МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ ТОЙРСОН ХЭРҮҮЛ ЗҮЙ
НийгэмМЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ ТОЙРСОН ХЭРҮҮЛ ЗҮЙ
Өчигдрөөс манай улсад МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛ нэртэй 10 өдрийн хөтөлбөр мэндэлж, зэрэг 8 телевиз, нэг сайтаар үзэгчдэд хүрлээ.
Цацагдсан даруйдаа олны шүүмжлэл, сайшаал аль алиныг нь дагуулсан юм.
МЭДЭЭЛЛИЙН УРСГАЛЫГ ШҮҮМЖЛЭХ ҮНДЭСЛЭЛҮҮД...
1. Манай улс хүн ам цөөн.
Улс төр, сэтгүүл зүйн салбарт эргэх хүний тоо хязгаартай.
Хов живийн чанартай ч гэх үү мэдээлэл дамжуулах арга нь ч гэх үү хэн хаана хэнтэй уулзаад ажлын ямар санал тавьсан, хэдэн төгрөг амласан зэрэг нь мэдэхэд төвөгтэй биш.
Тэр ч утгаараа мэдээллийн урсгал хөтөлбөрт оролцох санал өөр бусад сэтгүүлчдэд ч очсон ба санаатай санаандгүй шалтгаанаар саналыг хүлээн аваагүй нь ч байна.
Санал тавихдаа мэдээж мөнгө өгөх тухай ярьжээ.
2. Мэдээллийн урсгал хөтөлбөрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах, Херо энтертайнментийн найруулагч Б.Баатар найруулж, Л.Оюун-Эрдэнийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх А.Амундра санаачилж зохион байгуулж байгаа нь энэхүү хөтөлбөрийг төсвийн мөнгөөр хийж байх вий?
Сэтгүүлчдэд, телевизүүдэд өгөх мөнгө нь татвар төлөгчдийн мөнгө байх вий?
Вакцин авах мөнгөгүй манай улс нэн шаардлагатай бус зүйлд мөнгөө үрээд байгаа юм биш биз? гэсэн хардалт дагуулж байна.
Тэд мэдээллийн урсгал хөтөлбөрийг ивээн тэтгэгчдийн мөнгөөр хийж байгаа, төсвийн мөнгөөр хийгээгүй гэж тайлбарласан ч нэг ч баримт үзүүлээгүй юм.
Үнэхээр төсвийн мөнгөөр санхүүжүүлээгүй байлаа гэж бодоход "хүссэн" эфирийг нь хийж өгч байгаагийнхаа төлөө энэ сэтгүүлчид, энэ телевизүүд ЗАСГААС юу хүртэх бол.
3. Энэхүү хөтөлбөрийг төсвийн мөнгөөр хийсэн хийгээгүй нь нэг хэрэг.
Харин дараагийн ноцтой хэрэг бол хуулийн өмнө, сэтгүүл зүйн салбарт алагчлал тогтоосон явдал юм.
Учир нь коронавирусээс үүдэж, хөл хорио тогтоосон энэ үед сэтгүүлчид эх сурвалжийн хомстолд орж зочид ярилцлага өгөх нь хязгаарлагдах болсон.
Гэтэл найруулагч Б.Баатар, хөтөлбөрийн санаачлагч А.Амундра нар шадар сайдаас эхлээд зочдыг студид ятган авчирч чаджээ.
Өөрөөр хэлбэл эрх мэдлээрээ “бэлдсэн” эфиртээ хүссэн зочноо яриулав.
Харин үнэхээр нээлттэй асуухыг хүссэн хэн бүхний өмнө шадар сайдын ам нь хаалттай хэвээр үлдлээ.
Мөн хэвлэл мэдээллийн салбар ажиллаж болох 13 байгууллагын тоонд багтсан ч тухайн байгууллагын 30 хувь нь л ажиллах журамтай.
Гэтэл энэ журам Ерөнхий сайдын ах, зөвлөх, "тэдний" хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд үйлчилсэнгүй.
4. Мэдээллийн урсгал хөтөлбөрийн талаар Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс өнөөдөр /2021.04.28/-нд мэдэгдэл гаргасан юм.
Мэдэгдлээс бас уншигч та өөр шалтгаануудыг ч харж болно.
Цухас дурдвал Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүлээлгэх, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр суурийг чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна. Гэжээ.
ХЭРҮҮЛ ЗҮЙ
Сэтгүүл зүй дээлээ сольж хэрүүл зүй болж эхэллээ. Үзэл бодол, итгэл үнэмшил, үзэг бал нь өөр ч нэг салбар гэсэн малгай өмсдөгийн хувьд туйлаас санаа чилсэндээ үүнийг бичив.
Мэдээллийн урсгал хөтөлбөрт багтсан сэтгүүлчид биесээ өмөөрөхдөө цахим орчинд доромж үг, утга ашигласан нь анхаарал татав.
Тухайлбал мэдээллийн хөтөлбөрт СЭДЭВ ТОДОРХОЙЛОГЧИД гэсэн ангилалд багтсан сэтгүүлч Ч.Лодойсамбуу “Сэтгүүлчид нь ийм тэнэг.
Сэтгүүл зүйгээ мэргэжлийн зорилгоо ч ойлгодоггүй.
Ийм болохоор нь үзэг нэгтэй мэгтэй гэж хэлүүлэх дургүй байдаг юм.
Онцгой, хүнд ийм үед яах гэж байдгаа бодоод ганц удаа нэгдэж чадахгүй юм бол энэ улс сэтгүүлч нэртэй террористуудаар яах юм.
Хэнд ч хэрэггүй! Гэжээ.
Мөн сэтгүүлч Н.Өнөрцэцэг “Манай салбарынхан шээс нь гоожлоо.
Ялангуяа сэтгүүлчид.
Хүссэн асуултаа асууж байна, ямар ч цензур алга.
Мэдээллийн урсгал контентод багтаж ажиллаж байгаадаа маш их баяртай байна” гэжээ.
Энэхүү жиргээ, постоо хоёулаа өөрсдийнхөө сошиал хаягууд руу шээр, рт хийсэн байв.
Энэ нь орчин цагийн Дэлхийн сэтгүүл зүйн өмнө тулгамдаад буй сэтгүүлч цахим орчинд үзэл бодлоо хэрхэн илэрхийлэх вэ?
Ер нь сэтгүүлчийн үзэл бодол, бэлдсэн мэдээ хоёрыг нь яаж ялгах вэ?
Сэтгүүлч цахим орчинд биеэ хэрхэн зөв авч явах вэ?
Доромж үг хэллэг хэрэглэх нь зөв үү зэрэг асуултуудын хариултыг бид ч бэлдэх шаардлагатайг харууллаа.
Учир нь зөвхөн сэтгүүлч ч биш олонд танигдсан нэр нөлөө бүхий хүмүүс бичигдээгүй хариуцлагыг тодорхой хэмжээнд үүрч явдаг жишиг бий.
Тухайлбал Японы сумогийн ёс зүйн дэг жаяг.
Ёс зүй гэдэг хоёрхон үг оддын өвчин, бусдыг өөрөөсөө дорд үзэх хандлага, доромж үг хэллэг зэргийг нь хазаарлах даруулга болдог.
Мөн Netflix дээр тавигдсан Солонгос төдийгүй дэлхийд алдаршаад буй Blackpink охидын хамтлагийн баримтат кино.
Тэд хэдий алдар нэр, мөнгөнд хүрч санаснаа бүтээсэн ч ёс зүйд захирагдаж явдаг нь үг, үйлдэл бүрээс нь харагдана.
Үүгээр юу хэлэх гэсэн бэ гэвэл Монголын хамгийн их хандалттай, чадварлаг, хөдөлмөрч сэтгүүлч ах эгч нар цахим орчинд биеэ зөв авч явж, зөв үлгэрлэл жишиг болохуйц хариуцлагатай байвал салбарт ч өөрсдөд нь ч ирээдүйн сэтгүүлчдэд ч нэмэр болов уу гэж бодном.
Бичвэрээ хэрүүл зүй гэж нэрлэсний учир нь яг үнэндээ сэтгүүлчдийн тэр тусмаа олны танил, нэр нөлөө бүхий сэтгүүлчдийн хэрүүл нийгмийг талцуулж, харин ч иргэдийг бухимдуулж байна.
Цаашлаад сэтгүүлчид гэж улаан хэрүүлчид, сэтгүүлчид нэгнийгээ барьж идэх шахдаг, сэтгүүл зүйг киногоор зүйрлэвэл Пэнтхаус киноны жүжигчид гэж хэлэгдтэлээ бид нийгмээсээ зэмлэл хүртэж сууна.
Сэтгүүлч бид дарга “загнаж” суудаг ч үзэгч иргэддээ ч “загнуулж” үг сонсвол гэмгүй болов уу.
Зэмлэл магтаал хоёрыг зэрэг даах ухаан уг нь сэтгүүлч бидэнд л баймаар.
Нийгэм сэтгүүл зүйгээс шударга үнэнийг мөн ухаалаг, ёс зүйтэй байдлыг хүсэж хүлээж байгаа нь цахим дахь сэтгэгдлүүдээс харагдаж байсныг нийтээрээ олж уншаад тунгаацгаая.
Бид чинь хүн байна даа.
Сэтгүүлчид шүү дээ.
Тиймээс энэ жишээнээс хэн хүнгүй сургамж авч, цахим орчинд биеэ зөв авч явах, сэтгэл хөдлөлөө дарахыг хичээх, хязгааргүй мэт сайхан эрх чөлөө эдэлж буй ч үүрдэг хариуцлагаа ухамсарлах хэрэгтэй байна.
Сэтгүүлчдийн ихэнх нь үнэхээр шударга үнэнийг илчлэх гэсэн, үндэсний үзэл дүүрэн хүмүүс байдаг.
Олон ч зүйлээс харагддаг.
Тэр хэрээрээ өөр улс орны сэтгүүлчид ч манай улсын сэтгүүлчид ч эго өндөртэй байх нь бий.
Тиймээс мэргэжлийн ур чадвар, сэтгэл хөдлөл, амбийцаа баланстай авч явбал яахсан бол...
Эцэст нь сэтгүүлч төлбөр авч бүтээлээ бусдаар санхүүжүүлэн ажиллаж болох ёс зүйн кодтой.
Гэхдээ төлбөрийг хэнээс авснаа л бичих учиртай.
Гэхдээ ёс зүйн кодны энэ заалт манай улсад алдаг оног л мөрдөгддөг ба ядаж л тв, сайтууд төлбөртэй гэж материал дээрээ онцлох нь урагш алхаж буй нэг хэлбэр байх.
Мөн эфир дундуурх зар сурталчилгаа, баннер, төлбөрөө төлж ярилцлага өгөх зэрэг орлогын эх үүсвэрүүдийг үгүйсгээгүйг онцолъё.
Мөн манай улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бизнес модель бусад улсынхтай харьцуулбал гайхмаар гэх үү, гоё гэх үү ялгаатай.
Төсвийн мөнгө буюу төрийн байгууллагын мэдээг дамжуулж, гүйцэтгэл хийж өгч авдаг.
Бүр мэдээг нь ч дамжуулахгүй мөнгийг нь аваад идчихдэг хэн хаанах нь мэдэгдэхгүй хэвлэлүүд ч бий.
Тиймээс энэхүү хөтөлбөрийг төсвөөс санхүүжүүлэхэд буруудахгүй юм шиг санагдаж болох.
Гэхдээ үгүй.
Энэ удаад үнэмлэхүй олонх 62 суудалтай МАН-ын Ерөнхий сайд сонгуулийн өмнө хандалт ихтэй бүх хэвлэлээ “базчихсан”-аараа ялгаатай.
Улс төрийн хүчин хэвлэлээ базах нь бидний ардчилалд ухралт болов уу?
Дэвшил болов уу?
Уншигч та өөрөө дүгнэх буй за.
Эх сурвалж:
сэтгүүлч У.Болортуяа