Израиль Газын зурвас дахь мэдээний агентлагуудыг бөмбөгдөв
ДэлхийИзраиль Газын зурваст агаараас дахин цохилт өгч, олон улсын мэдээллийн Associated Press болон хэд хэдэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын байрлаж байсан барилгыг бөмбөгджээ.
Түүнчлэн Хамас бүлэглэлийн удирдагчдын нэг нь амьдардаг гэх байршлыг цохилт өгснөөс болж дүрвэгсдийн хуарангийн хүүхдүүд голдуу 10 хүн амь үрэгдсэн байна.
Хамас бүлэглэлийнхэн Израиль руу пуужин харвасан хэвээр байгаа бөгөөд тэдгээрийнх нь ихэнхийг Израилийн агаараас хамгаалах систем амжилттай устгаж буй ч зарим нь хохирол учруулсаар байгаа аж.
Тухайлбал, өчигдөр/2021.5.15/ далайн эргийн нэг айл дээр пуужин унаж нэг хүний аминд хүрчээ.
Ийнхүү долоо хоног үргэлилж буй мөргөлдөөнд Газын зурваст Палестины зэвсэгт бүлэглэлийн гишүүд, энгийн иргэд нийлсэн 145 хүн нас барсны 41 нь хүүхэд, 23 нь эмэгтэй байна.
Харин Израильд найман энгийн иргэн амь үрэгдсэний дунд таван настай хүүхэд байжээ.
Израилийн хамгийн том түнш АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденийн зүгээс Ерөнхий сайд Венжамин Нетаняху, Ерөнхийлөгч Махмуд Аббас нартай утсаар ярьж, галаа зогсоохыг зөвлөсөн ч тус улсын засгийн газар Хамас бүлэглэлийн удирдагчдыг хөнөөж, дайсагналыг үгүй хийх хүртлээ зогсохгүйгээ илэрхийлсэн байна.
Израиль Газын зурвас дахь хамгийн өндөр барилга, орон сууцнуудыг нэн тэргүүнд бөмбөгдөн устгаж, Хамас бүлэглэлд давуу тал олох боломжийг хааж байгаа билээ.
Хамгийн сүүлд өчигдөр/2021.5.15/ 12 давхар аль-Жалаа барилгыг сөнөөсөн байна.
Тус барилга дотор Associated Press, Al-Jazeera зэрэг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллага үйл ажиллагаа явуулдаг байжээ.
Бөмбөгдсөн шалтгаанаа Израилийн тал “Зэвсэгт бүлэглэлийнхэн сэтгүүлчдээр бамбай хийн тус барилгад тагнуулын үйл ажиллагаа явуулж байсан” хэмээн тайлбарласан ч баримт нотолгоо үгүй юм.
Associated Press агентлаг тус барилгад нийт 15 жил буюу гурван дайны туршид үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Тэгэхдээ хоёр тал тулалдах бүрт тус агентлаг барилгын дээвэр дээрх хяналтын камераараа 24 цагийн турш болж буй үйл явдлыг шууд дамжуулдаг байжээ.
Associated Press агентлагийн ерөнхийлөгч “Бөмбөгдөлтөөс болж цаашид дэлхий үнэн бодит байдлыг мэдэх боломжгүй боллоо.
Израиль зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байгаагаас бид айж, бас гайхаж байна” хэмээсэн бол Al-Jazeera агентлагийн ерөнхий захирал Мостефа Соуаг “Энэ бол дайны гэмт хэрэг.
Израилийн үйлдэл бол зориуд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг чимээгүй болгож байгаад олон улсын хараанаас далд Газын зурваст амьдардаг ард түмнийг тарчлаан зовоож, алан хядах гэсэн атгаг санаа” гэсэн байна.
Эх сурвалж: ASSOCIATED PRESS