"Милтон" хар салхины улмаас 10 гаруй хүн амиа алдаж, 120 гаруй байшин эвдэрч сүйджээ
ДэлхийШирүүн бороо, үер, хуй салхи дагуулж, цахилгаан эрчим хүчний хангамжийг тасалдуулсан “Милтон” хар салхинаас учирсан хохирлыг үнэлж эхэлжээ. Хүч нь суларч Атлантын далай дээгүүр урагшилж буй “Милтон” шуурганы нөлөөгөөр пүрэв гарагт Флоридагийн төв болон хойд хэсэгт хүчтэй салхилсны улмаас байшингууд сүйдэж, 14 хүн амиа алдаж, 3 сая гаруй өрх гэрэл цахилгаангүй болсон байна. Цахилгаан хангамж удаан хугацаагаар тасалдаж болзошгүйг нийтийн үйлчилгээний компаниуд анхааруулжээ. Хар салхи орон нутгийн цагаар лхагва гаргийн орой Сарасота тойргийн Сиеста-Ки арлыг дайран өнгөрөхдөө гуравдугаар зэрэглэлийн түвшинд байсан бөгөөд салхины хурд 205 км/цаг хүрч ширүүсжээ. Флоридагийн баруун эрэгт оршдог Санкт-Петербург хотод 41 см хур тунадас унасан нь 10 дугаар сарын дунджаас найм дахин их байв. Майами дахь Үндэсний цаг уурын алба лхагва гаргийн үдээс хойш гэхэд хар салхины 50 гаруй сэрэмжлүүлгийг гаргасан байна. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, 125 байшин сүйдсэний ихэнх нь зөөврийн сууц байжээ. Флоридаг “Хелен” хар салхи дайран өнгөрснөөс хойш ердөө хоёр долоо хоногийн дараа “Милтон” аюул нүүрлүүлсэн нь энэ юм.