10 их наядын төлөвлөгөө ''аюул'' дагуулна
Улс ТөрУИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.04.05/ даваа гаригийн ээлжит хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд:
• Коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, Улсын онцгой комисс /УОК/-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарын албаны хүмүүсийн танилцуулга
• Үндсэн Хуулийн Цэцийн гишүүнээр томилох, чөлөөлөх тухай УИХ-ын 31 дүгээр тогтоолд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгч Х.Баттулгын хоригийн талаар;
• Засгийн газраас хэрэгжүүлэх “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц төлөвлөгөө”, түүний нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөний талаар хэлэлцлээ.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаанд Шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд болон УОК, НОК-ийн холбогдох төлөөллөөс ирж мэдээлэл хийлээ. Шадар сайд коронавирусний халдварт цар тахалтай тэмцэж буй Засгийн газар, УОК-ын үйл ажиллагаа, вакцинжуулалтын явц, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл хийж, Ардчилсан намын бүлгийн гишүүдийн асуултад хариуллаа. Мэдээллийн төгсгөлд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд үг хэлж, санал бодлоо илэрхийллээ. Тухайлбал:
- УИХ-ын гишүүн Н.Ганибал: Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бүх арга хэмжээ хоорондоо харилцан уялдаатай. Ковидын шинжилгээ, PCR-ын аппаратыг аймаг бүрт яаралтай суурилуулах шаардлагатай. Үүнтэй эдийн засаг, хүнсний нийлүүлэлт, түүний тасалдалгүй байх зэрэг ажлууд холбоотой. Энэ хаврын нөөцийн махны нийлүүлэлтийг зүүн гурван аймгаас голчлон нийлүүлнэ. Гэтэл цар тахлын халдварын тархалт, түүнийг шинжилж, илрүүлэх, голомтыг нь тогтоох, хумих зэрэг арга хэмжээ хийгдэхгүй бол хатуу хөл хорио тогтоох шаардлага үүснэ. Үүнээс хамаарч махны нийлүүлэлт тасрах зэрэг сөрөг үр дагавар гарна. Үүнд яаралтай анхаарал хандуулах шаардлагатай,
- УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Цар тахлын нөлөөлөөс хамаарч хил гааль дээр асуудал үүслээ. Үүнээс болоод эдийн засгийн гол эргэлтийг бий болгодог уул уурхайн бүтээгдэхүүн, ялангуяа нүүрс экспорт саатаж байна. Өдөрт хэдэн мянгаар хил нэвтрүүлэх боломжтой нүүрсний экспорт дөнгөж 30-хан машин гарч байна. Үүнээс хамаарч хоногт таван сая ам.долларын экспортын орлого алдаж байна. Хил дээрх энэ нөхцөл байдал авлига, хээл хахууль дагуулдаг. Үүнд онцгой анхаарах шаардлагатай.
- Ж.Батсуурь: Цар тахалтай тэмцэх ажилд хоёр жилийн турш, Засгийн газар дамнуулан улсын төсвөөс 5.1 их наяд төгрөг, мөн олон улсын зээл тусламжаар олон зуун сая ам.долларын санхүүжилт авчихаад өнөөдөр дөнгөж 13-хан аймагт PCR шинжилгээний төхөөрөмж суурилуулсан нь тун чамлахаар үзүүлэлт. Тэгээд өнөөдөр тендер дөнгөж зарлаж байгаа, шинжилгээ хийх зүйлсийг нийлүүлэх асуудал дээр УОК болон ЭМЯ өөр өөр мэдээлэлтэй нь асуудалтай байна. УИХ-д 62 гишүүнтэй хэт олонхи байж цар тахлын үед хамгийн чухал асуудал болох шинжилгээний төхөөрөмж, урвалж зүйлсээ тасралтгүй нийлүүлэх тал дээр хангалтгүй ажиллаж байгаадаа анхаарал хандуулах шаардлагатай. Дөрөвдүгээр сарын 15-аас шийднэ гэж хойш тавьж суух цаг байхгүй гэдгийг анхааруулъя,
- УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат: Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 40 орчим хувь нь амьдарч буй нийслэл Улаанбаатар тэр чигтээ цар тахлын голомт болчихлоо. Халдвар аваагүй дүүрэг, хороо бараг л үлдээгүй гэж та бүхэн мэдээлэлдээ дурдлаа. Сүүлийн үед тархалт огцом нэмэгдэж, өнөөдрийн байдлаар ганц хоногт 602 хүнээс халдвар илэрч, мөн коронавирусний халдвараас шалтгаалж хүн нэмж нас баржээ. Үүнийг Нийслэлийн онцгой комиссын буруу шийдвэр, ялангуяа сонгууль дөхөж олон нийтэд таалагдах гэсэн, сошиал нөлөөнд хэт автсан НОК-ын удирдлагын буруу шийдвэр гэж үзэж байна. Эрүүл мэндээ хамгаалах, эдийн засгаа аврах аль нэгийг нь сонгох бус, аль зохистой байдлаар шийдвэр гаргах нь чухал гэсэн байр суурь илэрхийлж, үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн долоо хоногт Үндсэн Хуулийн Цэц /ҮХЦ/-ийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай УИХ-ын тогтоолд хэсэгчлэн хориг тавиад байгаа. Ерөнхийлөгчийн хоригт, ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нар нэг өдөр, ижил тогтоолоор томилогдож, бүрэн эрхийн хугацаа нь ч нэгэн зэрэг дуусгавар болсон. Гэтэл Улсын дээд шүүх бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний оронд нэг хүнийг санал болгосон. Нэр дэвшигчийн хэнийх нь оронд санал болгосноо нэг мөр шийдвэрлэхгүй орхигдуулах нь Үндсэн хуулийн зөрчилд хөтөлж байгаа тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригт дурджээ. Түүнчлэн эцэг хууль гэгдэх Үндсэн хуулийн биелэлтэд хяналт тавих үүрэгтэй ҮХЦ-ийн бүрэлдэхүүнийг хууль зүйн аливаа зөрчил, маргаангүй томилж, чөлөөлөх нь эрх бүхий байгууллагын Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг. Тиймээс энэ үүргээ биелүүлэхийг УИХ-д шаардаж буйгаа илэрхийлсэн байна.
Бүлгийн гишүүд энэ асуудлыг хэлэлцээд, ҮХЦ үүссэн маргааныг шийдвэрлэсэн шийдвэрээ албажуулж чадахгүйд хүрлээ. Нийгэм нэг намын дарангуйллын системд алгуур боловч тууштай шилжиж байна. Үүнээс гадна Хууль зүйн байнгын хороогоор Ш.Цогтоог чөлөөлөх асуудлыг огт хэлэлцээгүй. УИХ-ын нэгдсэн чуулганаар шууд хэлэлцэн шийдвэрлэсэн нь төрийн үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй, Монгол Улсын их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийг зөрчсөн байна гэж үзэж байгаа. Мөн эрх баригчид хуульд өөрчлөлт оруулах замаар Авлигатай тэмцэх газар, шүүхийг нөлөөндөө оруулж эхэлсэн. Одоо ҮХЦ-ийн шийдвэрт нөлөөлөх оролдлого хийж байгаа нь монголын ардчилалд ноцтой аюул учруулна гэдгийг онцоллоо.
Харин Засгийн газраас хэрэгжүүлэх 10 их наядын хөтөлбөр инфляц хөөрөгдөж, төгрөгийн ханшийг сулруулах, гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх эрсдэл байгааг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн зүгээс дахин илэрхийлсэн. Мөн эдийн засагт аюул дагуулах эрсдэлтэй талаар ярилцав. Түүнээс гадна 10 их наяд төгрөгийн хөтөлбөр нь УИХ-ын онцгой бүрэн эрхэд халдаж, төсөв болон мөнгөний бодлогыг зөрчин, Засгийн газраас Монголбанкны хараат бус байдалд нөлөөлсөн үйлдэл гэж дүгнэлээ.