“Эхээсээ төөрсөн Мишаг хүнд дасгахгүйг хичээж байна”
Сонин ХачинХөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нэгэн малчин айлд тавдугаар сарын 16-ны өдөр эхээсээ төөрсөн бамбарууш ирсэн бөгөөд түүнийг байгаль дээр буцааж тавих шийдвэр гаргаад байсан юм.
Гэвч иргэдийн хүсэлт болон мэргэжлийн байгууллагын дүгнэлтээр нэг сар тэжээн амьдрах чадвартай болохоор нь буцааж тавихаар болжээ.
Ингээд бяцхан Миша бамбаруушийн талаар Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн бодлогын тасгийн дарга Г.Баярбатаас тодрууллаа.
-Эхээсээ төөрсөн бамбарууш хаанаас олдсон бэ?
-Нутгийн малчин бидэнтэй холбогдоод “Манай хотонд бамбарууш ирээд байна.
Эхээсээ төөрчихсөн юм шиг байна.
Эх нь ойр хавьд үзэгдэхгүй юм.
Сум орон нутаг хараа хяналтандаа авах уу” гэж асуусан.
Бамбаруушийг буцаагаад байгальд тавьсан ч эхийгээ олж чадахгүй эргэж ирээд байсан.
Тэгээд манай шуурхай баг хуралдаж, Эрдэнэбулган суман дээр авчирсан.
Өчигдөр байгаль дээр нь буцааж тавих шийвэртэй байсан ч аймгийн шуурхай баг, сумын шуурхай багтай хуралдаад яам тамгын газраасаа зөвшөөрөл авч, ямар ч байсан амьдрах чадвартай болтол нэг сар орон нутагт нь тэжээхээр болоод байна.
Хэрэв байгаль дээр нь тавьбал бол бие дааж амьдрах ямар ч чадваргүй байсан.
Бамбарууш маань Үүрийн голын орчмоос олдсон.
Тэр үед цас бороо, шар усаар гол нэлээн үерлэсэн байсан.
Үерээс болж эхээсээ төөрсөн ч байх магадлалтай.
Тухайн орчимд төв замтай учир эх нь машин унаанаас үргээд зугтсан болов уу, тэгээд хоорондоо салсан байх гэж таамаглаж байгаа.
-Хэдэн сартай бамбарууш бол.
Анх ямар байдалтай байсан бэ.
Одоо ямар хоол, хүнс өгч байгаа вэ?
-Эхээсээ төөрөөд нэлээн удсан бололтой, их өлдсөн, дорой болсон байсан.
Одоо сүүгээр угжаад тэнхрээд овоо хөөрхөн болж байна.
Мэргэжлийн хүмүүс үзэж жинлээд хоёроос гурван сартай болов уу гэж таамагласан.
Бамбарууш маань зургаан кг жинтэй, 48 см өндөртэй байгаа.
Хооллолтын хувьд мэргэжлийн хүмүүс өглөө оройдоо сүү өгөөрэй гэсэн.
Өдөрт литр сүү өгч байгаа.
Долоо хоногтоо молоко, зөгийн бал зэрэг амттанаар хооллоно.
Болсон мах цаашид өгч байгаарай гэсэн.
-Ямар байр бэлдэж өгсөн бэ.
Нэг сарын дараа байгаль дээр нь тавихад амьдарч чадах болов уу?
-Аюулгүй байдлыг нь хангах үүднээс аймгийн байгаль орчны баг зориулалтын төмөр торон хашааг бэлтгэж байгаа.
Бамбарууш маань нэг сарын дараа бас хөөрхөн том болно.
Долоон сар дөхсөн болохоор мөөг ургаад идэш тэжээл нь элбэгшинэ.
Жимсний ургац ч бас дөхчихнө.
Тухайн үедээ мэргэжлийн хүмүүс хуралдан дүгнэлт гаргаад буцааж тавина даа.
Мэргэжлийн хүмүүсээс зөвөлгөө аваад хамаагүй хүн амьтантай дасгаж болохгүй гэсний үндсэн дээр, хүмүүст харуулахгүй, олны хөлийг бужигнуулахгүй байгаа.
Амьдрах орчныг нь сайн бүрдүүлж, түүнийг тайван байлгах үүднээс тэжээнэ.
Нэг л хүнээр хооллууна.
Өөрийгөө хооллох, хамгаалах чадвартай болохоор нь тавина.
Байгаль дээр нь тавихдаа тайгын гүн рүү хол тавина гэсэн төлөвлөгөөтэй байгаа.
-Нэрийг нь хэн өгсөн бэ?
-Би өөрийн цахим хаягтаа өхөөрдөөд “Миша” гээд постлочихсон юм.
-Мишаг кинонд тоглуулах санал ирсэн гэсэн үү?
-Манай суманд кино зураг авч байгаа юм.
Амьтныг тайван байлгах үүднээс тэр бол боломжгүй байх.
Хүмүүс их санаа тавьж байгаа, амьтанд хайртай хүмүүс олон болжээ.
Идэш тэжээлийн дэмжлэг үзүүлвэл сайн байна.
Хөөрхөн Мишаг нэг сар тэжээх болсондоо их баяртай байгаа.
Эх сурвалж.Khiimori.com