Дэлхийн хамгийн АМЖИЛТТАЙ карьер хөөсөн 15 эмэгтэй
Сонин ХачинЭрчүүд тэдэнд атаархаж, бизнесийн хамтрагчид нь үзэл бодлыг нь анхааралтай сонсох бол бусад нь зүгээр л тэднээр бахархдаг. Гайхалтай өндөрлөгт хүрч чадсан тэднээр бахархахаас өөр аргагүй. Бизнес болон улс төрийн хүрээнд толгой эргэм амжилтанд хүрсэн, хамгийн амжилттай яваа 15 эмэгтэйг “Woman’s day” цахим хуудас онцолсныг орчуулан хүргэж байна.
ХИЛЛАРИ КЛИНТОН
Америкийн улс төрч, ардчилагч Хиллари Клинтон Йелийн их сургуулийн хуульзүйн факультетыг дүүргэсэн бөгөөд чухамхүү энд суралцаж байх үедээ ирээдүйн нөхөр Билл Клинтонтойгоо танилцжээ.
“Тэр бол амбицтай, зорилготой эмэгтэй, өөрийн ач холбогдол, чадварыг маш сайн ухамсарласан” гэж түүний талаар хамтрагчид нь ярьдаг.
Тэрбээр хатуу, шулуун зангаараа алдартай.
Жорж Буш Путины талаар ярихдаа “Би ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины нүд рүү нь хараад, сэтгэл зүрхэн дэхийг нь олж харсан” гэж хэлж байсан үгийг Клинтон 2008 онд дурсахдаа “Путин Улсын аюулгүй байдлын хороонд ажиллаж байсан, түүнд сэтгэл зүрх байхгүй гэдгийг Бушд хэлмээр байлаа” хэмээн Хиллари мэдэгдэж байв.
ИВАНА ТРАМП
Топ-модель, Дональд Трампын хуучин эхнэр Ивана 30 жилийн тэртээгээс бизнесийг сонгожээ. Анхандаа тэрбээр Трампын баруун гар нь байж, “Trump organization ”-ыг удирдаж, дараа нь Трампын казиногийн газрын ерөнхийлөгч болж байв.
Харин Трампаас салсныхаа дараа загварын ертөнцийн бизнесд эргэлт буцалтгүй орсон бөгөөд одоо дэлхий даяар тархсан оёдлын үйлдвэрүүдийг нэгтгэх Ivana брэндийн эзэн юм.
ЖИНА РАЙНХАРТ
Аж үйлдвэрийн магнат асан эцэг Лэнг Хэнкокийг нас барсны дараа 1992 онд Жина гэр бүлийн бизнесийн удирдлагыг гартаа авчээ.
Австралийн томоохон уул уурхайн компанийг удирдан хэдэн жил болсныхоо дараа тэрбээр дэлхийн хамгийн анхны эмэгтэй тэрбумтан болсон юм.
КЭТИ АЙРЛЭНД
Өмнө нь загвар өмсөгч, телевизийн цувралын жүжигчин байсан бүсгүй өнөөдөр бизнес эрхлэхийн дээр гэр бүлийн таатай уур амьсгалд санаа зовнидог ажилтай эмэгтэйчүүдэд зориулан ном бичдэг болжээ. Түүний Kathy Ireland Worldwide компани нь хувцаслалтандаа анхаарч, гэр орноо тохижуулж, гэр бүлийн асуудлыг шийдэж, амралтын өдрөө төлөвлөх гээд бүгдийг амжуулахыг хүсдэг бизнес эмэгтэйчүүдэд тусалдаг юм байна.
САНДРА БУЛЛОК
Оскарын шагналт Сандра Буллок зөвхөн эрэлт хэрэгцээтэй, амжилттай яваа жүжигчин төдийгүй “Мисс цагдаа” кинонд тоглон асар их шагналын мөнгө авсныхаа дараа Fortis Films гэх продюсерын компани байгуулсан юм.
Бизнесийн зэрэгцээ Сандра буяны ажил эрхэлдэг бөгөөд Улаан загалмайн нийгэмлэгт байнга их хэмжээний хандив өргөдөг гэнэ. Тэрбээр энэ байгууллагад 2 удаа тус бүр 1 сая ам.долларын хандив өргөж байжээ.
ХОЛЛИ МЭДИСОН
Арван жилийн өмнө Аляскаас гаралтай загвар өмсөгч Plaboy-н харшид уригдан, Хью Хефнерийн албан ёсны 7 найз бүсгүйн нэг нь болж байлаа. Одоо тэр плейбой-н хамгийн хүндтэй найз бүсгүйн дээр хайртай бүсгүй нь болсон.
Бүсгүй загварын бизнесээ үргэлжлүүлж байгаа бөгөөд хувцас үйлдвэрлэн, олон нийтийн ажил зохион байгуулдаг. Түүнчлэн Холли Мэдисон амьтдыг хамгаалагч гэдгээрээ алдартай, РЕТА байгууллагатай хамтран ажиллаж, гэрийн тэжээмэл амьтдын талаар тэмдэглэл бичдэггэнэ.
ЭНН СУИНИ
Энн Харвардын их сургуулийг төгсөн, 80-аад оны эхээр Nickelodeon хүүхдийн сувагт туслахаар ажиллан, энэ сувгийг олон улсад таниулахад идэвхийлэн зүтгэж байжээ. Өнөөдөр тэрбээр Disney Media Networks дэд тэргүүн, мөн Disney-ABC Television Group-ийн ерөнхийлөгчөөр ажиллаж байна. Америкт түүнийг энэ салбарын хамгийн хүчирхэг эмэгтэй гэж үздэг.
КРИСТИНА ГОЛД
Голд 30 жилийн тэртээ Avon компаниас карьераа эхлэжээ. Түүний амжилт толгой эргэм байв, хэдхэн жилийн дотор Кристина Голд энэ компанийг дэлхий дахинд алдартай брэнд болгож чадсан юм.
2002 оноос эхлэн Western Union компанийг тэргүүлж эхэлсэн бөгөөд “Хүмүүсийг боломжтой нэгтгэ” уриан дор явуулсан дэлхий дахиныг хамарсан кампанит ажил нь түүний анхны томоохон алхмуудын нэг байлаа.
ЛИЗ СМИТ
Элизабетын амжилтын философи тун энгийн. Хэний ч төсөөлөөгүй үсрэлт хийж, шинэ нутаг дэвсгэрийг эзлэх хэрэгтэй гэж тэр үздэг.Элизабет Avon компанийн Ерөнхийлөгчөөр таван жил ажиллаж, Kraft Foods –ийн удирдах албан тушаалд хэдэн жил ажиллаж байсан бол өнгөрсөн жилээс зоогийн газрын бизнесд орж, OSI Restaurant Partners-ийн топ менежер болжээ.
САФРА КЭТЦ
Сафра Израйльд төрж, Пенсильванийн их сургуулийн Уортон элит бизнес сургуульд суралцжээ. Сафра 12 жил компьютер үйлдвэрлэл, өндөр технологийн салбарын хамгийн том компаниудын нэг Oracle Corporation-д ажиллаж байна. Өдгөө тэрбээр энэ компанийн хамтран эзэмшигчийн дээр санхүү эрхэлсэн захирлын үүрэг гүйцэтгэдэг гэнэ. 2007 онд тэрбээр хамгийн өндөр цалинтаай эмэгтэйчүүдийн жагсаалтад хоёрдугаарт жагссан бөгөөд түүний жилийн орлого нь 34 сая ам.доллар.
ОПРА УИНФРИ
“Опра Уинфригийн шоу” ток шоуны хөтлөгчийг хамгийн нэр нөлөөтэй алдартан, хамгийн нөлөөтэй эмэгтэй, мөн шоу бизнесийн хамгий нөлөө бүхий хүнээр Форбес сэтгүүл нэрлэж байлаа. Опрагийн хөрөнгө 3 тэрбум ам.доллараар үнэлэгддэг. Телевизийн салбарт амжилтанд хүрсэн Опра Стивен Спилбергийн кинонд тоглож, “Оскар” болон “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал гардаж байсан юм. Түүнчлэн тэрбээр буяны ажил эрхэлдэг мөн амьтдын амьдралыг харуулсан баримтат кино хийдэг компанитай.
ИНДРА НУЙИ
Америкийн Pepsi Co хүнсний компанийн захирлуудыг зөвлөлийн дарга, ерөнхийлөгч Индра Нуйи Форбес сэтгүүлийн гаргасан хамгийн нөлөө бүхий бизнес эмэгтэйчүүдийн жагсаалтыг нэгэнтээ тэргүүлж байлаа. Түүнчлэн Америк дахь Энэтхэг гаралтай эмэгтэйчүүдээс хамгийн амжилттай яваа эмэгтэй гэж тооцогддог. Индра Йелийн их сургуулийг төгссөн бөгөөд өдгөө бизнесийнхээ зэрэгцээ энэ сургуулийн зөвлөлийг удирддаг юм байна.
ВЕНДИ ДЕНГ
Дэлхийд алдартай News Corporation эзэнт гүрний тэргүүн, медиа магнат Руперт Мердокын гурав дахь эхнэр, хятад бүсгүй Денг хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх болон нөхөртөө туслахад өөрийгөө зориулсан нэгэн.
Өмнө нь тэрбээр телевиз радио дамжуулах корпорацийн Хонгконг дахь хэлтэст ажилладаг байсан бол одоо нөхрийнхөө группын гүйцэтгэх захирлаар ажилладаг юм байна.
МИШЕЛЬ ОБАМА
АНУ-ын тэргүүн хатагтай Цагаан ордон дахь ажил хэргээс гадна өөрийгөө дэгжин загварлаг хувцаслаж, хүүхдүүдийн эрхийг хамгаалан мэдэгдэл хийж, эрүүл амьдралын хэв маягийн талаарх лекц уншин, нийгмийн төслүүдийг дэмжих гээд бүхий л ажлыг амжуулж гялалздаг гэдгээрээ олны талархлыг хүлээдэг нэгэн.
АНГЕЛА МЕРКЕЛЬ
Германы холбооны канцлер Ангела Меркель Берлиний хана нуран унасны дараа улс төрд орж ирсэн юм. Өнгөрсөн зууны 80-аад оны сүүлээр Германд болсон үйл явдлууд түүнд хүчтэй нөлөөлж, физикийн мэргэжилтэй ч иргэний хүчтэй байр суурьтай байсан тэрбээр улс төрөөс ангид үлдэж чадсангүй. 1989 онд Меркель “Ардчилсан сэрэлт” байгууллагад элсэн орж, удалгүй Загалмайтны ардчилагчдад нэгдэн, өнөөдөр тэднийг тэргүүлж байна. Ангела Меркель дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэй улс төрчид тооцогддог.
Эх сурвалж: subscribe.ru