Сэтгүүлч Эмүжин. Хүний тухай хүмүүст...

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-17 15:30:22


Хүний тухай хүмүүст...


-Сэтгүүлч хүн Лунтангийн Болормаа агсантай адил тоо уншиж чаддаг байх хэрэгтэй.

Тэр тооны цаана амь амьдрал, өнгөрсөн, одоо, ирээдүй, нөхцөл байдал, гай, гавъяа, зүтгэл итгэл, хөлс хүч байдаг.

Уншиж байгаа тоондоо анализ хийж чаддаг байх ёстой.

Үүний тулд наад зах нь хувьсагч, үл мэдэгдэгч, координатын системээ ойлгодог, цаг хугацаатай нь уялдуулан задалдаг байх учиртай.

-Сэтгүүлч хүн Бадамдоржийн Ганчимэгтэй адил сэтгэл уншиж чаддаг байх ёстой.

Харилцаж буй болон бичих гэж байгаа, ярилцлагад урьсан хүнийхээ сэтгэл, сэтгэхүйг тодорхой хэмжээнд ойлгож, мэдэрч байж харилцан бүтэн мэдээлэл бий болно, бүрэн зангилаа, задаргаа бүхий ярилцлага төрнө.

Үүний тул нэг цэг дээр, нэг дусал нулимс, нэгэн агшны инээмсэглэлийг хамтдаа угтахаас өөр гарц үгүй.

Чухал хүнтэй ярилцлага хийчихсэн байдаг, чухам цагаа олоогүй бол далайд гарцгүй улс л гэж мэд.

-Сэтгүүлч хүн Батмөнхийн Лигдэн ахайтай адил баримт уншиж чаддаг байх учиртай.

Хамгийн эхлээд он сар өдөр буюу цаг хугацаа, дараа нь түүний удаах он жилүүдийг мөрдөж, бүгдийг урдаа шатар шиг өрж тавиад, бүрэн ойлголт авсныхаа дараа мэдээлэх шаардлагатай.

Харсан ганц тоо, үзсэн ганц шийдвэр чинь төгс ойлголт, үнэмлэхүй үнэн биш.

Баримт болгон хэд салаалан задарч, эргээд нэг голдиролд нийлтэл тэвчээртэй мөшгиж унших хэрэгтэй.

-Сэтгүүлч хүн Жамбалын Гангаа агсантай адил нийгмээ уншиж чаддаг байх ёстой.

Ямар нийгэм рүү, ямар мэдээллийг, ямар өнцөгөөр хүргэхээ ойлгодог, ухаардаг байх учиртай.

Өөрийн чинь мэдлэг өрх төдий, өргөн түмний мэдрэмж өргөөний чинээ гэдгийг ойлгож, ялгааг нь олж харж чадвал жижигхэн ертөнцийнхөө хэмжүүрт хэт автахаа болино.

Ямар хэмжээний боловсролтой уншигчид юуг, хэрхэн бичиж хүргэхээ мэддэг болно.

-Сэтгүүлч хүн Дашбалбарын Мөнгөндалайтай адил эх орныхоо эд эс нь гэдгээ алхам тутамдаа мэддэг байх ёстой.

Хүнд үед тачигнаад байхгүй, хэцүү үед хагалаад байхгүйгээ ойлгодог, улс оронд минь ямар цаг үед аль нь илүү өгөөжтэй, ямар нь илүү хөнөөлтэйг  дэнсэлж байж үзгээ шүүрдэг бол нэн сайн.

-Сэтгүүлч хүн...за за өөр зөндөө юм бий, ер нь бол ажил мэргэжлээс нь шалтгаалан сэтгүүлч хүний өмнө олон олон хаалга нээлттэй байдаг.

Тиймээс олон олон талаасаа, олон олон талаараа боловсорч, хүний тухай хүмүүст мэдээлж байгаагаа ойлгоотохвол ажил, амьдрал илүү уужим болно, уйтан энэ хорвоод уцаарлахаасаа ухаарахыг илүүд үзэж эхэлнэ гэж л хэлэх гэсэн юм.

Жишээлбэл Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай бичихийн тулд хамгийн анхны Б.Чимид ахайн хувилбараас эхлээд засварласан хувь, сүүлийн оруулах гээд байгаа нэмэлтийг бүгдийг уншиж, улстөрийн фракцуудын сонирхлыг нь задалж, чухам алийг нь дэмжих, юунаас нь татгалзах, тэгээд тэр нь Монголын хөрсөнд хэрхэн буух, хэр үр дүн авчрахыг тооцоолж, түүнийгээ хэрхэн иргэдэд ойлгомжтой бичихээ мэддэг.

Одоо мөрдөж байгаа шинэчлэн найруулсан Үндсэн хуульд 30 жилийн дараа ирээдүйн парламентчид нөхцөл байдал, цаг үетэй уялдуулан дахин мутар хүргэх болов уу гэхчлэн багцаа баримжаа сууна даа.

Жич: Үндэсний бүтээн байгуулагч Ц.Гарамжав үнэнийг үүрээд зүтгэж байсныг шүүх тогтоожээ.

Хоёр жил үргэлжилсэн асуудлаас болж, улсаас ганц тендэр авч байгаагүй энэ эмэгтэйн эрүүл мэнд ч нэлээдгүй доройтсон, сэтгэл санаа, нэр төр, хамгийн гол нь бүтээн байгуулалтад зориулах цаг хугацаагаар ихээхэн хохирсон гэх юм билээ.

Монголд үндэсний их хэрүүлчид биш, үндэсний бүтээн байгуулагчид, үндэсний хөрөнгө оруулагчид хэзээ хэзээнийхээс илүү хэрэгтэй байна даа!



Холбоотой мэдээ