Д. Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө Ж. Байдены гаргасан шийдвэрүүдийг цуцлахаа мэдэгдэв
Улс ТөрД. Трамп ерөнхийлөгчийн тангараг өргөсөн өдрөө Ж. Байдены гаргасан шийдвэрүүдийг цуцлахаа мэдэгдэв
Өнгөрсөн ням гарагт 11-р сард болсон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан Доналд Трамп Вашингтон хотын Capital One Arena цэнгэлдэхэд "Америкийг дахин агуу болгох хөдөлгөөний ялалтын уулзалт"-нд оролцож, дэмжигчдийнхээ өмнө үг хэлсэн байна.
Тэрээр, "Маргаашнаас эхлэн миний бие түүхэнд байгаагүй хурд болон хүч гарган ажиллаж, манай улсад тулгарсан асуудал тус бүрийг шийдвэрлэх болно. Ж. Байдены засаг захиргааны гаргасан бүх утгагүй, хэт нэг талыг барьсан тогтоолуудыг ерөнхийлөгчийн тангараг өргөсөн даруйдаа цуцлах болно." хэмээн цэнгэлдэх дүүрэн дэмжигчдэдээ мэдэгджээ.
Сонгуулийн кампанит ажлынхаа үеэр онцолж байсныхаа адилаар Д. Трамп өчигдөр болсон уулзалтынхаа үеэр хууль бус цагаачлалын асуудлыг нэн түрүүнд хөнджээ. Тэрээр, "Маргааш нар жаргах үеэр манай улс руу орох хууль бус цагаачдын урсгал зогсоно. Тангараг өргөх ёслолын үеэр миний танилцуулах хилийн аюулгүй байдлын арга хэмжээнүүд нь манай улсын хилийг бэхжүүлэх хэний ч харж байгаагүй хамгийн түрэмгий бөгөөд далайцтай арга хэмжээ байх болно." гэжээ.
Д. Трамп албадан гаргасан хууль бус цагаачдын тоогоороо АНУ-ын түүхэнд бичигдэнэ гэдгээ онцлон, олон сая хууль бус цагаачдыг улсаасаа албадан гаргана гэж амласан байна.
Түүнчлэн тэрээр 2021 оны 1-р сарын 6-нд АНУ-ын Конгрессын ордон руу дайран орсон хэргээр ял авсан 1500 гаруй хүний дийлэнхэд нь өршөөл үзүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна. Тэдгээр иргэдийн дийлэнх нь 2019 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан Д. Трампын дэмжигчид байсан ба түүнийг төрийн тэргүүний суудалдаа үлдэх ёстой хэмээн конгрессын ордон руу дайрч орсон билээ.
Д. Трампын хэлсэнээр ХАМАС бүлэглэл барьцаанд байгаа израилийн иргэдийг суллаж эхэлсэн явдалд мөн TikTok аппликэйшн АНУ дахь үйл ажиллагаагаа сэргээсэнд түүний хичээл зүтгэл нөлөөлсөн аж. Тэрээр TikTok аппликэйшний ачаар сонгуулиар залуусын санал их авсан хэмээн онцолжээ.
АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр томилогдож буй Доналд Трамп зэвсэгт хүчинд пуужин устгах "төмөр дээвэр" системийг барихыг үүрэг болгох ба арми дахь хэт нэг талыг барьсан үзэл баримтлалыг халахаа мэдэгджээ. Түүнчлэн сургуулиуд дахь арьс өнгөний талаарх онол, трансжендер хүйсийн баримжааны талаарх солиорлыг зогсооно. Эмэгтэйчүүдийн спортод эрчүүдийг ойртуулахгүй хэмээн амлажээ.
Д. Трампын дэмжигчдийн уулзалтанд түүний хүүхдүүд, ач нараас гадна дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлэгч Илон Маск оролцсон байна. Тэрээр Д. Трампын сонгуулийн кампанит ажилд 200 сая ам.доллар хандивласан бөгөөд Д. Трампын байгуулах Төрийн бүтээмжийн департаментыг удирдахаар томилогдсон юм.
Доналд Трамп АНУ-ын 47 дахь ерөнхийлөгчийн тангаргаа өргөлөө
Доналд Трамп АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдлоо. Тэрээр Вашингтоны цагаар үд дүнд ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол АНУ-ын Конгрессын ордны дотор төв танхимд зохион байгуулагдсан ба өмнө нь 1985 онд мөн л цаг агаарын нөхцөл байдлаас болж Роналд Рейганы тангараг өргөх ёслолыг дотор зохион байгуулж байжээ.
Тангараг өргөх ёслолд Д. Трамп АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч Жо Байдены хамт хүрэлцэн ирсэн байна. Тангараг өргөх ёслолын өмнө Д. Трамп гэргий Меланиягийн хамтаар Цагаан ордонд Ерөнхийлөгч Ж. Байден болон тэргүүн хатагтай Жилл Байдентай өглөөний цай уусан юм. Ж. Байден Д. Трампыг Цагаан ордны үүдэнд угтан авахдаа, "Гэртээ тавтай морил" хэмээн мэндчилсэн нь Америкийн үе үеийн ерөнхийлөгчдийн шинээр томилогдох ерөнхийлөгчийг угтан авч, эрх мэдлээ тайван замаар шилжүүлэх уламжлалыг сэргээсэн явдал байв. 4 жилийн өмнө Жо Байден ерөнхийлөгчийн тангараг өргөх өдөр Д. Трамп Жо Байденыг гэргийн хамт Цагаанд ордонд угтан аваагүйгээс гадна тангараг өргөх ёслолд нь ч оролцоогүй билээ.
АНУ-ын Конгрессын төв танхимд болсон ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд Доналд Трампын гэр бүл, ойр дотныхноос гадна АНУ-ын үе үеийн ерөнхийлөгч нар гэргий нарын хамт оролцсон байна. Уламжлал ёсоор Америкийн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд гадаадын төрийн тэргүүнүүдийг урьдаггүй ч энэ удаагийн тангараг өргөх ёслолд Аргентины Ерөнхийлөгч Хавьер Милей, Италийн Ерөнхий сайд Жоржа Мелони, Эквадорын Ерөнхийлөгч Даниэл Нобоа, БНХАУ-ын дэд ерөнхийлөгч Хан Жэн, Японы Гадаад харилцааны сайд Такэши Иваяа, Их Британийн Ерөнхий сайд асан Борис Жонсон уригдан оролцсоноос гадна 600 орчим зочид төлөөлөгчид дотор дэлхийд тэргүүлэгч технологийн компаниудын удирдлагууд байсан нь олны анхаарлыг ихээр татсан байна. Тэдний дотор Дэлхийн хамгийн чинээлэг хүн, Tesla болон SpaceX компанийн ерөнхий захирал Илон Маск, Amazon компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос сүйт бүсгүй Лорен Санчезийн хамт, Meta компанийн гүйцэтгэх захирал Марк Зукерберг, Google компанийн захирал Сундар Пичаи, TikTok компанийн гүйцэтгэх захирал Шоу Зы Чю, Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Кук нар багтжээ.
Тангараг өргөх ёслол залбирлаар эхэлсэн ба залбирлыг Америкийн нэр нөлөө бүхий номлогч Фрэнклин Грэм уншсан байна. Уламжлал ёсоор дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс эхэлж тангараг өргөсөн ба тэрээр ерөнхийлөгчийг нас барсан, албан тушаалаасаа огцорсон болон албан тушаалаасаа татгалзсан тохиолдолд ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэх юм.
Жэй Ди Вэнс тангараг өргөсний дараа АНУ-ын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Жон Робертсын удирдлага доор Доналд Трамп ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн байна. Тэрээр тангараг өргөхдөө гэргий Меланиягийн гартаа барьсан хоёр библи дээр нэг гараа тавьсан байна. Хоёр библийн тухайд нэг нь ээжийнх нь түүнд өгсөн библи бол нөгөө нь Абрахам Линкольны тангараг өргөх ёслолдоо ашиглаж байсан библи аж.
Үүний дараа АНУ-ын 47 дахь Ерөнхийлөгчөөр албан ёсоор томилогдсон Д. Трамп үг хэлсэн байна. Д. Трампын хэлсэн үг 30 минут орчим үргэлжилсэн ба өмнөх 2017 онд ерөнхийлөгчийн тангараг өргөснийхөө дараа хэлсэн үгнээс хоёр дахин урт байв. 2017 онд тэрээр 1433 үг хэлсэн бол энэ удаа 2885 үг хэлжээ.
Хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Д. Трамп түүхэн тогтоолуудад гарын үсгээ зурахаа мэдэгдсэн байна. Эдгээрийн дотор АНУ-Мексикийн хил дээр онц байдал тогтоож, цагаачлалыг үйл явцыг таслан зогсоож, гэмт хэрэг үйлдсэн цагаачдыг албадан гаргана, хар тамхины картелиудыг алан хядах байгууллагуудын тоонд оруулж, АНУ-д зөвхөн эр, эм гэсэн хоёр хүйсийг зөвшөөрдөг болно хэмээн онцолжээ.
Тэрчлэн гадаадын бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулах "Гадаад орлогын алба"-г бий болгож, Америкийн ажилчдын өрсөлдөөнийг тэгшитгэнэ, Ногоон шинэ хэлэлцээр болон цахилгаан тээврийн хэрэгслийн мандатыг цуцалж, Америкийн эрчим хүчний эсрэг дайныг зогсооно, эрчим хүчний салбарын бүрэн боломжийг нээхийн тулд үндэсний хэмжээнд эрчим хүчний онцгой байдал зарлана, Панамын сувгийг хяналтандаа авна гэжээ.
Эх сурвалж: The Guardian
Эх сурвалж: BBC