Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Бид Цахим хөгжлийн яамаа намар байгуулна.

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-09 14:03:48

Монгол улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

Бид Цахим хөгжлийн яамаа намар байгуулна.



Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төв нь төрийн үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia”-ийн үйлчилгээний төв болон өргөжиж, Төв шуудангийн 1 давхарт нээгдлээ. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Бид цахим үндэстэн болох ёстой. Төр иргэдэд шуурхай үйлчилдэг байх ёстой. Тиймээс бид 11-11 төвийг цахим болгож, “e-Mongolia” системд төрийн 500-аас доошгүй үйлчилгээг нэгтгэхийн төлөө 100 хоногт ажиллалаа. Бид хүнд сурталгүй, чирэгдэлгүй, авлигагүй болохын тулд цахим Монгол болох ёстой.

Та хүнтэй тулахгүйгээр төрийн үйлчилгээг авч болно. Хэн нэгэн албан тушаалтан нугалаа үүсгэхгүй, хүнд суртал гаргахгүй, таны амьдралын үнэтэй цагийг хулгайлахгүй гэсэн үг.

 Намар бид Цахим хөгжлийн яамаа байгуулна.

Мэдээлэл технологийн салбарт ажиллаж байгаа залуусаа дэмжинэ.

Мэдээлэл технологийн салбарыг Монгол Улсын эдийн засгийн тэргүүлэх чиглэлээр зарлаж байгаа.

Тиймээс иргэд маань 11-11 төвд нээлттэй хандаарай.

Та бүхэн маань Төрийн ордны төв хүндэтгэлийн хаалгаар ордог болно

Үнэмлэх бичүүлж биш цахим картаар ордог болно.

 Та бүхний өргөдөл цахимжиж, хаягдаж гээгдэхгүй болно.

Төр иргэндээ нээлттэй байх ёстой.

Иргэний нийгэм батжин бэхжих ёстой.

Засгийн газар сайн засаглалын төлөө иргэдтэйгээ хамтран ажиллах болно” хэмээн хэллээ.

“Е-Mongolia” системд төрийн 5000 гаруйг үйлчилгээг нэгтгээд буй бөгөөд цаашид бүх үйлчилгээг цахимаар авах боломжийг бүрдүүлэх аж.

Холбоотой мэдээ