Уйгаржин хэмээх чөдөр Монголын ирээдүйн IT инженерүүдийг заазалж байна
НийгэмИх, дээд сургуульд элсэн суралцахаар Элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн хүүхдүүд заавал “монгол хэл, бичгийн шалгалтад хамрагдсан байх” Засгийн газрын тогтоол байдаг. Хэрэв энэ шалгалтад хамрагдаагүй, хамрагдсан ч 400 оноо авч чадаагүй бол их, дээд сургуульд суралцах боломжгүй юм. Өнөө жилийн хувьд дөрөвдүгээр сарын эхээр дээрх шалгалтыг орон даяар авсан бөгөөд нийт 30 гаруй мянган сурагч хамрагджээ. Үүнээс хамгийн дээд буюу 800 оноо авсан 45 хүүхэд байна. Харин 5000 гаруй хүүхэд босго оноо болох 400 оноо авч чадалгүй шалгалтын гадаа үлдлээ. Шалгалтад унасан хүүхдүүд дахиж өгнө. Хэрэв дахиад унавал эдгээр хүүхдүүдийн их, дээд сургуульд суралцах боломж, хүсэл мөрөөдөл нь үүгээр хаагдаж байна гэсэн үг.
Зөвхөн монгол хэл, уйгаржин бичигтээ тааруу байсныхаа төлөө дээрх 5000 гаруй залуус Элсэлтийн шалгалт өгч чадахаа боливол дэндүү харамсалтай юм. Магадгүй, тоо, физиктээ сайн тэдэн дунд олон хүүхэд байгаад эргэлзэх юм алга. Яагаад гэвэл энэ чиглэлийн хүүхдүүд монгол хэлэндээ, түүн дундаа уйгаржин бичигтээ тааруу байх нь олон. Тэр хүүхдүүдэд ирээдүйд англи хэл, тоо, IT чигийн хичээл, инженерчлэлийн программууд л хэрэг болохоос биш уйгаржин бичиг түй ч хэрэг болохгүй. Бидний аав, ээжийн амьдарч байсан социализмын үед ч маш ухаалгаар шалгалт авч байсан юм шүү. Тоондоо сайн хүүхдүүд тэр хичээлээрээ л шалгалтаа өгнө. Монгол хэл, бичгээрээ цаашдаа гүнзгийрүүлж судалж мэргэшнэ гэсэн бол энэ чиглэлээрээ шалгалт өгч, их дээд сургуульд орно. Тийм болохоор ахлах ангидаа яг мэргэших чиглэлийн хичээлээ сонгоод судлаад явчихдаг байсан нь хэн хэндээ туйлын амар, шалгалт шүүлгэнд ч өндөр оноо авахад эергээр нөлөөлдөг байж.
Харин одоо бүх хүүхдүүд уйгаржин бичиг үзэж, цагаа барах болж байна. Бүгд тэрийг уншиж ойлгож, бичихгүй бол цаашид суралцах боломжгүй. Нэг төгсөлтөд бүх хичээлдээ тасархай сайн ганц хоёр л хүүхэд байдаг. Тоо, монгол хэл, уран зохиол, хими, физик гээд бүгдийг нь мэддэг, тэд бүх хичээлийн шалгалт шүүлгээ түүртэлгүй сайн өгдөг. Харин дийлэнх хүүхдүүд өөрийн сонирхдог чиглэлийн хичээлээ л анхаарч, илүү судалдаг. Ирээдүйн инженерүүдэд англи хэл л хамгийн түрүүнд хэрэг болно уу гэхээс тэд уйгаржин бичгээр хуучин эх сурвалж, судар ном ухаж унших шаардлага байхгүй. Харин монгол хэл, уйгаржин бичгээр цааш судлах, сурах сонирхолтой хүүхдүүдийн тухайд өөр хэрэг. Тэд л ийм шалгалт өгч, чансаагаа үзэх хэрэгтэй.
Бодит амьдрал дээр ийм л байдаг. Гэтэл монгол хэл, уйгаржин бичгийн шалгалтыг нийт төгсөгчдөөс ийн хавтгайруулан авч, олон мянган хүүхдийн сурах боломжийг хааж байгаа нь монголчуудыг хорлох хорон бодлого хэрэгжээд байна уу гэж хардахад хүргэж байна. Монголын сортоотой болгоныг толгой дараалж хядсан уйт он жилийг бид мартах болоогүй. Түүн шиг байгалийн ухааны хичээлд сонирхолтой, инженер сэтгэлгээтэй залуусыг уйгаржин бичиг мэдэхгүй, монголоор алдаатай бичдэг гэдгээр далимдуулан гудамжинд хөөж гаргах, дуучин хуурчин, утга уянга бүхнийг дээш нь татдаг, Монголыг хөгжүүлэхгүй энэ хэвээр нь байлгах бодлого л яваад байх шиг. Гэхдээ энэ бодлогыг маш нарийн, хүмүүст огт анзаарагдахгүй хийж байна. Хүмүүсийн сэтгэлийн хөөрөл дээр хүссэн болгоныг нь биелүүлж байгаа мэтээр энэ бүхнийг үйлддэг. Үүнийг мэдэрч, нарийн ухаанаар сөргүүлж тавих монгол төрийн холч бодлого хаана байна вэ?
Уйгаржин бичгийг энд муулах, доош нь хийх, ад үзэх санаа ер агуулсангүй. Зүгээр л нүдээ нээгээд дэлхий ертөнцийг хар даа. Технологийн эрин зуунд улс орнууд үсрэнгүй хөгжиж, хүн ард нь баян тансаг, аз жаргалтай амьдарч байна. Техник сэтгэлгээтэй, бүхий л салбарын инженерүүд, эрдэмтэн мэргэд дэлхий ертөнцийг шинээр бүтээж, урьд өмнө огт мэддэггүй байсан цоо шинэ нээлтүүдийг өдөр бүр хүн төрөлхтөнд бэлэг болгон барьж байна. Бид ч үр шимийг нь хүртсээр байгаа. Монголчууд бид ч энэ хөгжилд ойртохын тулд, ядах нь ээ IT инженерүүдээ олноор сургаж, шинжлэх ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг санах сэрэх хүн байна уу. Улс орныг инженерүүд удирдаж авч явдаг. Монголын сүүлийн 30 жилийн хөгжил, яг одоогийн байгаа байдлаа харахад урлаг, уран сайханчид, хуульчид, эдийн засагчид улс орныг удирдаад авч явж чаддаггүйг бэлээхэн харчихаж болно. Тэд өнөө маргаашаа аргацаасан поп улстөрчид болж хөгждөг болохоос улс орноо хөгжүүлэх оролдлого ч хийдэггүйг 30 жил харлаа.
Юм л бол уйгаржин бичгээ сэргээнэ гэж уйлагнаж суухын оронд англи хэлийг хоёр дахь хэл болгож зарлах хэрэгтэй. Сургалт судалгаа, шинжилгээндээ уйгаржин хэрэглэдгээрээ хэрэглээд явах нь зайлшгүй. Чингис хаан, социализмын үеэ магтан шагшихын оронд урагшаа нэг алхах оролдлого хийх нь чухал. Мэдээж, түүхэн бахархалт хүмүүсээ, чухал он жилүүдээ бид алдаа оноотой нь тээсээр явах нь ойлгомжтой.
Монголд жил бүр 40 шахам мянган залуус дунд сургуулиа төгсдөг. Ядаж тэдний талыг нь инженер болгоход төр бодлогоор анхаарах ёстой байтал монгол хэл, уйгаржин бичиг мэддэггүй гээд албаар их, дээд сургуульд сурах боломжийг нь хааж байна. Монгол Улс, Монголын ард түмэн байгаа цагт монгол хэл хэзээ ч устахгүй нь тодорхой үнэн. Сая сая хэрэглэгч нь байгаа болохоор цаашид бүр ч илүү хөгжөөд явна. Яахав, ирээдүйд улс орныг нуруундаа үүрч дүүрэх хэдэн инженерүүд нь бага сага алдаатай бичдэг байг л дээ. Тэглээ гээд хэнд ч гай болохгүй. Юу гэх гээд байна гэхээр, төгсөгчдөөс нийтээр нь авдаг монгол хэл, бичгийн шалгалт гэдгийг болиод өгмөөр байна. Нэгэн цагт монголчууд нийтээрээ идэвхтэй хэрэглэж байсан уйгаржин бичиг өдгөө нэгэнт өөрийн түүхэн үүргээ гүйцэтгээд, сургалт судалгааны хүрээнд л хэрэглэгддэг болсон. Үүнийг ойлгож ухаарахгүй, уйгаржин хэмээх чөдрөөр Монголын ирээдүйн IT инженерүүдийг заазалмааргүй байна. Хиймэл оюун ухааны хөгжил өндрөө авч, шинжлэх ухаан физик амьдралд ийм ойрхон ирж байсан үе хэзээ ч урьд өмнө ирж байгаагүй. Одоо яг тийм үед огт хэрэг болохгүй уйгаржин үсэг нүдлэн суугаа цаг хайран биш үү. Уйгаржин үсэгтэйгээ ноцолдсоор суувал бид дэлхийн хөгжлөөс ямар хойш хаягдах вэ гэдгийг нийтээрээ ойлгох хэрэгтэй байна. Одоо л яг шинжлэх ухааны хэл болох англи хэл, түүний үсэг болох латин үсэг, бүр ядахдаа түүнтэй маш ойролцоо крилл үсгээр сурч боловсрох цаг. Түүнээс орчин үед шинжлэх ухаанд онц хэрэг болохгүй уйгаржин үсэг гэдэг хийрхлээсээ болж буцаж ухрах нь үндэстнийг устгах бодлого гэж та нар ойлгохгүй байна гэж үү дээ. Энэ хийрхлийг бидэнд зориудаар гаднаас тулгаад байгаа юм биш үү гэж бодож үзсэн үү. Шинжлэх ухаан ямар хүчтэйг бид Украин Оросын дайнаас харж байна. Тэд цөөхүүлээ ч орчин үеийн зэвсэг техникээр ялалт байгуулж ч магадгүй болоод байна. Тэд орчин үежээгүй байсан бол өдийд аль хэзээний арчуулаад, алуулаад дуусах байсан. Энэ жишээ бол соёлжсон, хиймэл оюун ухаан, шинжлэх ухаанаа хөгжүүлсэн, ухаалаг ард түмэн байж тэсч үлдэнэ гэдгийг харуулаад байна. Ийм боломжийг уйгаржин үсгийн шалгалт, монгол хэлний шалгалт гэсэн нарийн хонгилоор оруулж хааж боогоод байгаа юм биш үү. Тэгүүлэх гэж ч ийм шалгалтыг бодож олж бидний мунхаг оюун ухаанд суулгаад байгаа юм биш үү гэж хардах боллоо.
Монголчуудын цөсийг хөөргөх юутай амархан, XIII зуун яриад л, та нар дэлхийг эзэлж байсан, хэрэв тийм болох гэж байгаа бол яг тэр үе шиг морь, уйгаржин үсгээ шүтээд яв гэхэд л болно. Гэвч харамсалтай нь одоо XIII зуун биш, XXI зуун хиймэл оюун ухааны зуун шүү дээ. Бид XIII зуунд яагаад хүчирхэг байсан юм, тэр үеийнхээ шилмэл технологи болох морь, нум сум, сэлмийг чадварлаг эзэмшиж байсан. Тэгвэл XXI зууны шилдэг технологи болох хиймэл оюун ухааныг Монголын баатрууд шигээ эзэмшье. Үүнийг эзэмшихэд уйгаржин үсэг огтхон ч хэрэггүй зүйл гэдгийг захын тэнэг ч мэднэ.
Д.ГЭНДЭНДАРАМ