Математик гэж яг юу болох, бусад мэдлэгийн салбаруудаас юугаараа ялгаатай...

Шинжлэх Ухаан
khiimori.co@gmail.com
2022-02-23 04:49:13

Математик гэж яг юу болох, бусад мэдлэгийн салбаруудаас юугаараа ялгаатайг та өөрөөсөө нэг бус удаа асууж үзсэн биз ээ. 

Математикийн албан ёсны тодорхойлолт нь "тоо хэмжээ, бүтэц, огторгуй, өөрчлөлт, тэдгээрийн холбоо хамаарлыг судалдаг шинжлэх ухаан" хэдий ч, "математик энэ энгийн тодорхойлолтоос хавь илүү гүнзгий юмсан даа" гэсэн бодол үе үеийн эрдэмтэд, математик сонирхогчдыг ээрсээр иржээ. 

Математикийг ямар ч эргэлзээгүйгээр, яг таг илэрхийлэх тодорхойлолт одоо болтол олдоогүй ч, дараах эрхмүүд математикийг чухам юу гэж оноож тайлбарласан нь таны санаанд нийцэж, хариултгүй асуултын тайтгаралыг авчирч болох юм.  

1. Учир шалтгааны хөг аялгуу бол математик билээ. 

(Paul Lockhart) 

2. Орчлон ертөнцийн яруу найргийг математик гэнэ. 

(Jonathan David Farley) 

3. Математик - бүх шинжлэх ухааны хаан. 

(Carl Friedrich Gauss) 

4. Сонирхолтой бөгөөд онцгой зүйлсийг судлах ухааныг математик гэдэг. (Jody Azzouni) 

5. Бүхий л зөв сэтгэлгээ бол математик. 

(Grigore Moisil) 

6. Математик бол утгагүй тэмдэгтүүд ашиглан, цаасан дээр энгийн дүрэмтэй тоглоом тоглох юм. 

(David Hilbert) 

7. Шинжлэх ухааны цоож болон түлхүүр - Математик. 

(Roger Bacon) 

8. Өөр ямар ч зүйл хэрэггүй, өөрийнхөөрөө тодорхой байдаг шинжлэх ухаан бол математик. 

(Carl Jacobi) 

9. Алгоритмүүдийн цуглуулга гэдгээсээ илүүтэй, математик бол соёлын нэгээхэн хэсэг яах аргагүй мөн юм. 

(Carl Boyer) 

10. Өөр зүйлст ижил нэр өгөхийн урлаг бол математик. 

(Henri Poincaré) 

11. Математик бол давж заалдах ямар ч аргагүй ерөнхий шүүгч. (Tobias Dantzig) 

12. Абстракт утга санаатай хамгийн сайн харьцаж чадах, хүч билигт нь хэмжээс үгүй хэрэгслийг математик гэнэ. 

(Paul Dirac) 

13. Математик бодитоор барах уу, бүр цорын ганц бодит байдал юм шүү дээ. 

(Martin Gardner) 

14. Хүний ойлгохуйн ухаан бол математик. 

(William Thurston) 

15. Математик бол шинжлэх ухааны хэл юм. Өөрийнх нь нэр томьёогоор үзүүлж болох ямар ч бодол санаа, үзэл баримтлалийг нарийн илэрхийлэх чадвартайгаараа бусад хэлнүүдээс онцгой. 

(Alfred Adler) 

16. Хүний оюун санааны илэрхийлэлийг математик гэвэл - логик ба зөн совин, дүн шинжилгээ хийх болон бүтээн байгуулах, нэгдмэл болон хувь хүнших гэсэн хэдхэн үндсэн элемент дээр тулгуурлан, математик нь хүний хүсэл зориг, эргэцүүлэн бодох чадвар, гоо зүйн төгс төгөлдөрт хүрэх хүслийг гойд сайн тусгаж үзүүлдэг билээ. 

(Richard Courant) 

17. Логик санаануудаас бүтсэн яруу найргийг л математик гэх биз ээ. 

(Albert Einstein) 

18. Математикийн хуулиуд бодит байдлыг тусгасан байвал баттай үнэн биш; харин баттай үнэн байвал бодит байдлыг тусгаж үзээгүй байх болно. 

(Albert Einstein) 

19. Баяр баясгалангийн амин сүнс, магнай тэнийлгэсэн аз жаргал, өөрийгөө махан биеэс тусдаа нэгэн оршихуй гэдгээ ойлгон мэдрэх буюу хамгийн дээд гэгээрлийн тулганы чулуу нь яруу найраг болон математик хоёрт л орших ажгуу. 

(Bertrand Russell) 

20. Хүний оюун санааны бүтээсэн хамгийн үзэсгэлэнтэй, хүч чадал бүхий уран бүтээл бол математик юм. 

(Stefan Banach)

Орчуулсан Г. Энхжин


Холбоотой мэдээ