Нийтлэлч Орголмаа. У.Хүрэлсүх өөрөө л намаа “Цаазалсан!”

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-04-20 01:39:25

У.Хүрэлсүх өөрөө л намаа “Цаазалсан!”

Төрийн эрхийг хоёр удаа хууль бусаар “шилжүүлсэн” У.Хүрэлсүхийн үйлдлийг Цэцээр шалгуулъя

Дуулиан тариад байгаа У.Хүрэлсүхийн үүсгэн байгуулсан “Цэргийн нэгдсэн холбоо” гэгчийн өмнө МАН дотор Зүүний хүчний холбоо гэж байлаа. Мөн л одоогийн МАН-ын дарга У.Хүрэлсүх гол дүр нь. МАН-ын Цагаан ордны зүүн жигүүрт байсан Зүүний хүчний холбоо “Цэргийн нэгдсэн холбоо” гэгчид уусан зүсээ хувиргаж Төрийн ордны “Зүүн жигүүрийнхэн” тусдаа “цэрэгжсэн МАН” болон гарч ирсэн юм. Энэ үеэс завхрал эхэлсэн. Эцэстээ юунд хүргэснийг хар даа. Төрийн тэргүүн эл завхралыг хараад сууж үл тэвчин урд хожид үзэгдээгүй алхам хийж МАН-ыг тараах захирамж гаргаж Улсын Дээд шүүхэд хүргүүлээд байна. Үүнийг зайлшгүй хийх шалтгаан байсан. Энэ нь юу вэ гэдгийг товч тайлбарлая.

Төр засгийн эрх мэдэл нэг субъектээс өөрөөр хэлбэл нэг кабинетээс нөгөөд шилжихдээ заавал үндэслэлтэй шилжих ёстой. Гэтэл У.Хүрэлсүхийн танхимаас Л.Оюун-Эрдэнийн танхимд Гүйцэтгэх засаглалын эрх мэдэл шилжихэд дээрх үндэслэл огт байсангүй.

Ерөөсөө Засгийн газрын эрх мэдэл заавал Үндсэн хуульд зааснаар сонгуулийн үр дүнгийн аргаар л нэгээс нөгөөд шилжих ёстой юм. Өөрөөр хэлбэл, УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Засгийн газар асуудалгүй. Харин Ж.Эрдэнэбатын Засгийн газраас У.Хүрэлсүх төрийн эрхийг Үндсэн хуулийн бус аргаар авчихсан. Монгол Улсын30дахь Ерөнхий сайд У.Хүрэлсүхтомилогдохдоо “ Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг өөрийг нь тагнаж чагналаа гэж гүтгэсэн. Үүндээ дөрөөлж түүнийг огцруулах санал хураалтад оролцох УИХ-ын гишүүдийн саналыг ЖДҮХС-ийн950сая хүртэлх төгрөгийн зээлд хамруулах аргаар “худалдаж” авсан. Дараа нь УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар Үндсэн хуулийн дагуу томилогдсон. Харин “улс төрийн хариуцлага” гэгчийг хүлээж Засгийн газраа тарааж Л.Оюун-Эрдэнэд өгөхдөө дахиад л Үндсэн хуулийн бус аргыг сонгож “хуйвалдан шилжүүлсэн”.

Эргэн санацгаая. Үнэн хэрэгтээ Ж.Эрдэнэбатын Засгийн газарт огцрох ноцтой үндэслэл шалтгаан байсан уу гэвэл үгүй. Үүнд ч түүний танхимын гишүүн, сайд нар эцсээ хүртэл итгэлтэй байсан учраас хуйвалдаанаар огцорсон гэж ярьдаг юм. Хожим нь У.Хүрэлсүхийн эгчийн хүү О.Амарсанаа, төрсөн дүү У.Отгонбаяр нар “У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын даалгавраар тагнаж чагнадаг байжээ” гэх жүжгийн эзэд байсан нь илэрсэн боловч хуулийн хариуцлага хүлээгээгүй. Харин ч О.Амарсанаа нь одоо ЦЕГ-ын Дэд даргаар ажиллаж байна. Түүнийг уг албан тушаалд ажиллаж эхэлснээс хойш нууцаар бичлэг хийх, тэр нь дэлгэгдэх бохир арга гэнэт олширсон нь ноцтой.

У.Хүрэлсүхийн төрийн эрхийг хууль бусаар авсан шигээ хууль бусаар “шилжүүлсэн” асуудал нь нялх биетэй эмэгтэйг эмнэлгээс нимгэн хувцастай гаргасанд “нинжин сэтгэл гаргаж”, улс төрийн хариуцлага хүлээн танхимаараа огцорсон “жүжиг” юм. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн Засгийн газармөн л “төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус арга замаар авсан” хэрэг мөн. Тодруулж тодорхойлбол, “Улс төрийн шалтгаанаар” төрийн эрхийг Үндсэн хуульд заагаагүй аргаар хуйвалдан шилжүүлсэн гэмт хэрэг. Ерөөсөө төрийн эрх мэдэл нэгээс нөгөөд шилжихдээ сонгуулийн аргаар л шилжиж болох Үндсэн хуулийн хөдөлшгүй заалттай юм. Үүнийг л Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 оны 1 дүгээр сарын 21-нд ҮАБЗ-ийн хуралдааныг зарлан хуралдуулах гэж ядаад Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхээ эдэлж УИХ-ын чуулганы нэгдэн хуралдаан дээр ороод хэлсэн үгэндээ “Төрийн эргэлт хийсэн” гэдэг үгээр маш оновчтой тодорхойлсонд Үндсэн хуулиа үл дээдлэгч эрх баригчид жигтэйхэн цочиж жихүүцэж билээ. Магадгүй тэдний зарим нь хуйвалдаанд оролцсон тоглоом гэдгээ ч мэдэхгүй, Үндсэн хуульд тийм заалт байдаг гэдгийг ч “уншиж амжаагүй” яваа биз ээ.

Энэ байдал цаашид давтагдахгүй гэх баталгаа байхгүй. Өөрийн удирдаж буй ажлаас ард иргэдийн сэтгэлийн эмзэг утсыг хөндөхүйц “алдаа” олоод түүндээ улс төрийн хариуцлага хүлээж байна гэх нэрийдлээр дахин хуйвалдааны арга хэрэглэж дараагийн хүндээ “шилжин явах цом” шиг Төрийн эрх мэдлийг шилжүүлж өгөөд яваад байвал яах вэ? Үндсэн хуулийн Цэцэд хэн нэгэн хандахгүй л бол Үндсэн хуулийн Цэц “тэнд нэг ийм зөрчил харагдаад байна” гээд санаачилгаараа “хэрэг үүсгэж” шалгаад байх эрх зүйн үндэслэл байхгүй. Тиймээс цаашид Үндсэн хуулийн бус аргаар Төрийн эрх мэдлийг дур зоргоор шилжүүлэх, “наймаалцах” явдлыг таслан зогсоохын тулд дээрх асуудлуудыг Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдвэрлүүлэх ёстой. 

Шаардлагатай бол Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр гаргасан гэнэтийн захирамждаа тусгасан дээрх асуудлуудыг Үндсэн хуулийн Цэцэд өгч шийдвэрлүүлж болно гэсэн үг. Ямар ч байсан энэхүү давтагдсан зөрчлийг заавал, яаралтай таслан зогсоох ёстой. Ингэж Төр улс дотроо Үндсэн хуульд тодорхой заачихсан тогтолцоогоо эвдэж, удаа дараа Төрийн эрх мэдлийг Үндсэн хуулийн бус замаар шилжүүлээд байдаг явдалтай хэрхэвч эвлэрч болохгүй. Үүнийг л Ерөнхийлөгч Х.Баттулга арай өөр, андуу ташаа замаар илэрхийлчихэв үү гэж бодож байна. Маш ноцтой буюу улс орон оршин тогтнохын үндэс болсон ийм “аюул нүүрлэж” төрийн эрх мэдлээр, Үндсэн хуулиар хоёр удаа тоглочихоод байхыг тэсэж ядахдаа, мөн ҮАБЗ-ийн гурван гишүүнийг хоёртой нь хамт хуралдаж чадахгүй аргаа барахдаа эрх барьж буй Монгол Ардын Намыг татан буулгах тухай захирамжийг Улсын Дээд шүүхэд өгсөн байх. Өөрөөр Ерөнхийлөгч Х.Баттулга энэ тохиолдолд яаж ҮАБЗ-ийг хуралдуулах вэ? Яаж Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрхийг шилжүүлж аваад, бэлэглэлцээд ч юмуу, наймаалцаад ч юм уу, хуйвалдаад байгааг таслан зогсоох байв? Энэ утгаараа Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр “Сонголтгүй сонголт”-ыг хийчихэв үү гэж бодож байна.

##МАН

 

Холбоотой мэдээ