Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчиллөө.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-04-29 15:33:28

Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг өөрчиллөө.


УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авсантай холбогдуулан өөрчилж байгаа юм. Тодруулбал, Үндсэн хуулийн цэц Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаагүй хүн нэр дэвшинэ гэж заагаагүй нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан юм. 

Тиймээс хуулийн төсөлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалтыг “3.1.2.“нэр дэвшигч” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, энэ хуульд заасан шаардлагыг хангаж Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;”, 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт "Энэ хуулийн 3.1.2-т заасан шаардлага хангасан, Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаагүй Монгол Улсын уугуул иргэн зөвхөн нэг удаа Ерөнхийлөгчөөр сонгогдох эрхтэй” гэж тусгажээ. Түүнчлэн хуулийг 2021 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан байна.

Чуулганы хуралдааны өмнө УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, хуулийн төслийг хэлэлцсэн бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн юм. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийг олонх нь хуулийг төслийг батлахыг дэмжлээ.

Холбоотой мэдээ