Би найздаа итгэдэг, итгэсээр ч байх болно оо…

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-04-24 14:08:57

Би найздаа итгэдэг, итгэсээр ч байх болно оо…


Монгол кино урлагийг олон улсын тавцанд хөгжүүлэн гаргахад үнэт хувь нэмэр оруулж яваа Монголын кино урлагийн энэ үеийн зүтгэлтэн найруулагч Д.Золбаяр Улсын Ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат найзынхаа тухай дурсан бичсэнг та бүхэнд хүргэж байна.


“Аав маань Хилийн цэргийн инженерийн хэлтсийн дарга байсан юм. Цэргийн инженер гэхээр хүмүүс гайхдаг л юм. Хилийн тор, мөр хянах зурвас, манааны цамхаг, хөвдөг гүүр гээд ХЦ-ийн бүх л барилга байгууламжийг хийж бүтээдэг хүн байлаа. Одоо бодоход аав маань аргаа барсан л болов уу, намайг салбарынхаа сургуульд бүртгүүлчихжээ. НАХЯ-ны дээд сургуульд суралцах хүсэлт гаргасан хүнийг шалгадаг юм билээ. Нэг өдөр намайг захирал дуудаж байна гэнэ. Социйн үед захиралын өрөөнд дуудагдана гэдэг ноцтой л асуудал. Би гайхаж бас айсаар захирлын өрөөний хаалгыг татлаа. Гэтэл өнөөх НАХЯ-ны төлөөлөгч намайг шалгаж яваа нь тэр байж. Захирал багш маань ч намайг магтаад сүйд. Гэтэл манай ангийн Мягмаржав араас ороод ирлээ. Аав нь бас хүсэлт гаргасан гэнэ. Ингээд ангиасаа хоёулаа НАХЯ-ны дээд сургуульд орно гэж оюутан болсон юм шиг их л додигор амьтан боллоо. Конкурс өгч байж л шийднэ шүү дээ уг нь. Нөгөө киночин болох хүсэл шууд л мартагдлаа.


Конкурсыг 300 гаруй хүүхэд өглөө. Нийгэм, орос хэлний шалгалт, эрүүл мэндийн үзлэг гээд хэд хоногийн ажил болох хооронд нилээд олон хүүхдүүдтэй танилцаж эхэллээ. Тэдэн дотор манай гэртэй ч ойролцоо байдаг их сэргэлэн бор хүүтэй илүү дотносов. Тэр хүү их олон видео кино үзсэн бололтой. Кино ярих гэж үзүүлж өгнө. Тэр үед кино ярих гэдэг бараг л тусдаа урлаг болсон байсан юм. Мэдэх хүмүүс санах байх аа. Конкурсын дүн гарахад би ам мөлчис урдуураа таслуулчихлаа. Гэтэл тэр жил НАХ-ын дээдийн нэрийг дөнгөж солиод Цагдан Сэргийлэхийн дээд сургуульд гэдэг нэртэй болгосон юм. Тэгээд дэргэд нь дунд сургууль байгуулж шалгалтанд унасан бүх хүүхдүүдийг автоматаар тийшээ оруулчихлаа. Ингээд би чинь нэг л мэдэхэд эргүүлийн цагдаа болох ч юм шиг болоод явчихлаа. Болъё гэхээр хаашаа ч явах билээ. Гэтэл хэд хоногийн дараа сэргийлэхийнхэн хүчээ нэмж байгаатай барьцсан уу ХЦ-ынхэн элсэлтээ хэдэн орон тоогоор нэмж авахаар болсон гэнэ шүү.


Шалгалтын дүн арай хүрээгүй хэдэн хүүхдийн тоонд багтсан намайг дээд сургуулийн хилийн цэргийн ангид орох уу гэсэн санал ирлээ. Угаасаа энэ ангид орох гэж шалгалт өгсөн хүн уухайн тас зөвшөөрлөө. Хэдхэн хоногт юу юу ч болоод өнгөрчихөв. Бөмбөг шиг л ойж буусан өдрүүд байлаа. Ингээд Цагдан Сэргийлэхийн дээд сургуулийн ХЦ-ийн салбарын хууль-командын ангийн сонсогч болчихлоо. Уг нь командын ангийн энгийн мэргэжил нь биеийн тамирын багш байсан бол энэ жилээс эрх зүйч мэргэжил эзэмшүүлэх болсон юм.


Орсон сургууль маань жил бологүй Цагдаагийн дээд сургууль болж нэрээ өөрчиллөө. Цагдан сэргийлэх байгууллага сэргийлэх үүргээсээ татгалзаж “цагдаа” гэдэг нэрийг авсанаас ингэж өөрчлөгдлөө гэнэ. Орос ч милиция биш полиция болсон юм байхаа. Одоо тэр сургууль маань Хууль сахиулахын дээд сургууль болсон байх шүү. Наана нь бас юу юу ч билээ өөрчлөгдсөн гэсээн. Шалгалт өгсөн 300 гаран хүүхдээс нэгдүгээрт шалгарсан нь миний танилцсан нөгөө сэргэлэн бор хүү байлаа. Тэр маань бас надтай нэг ангид хувиарлагджээ. Ингээд дөрвөн жил тэр хүүтэй гарсан ч орсон ч хамтдаа нөхөрлөсөн юм. Түүнийг Ганбатын Эрдэнэбат гэдэг. Оюутан байхдаа ч шилдэг нь байж онц л авдаг байсан. Төгсөхдөө улаан дипломтой, ахлах дэслэгч цолтой төгсөж сургуульдаа хуулийн багшаар үлдэх урилга авч байсан юм.


Дараа нь Эрдэнэбат маань МУИС-ийн хуулийн багш, Улсын дэд прокурор ч хийж байсаан. Өнөөдөр муу найз минь улс төрийн золиос болж шоронд хоригдож байгаад нь итгэдэггүй юм. Бид найзыгаа хар багаас нь мэднэ ээ. Миний найз мэргэжилээ дээдэлдэг, шударга үнэнч, шилдэг хуульч юм шүү. Би найздаа итгэдэг, итгэсээр ч байх болно оо. Сайн найзын минь нөлөө миний амьдралын мөрдлөг болсоон” гэжээ.


Эх сурвалж: Золбаяр Дорж

Холбоотой мэдээ