С.ЗОРИГИЙН ХЭРГИЙН "ЗОХИОЛ" ХЭРХЭН ЭХЛЭВ
НийгэмХууль зүйн, дотоот хэргийн сайд асан,ЗГХЭГ-н дарга Ц.Нямдорж С. Зоригийн хэргийн талаар “Хонгил үүссэн түүх ба яргын хэрэг” хэмээх нийтлэл бичжээ.Энэхүү нийтлэлийн 24 баримт хүргэж байна.
БАРИМТ 1
Монгол Улсын иргэн Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт “захиалгаар С.Зоригийг алсан” гэж ял шийтгэл оногдуулснаас хойш 5 жил 7 сарын хугацаа өнгөрлөө. Эрүүдэн шүүж хууль бус ял тулгасан энэ хэрэгт АТГ, ТЕГ, ЦЕГ, ШШГЕГ, нийслэлийн болон Улсын ерөнхий прокурор, гурван шатны шүүх гээд Монголын хуулийн бүх байгууллага, тэдгээрийн гол удирдлагууд оролцож, тэд санал нэгтэйгээр дээрээс өгсөн даалгаврыг гүйцэтгэсэн.
БАРИМТ 2Энэ хэргийн анхан шатны шүүх хурлын шийдвэр 2016 оны 12 дугаар сарын 21-нд, Давж заалдах шатны шүүхийн шийдвэр 2017 оны 3 дугаар сарын 14-нд, Дээд шүүхийн шийдвэр 2017 оны 8 дугаар сарын 2-нд тус тус гарсан. Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байхад бүх шатны шүүх шийдвэрээ гаргасан гэсэн үг.
БАРИМТ 3Хүн мөчилж алан цаазаар авах ял шийтгүүлсэн Ц.Амгаланбаатар 2013 оны 7 дугаар сард “С.Зоригийг би алсан” гэдэг мэдээлэл Говьсүмбэр дэх хорих ангийн даргад бичиж, Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат, Авлигатай тэмцэх газрын дэд даргаар ажиллаж байсан Батын Хурц нарын удирдлага дор Тагнуулын ерөнхий газрын ажилтан Ж.Мөнхбал, С.Баяраа нар энэ зохиолыг гардан бичсэнээр эмгэнэл эхэлнэ.
БАРИМТ 4Ялтан Ц.Амгаланбаатар гэж хэн байв: С.Зоригийг алагдах үед 16 настай байсан, бага байхдаа иргэн Гаравсүрэнд үрчлэгдэж, түүний ээж Цэвэлмаагийн дэргэд өссөн, 4 дүгээр ангийн боловсролтой нэгэн. Гэр нь Б.Содномдаржаагийн аав, ээжтэй хамар хашаанд байдаг тул Б.Содномдаржаа түүнийг хааяа хадланд дагуулж явна. Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнгийн ээж Сэсэрмаа, Ц.Амгаланбаатарыг өргөж авсан Цэвэлмаа, энэ хэрэгт 10 сар хоригдсон А.Ганхуягийн ээж Сэржмядаг нар эгч дүүс, бүгдээрээ Гомбо гэдэг овогтой. Өөрөөр хэлбэл, Б.Содномдаржаа, Т.Чимгээ, А.Ганхуяг нарыг Ц.Амгаланбаатар багаасаа танина. Хожим нь Ц.Амгаланбаатар таньдаг байсан гэдэг нэг л шалгуураар С.Зоригийг тэд алсан хэрэгтэн болж шоронд тарчилна.
БАРИМТ 5Ц.Амгаланбаатар багаасаа зожиг, хашаанаасаа бараг гарахгүй танил багатай нэгэн. 2007 оны үед тэр эхлээд хүчингийн хэрэгт холбогдож, мөрдөнд хоригдож байхад таксины жолооч мөчилж алсан хэрэг нь илэрч, энэ хэргийг Ц.Амгаланбаатар үйлдсэн болох нь тогтоогдож шүүхээс дээд хэмжээний ял авна. Тэгэхдээ зүгээр ял аваагүй.
БАРИМТ 6Эхлээд өөрийн багын найз, нэг гудамжинд зэргэлдээ хашаанд амьдардаг Шнок хочит Эрдэнэбаяр энэ хэргийг үйлдсэн гэж гүтгэн бараг 5 сар шоронд хориулсны дараа энэ хэргийг Ц.Амгаланбаатар өөрөө үйлдсэн болох нь нотлогдож ял авсан.
БАРИМТ 7Ц.Амгаланбаатар энэ хэрэгт мөрдөгдөж байхдаа 2007 онд Эрдэнэтэд гэртээ хутгалуулж нас барсан Ганбатыг “би алсан” хэмээн мэдэгдэж, сайн хоол өгч зугаацуулбал хэргийн талаар мэдүүлэг өгнө хэмээн тулгасан ч худал мэдүүлсэн нь нотлогдсон тул хэрэгсэхгүй болгосон. Тэрээр ял эдэлж байхдаа өргөж авсан ээж Цэвэлмаатайгаа уулзахын тулд Архангай аймгийн Цэнхэр суманд 2003-2004 оны үед гурван хүн сэжигтэйгээр нас барсан хэргийг “би үйлдсэн” хэмээн мэдүүлсэн тул 2013 онд Улсын мөрдөн байцаах газраас ажлын хэсэг гарч газар дээр нь цөөнгүй хоног ажиллаж хууртсан.
БАРИМТ 8Энэхүү ээлжит хэрэг хүлээлт нь бүтэлгүйтсэн тул буцаж явахдаа “тэгвэл би С.Зоригийн хэргийг хүлээчих үү” гэж цагдаагийнханд үг алдсан гэдэг. Ингэж тэр С.Зоригийг алсан хэргийг өөр дээрээ авсан. Энэ хэргийг хүлээх явцдаа 2007 онд Отгонбаатарыг гэр бүл, үр хүүхэдтэй нь (4 хүн) шатааж алсан гэж хэрэг хүлээсэн. Ингэж ганцхан жилийн дотор тэрбээр 8 хүний амь хохироосон хэрэг хүлээсэн.
БАРИМТ 9Төв аймгийн Мааньтад үндсэн ялаа эдэлж байсан Ц.Амгаланбаатарыг 2013 оны 7 дугаар сард гэнэт Говьсүмбэр аймгийн хориход шилжүүлсний дараа тэрээр С.Зоригийг алсан тухай өргөдөл гаргаж, үүний дараахан Тагнуулын ерөнхий газраас Ж.Мөнхгал, С.Баяраа гэх хүмүүс очиж түүнтэй уулзсан. Ц.Амгаланбаатар үүний дараа “хоёр сайхан ахтай болсон тухайгаа” өргөж авсан эх Гаравсүрэндээ мэдээлсэн байдаг. Тун удалгүй тагнуулынхан Ц.Амгаланбаатарыг нийслэлд авч ирж хүүхдийн хориход тусгай өрөө бэлтгэж, хоол унд, хувцас хунараар тордон таалагдах мэдүүлэг өгвөл гадуур зугаацуулан шагнаж, таалагдахгүй мэдүүлэг өгч өмнөхөөсөө буцвал хоолыг нь хасаж нөхцөл чангаруулна.
БАРИМТ 10Тагнуулынхан Ц.Амгаланбаатартай ингэж зууралдаж, түүнд зохиолоо нутагшуулж байх үед АТГ-ынхан 2014 оны 2 дугаар сараас Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр гүйцэтгэх ажиллагаа явуулна. АТГ-ын гүйцэтгэх ажилтан “Сайнбилэг”-ийг Т.Чимгээтэй танилцуулж, тэд хувийн харилцаатай болно. Эрдэнэт, Улаанбаатарт хааяа уулзана. Тэр үед нь бичлэг хийнэ.
БАРИМТ 11Нэг удаа Т.Чимгээг Улаанбаатарт ирүүлж, буудалд үлдээгээд Сайнбилэг гарч нэлээд удна. Энэ хооронд гэнэт утас нь дуугарахад цаанаас нь Ц.Амгаланбаатар шоронгоос ярьж, “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэж баахан дарамтална. Үүний дараа “Сайнбилэг” орж ирэхэд, Т.Чимгээ “шоронгийн хоригдол хэргээ хүлээ гэж ярьж дарамталлаа” гэж үнэнээ хэлэхэд би зохицуулж өгье гээд дагуулж хорих анги дээр очно.
БАРИМТ 122014 оны 6 дугаар сарын 14-нд Т.Чимгээг Ц.Амгаланбаатар дээр оруулж гаднаас нь хаалгыг түгжинэ. Ц.Амгаланбаатар нь “Бат-Үүл явуулсан уу, хэргээ хүлээ” гэж баахан дарамталж, энэ үеэр Ж.Мөнхгал, С.Баяраа нар хар масктай өрөөнд орж ирнэ. Ийнхүү 2 цаг дарамталсны дараа “Сайнбилэг” нь Т.Чимгээг Тэрэлжид аваачиж хэрхэн бичлэг хийж, хурууны хээ авсан нь олон нийтэд ил болсон.
БАРИМТ 132014 оноос Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар луу “С.Зоригийг алсан хэргээ хүлээ” гэсэн баахан мессэжүүд явуулна. Б.Содномдаржаад 262, Т.Чимгээд 23 орчим мессэж бичсэн. Энэ мессэжүүдийг Ц.Амгаланбаатар биш, тагнуулынхан Тэгшбаяр гэдэг нэрээр нууцалсан утсаар бичээд хожим нь уг утсыг устгана. Ц.Амгаланбаатар 4 дүгээр анги төгссөн, латин үсэг мэдэхгүй. Бүх мессэж нь латинаар үг, үсгийн алдаагүй бичигдсэн байдаг.
БАРИМТ 14БОЛОВСОН ХҮЧНИЙ ТОМИЛГОО: Зохиомол хэргийн боловсруулалт ид хийгдэж байх үед 2014 оны 11 дүгээр сарын 5-нд Н.Алтанхуягийн Засгийн газар огцорч, 6 жилийн хугацаатай 2011 онд Ерөнхий прокуророор томилогдсон Д.Дорлигжав Ч.Сайханбилэгийн Засгийн газарт Хууль зүйн сайдаар томилогдоно. Д.Дорлигжав Улсын ерөнхий прокурор байх үед 2014 оны 1 дүгээр сарын 9-нд УИХ-ын олонхын бүлгийн Ш.Түвдэндорж, цөөнхийн бүлгийн Д.Хаянхярваа тэргүүтэй гишүүд Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах хуулийн төсөл өргөн барьж, энэ хууль 2014 оны 1 дүгээр сарын 24-нд гэрлийн хурдаар батлагдаж, уг албыг орон тоо, төсөвтэй нь АТГ-т шилжүүлсэн ба энэ ажлыг Б.Хурц дээрх гишүүдийг ятган санаачлуулж тэр албанд ажиллаж байсан О.Бархасбадь, Бямбажав нар Т.Чимгээ нарт холбогдох хэрэгт мөрдөн байцаалт явуулж шүүхэд шилжүүлсэн.
БАРИМТ 15С.Зоригийн амь хохироосон хэрэгт АТГ-аас Эрдэнэтэд хууль бус гүйцэтгэх ажиллагаа явуулж байсан нь Д.Дорлигжавт баригдаж, УЕПГ-т нэгэн маргаан гарсны дараа болсон үйл явдал энэ. Нууц ажиллагаанд нь саад болсон Ерөнхий прокурорыг дэвшүүлэн зайлуулах, Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгах энэхүү операцийг Б.Хурц зохион байгуулж, түүний тухай цуглуулсан материалыг Р.Чингэс шалгасан баримт бий. Ч.Сайханбилэгийн Засгийн газар 2014 оны 11 дүгээр сарын 21-нд байгуулагдсаны дараа 2014 оны 11 дүгээр сарын 26-нд Б.Хурц ТЕГ-ын даргаар, Р.Чингэс ЦЕГ-ын даргаар, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдож, тун удалгүй АТГ-ын дарга Н.Ганболд гэнэт халагдах өргөдлөө өгч, 2015 оны 2 дугаар сарын 15-нд Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгалан томилогдоно. Ийнхүү тагнах, мөрдөх, хянах, хорих бүх байгууллагын гэнэтийн шинэ томилгоо хийгдсэнээс хойш Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар дээр хийгдэж байсан гүйцэтгэх ажиллагаа илт идэвхжиж, 2015 оны 3 дугаар сард АТГ-ын ажилтан Амартүвшин Эрдэнэтэд очиж Б.Содномдаржааг олж гудамжинд өдөж зодоон үүсгэж, 3 дугаар сарын 28-нд Эрдэнэтийн цагдаа Б.Содномдаржаад эрүү үүсгэж, үүнээс 2 сарын дараа 5 дугаар сарын 13-нд Т.Чимгээг эмнэлэгт хэвтэж байхад түүний хашаанд хүний цогцос аваачиж хаяна.
БАРИМТ 16АТГ болон тагнуулынхан Т.Чимгээ, Б.Содномдаржаа болон тэдний гэр бүл, хамаатан садныхан дээр бараг хоёр жил гүйцэтгэх ажиллагаа явуулсны эцэст 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр тэднийг сүр дуулиантай нэгжиж баривчилснаар зохиолын эхний хэсэг дуусна. Яг энэ өдөр буюу 2015 оны 8 дугаар сарын 31-нд дээр нэр дурдсан А.Ганхуягийг мөн баривчилж, Төв аймгийн мөрдөнд хорино. Ингэж садан төрлийн холбоотой гурван хүн “С.Зоригийг алсан” хэрэгт холбогдоно.
БАРИМТ 17ШОРОН ДОТОРХ ЯРГАЛАЛ: Б.Хурц ТЕГ-ын дарга, Б.Билэгт ШШГЕГ-ын даргаар томилогдсоны дараа нэгэн хачирхалтай томилгоо хийгдэв. ТЕГ-ын ахлах дэслэгч цолтой, Шихихутуг сургууль төгссөн Үржнээгийн (Хурцын эхнэртэй овог нэгтэй) Отгонбаяр 2015 оны 1 дүгээр сарын 29-нд ШШГЕГ-ын Гүйцэтгэх (тагнах) хэлтсийн дарга болж, олон цол алгасаж дэд хурандаа болов. Шинээр ажил авч, цол нэмсэн Ү.Отгонбаяр ТЕГ-ын шууд удирдлага дор (ШШГЕГ-ын дарга Билэгт нь ТЕГ мэдэж байгаа гээд энэ асуудалд огт ойртдоггүй байсан гэдэг)
БАРИМТ 18Төв аймгийн мөрдөнгийн 2000 оноос хойш ашиглагддаггүй байсан подвальд засвар хийлгэж, 5-6 хүн хорих өрөөнүүд бэлтгэж, тэнд бичлэг хийх тоног төхөөрөмж суурилуулж, хоёр давхарт нь подвальд зассан өрөөнүүдийг хянаж байх тусгай төхөөрөмж суурилуулсан. Гол үүрэг гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилж, ийнхүү яргалал үйлдэх газраа бэлтгэж дуусмагц 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг хар масктай өвч зэвсэглэсэн тусгай албаныхан баривчилж, нууцаар Төв аймгийн мөрдөнд хорьсон, ар гэрийнхэн нь цөөнгүй хоног хөөцөлдсөн боловч эхний үед хаана хорьсныг хэлэхгүй байсан гэдэг. Ийнхүү цагдан хорьсон маргааш нь ялтан Ц.Амгаланбаатар, хүн амины хэрэгт 15 жилийн хорих ял шийтгүүлсэн ялтан Б.Итгэлтөгс, хянагч О.Бямбажав нарыг Б.Содномдаржаа дээр оруулж, С.Зоригийг алсан хэргийг хүлээлгэх гэж 6 хоног нойр хоолгүй яргалуулсан, энэ тухай бичлэг олон нийтэд нэгэнт ил болсон.
БАРИМТ 19Ц.Амгаланбаатар нь “хэрэг хүлээ” гэж зодож жанчин дарамтлах, Б.Итгэлтөгс нь “хамаатан садангууд (Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар, А.Ганхуяг нар садан төрлийн холбоотой гэдгийг Б.Итгэлтөгс мэдэх ямар ч үндэсгүй, үүнийг тагнуулынхан зааж өгсөн) нийлчихээд чамайг гүтгэж байгаа учраас Амгаланбаатарын хэлснээр хэргээ хүлээ, хариу гүтгэ тэгвэл хөнгөн ял өгнө” хэмээн ухуулж сэнхрүүлэх, Б.Содномдаржаа эсэргүүцэл үзүүлбэл “номхруулах” хөдөлмөрийн хуваарьтайгаар уг яргалах ажиллагаанд оролцсон. 2015 оны 9 дүгээр сарын 1-нд Б.Содномдаржаа дээр оруулсан Ц.Амгаланбаатарыг 6 хоногийн дараа тэндээс гаргаж, Б.Итгэлтөгс нь ятгах ажлаа үргэлжлүүлэхээр үлдсэн.
БАРИМТ 20Бүтэн 6 хоног бараг 150 орчим цаг яргалуулсны эцэст Б.Содномдаржаа нэг удаа өмгөөлөгчгүй мэдүүлэг өгөхдөө “Амгаланбаатарын дарамталж, Б.Итгэлтөгсийн ятгасны” дагуу хэрэг үйлдсэн гэж зөвшөөрсөн мэдүүлэг (2015 оны 9 дүгээр сарын 18-нд) өгсөн боловч дараагийн мэдүүлэгт үүнээсээ буцаж, хэрэг шийдвэрлэгдэж дуусах хүртэл энэ мэдүүлгээсээ буцаагүй. Яргалж байхдаа уух ус, эсхүл хоолонд нь сэтгэцэд нөлөөт бодис өгч бие нь муудсан тул олон хоног зөвхөн 00-д орохдоо ус ууж байсан гэж Б.Содномдаржаа ярьдаг бөгөөд энэ нь үндэслэлтэй байх магадлал өндөр.
БАРИМТ 21Т.Чимгээ ийнхүү хоригдож байхад том охин нь авто ослоор нас барсан бөгөөд мөрдөн байцаах хэлтсийн дарга О.Бархасбадь охиныг нь оршуулдаг өглөө буюу 2016 оны 8 дугаар сард Т.Чимгээ дээр мэдүүлэг авах нэрийдлээр очиж, “охин чинь нас барсан, өнөөдөр оршуулж байгаа, үйлийн үр чинь ингэж гарч байна” хэмээн хүний ёсноос гадуур сэтгэлийн дарамт үзүүлж байсан нь бий.
БАРИМТ 22Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэнг Төв аймгийн мөрдөнд 14 хоног цагдан хорьж, мөн л элдвээр сэтгэлийн дарамт үзүүлж байгаад мэдүүлэг авсан нь бий. Хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг эхнэрийг нь хорьж байсан газарт хорьж урьдчилан төлөвлөсөн мэдүүлэг авсан. Сэтгэл санааны дарамт шахалт үзүүлэх, хорих байрны стандартад үл нийцэх нөхцөлд хорьж биеийн шаналал үзүүлэх энэ бусармаг аргыг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас гадна Б.Булган, А.Ганхуяг, Ц.Амгаланбаатар нарт ч адилхан хэрэглэж байсан.
БАРИМТ 23Ц.Амгаланбаатар мөрдөгчдийн хүссэн мэдүүлэг өгвөл сайн хоол өгч, кино үзүүлж гадуур зугаалуулж, хүсээгүй мэдүүлэг өгвөл “чамайг энд чинь ална, чиний хойноос хэн ч явахгүй, хүүхдийн чинь хурууг нэг нэгээр нь мөчилж өмнө чинь тавина” гэх зэргээр дарамталдаг байсан тухай тэр мэдүүлэг өгсөн.
БАРИМТ 24Б.Булганыг 2015 оны 11 дүгээр сарын 13-нд ТЕГ дээр бүтэн өдөржин байцааж, орой нь гэрт нь хүргэнгүүт гэнэт баривчилж буцаан ТЕГ дээр авч ирж тусгай өрөөнд оруулж дээрээс нь Ц.Амгаланбаатарыг оруулахад тэрбээр сандал өшиглөж, хашхичиж, харааж “би Зоригийг алчихаад чамайг хүчиндсэн биз дээ, үнэнээ хэл” гэж дарамталсан бичлэг бий. Энэ үед мөрдөн байцаагч О.Бархасбадь хажууд нь байж, Ж.Мөнхгал нь Ц.Амгаланбаатарыг “00”-д ороход нь үг зааж өгч байсан гэдэг. А.Ганхуяг, Б.Булган нарыг 8-10 сар ямар ч халаалтгүй өрөөнд бүтэн намар, өвлийн турш хорьсон. Энэ бол ил далд явагдсан бүхий л хууль бус ажиллагааны өчүүхэн хэсэг. Үргэлжлэл бий.