Лу.Гантөмөр: Дэлхийд өрсөлдөх монгол хүч

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-04-26 23:20:21

Лу.Гантөмөр: 

Дэлхийд өрсөлдөх монгол хүч


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Лу.Гантөмөрийн боловсролын салбарт эхлүүлсэн шинэчлэлийн зорилго, ач холбогдлын талаар уншсан лекцээс товчлон хүргэж байна.


“Дэлхий дахин мэдлэгийн эдийн засагт суурилсан нийгэмд шилжин орлоо. Байгалийн баялаг тодорхой цаг хугацаанд шавхагдаж дуусдаг гэдгийг хэлэхэд илүүц болжээ. 

Өнөөдөр мэдлэг шингэсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргаж чадаж байгаа улс орон хөгждөг тийм нийгэм ирлээ.

Мэдлэгийн эдийн засаг гэж юу вэ гэж асууж байна. 

Жишээ татъя, монголчууд бидний хамгийн сайн мэддэг “Apple” фирмийн гаргасан “IPhone” гар утас үйлдвэрлэгдсэн цагаасаа хэдий хугацаанд хэчнээн удаа өөрчлөгдөн шинэчлэгдсэнийг бид мэднэ.

 “IPhone” утсанд орсон түүхий эд 15 ам.доллар гэж үзвэл бидний гар дээр ирэхдээ 1000 ам.долларын үнээр зарагддаг. ”Samsung”-ын гар утаснууд ч мөн ялгаагүй, технологийн шинэ мэдлэг шингэсэн учраас дэлхий дахинд сая, саяаар борлуулагдаж чадаж байна. 

Товчхондоо 10 ам.долларын  бүтээгдэхүүн 1000 ам.доллар хүрч байгааг мэдлэгийн эдийн засаг гэж хэлээд байгаа юм.

Саяхан Японы инженерүүд шатахуунаар биш усаар ажилладаг “Мирай”/Ирээдүй/ гэдэг машин зохион бүтээсэн. 

Нэг цэнэглэхэд 700 км зам туулах чадвартай. 

“Мирай”-г  “мэндлэхэд” дэлхийн хар алтны магнатууд сандралд орж эхэлсэн. 

Энэ бол мэдлэг шингэсэн хамгийн том бүтээгдэхүүн юм. 

Японы эрдэмтэд “Мирай” загварын машиныг зохион бүтээхийн тулд сүүлийн 20 жилийн турш судалгаа, туршилт хийсэн байдаг. 

Үр дүнд нь “Мирай” мэндэлсэн. 

Гэхдээ маргааш  ямар машин гарч ирэхийг хэн ч таашгүй ийм л нийгэмд бид амьдарч байна. 

Ийм мэдлэгт суурилсан бүтээгдэхүүнгүй улс хөгжихгүй.

Эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт ч шинэ, шинэ нээлтүүд төрж байна. 

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр, Японы эрдэмтэд хорт хавдрын эсийг саармагжуулж, хүний амьдрах насыг уртасгах шинэ нээлт хийхээр судалгаа, туршилт хийж байна. 

Энэ бол гайхамшиг.

Монголд боломж бий юу?

Монгол Улсын хувьд мэдлэгт түшиглэсэн бүтээгдэхүүн бий болгож, экспортлох боломж байна уу гэвэл бий. 

Органик түүхий эддээ түшиглэж дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой. 

Жишээ нь арьс шир. “Chanel” брэндийн цүнх хийхэд нэг хонины арьс орсон гэж бодоход Монголд хонины нэхий ямар үнэтэй билээ, 10 мянган төгрөг. 

Гэтэл  5 сая төгрөгийн өртөг шингэж орж ирж байна шүү дээ. 

Яагаад “Chanel” брэндтэй өрсөлдөхүйц цүнх үйлдвэрлэж экспортолж болохгүй гэж…

Монголд ингэний хоормог 1 литр нь 2500 төгрөгийн үнэтэй бол Өвөрмонголд 80 мянган төгрөг. 

Хоормогт сахарын өвчнийг анагаах Бетта нэртэй уураг агуулагддаг учраас өвөрмонголчууд эмчилгээнд түлхүү ашиглаж, үнэ цэнэтэй болсон байгаа юм. 

Бид энэ мэт баялагтаа монгол хүний хосгүй уламжлалт ур ухаан мэдлэгийг шингээж үнэ хүрэх нээлтийг хийж чадвал Тавантолгой, Оюутолгой ордын баялгийг хэдэн зуу дахин нугалах шавхагдашгүй “брэнд”-тэй болж чадна.

Ярианыхаа эхэнд би ухаалаг утасны тухай ярьсан. 

Монголын 1 сая иргэн “Apple”-ийн утсыг 1 сая төгрөгөөр худалдан авсан гэж тооцвол 1 тэрбум ам.долларыг гадаад руу урсгасан байж мэдэхээр байгаа. 

Монголчууд өөрсдийгөө хямралд оруулж байгаагийн нэг бодитой жишээ энэ. 

Дэлхийн зах зээлд мэдлэгт суурилсан бүтээгдэхүүн гаргаж чадаагүй учраас бусад орны бүтээсэн ухаалаг гар утас зэргийг худалдан авч хэрэглээгээ хангаж байна. 

Монголыг монгол толгой л хөгжүүлнэ.

 Үүний тулд хүнээ хөгжүүлэхэд анхаарч боловсролын салбарт тогтолцооны шинэчлэл хийж байгаа юм шүү. 

Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх ёстой. 

Сайн хүүхэд, муу хүүхэд гэж байх ёсгүй. 

“Авьяас”, “Ном” хөтөлбөрийн эцсийн зорилго нь мэдлэгт суурилсан эдийн засгийг хөгжүүлэх хүнээ бэлтгэхэд оршино. 

Үндсийг нь суулгаж, тарих хүн нь багш та нар. 

Суурийг нь зөв тавьчихсан байхад хүүхэд өөрийн сонирхолдоо хөтлөгдөөд цааш суралцана. 

Нэг зүйлийг анхаараарай, мэдлэг бүхэн гарт нь орж байж мэдлэг болно. 

Зөвхөн онолоор мэдлэг суухгүй, туршилт судалгаа энэ бүхэн зэрэгцэж сая гарт орно.

Багш нараа сургах, мэдлэгийг нь дээшлүүлэхэд яам бүхий л боломжит аргуудаа ашиглаж байгаа. 

Тэр бүх боломжийг ашиглаж, суралцаарай. 

Өнөөдөр бид мэдээллийн эрин зуунд амьдарч байна. 

Шинэ, шинэ мэдээлэл, мэдлэгийг орон зай цаг хугацаа үл хамааран авах боломж хангалттай бий, тэр бүгдийг бүрэн дүүрэн ашиглаарай.

Монгол хүний оюуны чадамжаар нээсэн бүтээлтэй болоход мэдээж дэлхийн төвшинд очсон судалгаа шинжилгээ хийх лаборитори шаардлагатай болно. 

Шинжлэх ухаан хөгжсөн орнуудад хүнээ сургахад төрийн бодлого чиглэнэ. Эрдэмтэн судлаачиддаа судалгаа, шинжилгээ хийх боломж нөхцлийг нь хангахын тулд орчныг нь бүрдүүлж өгнө. 

Энэ чиглэлийн ажил эхэлсэн ч гэж хэлж болно. 

АШУҮИС-ИЙН Сувилахуйн сургуульд хамгийн сүүлийн үеийн эдийн төвшний сургалт судалгааны лаборатрийг нээсэн. 

Энэхүү лаборатори дэлхийд тав байдаг, зургаа дахь нь Монголд нээгдсэн.  

Тэндээс шинэ мэдлэг, шинэ нээлтүүд “төрнө” гэдэгт би эргэлзэхгүй байна. 

Дэлхийд өрсөлдөх монгол хүчийг төрүүлэхийн төлөө хамтдаа урагшилцгаая”.

Холбоотой мэдээ