Техникийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу : Хамтарсан засаг ашиг сонирхлын төлөө бус хөгжлийн төлөө нэгдсэн…

Улс Төр
khiimori.co@gmail.com
2025-05-25 23:02:31

Хамтарсан засаг ашиг сонирхлын төлөө бус хөгжлийн төлөө нэгдсэн… 

Үүсээд байгаа улс төрийн тогтворгүй байдлын сургаар бензины үнэ 200 төгрөгөөр нэмэгдчихлээ, олон улсад гаргасан Засгийн газрын 6 бондын ханш огцом уначихлаа... 

Одоо ар араасаа өргөн хэрэглээний барааны үнэ нэмэгдэх нөхцөл бүрдчихлээ. 

Энэ бол эрх мэдлийн төлөөх хувийн сонирхолдоо дийлдсэн бүлэг улс төрчид, тэднийг санхүүжүүлдэг олигарх бүлэглэлд л ашигтай болохоос жирийн ард иргэдэд ямар ч ашиггүй.

Иргэдийнхээ ахуй амьдрал, улс орныхоо хөгжлийн төлөө эрх ашгийн эрэмбээ нэг бодоод үндсэн хуулийн өөрчлөлтийн ачаар арай гэж бий болсон сонгодог парламентийн олон намын тогтолцооны сэргэлт, үүний дүнд бий болсон хамтарсан засгийн газрын зоримог шийдвэрүүдийн үр дүнг үзэлгүйгээр огцруулж хэрхэвч болохгүй. 

“МАН-АН-ХҮН” монгол ухаанаар чандмана эрдэнэ, тулгын гурван чулууны концепц нь тэнцвэр, зөвшилцөл дээр суурилсан их аятайхан хэлбэр юмсан. Өнгөрсөн 34 жил төр засгийг ДАНгаарч, ХОСоор ч бүрдүүлж, ээлжилж ч явж үзлээ, хөгжлийн гацаа үүсээд урагш явсангүй. Харин ЧАНДМАНА утгаар хамтарснаар ТЭНЦВЭР мэдрэгдэж, өнгөрсөн аравхан сарын хугацаанд эв нэгдэл, итгэлцэл бий болж, гадаад талд ч хөрөнгө оруулалтын таатай нөхцөл үүслээ, 20 жил гацсан томоохон төслүүд хөдөллөө. Харин эрх ашиг нь хөндөгдсөн бүлэглэлийн дургуйцлийг хүргэх шиг боллоо. 

Олон жил талцаж, эвдрэлцэж ханалаа. 

Одоо ард иргэд минь хэрсүү байя аа. Бидэнд улс төрийн тогтвортой байдал, бодлогын залгамж чанар, эв нэгдэл ус агаар шиг хэрэгтэй байна. 

Засаг төр эв нэгдэлгүй бол бид хөгжил дэвшил яриад ч нэмэргүй. 

Оюунэрдэнийн Засгийн газар унавал улс төрийн тогтворгүй байдал өрнөж, эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрч, бидний хөгжлийн боломж дахиад л өнгөрсөн 34 жилийнхээ алдаа руу ухарна!!! 

Хамтарсан засгийг харин бид шахаж ажлыг нь сайн хийлгэмээр байна. 

Иргэдийн амьдралын чанарын бодит өсөлтийг бий болгох, хөгжлийн бодит ахиц гаргахыг хармаар байна. 

Яг одоо дүн тавих арай эрт байна. 

Эвлэлдэж, нэгдсэн үедээ бид хүчирхэг явснаа санаж, эрчимтэй хөгжлийн төлөөх гурван намын хамтарсан засагт итгээд, хүлээгээд нэг үзье...


Техникийн ухааны доктор (Ph.D), дэд профессор Р.Бадмаанямбуу

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд