ДЭЛХИЙН ХАМГИЙН ҮЗЭСГЭЛЭНТЭЙ 10 ХАРШ

Сонин Хачин
khiimori.co@gmail.com
2021-05-15 11:52:25

Орд харшид амьдрахыг мөрөөдөж үзээгүй хүн бараг л байхгүй болов уу.

Цаанаа л нэг нууцлаг гэмээр ордон, харшууд хаана, хэзээ баригдсанаасаа хамаарч загвар, хийцээрээ өөр өөр байхаас гадна үе үеийн түүхийн гэрч болон үлдсэн байдаг.

Мэдээж орчин үед зарим алдартай харшууд жуулчдад нээлттэй болсон байдаг төдийгүй кино зураг авалтуудад түгээмэл ашиглагддаг болжээ.

Барилга, архитектурын өндөр хөгжилтэй, урт удаан жилийн түүхтэй орнуудад ч ховор байдаг гайхамшигт барилгуудаас энэ удаа хамгийн үзэсгэлэнтэй 10 ордонг онцлон танилцуулж байна.

1. Нойшванштэйн ордон, Бавари

Энэхүү ордонг нэгэн хаан өөрийн хөрөнгөөрөө 19 дүгээр зуунд бариулсан байна. 

1886 онд нас барахдаа олон нийтэд нээлттэй болгожээ. 

Үлгэрийн гэмээр энэ ордонг хаа нэгтээ харж байсан юм шиг санагдаж байна уу? 

Учир нь Диснейн Нойрсож буй гоо бүсгүй киноны ордныг эндээс сэдэвлэсэн төдийгүй хэд хэдэн киноны зураг авалт хийгдэж байсан байна.

2. Хатли ордон, Канад

1906 онд баригдсан Хатли ордон нь бүс нутгийн хамгийн алдартай газруудын нэг.

Нийт 40 өрөөтэй уг ордонг 1939 онд Канадын Засгийн газар худалдан авч, 1995 онд үндэсний түүхийн өв болгожээ.

Усан цэргийн сургалтын төв байсан уг барилгыг төрийн өмчит их сургууль болгон ашигладаг.

3. Шверин ордон, Герман

Хот доорх нуурын голд орших арал дээр байрлах энэхүү харш нь Мекленбург-Ворпоммерны төрийн захиргааны байр хэлбэрээр ашиглагддаг. 

Энэ нь дэлхийн соёлын үнэт өв төдийгүй, хисторисизмын чухал баримт хэмээн тооцогддог юм. 

Ордны талаарх хамгийн анхны бичвэрүүд нь тэртээ 973 оных боловч ордны ихэнхи хэсгүүдийг 1845-1857 оны хооронд шинээр барьж байжээ.

4. Ноор Махал, Пакистан

Ноор Махал харш нь 1872 онд байгуулагдсан.

Пакистан улсын Пунжаб хотод байрладаг 32 өрөө бүхий барилга юм. Ордон нь үзүүлэнгийн зорилгоор олон нийтэд нээлттэй байдаг ба нийт өрөөний 14 нь газар доор байх бөгөөд 6 тагт, 5 дугуй оройтой өрөөтэй юм. 

5. Мацумотогийн ордон, Япон

Гаднах өнгө нь хар тул уг харшийг “Хэрээний ордон” хэмээн нэрлэдэг байна. 

Одоог хүртэл анх баригдсан мод болон чулуун материалтайгаа байдаг ба тэртээ 1504 онд буюу Сенгокугийн эринд Фукаши ордон нэртэйгээр цайз болон ашиглагдаж байсан юм. 

Харшийг 1872 онд дуудлага худалдаагаар заржээ.

6.Екатеринагийн ордон, ОХУ

1717 онд I Екатеринад зориулан босгосон энэхүү ордонг 1733 онд өргөтгөжээ. 

Мөн Элизабет хатан 1752 онд хэсэгчлэн нураан, 1756 онд сэргээн засварлаж дууссан байна. 

Одоогоор тус ордны их танхимыг түрээслүүлдэг бөгөөд орлогыг барилгыг дахин засварлах ажилд зарцуулах юм байна.

7. Пелес харш, Румын

Трансилвания болон Валланчия хоёрыг холбосон дундад зууны үеийн зам дагуу байрлах Peles ордон нь нео-сэргэн мандалтын үеийн сонгодог бүтээл. 

Ордонг 1873-1974 оны хугацаанд барьсан бөгөөд ойролцоогоор 16 сая Румын лэйтэй тэнцэх хэмжээний алт зарцуулсан аж. 

Энэ нь одоогийн ханшаар 120 сая ам.доллар юм. Нийт 170 гаруй өрөөтэй бөгөөд бүгд дэлхийн өнцөг булан бүрийн соёлын онцлогийг агуулсан чимэглэлтэйгээрээ онцлог. 

8. Chateau de Chambord, Франц

Шамборын үзэсгэлэнт харш нь Францын сэргэн мандалтын үеийн болон дундад зууны хэв маягийг хослуулсан урлагийн гайхамшигт бүтээл юм. 

Уг харшийн зураг төсөл, барилгын явцад алдарт Леонардо да Винчи хүртэл оролцсон гэх яриа бий. 

Нийт 440 өрөө, 282 зуух, 84 шаттай.

9. Хохеншвангаугийн ордон, Герман

Герман улсын Хохеншвангау хотод орших уг харшид 19 дүгээр зууны үед Баварийн Людвиг II хаан хүүхэд байхдаа амьдардаг байжээ. 

Харшийн тухай хамгийн эртний бичвэр нь 1397 онд байдаг бол 1549 онд ордны шинэ эзэн сэргээн засварлалт хийсэн байна. 

Тухайн үеийн гоёмсог шал одоо хүртэл ашиглагддаг юм байна.

10. Castle De Haar, Голланд

Castle De Haar нь Голланд улсын төвд оршдог тус улсын хамгийн дээд зэрэглэлийн ордон юм. 

Тэртээ 13 дугаар зуунд баригдсан энэхүү ордонд 1892 онд их засвар хийж эхэлсэн ба 1912 онд бүрэн сэргээн засварлажээ. 

Ордны эргэн тойронд байх үзэсгэлэнтэй цэцэрлэгт хүрээлэн л гэхэд 135 га талбайтай юм.

Холбоотой мэдээ