмаар энэ нь даамжирсаар нийгмийг талцуулах тархи угаалтын бүлэглэлийн хэмжээнд хүртэл хөгжиж хэвлэл мэдээллийн дайн болон үргэлжилсээр байна.
• Нийгмийн мэдээллийн орон зайд төр өөрийн пи-ар механизмаар хувийн хэвшлийг сэжигтэй, шударга бус, гадаадын гар хөл мэтээр харлуулахыг оролддог. Гэтэл энэ нь гадаадын хөрөнгө оруулалтад итгэлгүй байдал төрүүлж, хөгжлийн гарцыг хаадаг. Төр нь татвар төлөгчдийн мөнгөөр хэвлэл мэдээллийн салбарыг бүхэлд нь худалдаж аваад тархи угаах пиарлуу чиглэснээр өдөр бүр ард түмнийг сенсацаар амьсгалуулж хооллож байдаг болсон. Үүний үр дүнд хэвлэл мэдээллийн салбараас тэрбумтнууд төрж эхлэв.
• Татвар, шалгалт, шалгалтын дараах “хариуцлага тооцох” ажиллагаа нь хөгжлийг дэмжих биш, дарангуйлах хэрэгсэл болон хувирчээ. Сүүлдээ шүүх, прокурор, шүүхийн шийдвэрийн салбарынхныг энэ тоглоомондоо татан оролцуулж гадаадын хөрөнгө оруулагчдыг залгиж дотоодын бизнес эрхлэгчдээ улс төрчид хуулийн байгууллагатайгаа хамтран тонож эхэлсэн байдаг.
Үр дүнд нь төвлөрсөн эрх мэдэлтэй, хариуцлагагүй төр нь тархай бутархай, айдаст автсан хувийн хэвшлийг дарж суудаг тогтолцоо бий болж байна. Энэ нь зөвхөн эдийн засгийг удаашруулахгүй — нийгмийн итгэлцлийг үгүй хийж, иргэдийг төрийн эсрэг эсвэл өөр хооронд нь өдөөн турхирдаг зөрчилт тогтолцоо бий болгож байна.
7. Дүгнэлт: Монголын дархлаа бол эв нэгдэл
Монголчуудын түүх бол агуу нэгдлийн оргил, аймшигт задарлын гүн ёроолыг хоёуланг нь туулсан түүх. Бидний дотоод хуваагдал зөвхөн улс төр, эдийн засаг, холбоодын хүрээнд биш — эсийн түвшинд, сэтгэлзүйн үндэс дээр, түүхийн гүнд суусан бодит факт юм.
Өнөөдөр Монголын нийгэмд хоёр хуваагдаагүй салбар, талцалд өртөөгүй үзэл суртал байхгүй болжээ. Энэ нь бидний хөгжлийн хамгийн том саад төдийгүй, хоёр хөршийн геополитикийн хувьд хамгийн таатай нөхцөл юм. Учир нь:
• Хуваагдсан ард түмэн нэгдэхгүй,
• Нэгдээгүй улс стратеги тодорхойлохгүй,
• Стратегигүй улс гадаад нөлөөнд автахад амархан.
Иймээс бидэнд шинэ төрлийн ухамсар, шинэ сэтгэлзүй, шинэ эв нэгдэл хэрэгтэй. Энэ эв нэгдэл бол хуурамч уриа, улс төрийн лоозон биш — харин:
• Хамтын үнэ цэнийн ухамсар,
• Үндэсний эв нэгдлийн төлөөх үзэл баримтлал
• Түүхийн сургамжийг ухамсарласан тэвчээр,
• Өрсөлдөөнөөс илүү хамтын хөгжлийг эрхэмлэх шинэ итгэл үнэмшил хэрэгтэй байна.
Монголын дархлаа бол Монголчуудын ойлголцол.
Эв нэгдэл бол жинхэнэ аюулгүй байдал.
Эвлэрэл бол хөгжил, харин талцал бол мөхөл.
Сэтгэгдлүүд