Өмгөөлөгч Б.Мэргэн. Одоо дахиад олон жилийн улс төрийн тоглоомын хөзөр болох нь дээ.

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-14 09:15:52

Ингээд арайхийж ил болсон С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал буцаад нууц болох юм биз дээ. 


Нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм чинь хэргийн материалыг төрийн нууцад авахгүй байсан ч нийтэд ил мэдээлнэ гэж байхгүй л дээ. 

Сонсох ажиллагаа ч худлаа боллоо. 

Энэ хугацаанд хэргийн материалтай бүтэн танилцсан цорын ганц хүн нь Ц.Нямдорж болж таарах шив. 

Мань хүн хэргийн талаар Өдрийн сонинд 2 нүүр нийтлэл бичсэн. 

Уншихгүйгээр тэрийг бичнэ гэж байхгүй л дээ. 

Ганц хүнд зориулж ил болгосон бололтой. 


Хэрэгт олон гэрч мэдүүлэг өгсөн байгаа. 

Тэр бүх хүний нэмээд С, Ч нарын амь нас, эрүүл мэндэд аюул учрахгүй гэсэн баталгаа байхгүй. 

Тэгэхээр тэр хүмүүсийгээ хамгаална гэж найдъя. 


Шүүхээс хэрэг прокурорт буцдаг тохиолдол олон. 

Тэр бүртээ, ялангуяа сүүлийн үед шүүх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх буюу суллах асуудлыг хэрэг очихоор прокурор шийд гэх нь нийтлэг болчихсон. 

Цагдан хорьж шалгах үндэслэл байгаа эсэхийг прокурор шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үздэг байх л даа. 

Гэтэл энэ удаад С, Ч нарыг шууд суллахаар шийдвэрлэсэн байна. 

Шүүхэд тийм эрх байх нь байгаа.

Гэхдээ ядаж хилээр гарч болохгүй ч гэдэг юм уу хязгаарлалт тогтоомоор юм.

Ийм хэрэгт холбогдож 20+ жилийн ял аваад олон жил суучихаад гарч ирсэн хүмүүст оргохгүй гэх баталгаа байхгүй.

Орговол орго гэж байгаа юм байх даа.

Эсвэл бусдын / гэрчийн / болон өөрийн амь насанд аюул учруулахгүй гэх баталгаа ч байхгүй. 


Мөн шүүх заавал нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхгүйгээр дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шилжүүлэх ч хувилбар байсан.

Эрүүдэн шүүсэн гэх хэргээс хойш нотлох баримт гээд байх зүйл цуглуулаагүй, Ч-ээс гэхэд мэдүүлэг ч аваагүй гэж хянасан прокурор нь ярьсан.

Өөрөөр хэлбэл, түүнээс өмнө цуглуулсан нотлох баримтад үндэслэн ял өгсөн гэдэг.

Тэгэхээр эрүүдэн шүүж цуглуулсан нотлох баримт байгаа бол тэрийг нь нотлох баримтаас хасаад анхан шатны шүүх дахин шийдэх бүрэн боломжтой баймаар. 


Одоо дахиад олон жилийн улс төрийн тоглоомын хөзөр болох нь дээ.


Иймэрхүү л бодол төрлөө.



Өмгөөлөгч Б.Мэргэн

Холбоотой мэдээ