М.Энхсайхан: "Монгол ялна” гэж бичсэн нийтлэл том популистын уриа болчихно гэж би зүүдлээгүй

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-04-26 07:52:59

М.Энхсайхан: "Монгол ялна” гэж бичсэн нийтлэл том популистын уриа болчихно гэж би зүүдлээгүй


Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайханы бичсэн "Колонийн сэтгэлгээ“нийтлэлийг сонирхуулъя.


“Колони орнууд тусгаар боллоо гээд колони биш болчихгүй” – Британы Ерөнхий сайд Бенжамин Дисраели (1804-1881)

“Бидний аз болоход хүмүүс юм боддоггүй” –  

Адольф Гитлер


Монголчууд хөршүүдийнхээ нөмөр нөөлөг, оюун санааны нөлөөн дор хараат байдлаар аж төрж  байсан нь саяхан. Колоничлолд байсан гэж ойлгож болно.

Харин 1990 оны Цагаан морин жил Монголчуудад биеэ дааж, тусгаар улс шиг амьдрах, хүний эрхээр “жаргаж зовж” байсныг өөрийн эрхээр “зовж жаргах” бололцоог авчирсан юм.

1911 онд монголчууд Манж гүрэн сулран унах тэрхэн түүхэн мөчид туурга тусгаар улсаа тунхагласан байдаг. Төдий л удалгүй гадаад талаас дарамталсаар, дотооддоо нэгдэл нягтралгүй байсаар “автономит” хэмжээнд хүртэл жижгэрч удалгүй бүрэн эрхээ алдаж билээ.

ТУСГААР УЛСАА БАЙГУУЛАХ, ТУСГААР УЛС ШИГ СЭТГЭХ НЬ ТУН ЯЛГААТАЙ

Колончлолоос мултарлаа гээд колонийн сэтгэлгээнээс тийм ч амархан салчихгүй. Ямар сайндаа л Британы цэргийг бут цохисон Сэнгэринчин жанжин, олон монголчууд 1917 онд Манжийн төрийг эргэн байгуулах гэж оролдож байсан тухай түүхэнд тэмдэглэгдэн үлджээ. Тэр үед колонийн сэтгэлгээнээс ангижирах хангалттай хугацаа байгаагүй юм.

1921 онд ардын хувьсгал мандаж Богд хаант засагаа байгуулсан боловч үнэн хэрэгтээ 1924 он гэхэд Зөвлөлт Оросын мэдэлд очсон байлаа. Манжийн колонийн бодлого Зөвлөлт Оросын колонийн сэтгэлгээгээр аажмаар солигдож эхлэв. Колонийн сэтгэлгээг монголчуудад хоногшуулахын тулд зүүнтэн, баруунтан болгож хооронд нь тэмцэлдүүлж, сүүлд нь 1937 оны Их хэлмэгдүүлэлтээр сэхээтнүүдээ устгуулж, Монголчуудын үндэсний ухамсар Орос маягийн ангич эх оронч үзлээр солигдсон байдаг. Ингэхдээ энэ бодлогыг монголчуудаар өөрөөр нь гүйцэлдүүлсэн байдаг нь харамсалтай. Энэ зуур өвөр монголчууд, буриад, халимаг монголчууд, казак, киргиз болон бусад монгол эсгий туургатнууд бидний зовлонт түүхийг өөр өөр цаг хугацаанд мөн л давтсан байдаг.

Орос сэтгэлгээнд “Улаан ба Цагаан” гэсэн загварчлал бий. Манай нэн орчин үеийн түүх улаантан, цагаантны түүх байдаг. Түүхэн үйл явдлын цаана ямар утга байсныг ердөө л өнгөөр ялган  энгийнчилж ирсэн.

Ардчилсан өөрчлөлт “Хөх” өнгийг сонгосон нь колонийн сэтгэлгээг эсэргүүцэх мэдрэмж төдий байлаа. “Хөх Судар” Инжиннашийн ном, “Харийг дууриавал Хөх Монгол гутмой” гэсэн өвөг дээдсийн өвийн үргэлжлэл байсан байж магадгүй. Өнөөдөр хөх өнгө нь гуулин толгойт популистуудын оролцоотойгоор гутаагдан буй учир нийгэмд Улаан өнгө давамгайлаад байх шиг. Өнгөө дагаад колонийн сэтгэлгээ хурдан арилах шинжгүй байх шиг санагдана.

Орос сэтгэлгээнд “Төрийг ямагт хүнд суртал хэмээх бөгөөд тэр нь авилгал шударга бус байдал, бурангуйн илэрхийлэл” гэж үзэж ирсэн байдаг. Тиймдээ ч Орос оронд ардчилал нутагшихад туйлын хэцүү, ардчилагдах гэж оролдохдоо авилгал, хээл хахууль цэцэглэж, олигархижсан тогтолцоо бий болж, авторитарь дэглэм рүү гулсан орсон.

Орос оронд болж байгаа шиг үйл явдал  Монголд болоогүй. Гэвч  колонийн сэтгэлгээ оршин  байснаас  эрх мэдэлтэнгүүд өөрсдийгөө яамбад умбуулж, төр, ард түмний холбоог сулруулж, Монголын ардчиллыг гажуудуулсан явдал гарсан нь мэр сэр бий. “Монголын Нууц Товчоо”-нд гардаг “өнчдийн авилга” ( ядарсныг асрах тэтгэмж утгатай) үгний ” авилга” орос маягийн сэтгэлгээгээр орчин цагийн Монголд эсрэгээр эргэлдэж хээл хахууль гэж ойлгогддог болж.

Манай алдарт АТГ байгуулагдангуутаа хийсэн анхны ажил нь хамгийн өргөн фронтоор багш, эмч нартай хийх тэмцэл болж байсан нь мөн л колонийн сэтгэлгээний үр дагавар байлаа.

Орос сэтгэлгээнд “ардчилал бол харь үзэл, оросын соёл болон аристократуудад дайсагнасан хэрэг” явдал мэт буудаг.

Монголчууд ардчиллыг өөрийн юм шиг хүлээж авсан шалтгаан нь хэдийгээр алсарсан ч буурал түүхийн ой санамж байсан явдал юм. Их Хуралдай хэмээх цэргийн ардчиллаар Их Хаанаа сонгодог улс орон Монголоос өөр байсангүй. Цэргийн ардчилалтай явсан монголчуудад Нийтийг хамарсан Ардчилал руу шилжихэд колонийн сэтгэлгээнээс өөрөөр оюун санааны том бэрхшээл байгаагүй байх гэж боддог юм.

ҮНДЭСТНИЙГ МӨХӨӨЕ ГЭВЭЛ СЭХЭЭТНҮҮДИЙГ НЬ УСТГА

Үндэсний ухамсар,оюун санааг тээгч нь сэхээтнүүд байдаг. Сэхээтэн гэдэг нь боловсролоор ялгаварласан хэрэг огт биш юм. Боловсролын диплом чиний сэхээтэн гэдгийг баталсан баримт бичиг биш. Гэхдээ сэхээтэн байхын тулд боловсролыг үгүйсгэж хэрхэвч болохгүй. Сэхээтэн гэдэг нь үндэстнийхээ Язгуур эрх ашгаа мэдэрсэн хүн амын хэсэг юм. Зарим судалгаанд “эрт ухаарсан” гэсэн байнлээ. Харамсалтай нь сэхээтнүүдийг бутаргах, “эрт ухаарсан” -ыг устгах бодлогод монголчууд автаж байсан. Тэр нь колончлогчдын хийж байсан санаатай бодлого байсан юм.

1937 оны их Хэлмэгдүүлэлт нь “Үндэстнийг мөхөөе гэвэл  сэхээтнүүдийг нь устга” гэсэн  бодлого байсан. Угтаа лам, хуврагуудын эсрэг биш монголчуудын үндэсний оюун санааг нь колончлох бодлого байлаа. Лам хуврагуудыг хэлмэгдүүлсэн гэхээсээ илүүтэй Монгол үндэстний сэхээлэг хэсгийг аймаглан устгасан явдал байсан. Их Хэлмэгдүүлэлт дараа нь зогсоогүй.

Коммунизмын эрхшээлд байхдаа Монгол улс үе үе нэгэн арван жилийн мөчлөгтэйгээр Сэхээтний төөрөгдөлтэй тэмцэх улс төрийн соёлтой болсон байлаа.

Олон ч хүн колонийн сэтгэлгээний золиос болж ирсэн. Их бага нь хамаагүй бүгд л хэлмэгдүүлэлт гэдэг ангилалд хамаарна.

Цагаан морин жил Монголд ардчиллыг авчирчээ. Гэвч олон жилийн дараа Монголчуудын нэлээд хэсэг колонийн сэтгэлгээнээс салаагүй л яваа юм байна гэдгийг Ерөнхий сайд асан С.Баяр “Манийгаа шоронгийн үзүүлэн болгочихоод Орост таалагдана гэж бодож байгаа бол…. эндүүрэл” гэсэн санаагаар  анхаарууллаа.

Колонийн сэтгэлгээнд автахгүйгээр Монголчууд өөрийнхөө оюун санааг системчилэн төгөлдөржүүлж, томьёолоход хангалттай хугацаа (1990-2019) өнгөрсөн ч түүнийгээ хийгээгүй л байна. Баримтлал болж бичигдээгүй ч олон түмний сэтгэл оюунд байгаа гэдэгт итгэлтэй байна. Нэг бүтэн үе солигдож, дараачийн үе нь бүр ч зөв үе ирж байгаа. Үүнтэй харьцуулбал Манжаас тусгаар болсон Монголчуудад (1911-1915), Оросын тусламжтайгаар Ардын хувьсгал хийсэн монголчуудад (1921-1924) үндэсний ухамсарыг сэрээхэд, колонийн сэтгэлгээг эсэргүүцэх дархлаа тогтооход тун бага хугацаа байж дээ.

Юу хийж болох талаар хэдэн санаа хөндөе.


МОНГОЛ ХҮН МОНГОЛ ХҮНДЭЭ ЭХ ОРОН


Дээрх томьёолол нь еврей хүмүүсийн баримталдаг баримтлалыг монгол ахуйд буулгасан хэрэг юм. Еврейчүүд энэ томьёоллоо гаргахдаа Их Монгол Улсын монголчуудаас авсан ч юм билүү хэн мэдлээ. Түүхэнд тэмдэглэснээр эртний монголчууд нэг нь нөгөөгийнхөө төлөө үхэн хатан тэмцэлдэж тулааны талбар дээр орхидоггүй, хүчинд автаж ухарсан бол буцаж ирж хүнээ заавал нэхдэг байлаа хэмээн тэмдэглэсэн байдаг.

Эртний монголчуудын тэр сайхан чанар  олон зууны колончлолын үр дагавар болж бидний монголчуудаас холдсон бололтойдог.

Монгол улс бол бидний Эх орон. Амьд бие. Бидний монголчууд бол ердөө л эд эс нь. Эд эс нь архинд, хар тамхинд хордоод дээр нь харийнхны бодлогоор хорт хавдрын эс болон  хувираад байвал Эх Орон хэмээх амьд бие өвдөх нь ойлгомжтой.


ОРК БОЛОН МОЯА ОВГИЙН ТУХАЙ


Манайхан боловсрол нимгэн нэгнээ Орк гэх юм. Эхэндээ би ойлгодоггүй байлаа. Гэтэл тэр нь кинонд гардаг хүн сүрэг юм байна.

Боловсрол мэдлэгт орой гэж байхгүй л дээ. Хурдан өөрчлөгдөж байгаа дэлхий ертөнцтэй харьцуулбал Бид бүгдээрээ л орк. Боловсрол мэдлэгээ хуваалцах явдал чухал байна. Өөрийгөө голохгүй хүн бүр мэдье би чаднаа гэсэн эрмэлзэлтэй байх хэрэгтэй байна.

Бусдыг орк гэж өргөмжилснөөр өөрөө Та ухаантай болчихгүй гэдгийг бидний монголчууд гадарлахтайгаа гэж итгэж байна.

Харин мояа овгийнхний хувьд би хатуу бодолтой байна. Тэд бол коммунизмын сэтгэлгээтэйгээ үлдсэн, магадгүй харийнханд таалагдах гэж хөдөлж байгаа колони орны сэтгэлгээтэй цөөнх. “Монгол ялна” гэж миний 2011 онд бичиж байсан нийтлэл 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн том популистын уриа болчихно гэж би зүүдлээгүй.

Монгол ялна гэдэг нь монголчуудын аливаа зан үйлд хэрэглэгддэг Хоржилло гэсэн үгний орчуулга юм. Монголын төлөө хэлмэгдэж буудуулахдаа лам хуврага, сэхээтнүүд  маань амандаа Хоржилло гэж шивнэж байсан. Өнөөдөр популизмын уриа болчихсонд би үнэхээр харамсаж байна. Колонийн сэтгэлгээ популизмд орон зай авчирсан гэдэгт би эргэлзэхгүй байна. Колонийн сэтгэлгээнээс ангижирах хэмжээгээр популизм хумигдана.


ХҮН БОЛ “АМЬТАН” БИШ


Балар эртний үед хүн бараг л амьтан шиг байсан. Манай түүхийн номд хүний “Хижи гөрөөс” “адгуус” үе байсан тухай тэмдэглэсэн байдаг. Ахуй амьдрал дээшлэх хэмжээгээр овог аймаг болж, үндэстэн болж, азтай нь төр улсаа байгуулсан бололтой юм. Хаа ч газар байдаг л зүй тогтол бололтой.

Хүний эрх, эрх чөлөөг 30 жил ярьлаа. Тэглээ гээд аливаа хүн амин хувиа хичээсэн “амьтан” болж хувирч болохгүй гэдгийг хэлэх гээд дээрхийг дурдлаа. Хөгжил балар эртний амьтны чиглэлд явж болохгүй. Ядаж өрх гэр дээрээ төвлөрсөн амьтан байх нь чухал. Цаашлаад том улс төрийг сонирх. Бид цөөхүүлээ, жижигхэн. Монгол хоёр том гүрний хавчуурга дунд оршин байгаа тул том улс төрийг сонирхох хэрэгтэй байна. Үндэсний ухамсарыг олж авах хэцүү ээдрээтэй, урт хугацааны асуудал ч хүн бүр хичээх л хэрэгтэй байна.

Бидний нийтлэг сул тал бол сахилга бат маш сул, залхуу. Цаг нартай өрсөлдөж байж Танд болон өрх гэрт чинь, улс оронд чинь дэвшил, хөгжил ирнэ. Биднийг залуу байхад бичгийн их хүн Түдэв гуай “залуу хүн 5 хүний ажлыг ганцаараа амжуулдаг бай” гэж сургадаг байсан Би мартаагүй, мөрдлөг болгох гэж хичээсээр байна.

Өөр нэгэн дутагдал нь Аливаа ажлыг эхнээс нь эцсийн хүртэл төгс боддоггүй, дутуу хагас эхлүүлээд замд нь зовлон тоочиж эхлүүлсэн ажлаа хаядаг. Тэгэж чадаагүй эхэлсэн том ажил хий хоосон үрэлгэн зардал болно. Үр ашгийг шүтэх нь зах зээлд өрсөлдөх гол хөшүүрэг юм.

Аймгуудын засаг дарга нарын нэгэн зөвлөлгөөн дээр надаас Төмөр зам барихаар овоолсон шорооны хувь заяаны тухай асуусан юм. Түүхийн дурсгал болж үлдэх бизээ, жуулчдад үзүүлэх үзүүлэн хэлбэрээр ашиглаж болох тухай хариулт өгч байсан. Нэг эхлүүлсэн ТЗ-аа дуусгалгүй өөр чиглэлд ТЗ барина гэж зүтгүүлэх нь ямар ч байсан Монголын эрх ашиг биш. Гадны нөлөө нөөлөг байнаа. Энэ бол бас л колони орны сэтгэлгээнээс ангижираагүйн нотолгоо. Цаг хугацаа харуулна гэсээр нэгэн үеийнхний амьдралаар тоглоод өнгөрмөөргүй байна.

Ардчилсан нийгэм, зах зээлийн нийгэм идэвхи, бүтээлч байдлыг шаарддаг. Үр ашиггүй төсөл, ядуурал, хүний наад захын эрхийн зөрчилд мэдрэмж сул байдлаа засмаар. 17 шүүгчийг ганц зарлиг гаргаад халчих юм. Аюултай чиглэлд Монгол улс явж байна шүү гэдгийг Транспаренси Интернэшнл анхааруулж мэдэгдэл хийжээ. Бид найр наадамдаа умбаад мэдрэхгүй байна. Бие даасан шүүхгүй болчихвол авилгал хээл хахууль улам л нэмэгдэнэ үү гэхээс буурахгүй гэдгийг анхааруулсан байнлээ.


КОЛОНИЙН СЭТГЭЛГЭЭ БА ХАЛХ ГОЛ -80


Одоогоос 20 гаруй жилийн өмнө Ардчиллын анхны Ерөнхий сайд байхдаа Япон цэргийн булшинд очиж билээ. Төрийн түвшинд анх болж байгаа үзэгдэл байсан. Империалист, милитарист бодлогод цэрэг хүн ямар хамаатай юм гэсэн бодлоор очсон. Дайсныхаа булшин дээр очсон гээд коммунист сэтгэлгээтэй хүмүүст мөн ч их адлуулж билээ.

Коммунист Монгол Ардчилсан Монгол болчихоод байдаг. Милитарист Япон Ардчилсан Япон болчихоод байна. Зөвлөлт гүрэн задарч Хятад хөрш дэлхийн том орон болчихоод байна. Түүхийн ээдрээтэй үйл явдлыг шинэлэг өнцгөөр харах цаг үе ирсэн байна.

Энэ жил Халх голын ялалтын 80 жилийн ойн жил. Миний эцгийн төрсөн нутаг нь. Бөмбөг дэлбэрч  газар доргиход нь эмээ маань шанагаа бариад гэрээ тойроод гүйж байсан тухай аав минь ярьж өгдөг байж билээ. За тэр яахав. Аавынхаа нутгийг энэ өдрүүдэд эргэх бодолтой л сууна.

Халх голын тулааны талаар асуудалд хандахдаа Колони орны сэтгэлгээгээр битгий хандаасай гэж хэлэх гээд л энэ тухай яриад байгаа юм. Тээр жил Хэн нь хичнээн самурай устгасан тухай уралдаад ч байгаа юм шиг яриа телевизээр яваад байсан нь санаанаас гардаггүй юм. Ухаандаа Ангич эх оронч үзлийг бадрааж байсан байх л даа. Гэвч иймэрхүү үйл явдал Үндэстэнд тус болдоггүй. Харин Колонийн сэтгэлгээг гааруулна.

Халх голын ялалтын арга хэмжээнд Оросууд 10 сая евро хандивлаж гэнэ, Оросын Ерөнхийлөгч Путин ирэх юм шиг яриа сонсогдоно. Хөрш орны тэргүүн ирвэл Тавтай морилно уу гэж монголчууд угтах нь гарцаагүй. Харин колони орны сэтгэлгээнээс бидний монголчууд салж чадсан эсэхийг сорьсон үйл явдал болж магадгүй.

Олон улсын байдал түвэгтэй болжээ. Монголыг нөлөөлөлдөө байлгах сонирхол хаа хаанаа хүчтэй болж. Том ах, том ах гэдэг Колонийн сэтгэлгээ сэдэрвэл Том ах нь бүр том Ахтай  болсон хорвоод бид амьдарч байна.

Харж л байя.


Холбоотой мэдээ