Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэл
Улс ТөрАрдчилсан намын үзэл
баримтлалын шинэчлэл
Улс төрийн нам бол нийгэм, эдийн засгийн хөгжлийн чиг баримжаатай, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх үзэл баримтлалтай, бодлогоороо өрсөлддөг институци.
Хэрэв сонгуульд ялбал төрийн эрх баригч намын хувьд үйл ажиллагаагаа ч, дотоод засаглалаа ч олон нийтэд нээлттэй байлгах ёстой юм.
Тиймээс л аливаа намын өөрчлөлт шинэчлэлт зөвхөн тухайн намд бус, нийгмийн нийт гишүүдэд хамааралтай өргөн хүрээний асуудал болдог.
Үүнээс харахад Ардчилсан намын шинэчлэл сонгуульд ялагдсандаа, эрх баригчид нь гудамжинд гарсандаа л хийж буй шинэчлэл төдий бус харин сонгогчдын өгсөн үнэлгээнд дүгнэлт хийж нийгэм, эдийн засгийн хөгжлийн үзэл санааны нэг жигүүрийг баттай төлөөлж, иргэнийг төртэй холбодог бат бөх гүүр, тулхтай улс төрийн хүчний үүрэг гүйцэтгэж чаддаг байхын тулд хийж байгаа өргөн далайцтай шинэчлэл гэж хэлж болно.
Нэн түрүүнд үзэл баримтлал
Нэгдүгээрт: Шинэчлэл юуны өмнө үзэл баримтлал, үнэт зүйлд нь тусах,
Хоёрдугаарт: Хөгжил дэвшлийн түүчээ болж чадахуйц бодлогын нам болох,
Гуравдугаарт: Үйл ажиллагааны зарчим, хариуцлага хүлээх чадамжтай болох,
Дөрөвдүгээрт: Гишүүд, дэмжигчдийнхээ төлөөлөл байх чадамж бүхий улс төрийн институц болохын
тулд өргөн олны санаа бодлыг уралдуулж, дүрэм журамдаа тусгадаг, түүнийг ягштал
мөрддөг соёлыг төлөвшүүлснээр сая амжилттай болно.
Шинэчлэл хийхдээ эн тэргүүнд алдаа оноогоо дэнслэх, сургамж, туршлагаа дүгнэх, өнөөгийн сонгуулийн хууль, төрийн албаны хууль, улс төрийн намын тухай хуулиудын хүрээнд, эрх зүйн орчны өөрчлөлтийн хэтийн төлөвийг харгалзан байж холыг харах явдал юу юунаас илүү чухал.
Үүний сацуу бусад улсын туршлагыг судлах, эх газрын эрх зүйн систем бүхий нээлттэй, ардчилсан засаглалтай, нэгдмэл улс орнуудад улс төрийн намууд хэрхэн хөгжиж, төлөвшсөн түүхээс суралцах учиртай.
Улс орнуудын хөгжлийн замнал харилцан адилгүй боловч коммунист, авторитар дэглэмтэй цөөн орныг эс тооцвол XXI зууны улс төрийн үзэл баримтлалд хэт туйлширсан үзэл санаа, түүнд тулгуурласан нийгэм-эдийн засгийн бодлого үндсэндээ алга болж байна.
Хэдийгээр үзэл баримтлалын туйлшрал үгүй болж, эрс ялгаа нь багасаж байгаа ч олон ургалч үзлийг хүлээн зөвшөөрөх, түүнийг хамгаалах нь ардчиллын амин сүнс хэвээр байна.
Тиймээс ч олон ургалч үзлийг нэгтгэсэн тулхтай улс төрийн хүчин оршин буй эсэх нь өдгөө цагийн ардчилсан засаглалын шалгуур болж байна.
Намын үзэл баримтлалыг тодорхойлохын тулд юуны өмнө нийгэм хэрхэн зохион байгуулагдвал зохилтой вэ гэдэг асуултанд хариулж, түүндээ суурилан зорилгоо тодорхойлох хэрэгтэй болдог.
Мөн энэхүү зорилгоо хэрхэн гүйцэлдүүлэхээ тодорхойлсон арга замаа томъёолсон байх шаардлагатай болно.
Учир нь үүний цаана зорилго нь арга замаа зөвтгөж болох уу гэдэг философийн асуулт бий.
Үүнийг бодолцолгүй улс төрийн дэмжлэг үзүүлсэн хэдэн сая хүний амь нас хүч түрсэн нийгмийн инженерчлэлийн хөлд чирэгдэж сүйдсэн нь гашуун түүх байна.
Ялалтын төлөө үзэл баримтлалаа орхиж болохгүй
Өнгөрсөн гучин нэгэн жилийн хугацаанд ардчилсан тогтолцоог төлөвшүүлэх их үйлсэд Ардчилсан хүчнүүдийн гүйцэтгэсэн үүрэг асар их.
Тэд цаг үеийнхээ дуу хоолой болж, цөөнх байхдаа ч эрх баригчдад нэгийг сануулж, хоёрыг бодуулж ирсэн.
Олонх болсон үедээ хөгжил дэвшлийн төлөө давшингуй, зоримог шийдвэрүүд гаргаж, алдаа оноог нь үүрэлцсэн арвин түүхтэй.
Татан буугдалгүй үлдэж, өмнөх нийгмийн өвийг тээж ирсэн далан жилийн түүхтэй хэт зүүний, коммунист намтай өрсөлдөж, нийгэм-улс төрийн тогтолцооны өөрчлөлтийн давалгаанд тэсч үлдэхийн тулд Ардчилсан хувьсгалын эхэн үед үүсгэн байгуулагдсан ялгаатай үзэл баримтлал бүхий улс төрийн хүчнүүд, нэгдэн нийлснээр өнөөгийн Ардчилсан намын суурийг тавилцсан билээ.
Ардчилсан хүчнүүд Монголын нийгэм хэрхэн зохион байгуулагдвал илүү зохистой талаар хоорондоо ялгаатай үзэл баримтлалтай байсан.
Гэвч тэдгээрийг нэгтгэх боломжтой эсэх, боломжтой бол хэрхэн нэгтгэх талаар нухацтай авч үзэлгүйгээр эрх мэдлийн төлөө нэгдэх нь илүү чухал гэж үзсэн нь өнөөгийн өндөрлөгөөс харвал алдаа байжээ гэж дүгнэвэл буруудахгүй болов уу.
Ардчилсан хүчнүүд нэгдэн нэг нам болсон нь сайн зүйл мөн.
Гэхдээ улс төрийн үзэл баримтлал, үнэт зүйлс, нийгэм-эдийн засгийн хөгжлийн арга замыг хэрхэн тодорхойлж буйгаараа ойртон нэгдэх бус зөвхөн сонгуульд ялахын тулд нэгдсэн.
Үүний уршгаар өнөөгийн үзэл баримтлал нь тодорхойгүй, олон фракц бүлэглэл бүхий Ардчилсан намыг буй болсон.
Чухам иймээс Ардчилсан намын шинэчлэлийн хүрээнд юун түрүүнд үзэл баримтлалын шинэчлэлийг чухалчлан үзэж өргөн олноо хэлэлцүүлбэл зохино.
Үзэл баримтлалын шинэчлэлд нэмэрлэх санаа
Ардчилсан намын үзэл баримтлалын шинэчлэлийг Үндсэн хуулийн хүрээнд, нийгэм эдийн засгийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, олон зууныг дамжин тогтсон үндэсний соёл, зан заншлыг анхааран, ардчилсан замналаар амжилттай хөгжин дэвшиж буй бусад улс орны улс төрийн намуудын сайн туршлагаас суралцан хэрэгжүүлэх учиртай.
Намын түүх, гишүүд дэмжигчдийнх нь санаа бодлыг тандсаны үндсэн дээр намын жирийн гишүүний хувьд үзэл баримтлалын шинэчлэлийг нэг өгүүлбэрээр багтаан илэрхийлэх гээд үзье:
Ардчилсан нам эрх чөлөөт, хүчирхэг иргэний нийгэмд суурилсан, эдийн засгийн эрх чөлөөг дэмжигч, эрх чөлөө нь тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн үндэс гэдэгт итгэгч, үндэсний эрх ашиг, уламжлал, соёлыг батжуулан хөгжүүлэгч, шударга ёсыг эрхэмлэгч, баруун төвийн үзэл баримтлал бүхий улс төрийн нам байна.
Одоо харин дээрх нэг өгүүлбэрээ задалж, өөрийн дэвшүүлж тавиад байгаа үзэл баримтлалын шинэчлэлээ дэлгэрүүлэн тайлбарлахыг хичээе.
Хүчирхэг иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх чиглэлээр:
• Хувь хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, төрийн аливаа үйл ажиллагааг явуулахдаа хуульд зааснаас бусад тохиолдолд хувь хүний эрх чөлөөнд аливаа хэлбэрээр халдахгүй байх нөхцлийг бүрдүүлэх
• Төрийн үйл ажиллагааны ил тод байдлыг чухалчлан, иргэдээ алагчилаагүй шийдвэр гаргадаг байх бөгөөд тэрхүү шийдвэрийг гаргах үйл явц болон хяналт, (хуулиар хязгаарлагдсанаас бусад тохиолдолд) хэрэгжүүлэлтэд иргэдийн оролцоог хангадаг байх
• Төрөөс хараат бус, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдийн ашиг сонирхлыг хамгаалахад чиглэсэн институциудийн хууль ёсны ашиг сонирхлыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн үйл ажиллагааг дэмжих, түүнчлэн дотооддоо бие даасан засаглалыг хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлэх
• Нийгмийн сайн сайхны төлөө өөрийн авъяас чадвар, санхүү, хүч хөдөлмөрөө зарцуулан ажилладаг ашгийн бус байгууллагуудын оршин байхыг хүлээн зөвшөөрч, тэдгээрийн үйл ажиллагааг хөхиүлэн дэмжиж хүнлэг, энэрэнгүй, иргэний нийгмийг цогцлоон хөгжүүлэх
• Иргэн бүр төр, нийгэм дэх тодорхой сонирхлын бүлгээс үл хамааран дуу хоолойгоо илэрхийлэх боломжоор хангагдаж, аливаа үйл явдлыг цензургүйгээр олон нийтэд хүргэж, хуурмаггүй бодит үнэний талд зогсож чаддаг бие даасан, хараат бус сэтгүүл зүйг хөгжүүлэх
• Олон ургалч үзлийг хамгаалах, цөөнхийн эрхийг хүндэтгэн үздэг байхыг нийгэм дэх аливаа институциудад төлөвшүүлэх
Эдийн засгийн эрх чөлөөг дэмжих чиглэлээр:
• Төрийн үндсэн үүргийг өмчийн аливаа хэлбэр, өмчлөх эрхийн баталгааг хангах, иргэдийн сайн дурын үндсэн дээр тохиролцсон гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх ба түүнийг хамгаалах, гэрээний хэрэгжилтийг хангах
•
Нийгмийн гишүүдийн баялаг хуримтлуулахыг хөхиүлэн дэмжиж, хувийн хэвшил нь
баялгийн хуваарилалтыг илүү сайн гүйцэтгэдэг гэдгийг бүрнээ хүлээн зөвшөөрөхийн
зэрэгцээ, ашгийн байгууллагуудын өргөжин хөгжих орчин нөхцлийг бүрдүүлэх
• Хувь хүн, байгууллага хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулан хуримтлуулсан аливаа орлого, ашгаа чөлөөтэй захиран зарцуулах эрхийг баталгаажуулах
• Бизнесийн үйл ажиллагаан дахь төрийн оролцоог хумьж, нийтийн ашиг сонирхолд нийцэж байгаа тохиолдолд оролцогч талуудын оролцоонд суурилсан төрөөс хараат бус нийгмийн институцийн хүрээнд шийдвэр гаргах боломжийг бүрдүүлэх, төрийн оролцоо зайлшгүй нөхцөлд зохицуулалтын үүрэг гүйцэтгэх түвшинд хязгаарлагдмал хүрээнд оролцох
• Эдийн засгийн чөлөөт өрсөлдөөнийг дэмжиж, гадаад дотоодын иргэн, аливаа хуулийн этгээд зах зээлийг хянах, өрсөлдөөнийг хязгаарлахын эсрэг тууштай зогсох
• Байгалийн баялагийг хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүйгээр ашиглан Монгол Улсын нийт иргэдэд тэгш хүртээмжтэй байх бодлого баримтлан өнөө үеийн хөгжлийг тэтгэн, хойч үедээ өвлүүлэх үндэсний хуримтлалыг бий болгох гол зорилт тавих.
Гэхдээ баялгаас буй болсон санг зарцуулахдаа үндэсний эрх ашиг, олон нийтийн санаа бодол, тогтвортой хэтийн хөгжлийн шаардлагад нийцүүлэхийг эрмэлзэх
• Гадаадын хөрөнгө оруулалтыг эдийн засгийн хөгжлийг тэтгэгч чухал хүчин зүйл гэж үзэн нэг улс орноос хамааралгүй тэнцвэртэй хөрөнгө оруулалтыг урамшуулах, гэхдээ эх үүсвэрийнх нь хувьд гадаадын улс орнуудын төрийн өмч, хууль бус үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгийг оруулахгүй байх
• Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх засгийн газрын зардлыг 30%-иас хэтрүүлэхгүй, төсвийн алдагдлыг боломжит хамгийн бага түвшинд барьж, засгийн газрын зээлийг хязгаарлах
• Оюуны өмчийг өмчийн бусад хэлбэрийн адил хүлээн зөвшөөрч хууль ёсны эзэмшигчийн өмчлөх эрхийг хамгаалах
• Төв банкны засгийн газраас хараат бус, бие даасан байдлыг баталгаажуулах, түүний үндсэн чиг үүрэгт хөдөлмөр эрхлэлт, үндэсний мөнгөн тэмдэгтийн тогтвортой байдлыг хадгалах үүргийг багтаах
• Хувийн хэвшил өргөжин хөгжих нөхцлийг хангасан, нийгмийн хөгжлийг тэтгэж хүрэлцэхүйц оновчтой, ялгаварлалгүй татварын тогтолцоог бүрдүүлэх, татвараас зайлсхийх, нуун дарагдуулахтай тууштай тэмцэх
• Дунд хугацаанд олон тулгуурт эдийн засгийн суурийг бий болгох, урт хугацаанд мэдлэг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэн, уул уурхайн салбараас хамааралгүй эдийн засгийн тогтолцоог бий болгох
• Эдийн засгийн үйл ажиллагааны аливаа салбарт, хувийн хэвшилд татаас олгох явдлыг бууруулах, зайлшгүй татаас олгох тохиолдолд нийтийн эрх ашиг, эдийн засгийн үр ашгийг шалгуур болгон үздэг байх
Нийгмийн хөгжлийн чиглэлээр:
• Эрүүл мэндийн үйлчилгээг эрүүл мэндийн даатгалын тогтолцоонд суурилсан санхүүжилтийн механизмыг бүрдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээний салбарт өмчийн хэлбэр харгалзахгүй өрсөлдөх орчныг бүрдүүлэх.
• Суурь боловсролыг үнэ төлбөргүйгээр олгох тогтолцоог бэхжүүлэхийн зэрэгцээ бүх шатны боловсролын чанарыг дээшлүүлэхэд анхаарч тус салбарт хувийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх
• Хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, зохистой хөдөлмөр эрхлэлтийн зарчмыг өмчийн хэлбэр харгалзахгүй мөрдлөг болгох
• Үр дүнтэй хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тодорхойлох замаар хөдөлмөрийн орлогыг хувь хүн, айл өрхийн өсч дэвжих баталгаа болгох
• Өтөл насанд амьжиргааны чанарыг бууруулахгүй байх нөхцлийг бүрдүүлж чадахуйц бие даасан тэтгэвэрийн даатгалын тогтолцоог хөгжүүлэх
• Хөдөлмөрийн насыг даатгалын тогтолцооны тогтвортой байдлыг алдагдуулахгүй байх түвшинд хүйсээр ялгахгүйгээр, дундаж наслалттай уялдуулан нэмэгдүүлэх
• Нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлэгт, амьжиргааны баталгаажих түвшинг хангахуйц хэмжээнд хүргэх
• Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгмийн харилцаанд идэвхтэй оролцоход дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлэх боломж, нөхцлөөр хангах
Шударга ёсыг тогтоох, сайн засаглалыг хөгжүүлэх чиглэлээр:
• Хязгаарлагдмал оролцоо бүхий засаглах чадавхтай төрийн цомхон бүтцийг бий болгох, хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн бие даасан хараат бус байдлыг хамгаалах
• Төрийн институциудын үйл ажиллагааны уялдааг сайжруулах замаар үйл ажиллагааны давхцал, хийдлийг багасгах, хөрөнгө санхүү, хүний нөөцийг үр ашигтай зарцуулах
• Улсын их хуралд үйл ажиллагаагаа тайлагнадаг байгууллагуудын засгийн газар, улс төрийн аливаа үйл ажиллагаанаас ангид ажиллах нөхцлийг бүрдүүлэх
• Шүүхийн бие даасан хараат бус ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд иргэний нийгмийн хяналт тавих боломжыг нэмэгдүүлэх
• Зайлшгүй шаардлагатайгаас бусад лиценз олгох, стандарт мөрдүүлэх, хяналт тавих засгийн газрын чиг үүргийг мэргэжлийн холбоодод шилжүүлэх
• Чадварлаг, өрсөлдөх чадвартай, мэрит зарчимд үндэслэсэн төрийн албыг бий болгох, төрийн албанд улс төрийн нөлөөлөл, оролцоог устгах
• Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд хяналт тавих чадавхийг бие даасан бодлогын судалгааны байгууллагуудын оролцоотойгоор хууль тогтоох байгууллагын түвшинд бэхжүүлэх
• Ардчилсан намын дотоод засаглалыг хөгжүүлэн, улс төрийн хариуцлага хүлээх чадвартай, улс төрийн соёл, ёс зүйг өндөрт өргөж, дүрэм журмаа ягштал биелүүлдэг улс төрийн хүчин болон төлөвшүүлж үүгээрээ нийгмийн аливаа институцийг ардчилсан тогтолцоог бэхжүүлэх их үйлсэд манлайлах
Уламжлал, үндэсний соёлыг батжуулан хөгжүүлэх чиглэлээр:
• Монгол хэл, уламжлалт соёлоо хамгаалах, хойч үедээ өвлүүлэхэд анхаарч төрийн бодлогын төвд байлгах
• Монгол хэл дээрх мэдлэгийн санг нэмэгдүүлэх, иргэдийг хос хэлтэн болохыг хөхиүлэн дэмжих
• Үндэсний цөөнхийн уламжлал, соёлыг хамгаалах
• Баримтад суурилсан түүхийн судалгааг нэмэгдүүлж, эх түүхээ бодитоор хойч үедээ таниулах
Ардчилсан намын гишүүд бид хэрэв намаа эх орны хэтийн тогтвортой хөгжлийн суурийг зөв тавилцах ёстой улс төрийн хүчин гэж үзэж буй аваас намынхаа үзэл баримтлал, үнэт ба эрхэмлэх зүйлсийг дотооддоо хэлэлцэн тогтож, өргөн олноо ухуулан таниулах учиртай.
Чингэж чадваас улс төрийн намын хараа алс, дотооддоо
эвдрэлцэх зүйлгүй гар, хөл, сэтгэл нийлж, хойшид бодлого, үнэт зүйлсээрээ бусад
намуудаас ялгарч чадах бөгөөд ард түмэн ч ойлгон хүндэтгэж, итгэл үзүүлэх нь дамжиггүй.
Хийморь Чука