Э.БАТ-ҮҮЛ: Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй ах, дүү явсан үеэ үгүйсгэхийн тулд С.Эрдэнэ бид хоёрыг гүжирдэж байна

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-05-14 14:33:53



-ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА АН-ЫНХНЫГ ХАГАРАЛДУУЛСАН-



Нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлтэй ярилцлаа.
 
-Таныг өлсгөлөн зарлаж байсан АН-ын нэр бүхий гишүүдтэй зөвшилцөхөөр очиход зарим хүн уулзуулахгүй хэмээн үс, куртикнээс тань зулгаасан. Энэ явдлыг харсан олон нийтийн зарим нь “Ардчиллыг үсэдсэнтэй ялгаагүй хэрэг”, “Өлсгөлөнгөөр олсон эрх чөлөөгөө өлсгөлөнгөөр төгсгөлөө” гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлж байсан. Энэ талаарх таны байр суурийг сонсъё?
 
       -Талбай дээр “Ардчиллаа хамгаалъя” гээд хүмүүс өлсгөлөн зарлахаар нь хамт тэмцье гэж очсон юм, уг санаа нь. 
Гэтэл тэд өөдөөс эсэргүүцэж, өөрсөд рүүгээ дөхүүлсэнгүй. 
Нэг зүйл сонирхуулж хэлэхэд тэр үсдэж, дайрч байгаа хүмүүсийн дунд манай 1990 оны партизанууд  явж байсан. 
Үүнийг би хараад "Тэд ардчилал гэдэг үнэт зүйлийнхээ санааг ойлгоогүй явж байжээ" гэсэн бодол төрсөн. 
Ардчилсан нам өөрийн индэр дээрээ дайснаа гаргаж үг хэлүүлдэг шүү дээ. 
Бид хүмүүсийн санаа бодол, үг хэлэх эрх чөлөөний төлөө тэмцсэн. 
Биднийг гутааж доромжилдог байсан ч эрх чөлөөг нь хадгалахын төлөө тэмцдэг байхгүй юу. 
Гэтэл үг хэлүүлэхгүй дайрсан.

Сүүлдээ би аргаа бараад “Та нар коммунистууд уу” гэж хүртэл асуусан.
Коммунистууд  л эрх мэдэлтэй болоод ирэхээрээ дарангуйлагч болдог байхгүй юү.
Гудамжинд тэмцэгч, эрх мэдэлд хүрээд дарангуйлагч болдог.
Тэдний аюултай чанар нь энэ.
Жишээ нь:
Н.Алтанхуяг  “Чамайг дүүжилнэ” гэж олон хүний нүдэн дээр хэлсэн. 
Энэ үг бол ардчилсан үзэл санаатай хүний дотроос гардаг үг биш. 
Тэгэхээр зэрэг ардчилсан нэр, хаягна дотор ардчилсан үзлээ мэддэггүй хүмүүс байна гэсэн үг. 
Зүгээр нэр зүүчихсэн, үнэт зүйлээ мэдэхгүй байгаа нь харагдаж байна.
 
-Тэгэхээр ардчилсан үзэл, үнэт зүйлийг хэрхэн ойлгох ёстой юм бэ?
 
        -Би Ардын намыг цуглаан хийхэд ямар ч хориг саадгүй явуулж байсан түүхтэй. 
Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар иргэд жагсаал цуглаан хийх эрх чөлөөтэй болчихсон. 
Эрх биш эрх чөлөө гэж байгаа шүү. 
Эрх гэдэг нь хуулийн хүрээнд хэлж байгаа бол эрх чөлөө гэдэг нь саад хориггүй гэж байгаа юм. 
Тийм учраас би хотын даргаар ажиллаж байхдаа талбай дээр зөвшөөрлөөр цуглаан хийдэг байсныг бүгдийг нь болиулж, чөлөөтэй эрхийг нь олгосон. 
Ингээд цагдаа жагсаал хийж байгаа иргэдэд үйлчлэх, ёстой гээд, цагдаагаар үйлчлүүлдэг байсан. 
Өөрөөр хэлбэл, иргэдийг үзэл бодлоо илэрхийлэхэд нь цагдаа хамгаалж, тэдэнд үйлчилдэг байв. 
Жишээлбэл, намайг хотын дарга байхад ижил хүйстнүүд зөвшөөрөл авч цуглаан хийж байсан. 
Тухайн үед би тэднийг цагдаагаар хамгаалуулж, эрх чөлөөг нь хангаж өгсөн. 
Мөн тариаланчид эсэргүүцлийн цуглаан зохион байгуулахад цагдаагаар хамгаалуулж, замыг нь чөлөөлөөд талбай руу трактор, комбайныг нь оруулж байлаа. 
Тэд дараа нь трактор, комбайнтай жагсаал цуглаан хийх ямар сонин байдаг юм бэ гэж байсан удаатай.

Түүгээр ч зогсохгүй намайг хотын даргаас огцруулахаар хоёр ч удаа жагсаж байхад нь би огт эсэргүүцэлгүй, тэмцэх эрхийг нь хангаж байсан юм.
Азийн хөгжлийн банкны удирдах зөвлөл манайд ирсэн үед цуглаж таараад төлөөлөгчид цонхоор хараад “Энэ хүмүүс яаж байгаа юм” гэж асуухад нь “Намайг огцор гэж жагсаж байгаа юм” гэж тайлбарласан юм.
Тэгэхэд нь тэр төлөөлөгч нар гайхаж, магтаж байлаа.
Ингээд тэд монгол улсын талаар өөр ойлголттой болж ардчилсан үнэт зүйлийг нь үнэлж байв.
Өөрийг нь огцруулах гээд тайван жагсаал хийж байгаа иргэдийнхээ эрх чөлөөг хамгаалж байгаа дарга байна.
Үүнээс илүү ардчилсан эрх чөлөө гэж хаана байх вэ хэмээн үнэлсэн юм.
Дараа нь Лондонгоос төлөөлөгчид ирээд уулзах үеэр нь намайг огцрохыг шаардаж, мөн жагсаал болж байлаа.
Тэд ч мөн ардчилсан эрх чөлөөний талаар биднийг үнэлсэн. Үүнийг л ардчилсан үзэл, үнэт зүйл гэж би боддог.
Тайван жагсаал цуглаанаас айж байгаа бол ардчилсан үзэлгүй улс гэсэн үг. Ардчилал гэж ярих өөр хэрэг.
Гудамжинд бүгд ардчилал гэж ярьдаг юм.
 
-Ардчилсан намын өлсгөлөн зарласан гишүүдийн тухай ямар байр суурьтай байгаа вэ.
Тэд үнэхээр намынхаа төлөө, Монголын ардчиллын төлөө өлссөн юм уу.
Эсвэл нэг хүний ашиг сонирхол байна гэж үзэхээр байна уу?
 
-Анх тэр өлсгөлөн Н.Алтанхуягийг нэр дэвшүүлэхээс эхэлсэн юм.
Намайг талбайд очихын урд өдөр нь тэд ардчиллын төлөө тэмцэнэ, нэг намын дарангуйллыг эсэргүүцнэ гэж байлаа.
Тэгэхээр нь бид дэмжээд, яг одоо бол зорилго нэгдэж байна.
Бид дэмжих нь зүйтэй гэж үзсэн.
Намын дарга М.Тулгат, нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар ч гэсэн үүнтэй санал нэг байсан.
Ингээд тэр хоёр манлайлаад би ард нь явж байсан.
Би уг нь дэмжиж байгаагаа илэрхийлж үгээ хэлэхээр явж байснаас биш өөр санаагүй байв. Гэтэл намайг үсдээд, эсэргүүцэж эхэлсэн. Ардчилсан намыг гишүүд тийм байдаггүй юм аа.
-Тэр үед та үгээ хэлсэн бол танай намынхан нэгдэх байсан юм уу?
 
-Тийм.
Ардчиллын төлөө тэмцэж байгаа бол бид үзэл бодлоо нэгтгэж авмаар байна.
Тэгвэл яваандаа нам нэгдэх байсан. 
 
-Та Ардчилсан намын ирээдүйг хэрхэн харж байна вэ. Энэ тэмцэл үргэлжилсээр Ардчилсан нам жижиг намын эгнээнд шилжих вий гэх болгоомжлол ч байдаг. Энэ тухайд?
 
-Хагарлаа яаж шийдэхээс бидний ирээдүй хамаарна.
Намын дотоод хагарал нөгөө талдаа бидэнд нэг зүйлийг таниулсан. Ардчилсан нам бол ард түмний нам юм байна гэж.
Сүүлийн хэдэн сар Ардчилсан намын хагарал олны анхааралд байж, улс төрийн гол сэдэв байлаа.
Хүмүүс санаа зовж байна.
Тэгэхээр Ардчилсан нам ийм том үндэсний нам гэдэг нь тодорхой боллоо.
Бид эвлэрчихвэл зөвхөн намын ч биш ард түмний баяр болох гээд байна. 
 
-Та бүхэн нэгдэж эвээ олоход юу саад болоод байгаа юм бэ?
 
-Ерөнхийлөгч манай намд С.Ганбаатарыг чихээд оруулаад ирсэн.
Үүнийг би намаа зориуд хагалаад байна гэж харж байгаа.
Яагаад гэвэл тэр фашист, коммунист аль нь ч болж чаддаг намгүй, намыг өөрийн хоноцын газар болгодог хүн.
Ийм хүнийг авч ирж намаа улам хагаллаа.

 
-Ерөнхийлөгч танай намынхныг хагаралдуулсан гэж ойлгож болох уу?


С.Ганбаатарыг оруулж ирснээс хойш би тэгж харж байгаа. Анх хагарахдаа зүгээр дүрмийн шинжтэй хагарал байсан. Одоо бүр үзэл санааны шинжтэй хагарал болж байна. Би Ардчилсан намын ахмад гишүүн. Гэтэл намайг үг хэлүүлэхгүй үсдэж байна шүү дээ.


Жагсаал хийж, таныг үсэдсэн хүмүүсийн дунд Ардчилсан хувьсгалд оролцож байсан партизанууд байсан гэлээ.
Хамт тэмцэж байсан нөхөд тань таны өөдөөс эсэргүүцлээ илэрхийлсэн гэхээр та ардчиллын үнэт зүйлээсээ ухарчихсан юм биш үү.
Эсвэл эрх мэдэл хүрсэн нэгнээ эсэргүүцээд байгаа юм уу?
 
-Надад одоо ямар ч эрх мэдэл байхгүй.
За яах вэ нийслэлийн Ардчилсан намын дарга гэж явж байгаа.
Гэхдээ тэгж эсэргүүцсэн хүн нь биднийг эрх барьж байхад ажил хийж явсан, эрх мэдэлтэй байсан хүмүүс.
Надад уураа гаргаад байх шалтгаан байхгүй.
Ардын намдаа л гаргана биз.
Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ та хоёрыг МАН-ынхантай тохиролцож, Ерөнхийлөгчийн суудлыг наймаалцсан гэх мэдээлэл гарч байгаа.
Энэ талаар та тайлбар өгөхгүй юү. Яагаад ийм яриа гарах болов?
 
-Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхтэй ах дүү явсан тэр үеэ үгүйсгэхийн тулд С.Эрдэнэ бид хоёрыг гүжирдэж байгаа юм.
Ерөнхий сайд огцрохдоо Ерөнхийлөгч бид хоёр ах дүү шиг явсан гэж хэлсэн шүү дээ.
Х.Баттулга Ерөнхийлөгч өнгөрсөн 30 жилийнхээ түүхийг үгүйсгэж, ҮАБЗ-ийн гурван гишүүн атгасан гар шиг ажиллаж байгаа, шинэ 30 жилийг эхлүүлнэ гэж зарласан.
Тэгэхээр УИХ-ын сонгуульд Ардчилсан намыг ялагдал хүлээхэд Ерөнхийлөгч гол үүрэг гүйцэтгэсэн.
Үүнийг С.Эрдэнэ дарга ч хэлж байсан удаатай.
Нэг ёсондоо Х.Баттулга У.Хүрэлсүхтэй ах дүү явсан тэр үеэ олны анхаарлаас хөндийрүүлэхийн тулд С.Эрдэнийг болон биднийг гүжирдээд байгаа юм.
 
-С.Эрдэнэ дарга УИХ-ын сонгуулийн дараа “Би Ерөнхийлөгчтэй хамтарч ажиллаж чадаагүйгээсээ болоод сонгуульд ялагдчихлаа” гэж өөрөө хэлж байсан шүү дээ?
 
-Би С.Эрдэнийн аашийг ойлгоогүй.
Би тухайн үед С.Эрдэнэд “Чи юу ярьж байгаа юм бэ” гэж хэлж байсан.
С.Эрдэнэ тэгэхэд болчимгүй алдаа хийсэн.
Тэр алдааны үр дагавар байгаа.
Тэр үед л хэлэх ёстой байсан.
Х.Баттулга ийм үйлдэл хийсэн учраа бид ялагдсан гэж. 
 
-Ардчилсан намын бүлгийн гишүүд харин С.Эрдэнэ даргыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шүү дээ?
 
-Тэр хэд чинь Ерөнхийлөгчийн заавраар явдаг шүү дээ.
Ерөнхийлөгч ч тэдэн дээр өлсгөлөн зарлаж байхад нь очсон. 
 
-Ардчилсан нам эв зүйгээ олох болох уу?
 
-Олох боломж байгаа.
Үүний төлөө би аль аль талтай нь уулзсан.
"Намаа нэгтгэ" гэж О.Цогтгэрэл, М.Тулгат хоёрт хэлээд байгаа.
Гэтэл өөрсдийнхөөрөө зөрүүдлээд шүүхийн шийдвэр хүлээгээд суугаад байна.
Манай намыг шүүхийн барьцаанд өгчихлөө гэж би анхнаас нь хэлсэн.
 
-Ярилцсанд баярлалаа.
 
-Амжилт хүсье. 
Холбоотой мэдээ