Шилдэг нийтлэлч Баабар. ХА ДАРГА

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-18 14:24:35


Сонгууль ойртож байна, Ха даргынхаа тухай бичиж агсам тавъя. Эртүүд Сайраан найзынхаа тухай бичсэн. Түүнийг минь Өлгийн Ардчилсан намынхан шургаж, бөөрөлхөж байгаад нэр дэвшихээс нь хасаж орхисон байгаа юм даа. Түүн шиг өндөр боловсролтой, чадалтай, ид ир нь гялалзаж байгаа боловсон хүчин хэрэггүй болчихоо юу, энэ улсад? Алив нийгэм Сайрааны хэртэй мэргэжилтэнг бэлтгэхийн тулд асар их хөрөнгө, цаг хугацаа зарцуулдаг юм шүү дээ. Нийгэм эцэст нь хог дээр хаяхын тулд биш ашиглахын тулд тэгэж мөнгө цаас үрдэг юм. Түүнийг түлхсэн дундачуудыг бол харин бөөнөөр нь машинаар хэвлээд л гаргачихдаг юм, үнэндээ тэдний үнэ цэнэ бутархай зоос.

Ха дарга гэж бидний хэсэг нөхөд нь Да. Ганболдыг тоглоом шоглоомоор дуудсаар байгаад дасаж орхиж. “Халзан дарга” гээд байгаа ухаантай юм. Хараарай, зуун жилийн дараа манай өнөөгийн үеийнхнээс цөөхөн хэдэн хүний л нэр үлдэнэ, тэдний нэг нь манай Ха дарга даа. Шинэ үеийн Монголын түүхэнд түүн шиг ихийг бүтээж мөрөө үлдээсэн хүн ховор л байх. Энэ олон гавъяатууд чинь тэмдэгтэйгээ хамт алга болно. Учир нь түүх, цаг хугацаа хүнийг үлдээсэн мөрөөр нь хэмждэг болохоос падуушгин дээрх паалантай төмрөөр нь үнэлдэггүй юм. Ха дарга Монголын түүхэн дахь хамгийн мундаг Засгийн газрын орлогч дарга нь байлаа. Бямабасүрэнгийн Засгийн газар. Зөвхөн зах зээлийн тогтоц руу шилжлээ гэсэн шийдвэр нь ямар аугаа түүхэн алхам байсан гэж санана! Зөвлөлт холбоот улсын үед шүү дээ! Ердөө ганц энэ шийдвэрийнх нь төлөө Бямбасүрэн гуай, Ха дарга хоёрт мөнхийн гэрэлт хөшөө босгууштай.

“ХХ зууны хроник” гэсэн дэлхийн хэл хэлэнд орчуулагдсан төө шахам зузаан номонд Монголын тухай хоёрхон баримт орсон байдаг. Нэг нь 1921 оны 7-р сарын 10-нд Монгол улс зөвлөлт маягийн засаглалтай боллоо гэжээ. Нөгөө нь 1991 оны 5-р сарын 21-нд Монголд өмч хувьчиллаа гэсэн байна. Нэгийг нь муулах өнгөтэй, нөгөөг нь сайшаах маягтай бичжээ дээ. Тэр сайныг нь Бямбасүрэн гуай, Ха дарга хоёр гардан удирдаж хийсэн юм. Өмч хувьчлалын 15 жилийн ойг ёслол төгөлдөр тэмдэглэж тэр үед тэр хавиар юухан шуухан хийж, бичиг цаас, цай пэчээнь зөөж явсныг нь төр засаг өндрөөр үнэлж одон тэмдгээр овойж оцойтол нь пялайлгасан боловч Ерөнхий сайд Д.Бямбасүрэн, Өмч хувьчлалын комиссын дарга Да.Ганболд, нарийн бичгийн дарга Ё.Гэрэлчулуун гурвыг ядахнаа баярын хурал, будаагандаа ч урьсангүй. Гэхдээ түүх хожим санана л даа. 1990-1992 оны хооронд богино хугацаанд тогтож байсан тэр Засгийн газрын шийдвэр болгон нь Монголын хувьд цоо шинэ, тэр хэрээрээ тус бүр нь аугаа байлаа.

Тэр үеэс улбаатай, одоо ч амь бөхтэй яригддаг нэг сэдэв бий нь өмч хувьчлал буруу явагдсан тухай юм. Өнгөрсөн хойно нь л цэцэн хүн багтахгүй олон болсон болохоос, тэр үед тэгээд хэнд ямар сайхан идэй санаа байсан юм бэ? Бүх ард түмнийхээ хөрөнгийг толгой дараалан хувхайтал нь хурааж авчихаад эргүүлээд тарааж байсан явдал урьд хожид дэлхийн түүхэнд байгаагүй юм. Коммунизмаас чөлөөт зах зээл рүү шилжилт хийж байгаа дөчөөд орон байлаа, эдэн дотор түрүүлж энэ алхамыг хийсэн хэд нь л хожсон шүү дээ. Өмч хувьчлалын үр дүн муу гарсан гэж байгаа бол дараагийн дөрвөн жилд нь таг зогсоосон хүмүүсийн буруу. Өмч хувьчлалаас болоод гэж байхаар, өмч хувьчлалыг зогсоосноос болоод гэж хожмын хүмүүс хавьгүй ухаалгаар дүгнэх болно. Ямар ч хорон хэл амнаас цаг түүх хавьгүй шудрага байдаг юм даа.

Мөнгөний ханшийг зориудаар хоёр дахин унагасан 20 –р тогтоол бол аугаа шийдвэр байсныг өнөөдөр цөөхөн хүн ойлгодог. Монголын төр үндэсний валютынхаа тоо хэмжээ багцааг мэддэггүй байлаа. Ленинградад хэвлэгддэг монгол төгрөгийн хэд нь энд байрлаж байсан 100 мянган оросуудад байгааг КГБ л гадарладаг байсан байх. Хамгийгаа туугаад алдчихгүйн тулд ханшийг зориудаар унагаад монголчуудын мөнгийг унагасан хэрээр нь нөхөж өгсөн. Инфляци бол тусдаа хэрэг л дээ. Тэр үед мань хоёр жинхэнэ шалтгааныг нь тайлбарлаад явах бололцоогүй байсан юм. ЗХУ унаагүй байсан үе шүү дээ. Бид тэндээс эдийн засгийн бүрэн хамааралтай хэвээрээ л байсан. Харин бид Бямбасүрэн гуай, Ха дарга хоёрын хүчээр хэдийнээ коммунизмаасаа гарчихсан явлаа.

Алт диллерийн хэрэг гэдгээр манай Ха даргыг мөн ч баалсан даа. Дөрвөн тонн алтыг ядарсан үедээ хэрэглээрэй гээд суут богд Чингис хаан өвлүүлснийг Халзан дарга мөрийтэй тоглоод идчихсэн гэнэ. Бүр яг ингэж Үнэн сонинд бичиж байлаа. Диллер бол алив банкны өдөр тутам хийж байх ёстой ажил нь. Диллер хийж байх тогтоол Улс төрийн товчооноос аль 1988 онд гарсан. Алдагдал Ганболдоос хавьгүй өмнө эхэлсэн. Тэгээд ч Монгол банкыг Засгийн газрын мэдлээс аль 1991 оны эхээр гаргасан. Ийм энгийн үнэнийг хэн ч сонсохыг хүссэнгүй, хамгийн гол нь Ха дарга л буруудаж байх нь чухал байв. Бэртэгчид ард түмний нэрийн өмнөөс цус нэхэж байлаа. Харин хожим Бямбасүрэн гуай диллерийн алдагдлыг Зөвлөлтийн КГБ зориуд буй болгосон тухай ярьдаг. Энэ алдагдлыг биечлэн гардсан тэдний монгол туршуулыг бүр нэрээр нь цохон хэлж үйлдлийг нь огноогоор нь баталдаг. Үүнийг бол хүмүүс анзаарах хүсэлгүй л байна л даа. Хожим түүх үнэнийг нотлох биз.

 Манай Ха даргыг Ерөнхий сайд болгох гэж 1998 онд Их Хуралаас долоон удаа дэвшүүлэхэд Ерөнхийлөгч долоон удаа татгалзаж байсан юм. Учрыг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй дээ. Эрдэнэтийн асуудлыг чимээгүй болгож хуучин эздийг нь эргүүлж тавих шаардлага тавьжээ. Мань хүн долоон удаа үүнийг нь хүлээж аваагүй юм. Шудрага хүн шүү дээ. Харин болзлыг хүлээж авсан хүн нь хагас жилийн дараа чухам Эрдэнэтийн асуудлаас болж огцорч байлаа. Оросын нэг хувийн компани Эрдэнэтийн талыг авчихаад түүнээ Монголын төрөөр зөвшөөрүүлэх гээд байсан хэрэг шүү дээ. Талийгч Зоригийн үхлийн шалтгааныг ч би үүнтэй холбоотой болов уу гэж боддог. Гэхдээ энэ бол миний л таамаг.

Сүүлийн хоёр сонгуулиар хэнтийнхэн түүнийг дараалан унагаж орхилоо. Оронд нь гаргаж ирсэн улсыг нь яриад ч хэрэг алга, амны гарз. Уг нь тэр Хэнтийн хүн биш л дээ. Уг гарвал хайвал Говь-Алтайн өөлд. Говь-Алтайн хойд сумдынхан гээд дугуй шар малигар хүмүүс байдгийм. Очирхүүтэй нэг нутаг, харахад ч ах дүү гэмээр. Ээжийг нь өргөж авсан Лодон гэж алдартай буриад эмч байж. Мань хүн өвөө эмээ дээрээ өссөн, хожим болтол Лодонгийн Ганболд гэж явдаг байжээ. Тэгээд л багаасаа Хэнтий их явдаг, буриадуудад учиргүй сайн, тэднийг хүний дээд гэж байгаад л ярина шүү дээ. Тийш нь хэдэн тонн ч ном зөөв дөө. Ном их тараана, хүнийг гэгээрүүлэх гэсэн санаа нь. Харин хүслээр нь болдог юм болов уу даа, чааваас. 2000 онд Хүрэлсүх гээд нэг багашаархан офицер генерал Жан Золингийн цэрэг хувцастай зургийг Ха даргын фототой зэрэгцүүлж тавиад “Да.Ганболдын өвөөгийн архиваас олдсон фото” гэсэн тайлбартайгаар хэдэн мянгаар хэвлээд Хэнтийгээр нэг тараажээ. Надад одоо болтол нэг хувь нь бий. Манжуурын эзэрхэгч байсан Жан Золинг уг нь түүх гадарлах хэн ч танина л даа. Зайлуул, олон ардууд үнэмшсэн байх даа? Харанхуй улсыг ч яалтай нь билээ! Сонгуулийн дүн гардаг шөнө мань Хүрэлсүх штаб дээрээ ирээд “За би ч яахав сонгогдчихлоо, гэхдээ цаана чинь халзан Ганболд урагшаа хил гараад зугтааж байна, сэрэмжлэх арга хэмжээ авалгүй горьгүй, би одоохон Улаанбаатар орлоо” гээд тоос татуулан одсон аж. Харсан гэрчүүд надад ярьсан юм.

Ха дарга үнэндээ хаачихав дээ. Гачуурт дахь зусландаа цагнаас авахуулаад машин хүртэл засаад л сууна. Уг нь тэр инжинер болсон бол таггүй нэгэн байхсан. Хааш хаашаа таван метр зуслангийн байшингаар нь шинэ Засгийн газар оролдож гарлаа. Хийх ажилгүй тэд ингэж л зугаагаа гаргахаас. Хэд хэдэн хөл бөмбөгийн талбай шиг эдлэн аваад л Туул голын эхийг бузарлаж Улаанбаатарыг хорлож суугаа гэнэ. Телевизээр үзүүлж сонинд байнга бичдэг байлаа, бүр яг ингэж! Учир нь ч удалгүй олдсон доо. Өөрснөө газар авч хулгай хийхийн тулд урьдчилж хэн нэгийг буруутгах гэсэн л юм билээл. Арцатын амыг тэр чигээр нь луйвардахын тулд эхлээд хэн нэгнийг буруутгах ёстой биз дээ? Ха дарга маань харин гүндүүгүй хүн дээ. Нэг ч үг урдаас нь ганхийгээгүй. Боргож байгаа нохойг огтоос анзаардаггүй нэгэн. Уурлана, гомдоллоно гэж огт байхгүй, хүн болгонтой хачин нийцтэй. Магадгүй энэ нь улс төрчийн хувьд сул тал нь ч байж болох. Харин хүний хувьд бол алт даа. Дөрөв байтугай тонн алт! Ийм өндөр боловсролтой мэдлэг туршлагатай хүн зуслангийн жижиг байшиндаа индүү засаад зэврээд хэвтэж байгааг харахад боловсон хүчнээр бялхаж баярхаж байгаа эх орноороо бахархмаар ч юм шиг билээ шүү. Гэтэл эргээд саарал ордон тийш харахад хагас бичиг үсэгтэй ердийн луйварчид лаазтай шпрот шиг чихцэлцээд сууж байгаа нь гутмаар ч юм шиг. Юу ч гэхэв дээ!

Дөрвөн онд Элбэгдорж түүнийг Төмөр замын агентлагийн даргаар тавьсан. Улаанбаатар төмөр зам компанийн дарга хувьчлаад авчихсан, ийш тийш нь булхайн мөнгө шилжүүлэхдээ ашигладаг төрийн агентлагийн оронцог байсан юм, тэр газар нь. Одоо бол ажил хийдэг газар болсоон. Мянганы сорилын сангийн олон сая долларыг олж ирсэн эзэн олон байгаа биз? Биенээ хөөргөж одон солилцоод л. Ха дарга энэ талаар юу ч хэлэхгүй байгаа биз? Үнэндээ тэр олж ирсэн юм шүү дээ. Мөнгө төсөлд ирдэг болохоос амны пийгуур сайтай нь авчирдаг ч юм биш. Манай гол төмөр замыг ихэрлүүлэх, говийг болон зүүн Монголыг төмөр замжуулах, тэр байтугай Казахстан руу төмөр зам татах төслүүд бэлэн болж байна. Сайн найзын хувьд ажил төрлийг нь сонирхож явдгаараа би л хэлж байгаа болохоос өөрөө бол сайрхаад явна гэж үгүй. Энэ төслүүд удахгүй хэрэгжинэ, Монгол орны нүүр царай их өөрчлөгдөнө, харин эзэн л олон гарч ирэх байхдаа. Бүр булаацалдаад хоорондоо бүлэлцэнэ, харин тэр уралцаанд манай Ха дарга оролцохгүй, харж л байгаарай.

Би сонгуулийн реклам хийж байгаа юм бишээ. Ха даргын хувьд ч, Сайрааны хувьд ч. Цаана нь Бат-Үүл, Баяр, Элбэгдорж, Оюун, Энхболд, Бадамдамдин, Лундаажанцан, Болд гээд байна л даа. Эдний хэн нь ч дивтааттай дивтаатгүй нийгэмд өөрийн баттай байр суурьтай, хийдгээ хийж арилшгүй мөрөө үлдээсэн хүмүүс. Миний рекламтай рекламгүй! Идэр насны эд Монголд л хэрэгтэй. Ердийн иргэд, ард түмэнд хэрэгтэй. Төр бол нийгмийн менежмент хийдэг газар. Эд энэ менежментийг сайн хийх улс. Заавал далан зургуулаа бичиг үсэг тааруутай, улаан нүдэлсэн юмнууд байх ёстой юм гэж үү? Дотор нь ядахнаа эрдэм чадалтай цөөхөн ч гэсэн хүмүүс үгүйдээ л чимэг болоод сууж байг л дээ. Ашиглаж гийгүүлдэггүй юм гэхэд нүүр тахлахгүй юу. Бакь бакь бөхчүүдийн ор тас хоосон орон зайг нь бөглөг л дээ.

2008.6.10

Холбоотой мэдээ