Зандаахүүгийн Энхболд гэдэг сэдэв
Улс ТөрЗандаахүүгийн Энхболд гэдэг сэдэв
Түүнийг ёстой “багаас” нь мэднэ гэчихвэл бүлтэрсэн болохгүй байх. Тэртээ 90-ээд оны эцэс буюу 1996-1999 онд Төрийн өмчийн хорооны дарга байхаас нь би мэдэх юм. Хамт ажиллаж байсангүй. Гэхдээ сэтгүүлзүйн салбарт сурвалжлаад гүйж явсан гэхээр зэрэгцээ шугаманд л алхаад байж... Тухайн үед улс даяар өмч хувьчлал ид явагдаж байсан болохоор Төрийн өмчийн хороо, тэр хорооны дарга гэдэг хэл ам, хэрүүл тэмцлийн бай байлаа. Одоо бодоход тэр төрийн албан тушаалын гараагаа “гал атгаад” л эхлүүлсэн болж таарч байна. Тэр үеэс Зандаахүүгийн Энхболд гэж шазруун этгээдийн нэр монголчуудад хоногшоод өнөөдрийг хүрчээ. Тэр үед мань мэтийн сэтгүүлч ч гэж юу байх вэ, гэхдээ л өнөөдрийг хүртэл мартагдахгүй үлдсэн зүйл бол тухайн үед МАН-ын эзэмшилд байсан Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийг Ш.Отгонбилэг агснаас салгаж авна гэдэг одоогийн Хойд Солонгосыг Ким Жон Унаас салгахтай адилхан зүйл байлаа. Цалин тэтгэврээ тавьж чадахгүй байсан тэр үед Эрдэнэт үйлдвэрийн захирал Ш.Отгонбилэг агсан бол улсын эзэн, лусын хаан, түүний өмнө Монгол төрийн бүх албан тушаалтан бөхийж, мань эр нисдэг тэрэг хөлөглөн бааварлаж, өнөөгийн МАН буюу тухайн үеийн МАХН-ынхан, тэр дундаа Ерөнхийлөгч Н.Баганбандийн фракци харц дээгүүр таахалзаж байв даа. Улсын үйлдвэрийн захирал нь төрдөө захирагдахаа байсан тэр үед ТӨХ-ны дарга Зандаахүүгийн Энхболд хаалгаа түгжээд, нисдэг тэрэг хөлөглөөд алга болсон Ш.Отгонбилэг агсны эрх мэдлийг “Төр өмчөө мэднэ. Төрийн өмчийг эрх мэдлээ хэтрүүлэн завшиж байгаа этгээдүүдээс хураан авч байна” гэж өөрийн биеэр очиж мэдэгдээд түгжээтэй хаалгыг нь эвдэж орсон нь зууны шахуу дуулиан байлаа. Сүүлд сонсох нь ээ, Ерөнхийлөгч Баганбандийн багын найз, мөнгө эрх мэдлийн дээр суусан тэр хүн рүү очих зоригтой аавын хүү түүнээс өөр олдоогүй юм билээ. Тэгэхэд Зандаахүүгийн Энхболд 30-хан настай байлаа.
Зандаахүүгийн Энхболд бол сэдэв. Энэ хүн сэдэв босгож ирнэ, тэгээд сэдвийнхээ гүйцэтгэлийг ягштал биелүүлнэ. Тухайлбал, монголчууд бид 2015 онд Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр 3 сая монголчуудаа 200 жил тэжээх Тавантолгойгоо бараг л тавиад туучихсан байлаа... Энержи ресурс, Чалко нарын хамтарсан консерциум Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, М.Энхсайхан нартай үгсэн хуйвалдаж 100 жилээр ямар ч ашиггүй гэрээг үзэглэхэд бэлэн болж, оргилуун дарсаа бэлдчихсэн байхад нь тэр л зогсоож чадсан. Үүнийг зүгээр л болоод өнгөрсөн зүйл гэж зарим нь боддог. Үгүй л дээ, Тавантолгойг авч үлдэхэд золиос их гарсан юм. З.Энхболд тэр үед АН-ын дарга, УИХ-ын даргын албыг хамтад нь хашиж байв. Намын дарга нь намынхаа Засгийн газрыг “Тавантолгойн гэрээг хууль ёсоор хийхгүй бол огцруулна шүү” гэж УИХ-ын даргын өндөр сэнтийгээс мэдэгдэх нь намчингуудад бол үхлийн цохилт байлаа. Хувь улстөрчийн карьерийн хувьд ч төгсгөл байж мэдэх. Сонгууль болоход ганцхан жил үлдчихсэн байсан үе. Тухайн мэдэгдлийг хийх үед би түүнээс нэг л асуултад хариу авахсан гэж бодож байлаа. Харин 5 жилийн дараа саяхан нэг асуусан юм. “Та Тавантолгойн гэрээг зогсоосныхоо золиосыг яаж амсав ...” гэж. Хариулт нь бүр хэгжүүн. “Хариуд нь 5 жилийн турш гүтгүүлж, манай нам 2016 онд ялагдав” гэв. Эргүүлээд асуулаа. “Улстөрч хүний хувьд энэ бол унах нүхээ өөрөө малтсан үйлдэл шүү дээ. Та больчихож болоогүй юм уу” гэхэд “Би ард түмний эрх ашгийг төлөөлдөг, тэдний төлөө төрийн эрх барих дээд байгууллагын дарга хүн байж монголчуудад ямар ч ашиггүй гэрээг батлуулчихаад ард түмний нүүрийг яаж харах юм бэ. Миний оронд хэн ч байсан тэгэх л байсан” гэж хариулсан юм. Энэ хариултаас юу бодогдож байна. “Миний оронд хэн ч байсан тэгэх л байсан” гэдэг үг нь л хамгийн гоё биш үү. Өөр улстөрч бол “Би л тулдаа тэр гэрээг зогсоосон юм” гэж даналзах байх. Ёстой хэн юу гэх юм бэ. Гэвч Зандаахүүгийн Энхболд бол тэгдэггүй...
2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчөөр Х.Баттулга сонгогдсоны дараах хамгийн сонин томилгоо нь Зандаахүүгийн Энхболдыг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар томилох зарлиг гаргасан явдал. Энэ хүн чинь УИХ-ын дарга, төрийн гурван өндөрлөгийн нэг байв шүү дээ. Ийм өндөр албан тушаал хашиж, төрийн хамгаалалт нь ч буугаагүй байхдаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга болж “жижигрэв”... Тамгын газрын дарга гэдэг чинь зүгээр л “гал тогоо”-ны ажил. Даргын зөөлөн сэнтийдээ тухлаад буухаа мэддэггүй хүмүүсийн тоож ч харахгүй албан тушаал. Халтмаагийн Баттулга бол Монгол Улсын тавь дахь Ерөнхийлөгч. Өмнөх Ерөнхийлөгч нарын Тамгын газрын дарга нараас санаанд үлдсэн хүн байна уу, байхгүй. Харин З.Энхболд энэ албан тушаалыг анхаарлын төвд авчирч чадсан юм. Тамгын газрын дарга гэдэг чинь ямар их үүрэг рольтой, юу юуг хийж болдгийг монголчууд харлаа. Х.Баттулга, З.Энхболд нарын хоршил 65 суудал авсан МАН-д хэзээ ч мартахааргүй “сануулга” өгч чадсан. Тэд сөрөг хүчин болох АН-ын үүргийг өөрсдийнхөө нуруун дээр тэвхийтэл үүрээд улам бүр алсран одох ардчиллын үнэ цэнийг алгандаа чанга атгаад урагшаа зүтгэсэн юм. Эвлүүлэг хэмээн зүтгэж байсан 60 тэрбумын хэргийг МАН-аар, өөрсдөөр нь хүлээн зөвшөөрүүлж, М.Энхболдыг албан тушаалаас нь буулгаж, шүүх, прокурорын байгууллагад өөрчлөлтийн салхийг эхлүүлэв. Бүтэн аравны турш гацаж шүүх, цагдаагаар тушиж байсан төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлж одоо гүйцэтгэж байна. Цэргүүдээр төмөр зам бариулж, өндөр цалин өгнө гэдэг ердөө 3-хан жилийн өмнө “хошин шог” мэт сонсогдож байв. Гэвч өнгөрсөн 3 жилд төмөр замын бүтээн байгуулалтад Зэвсэгт хүчин манлайлан зүтгэж, өнөөдөр төмөр замын цэрэг рүү хөвгүүдээ илгээх гэсэн хүмүүс “арын хаалга” хайх болов. Энэ бүхнийг хийхэд З.Энхболдын зарчимч, тууштай, улааныг харж урвадаггүй, шарыг харж шарвадаггүй хатуу байр суурь мөн ч их хөшүүрэг болсон доо. УИХ-ын гишүүдийн эсэргүүцэл, 60 тэрбумын аархал, ЖДҮ -чдийн тунирхал зэрэгт Ерөнхийлөгчийн өмнө эвдрэшгүй хана хэрэм болон зогсч, улстөрчдийн эрчилсэн үерийн ус мэт уур хилэн, өшөө хорслыг хашиж суусан нь үнэн билээ. Түүний гүйцэтгэсэн үүрэг түүхийн явцад улам тодорч үлдэх нь гарцаагүй. Түүхийн шалгуур он цагийн саадыг даван тодордог нь жам.
Зандаахүүгийн Энхболд бол сэдэв. Энэ сэдвээр хамаагүй оролдож болдоггүй. Амархан ялагдана, ялагдаад зогсохгүй шалны алчуур ч болж мэднэ. Учир нь тэр сэдэв хэзээ ч алдаа хийдэггүй. Худлаа ярьдаггүй, попордоггүй. Хэрэв надаас хэн нэгэн Зи даргыг тун товчхон тодорхойл гэвэл би “Долоо хэмжиж, нэг огтол. Долоо хэмжчихээд огтлохгүй байж чадах цорын ганц хүн тэр юм” гэж хэлнэ. Тийм болохоор усны гүнзгийг мэдэхгүй үсэрч ордог тэнэгүүд шиг живж алга болох хүн бол тэр биш. УИХ-ын гишүүд, сайд дарга нар ганцхан Зи даргын өмнө л худал ярьвал баригдана. Өөр хэний ч өмнө хаана ч тэд дураараа галзуурч чаддаг. Ганцхан хүний л өмнө дураараа тонгочиж чадахгүй. Энэ бол зангараг, энэ бол хэмжүүр юм. Төрийн босго намсаж, тотго өндөрссөн энэ үед тооноор биш хаалгаар орж, хаяанд биш хойморт суух хүн бол гарцаагүй Зандаахүүгийн Энхболд. Монголын төр хөх түүхийнхээ нугачаа бүртээ, өөр зуураа эвдрэн үхэлдэн тэмцэлдэхдээ, дэлхийг хурааж тэг гортигоо татахдаа, тугаа бөхийлгөж туургаа хураалгах шаналандаа ч ачааны хүндийг мөрлөж, төрийн чагтагаа чанга татаж үлдэх төрийн хар хүнээ тээж ирсэн түүхтэй. Ийм л харчуудын нуруун дээр эх орон, элгэн садан, эх түүх минь мөхчихгүй бүтэн ирсэн улбаатай. Тийм л түүхийн улбаа, монгол төрийн түүчээ энэ бол Зандаахүүгийн Энхболд гэдэг сэдэв.
Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан