Даян дэлхийн од Чарльз Спенсер Чаплины тухай сонирхолтой 20 баримт
Сонин ХачинЧарльз Спенсер Чаплин бол Английн кино жүжигчин, кино зохиолч, хөгжмийн зохиолч, есөн шид нь бүрдсэн кино урлагийн мастер, дэлхийн киноны хамгийн алдарт дүрийн нэг тэнүүлч Чарлийн дүрийг бүтээгч билээ.
Чарли Чаплин 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд Лондонд мюзик-холлын жүжигчдийн гэр бүлд төржээ.
Түүний эцэг Чарльз Спенсер Чаплин, эх Ханна Чаплин нар эстрадын жүжигчид байв.
Эх нь янз бүрийн театрт дуулж, бүжиглэдэг байсан бол сайхан баргил хоолойтой эцэг нь 1880-аад оны дундуур Лондоны мюзик-холлуудад маш нэрд гарсан дуучин байжээ.
Тэрбээр Европоор удаа дараа айлчлан тоглолт хийж, Нью-Йоркт ч дуулж байв.
Чарльз Спенсер Чаплины тайзны амьдрал эмгэнэлтэйгээр төгсчээ.
Түүний хоолой гарахаа больж, архинд орон 1901 оны тавдугаар сарын 9-нд 37 настайдаа Лондоны эмнэлэгт нас барсан юм.
Ханна нөхрийгөө нас барсны дараахан хүнд өвчилжээ.
1896 онд тэр солиорч, улмаар сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хүргэгдэв.
Ах дүү хоёр Сидни, Чарли нарыг хожим өнчин, ядуу хүүхдүүдийн сургуульд өгсөн байна.
Тэд бие даан амь зуух мөнгө олохоос аргагүй болжээ.
Чарли 1894 онд таван настайдаа мюзик-холлын хөтөлбөрт ээжийнхээ оронд тоглон анх удаа тайзан дээр гарчээ.
Тэрбээр 1898 оны сүүлчээр “Ланкаширийн найман залуу” гэдэг хүүхдийн бүжгийн хамтлагт орсон байна.
Хожим шүүмжлэгчид Чаплины кинонуудыг “кино-балет” гэж нэрлэсэн нь их сонирхолтой.
1900 оны зул сарын баяраар “Ланкаширийн залуус” “Үнсгэлжин” гэдэг үггүй жүжигт оролцжээ.
Чаплин муурын дүрд тоглон анх удаа үзэгчдийн инээдийг хүргэх бололцоо олдов.
1901 оны хавар Чаплин “Ланкаширийн залуус”-аас гарчээ.
Чарли сургуульдаа хааяа явж, сонин зарж, эмчийн туслах болж, хэвлэх үйлдвэрт ажиллах зэрэг элдэв ажил хийсэн ч нас бага учраас хаана ч удаан тогтсонгүй.
1903 онд 14 настайдаа театрт байнгын ажилтан болж, “Шерлок Холмс” жүжгийн Биллийн зарлагын дүрд тоглох болсон байна.
Тэр үед Чаплин үнэндээ бичиг үсэг мэддэггүй байжээ.
Дүрийн эхийг өгөхөд хэд хэдэн өгүүлбэр чанга дуугаар унш гэвэл яана хэмээн айдаг байсан гэнэ.
Дүрийнхээ үгийг цээжлэхэд Сидни ах нь түүнд тусалдаг байв.
Чарли хэдэн жилийн турш бас варьете театрт тогложээ.
16 настайгаасаа өдөрт 4-16 цаг хийл тоглож, театрын удирдаач юм уу, танилуудаараа хичээл заалгадаг болсон байна.
1908 оны хоёрдугаар сарын 21-нээс Фред Карногийн театрт жүжигчин болов.
Энэ нь түүнд Америкт айлчлах тасалбар өгч эцэст нь тэндээ үлдсэн юм.
Нэгэн тоглолтын үеэр түүнийг киноны продюсер Мак Сеннет ажиглажээ.
Чарлигийн тоглолт Макт таалагдаж, тэрээр мань жүжигчнийг студидээ урив.
1913 оны есдүгээр сарын 23-нд Чарли “Кистоун Филм”-тэй долоо хоногт 150 долларын цалинтай ажиллах гэрээ байгуулжээ.
Удалгүй тэр алдарт кино жүжигчин болж, дэлгэцийн дүр бүтээх ажлаа төлөвшүүлэн, боловсронгуй болгох болов.
Түүний талаар олон сонирхолтой баримт байдаг ажээ:
1. 1914 онд Чаплин анхны “Бороонд норсон нь” киногоо бие даан хийж жүжигчин, найруулагч, кино зохиолчоор ажиллажээ.
Яваандаа уран бүтээлийн талаар бие даахаар шийдэж, 1919 онд Мэри Пикфор, Дуглас Фэрбэнк, Дэвид Гриффит нарын хамт “Юнайтед Артистс” студийг үндэслэн байгуулсан байна.
2. 1922 он хүртэл Чаплин өөрийн гэсэн байшингүй, түрээсийн байр, зочид буудал, клубт амьдардаг байв.
1922 онд Беверли-Хиллст өөрийн байшинг барьжээ.
Байшин 40 тасалгаатайгаас гадна киноны танхимтай.
3. Дуугүй кино Чаплинд алдар нэр авчирсан юм.
Кино бүр 1927 онд дуутай болсон боловч Чарли дахин бүтэн арван жил киноны хуучин арга техникт үнэнч хэвээр байв. 1940 онд хийсэн Гитлерийн эсрэг “Их дарангуйлагч” кино Чаплины анхны бүрэн дуутай кино болсон билээ.
Энэ бол тэнүүлч Чарлийн дүрийг ашигласан сүүлчийн кино болсон юм.
4. 1952 онд Чаплин уран бүтээлч хүний тухай, ер нь уран бүтээлийн тухай “Тайзны гэрэл” гэдэг кино хийжээ.
1952 оны есдүгээр сарын 17-нд Чаплин “Тайзны гэрэл” киногоо дэлхий дахинд анх удаа үзүүлэхээр Лондонг зорьсон байна.
АНУ-ын Холбооны тагнан мөрдөх товчооны дарга Эдгар Гувер түүнийг Америкт буцаж ирэхийг хориглох шийдвэрийг цагаачлалын албаны эрх баригчдаар гаргуулсан тул Чаплин Швейцарын Веве хотхонд шилжин суурьшжээ.
5. Жүжигчин 1954 онд Зөвлөлтийн Олон улсын энх тайвны шагнал хүртэв. Чаплин 1964 онд дурдатгалын номоо хэвлүүлсэн нь “Чаплин” гэдэг уран сайхны намтарчилсан киноны /1992/ үндэс болсон байна.
6. 1972 онд Оскарын хүндэт шагналыг хоёр дахь удаагаа хүртжээ.
Сүүлчийн кино “Хонг Конгийн хатагтай”-гаа 1967 онд өөрийн зохиолоор найруулан тавьсан байна.
7. Чаплин 1977 оны арванхоёрдугаар сарын 25-нд Вевед өөрийнхөө байшинд нас баржээ.
Түүнийг орон нутгийн оршуулгын газарт оршуулсан байна.
Чарли Чаплины дурсгалд зориулж Женев нуурын хөвөөнд хөшөө босгожээ.
8. 1978 оны гуравдугаар сарын 1-нд Чаплины цогцос бүхий авсыг ухан гаргаж мөнгө нэхэх зорилгоор хулгайлжээ.
Цагдаагийнхан гэмт этгээдүүдийг баривчилж, жүжигчний шарилыг дахиад ийм явдал давтагдахгүйн тулд 1,8 метр гүнд бетоны дор дахин оршуулсан байна.
9. Чаплин дөрвөн удаа гэрлэсэн, 11 хүүхэдтэй байсан.
Тэдний зарим нь жүжигчний ажилд өөрийгөө сорьж, жишээлэхэд Жералдина Чаплин нь нэртэй жүжигчин болсон билээ.
10. Чаплин намтартаа өөрийн дүрийн тухай ийнхүү бичжээ: “…Тэр бол тэнүүлч, жентельмен, яруу найрагч, мөрөөдөгч гээд олон талтай, харин ерөнхийдөө энэ бол сайхан хайр дурлал, адал явдлыг мөрөөдөгч ганцаардмал амьтан.
Тэр өөрийг нь эрдэмтэн эсвэл хөгжимчин, санваартан, эсвэл поло тоглогч гэдэгт та бүхнийг үнэмшээсэй гэж хүсдэг.
Үүний сацуу тэр гудамжнаас тамхины иш авч татах, үгүй бол хүүхдийн чихэр булааж авахад бэлэн.
Зөвхөн маш их уурлахаараа тэр боломжтой нөхцөлд хэн нэгэн хатагтайн бөгс рүү өшиглөөд авч чадна” гэжээ.
11. Чаплин “алганы амт үзүүлэх инээдмийн жүжгийн” жанраас холдохыг эрмэлзэж байв.
Тэр үеийн бүх инээдмийн жүжгийг энэ жанраар тоглодог байжээ.
“Зээлийн касс” кинонд Тэнүүлчин халагдаж буй хэсэгт би тэжээх ёстой олон хүүхэдтэй гэдгээ дохиогоор үзүүлдэг.
Зураг авалтын талбайд байсан үзэгчид нулимсаа арчиж байхыг Чаплин харжээ.
Үүнээс хойш Тэнүүлчин уянгалаг, хөөрхийлөлтэй шинж чанартай болох болжээ.
12. Бяцхан Тэнүүлч ХХ зууны нийтийн соёлын хамгийн түгээмэл дүрийн нэг болсон байна.
Раж Капур “Ноён 420” кинонд Тэнүүлчийн дүрийг дуурайсан, Зөвлөлтийн сонгодог алиалагч Харандаа буюу Александр Калягин “Сайн байна уу, би таны эгч байна!” кинонд мөн дуурайсан билээ.
13. Дуугүй кино дуутай кинонд байраа тавьж өгсөн ч Чаплины жүжигчний болон найруулагчийн техник инээдмийн олон жүжигчинд үлэмж нөлөө үзүүлсэн билээ.
Энэ нөлөө Францын жүжигчин, найруулагч Жак Татигийн уран бүтээлээс тодорхой харагддаг.
Тэрбээр дуугүй киноны аргуудыг өргөнөөр, их амжилттай хэрэглэн олон дуутай кино хийсэн юм.
14. Инээдэмт байдлыг ээлж дараалан бий болгохын тулд арга мэхийн маш нарийн техник хэрэглэдэг Хонг Конгийн жүжигчин, тулааны урлагийн мастер Жеки Чаныг Чаплины өвөрмөц залгамжлагч гэж үзэж болно.
15. Чаплин цэнхэр нүдтэй, солгой байжээ.
Хийлийг хүртэл солгой гараараа тоглодог байж.
16. Чаплины анхны машин нь 4900 долларын үнэтэй хурдны "Locobile" гэдэг ганган машин юм.
17. Чаплины спортын дуртай төрөл нь бокс.
”Их хотын гэрэл” киноны гол дүрд тоглосон Виржиния Черриллтэй цэнгэлдэх хүрээлэнд боксын тэмцээн үзэж байгаад танилцжээ.
18. Дуртай бүжиг нь танго.
Тэр “Их хотын гэрэл” кинонд рингэн дээр тулалдах явдлыг танготой “хослуулжээ”
19. Чаплин кинонуудаасаа 10,5 сая доллар олсон байна.
20. Чаплин их уналт болохоос өмнө ажилгүйдлийн тухай мэдээллийг үндэслэн 1928 онд бүх хувьцаагаа худалджээ.
Хийморь Чука