Конг-рей хар салхинд дайруулсан Тайваньд хөрсний гулсалт болжээ

Дэлхий
khiimori.co@gmail.com
2024-11-01 05:35:19

Сүүлийн 30 жилд тохиогоогүй маш хүчтэй хар салхи Тайванийг дайран өнгөрсний улмаас тус арлын зүүн эргийн нутагт хөрсний гулсалт үүссэн байна.

Конг-рей хэмээх хар салхинаас урьдчилан сэргийлэх үүднээс пүрэв гаригт бүх сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудыг хаасан байна. Мөн олон зуун нислэг, ачааны онгоцууд болон Тайванийн хөрөнгийн биржийн үйл ажиллагааг зогсооход хүрсэн байна. 

Хар салхи орон нутгийн цагаар 13:40-д арлыг дайрч эхэлсэн бөгөөд салхины дээд хурд 200 км/цагийг давж, 4 дүгээр түвшинд хүрчээ. Пүрэв гаригийн үдэш гэхэд далайн хар салхины хүч харьцангуй буурч, саарсан байна.

Пүрэв гаригийн орой Тайванийн эрх баригчдын өгсөн мэдээллээр Конг-рей хар салхины улмаас 70 гаруй хүн бэртэж, 1 хүн амиа алдсан гэжээ. Тодруулбал 56 настай эмэгтэйн сууж явсан автомашин дээр хөрсний гулсалтын улмаас үндсээрээ булгарсан мод унаж, амиа алдсан байна.

Тайванийн Батлан хамгаалах яамнаас 36 мянган цэргийг аврах, эрж хайх ажиллагааны бэлэн байдалд оруулж, 8600 орчим иргэнийг аюултай бүсээс нүүлгэн шилжүүлсэн байна.



Хар салхины улмаас хагас сая хүн тог, цахилгаангүй болсон талаар Тайванийн эрчим хүчний Taiwan Power компанийн зүгээс мэдэгдсэн байна.

Оны сүүлээр хар салхи дайрах нь ховор үзэгдэл бөгөөд ихэнхдээ жил бүрийн 7-9 сарын хооронд далайн хар салхи Тайванийг дайран өнгөрдөг хэмээн тус арлын цаг уурын албанаас мэдээлжээ. Өнгөрсөн 80 жилийн хугацаанд Тайваньд 7-9 сарын хооронд л иймэрхүү байгалийн гамшигт үзэгдэл тохиож байсан бол энэ жил 10 дугаар сард Кратон, Конг-рей хоёр хүчтэй хар салхи тохиогоод байгаа юм. Энэ долоо хоногт Испанид тохиогоод байгаа усархаг борооноос үүдэлтэй үерийн нэгэн адил эрдэмтэд хар салхи хожуу тохиож байгаа үзэгдлийг дэлхийн дулааралтай холбон тайлбарлаж байна. 

Хамгийн сүүлд 2009 оны 8 сард Моракот хэмээх 1 дүгээр түвшний асар хүчтэй хар салхи Тайванийг дайран өнгөрч, үер болон хөрсний гулсалтын улмаас 900 орчим хүн амь үрэгдэж байжээ.

Холбоотой мэдээ