Г.Өнөрбаяр: Хэрэв хэн нэгэн дүүжлэгдвэл Н.Алтанхуягтай холбоотой шүү!

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-06 17:34:32

-Н.Алтанхуяг гишүүн бусдын амь насанд заналхийлж байгааг тэвчиж болошгүй зүйл-


АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр: СЕХ өчигдөр АН-ын материал хүлээж авсан талаар мэдэгдсэн. 

Иймд бид сонгуулийн бэлтгэл ажилдаа орно. 

АН-ын нийт дэмжигч гишүүддээ уриалж хэлэх гэсэн юм. Өнөөдөр Монголын ардчиллыг хамгаалах, ардчилсан тогтолцоог цааш нь хамгаалж үлдэх хариуцлагатай сонгуулийн өмнө бид ирсэн.

Иймд Та бүгдийг энэ зарчим, үзэл санаагаа хамгаалахыг уриалж байна. 

Монголд ардчиллыг авчирахдаа хувь хүний эрх чөлөөг дээдэлсэн, хуулийн засагтай, парламентын ардчилалтай улс байх зорилт, тэмүүллээр эхлүүлсэн гэж харж байгаа.

Харамсалтай нь сүүлийн үед АН-ын дарга байсан хүмүүс, одоо намын дарга байгаа хүмүүс ардчиллын эсрэг, Үндсэн хуулийн эсрэг зүйл ярьж байна. 

Монгол Улс гэдэг бол алганд багтсан Үндсэн хууль гэж Чимэд багш маань хэлж байсан.

Гэтэл сүүлийн үед дээрх хууль бус үйл ажиллагааг хийж байгаа хэсэг бүлэг хүмүүс Үндсэн хуулийг өөрчлөх өнгө аяс цухуйлгаж байна. 

Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа, монголын ардчиллын дархлаа суусан гэж үздэг.

Гэтэл энэ зүйлийн эсрэг ярьж байгаад харамсаж байгаа юм. 

Өнөөдөр нэг том дарга гарч ирдээд “Надад таарсан том албан тушаал өгөх юм бол хийнэ, надад жижигдвэл би хийхгүй” гэж хэлтлээ энэ улс төр ялзарсан байна.

Монголын төр бол наймаа арилжаа, дарга нарын хооронд тохиролцож байдаг хэрэгсэл биш. АН-ын даргаар 6 жил ажиллаж байсан Н.Алтанхуяг гэдэг хүн тун болчимгүй үг хэлсэн. 

Ард түмний өмнө хүн дүүжлэх тухай ярьсан.

Баруун төвийн үзэл баримтлалтай Үндсэн хуульд тангараг өргөсөн УИХ-ын гишүүн ард түмний нэр бариад бусдын амь насанд заналхийлж байгаа нь тэвчиж болошгүй зүйл. 

Шулуухан хэлэхэд, үр ачаа асраад, залуучууддаа сургаалиа хайрлаад сууж байх ёстой улс төрийн зүтгэлтэн хүн өөрийнхөө үр хүүхэд шиг хүнийг дүүжилнэ” гэж байгаа нь хүлээж авшгүй зүйл юм.

Дахиад хэлье. 

Сүүлийн үед АН-д орсон АН-ын нэр барьсан тодорхой бүлэг УИХ-ын гишүүд ийм зүйл ярих боллоо. 

Талбай дээр өлсгөлөн зарласан С.Ганбаатар гишүүн тухайн үед өөрийгөө шатаах тухай ярьсан. 

Үүний дараахан нэг залуу өөрийгөө шатаачихсан. 

Одоо Н.Алтанхуяг гишүүн бусдыг дүүжлэх талаар ярьж байна. 

Тэр яг С.Ганбаатар шиг муу ёрлож байна. 

Тиймээс хэн нэгэн дүүжлэгдвэл түүний уг болчимгүй яриатай холбоотой байж ч болно шүү.


Холбоотой мэдээ