Оростой хамгийн их дайтсан улс, үндэстнүүд
ДэлхийОросын түүхийг Дайны түүх гэвэл бараг болно.
Орос орон оршин тогтнох хугацааныхаа гуравны хоёрт дайтаж байсан гэдэг.
Тухайлбал
Орос үндэстэн хүчирхэгжин мандсан сүүлийн 200 жилийн түүхэндээ 128 жилд нь дайтаж байсны 5 жил нь өөрийгөө хамгаалах,
123 жил нь бусдыг түрэмгийлэх дайн байжээ.
Оростой хамгийн олон удаа дайтаж байсан гурван үндэстнийг танилцуулж байна.
ШВЕД
16 дугаар зууны дундаас 19 дүгээр зууны эхэн хүртэл 10 удаа дайтсан.
Орос-Шведийн дайсагналын түүх бүр 12 дугаар зуунаас эхтэй.
Тэр үед Балтийн тэнгисийн зүүн хэсгийг хянахын тулд Новгородын вант улс Шведтэй байлдаж байв.
1323 онд Ореховецкийн Энхийн гэрээ байгуулагдаж Карелийг Новгород, Финландыг Шведүүд авахаар болсон юм.
Энэ бол хэдэн зууны турш үргэлжлэх зөрчилдөөний эхлэл байлаа.
1377 онд Шведүүд Новгородын эзэмшил байсан баруун Карелийг хяналтдаа оруулжээ.
1478 онд Новгород Оросын нэгдсэн улсын бүрэлдэхүүнд орсноор дорнод Балтийн төлөөх тэмцэл шинэ түвшинд гарав.
1495 онд Иван III хаан баруун Карелийг буцааж авахаар Шведтэй дайн хийж амжилт олжээ.
1497 оны гуравдугаар сард Новгородын Нэгдүгээр эвлэрэл гэгч баримт бичигт гарын үсэг зурцгаасан юм.
Энэ эвлэрэл зургаан жил үргэлжлэх нөхцөлтэй бөгөөд анхны 1323 оны хилийг сэргээн тогтоож, Орос-Шведийн хооронд чөлөөт худалдаа хэрэгжиж эхэлжээ. 1510 оны гуравдугаар сард уг эвлэрлийг дахин 60 жилээр сунгасан байна.
Балтийн тэнгис орчмын газар нутгийн төлөө Шведтэй дайтах уламжлал Оросын дараа дараагийн хаад болох Иван IV, Фёдор I, Алексей I-ийн үеүдэд үргэлжилжээ.
Харин дараа нь их хаан Петр Орос-Шведийн хүчний харьцаанд томоохон өөрчлөлт хийсэн юм.
1700-1721 онд үргэлжилсэн Умардын дайнд Шведүүд Оростой маргаантай газар нутгаа алдаад зогсохгүй, Балтийн тэнгисийн өмнөд эргийг алдав.
Шведэд Висмар болон Помераний багахан хэсэг үлджээ.
Мөн энэ дайны дараа Шведэд “Эрх чөлөөний эрин” эхэлж эзэн хааны хүч сулран, парламентын засаглал хүчирхэгжиж эхэлсэн юм.
Умардын дайнд алдагдсан газар нутгаа эргүүлж авахын тулд Шведүүд хэд хэдэн удаа Оростой дайтсан ч (1741-1743, 1788-1790, 1808-1809 онуудын Орос-Шведийн дайн) амжилт ололгүй 1809 оны есдүгээр сард Фредриксхамны гэрээг байгуулав.
Гэрээ ёсоор Шведүүд Аландын арлууд, Финланд, Лапландыг алджээ.
Ингээд газар нутгийнхаа гуравны нэгийг алдсан Шведүүд дахин сэргэж чадалгүй, их гүрний статусаа алдсан байна.
ТУРК
241 жилийн турш 12 дайн хийсэн. Дунджаар Орос-Туркийн хооронд 19 жил тутамд нэг дайн болж байсан гэдэг.
16 дугаар зууны сүүлээс 20 дугаар зууны эхэн хүртэл Оросын болон Оттоманы эзэнт гүрнүүд байнга дайтаж байв.
Гол булаацалдаж байсан газрууд нь Хар тэнгисийн хойд эрэг, Умард Кавказ, Хар тэнгисээр болон түүний хоолойгоор зорчих эрх мэдэл, мөн Оттоманы захиргаанд байсан Загалмайтан үндэстнүүдийг чөлөөлөх байв.
Дэлхийн Нэгдүгээр дайны үр дүнд Оттоманы эзэнт гүрэн унаж, Оросууд бүр Константинополь хотыг ч мэдэлдээ оруулах боломжтой байжээ.
Харамсалтай нь энэ үед Зөвлөлт засаг тогтож, коммунистууд Туркийн бүгд найрамдах улсыг байгуулагдахад шууд дэмжиж, голлох үүрэг гүйцэтгэж байсан нь эсрэгээр нөлөөлсөн юм.
Олон зууны турш үргэлжилсэн дайсагнал Туркийн анхны ерөнхийлөгч Кемал Ататюркийг эдийн засаг, цэрэг зэвсгээр туслах дэмжлэг болон хувирсан байна.
ПОЛЬШ
1018 оноос 1939 он хүртэл нийт 10 дайн хийсэн.
Орос-Польшийн хооронд газар нутгийн маргаанаас үүдэлтэй дайн үргэлж болсоор ирсэн.
Европт томоохон дайн болох бүрт Орос-Польш хоёр хилээ шинэчилдэг байсан гэхэд болно.
Эдгээрээс хамгийн том дайн нь 17 дугаар зууны эхээр болж, Польш-Литвийн холбоо Оростой дайтсан юм.
18 дугаар зууны сүүл хүртэл нийт дөрвөн дайн болж, үр дүнд нь Польшийн газар нутаг хоёр дахь удаагаа хуваагджээ.
1815 онд Польшийн зүүн хэсэг Оросын эзэнт гүрний мэдэлд орсон ч сөргөлдөөн зогссонгүй.
1830, 1863 онуудад хоёр удаа Польшууд бослого гаргасан байна.
Үүний үр дүнд Оросын хаан Польшийн эрх чөлөөг хязгаарлах болж, 1832 онд Сеймийг нь тарааж, Польшийн армийг татан буулгав.
1864 онд Польш хэлийг хориглож, иргэдийнх нь шилжилт хөдөлгөөнийг хоригложээ.
Гэвч тэмцэл улам бүр нэмэгдсэн байна.
1917 оны Оросын хувьсгалаар Польшууд эргэн сэргэж, 1919-1921 оны Зөвлөлт-Польшийн дайнаар тусгаар тогтнолоо олов.
Гэвч 20 хүрэхгүй жилийн дараа 1939 онд Зөвлөлт Холбоот Улс Польшийг эзэлж, 1989 он хүртэл хяналтаа тогтоосон юм.
ДАЙНУУДЫН ТҮҮХ
Эдгээрээс гадна Оростой хэдэн удаа дайтаж байсан нэг үндэстэн бол Герман.
Хоёр улс нийт гурван удаа том дайн хийсний хоёр нь Дэлхийн дайн байв.
Мөн Оросууд Францтай хэд хэдэн удаа дайтсаны дотор 1805 оны Гуравдугаар Эвслийн дайн, 1806-1807 оны Дөрөвдүгээр Эвслийн дайн, 1812 оны дайн, 1854-1856 оны Крымийн дайн багтаж байна.
Бас Японтой дөрвөн удаа дайн хийж, Хятадтай гурван удаа зэвсэгт мөргөлдөөнд орж байжээ.
Ерөнхийдөө Оросын түүх бол байнгын дайн тулааны түүх.
Оросын философич Иван Ильин бичихдээ “Соловьев 1240-1462 оны хооронд 222 жилийн хугацаанд 200 дайн болсныг тоолжээ. 14 дүгээр зуунаас 20 дугаар зуун хүртэл 525 жилийн хооронд 329 дайн хийснийг Сухотин тоолсон байна.
Орос орон түүхийнхээ гуравны хоёрыг дайтаж өнгөрөөжээ” гэж байв.
Үүнтэй ижил дүгнэлтийг Оросын генерал Алексей Куропаткин хийсэн байдаг.
1900 онд Николай II хаанд илтгэхдээ тэр “Өнгөрсөн 200 жилийн хугацаанд Орос орон 128 жил дайтаж, 72 жил амар тайван байжээ.
128 жил дайтахдаа таван жилийг нь өөрийгөө хамгаалахад зориулж, 123 жилийг эзлэн түрэмгийлэхэд зарцуулсан байна” гэжээ.
Эх сурвалж: Russia Beyond The Headlines