Үндэсний циркийг “Аса Арена” болгон өөрчилж, амралтын өдрүүдээр ашиглалтад орууллаа
УрлагАсашёорюү Д.Дагвадорж Үндэсний циркийг 2008 онд хувьчлан авч “Аса” цирк болгон өөрчилсөн. Улмаар “Аса” циркийн үйл ажиллагааг 2020 онд хааж, “иж бүрэн засвар хийж, дэлхийн цирк болгоно” гэж амалж байсан билээ. Тэгвэл дөрвөн жил үргэлжилсэн “Аса” циркийн засвар шинэчлэлт дуусч үүд хаалгаа нээжээ.
Тодруулбал, “Аса” циркийг “Аса Арена” нэртэй болгон өөрчилж, өнгөрөгч амралтын өдрүүдэд ашиглалтанд оруулан, тууз хайчлах ёслолыг хийсэн байна. Тууз хайчлах ёслолд Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Асашёорюү Д.Дагвадорж нар оролцжээ. Энэ талаар ССАЖЗ-ын сайд Ч.Номин өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Аса Арена нээгдлээ. Аса Арена нь олон улсын стандарт шаардлагад нийцсэн, 3400 хүний суудалтай. Циркийн тоглолт, спортын тэмцээн уралдаан, соёл, урлагийн арга хэмжээ зохион байгуулах боломж бүхий цогцолбор соёлын орон зай нээгдлээ. “Аса Арена”-ийн хамт олонд баяр хүргэж, амжилт хүсье” гэжээ.