Жо Байден цар тахлын гарал үүслийг хайж эхэллээ
ДэлхийЦар тахлын үүсэл, гарлын тухай сэдэв эргэн сэргэсэн нь АНУ-ын дотоод болон гадаадад, ялангуяа Хятадтай харилцах харилцаанд багагүй нөлөөлж, тодорхой үр дагавруудыг дагуулж байна.
Ерөнхийлөгч Жо Байден энэ долоо хоногт АНУ-ын тагнуулын албуудад цар тахлын үүсэл гарлыг дахийн нарийн судалж, вирус анх үнэхээр амьтнаас хүнд халдсан уу? Эсвэл лабораториос алдагдсан уу? Үүнийг баталгаатай тогтоож, 90 хоногийн дараа тайлагнахыг тушааснаа зарлажээ.
Байдены эл алхам хөнөөлт цар тахлыг үүсгэгч вирус, түүний хэрхэн тархсан нууцыг тайлахаас гадна тоталитар дэглэмийн нүүр царайг илчилж, их гүрнүүдийн хэт их өрсөлдөөний гашуун үр дагаврыг харуулах ач холбогдолтой хэмээн ажиглагчид үзэж байгаа гэнэ.
Түүнээс гадна вирусийн жинхэнэ гарал үүслийг олж тогтоох нь ДЭМБ ирээдүйд гарч болзошгүй аливаа тахал өвчинд бэлтгэлтэй байж, сургамж авахад чухал нөлөөтэй юм.
АНУ-ын ард иргэдийн зүгээс Жо Байден ийнхүү цар тахлын гарал үүслийг нарийн тогтоохоор улайрч байгаа нь Трампын суудлаасаа буухын өмнө хийж байсан ажлуудтай төстэй байгааг онцолж, эл үйлдэлд ямар нэг улс төрийн ашиг сонирхол байгаа талаар ил тод, нээлттэй байхыг уриалж байгаа юм.
Түүнчлэн хэрвээ цар тахал үүсгэгч вирус лабораториос алдагдсан гэх таамаглал батлагдвал Трампын нэр хүнд зарим талаар сэргэж магадгүй.
Нөгөө талаар Трамп хэрхэн үнэнийг далдалж, тагнуулын мэдээллийг өөртөө ашигтайгаар эргүүлэн улс төрийн ашиг сонирхолдоо нийцүүлж байсныг улам давхар батлаж магадгүй юм.
Сүүлийн үед Байден Трампын адилаар вирус Хятадын лабораториос алдагдсан гэх таамаглалыг эрс дэмжиж эхэлсэн нь цаагуураа мөн л Трампын үзэл баримтлалтай төстэй байдлаар Хятад улсыг цар тахлын гол буруутан, дэлхийн өмнө том өртэй хэмээн ухуулж буй явдал аж.
Үүнээс шалтгаалан нэг хэсэг харьцангуй намжаад байсан хоёр улсын хоорондын хүйтэн харилцаа дахин сэдрэх шалтгаан болж болзошгүй билээ.
Гэхдээ хамгийн чухал нь таамаглалыг батлах хөдөлшгүй нотолгоо олох нь тун ярвигтай асуудал.
Учир нь Хятад орон үнэхээр буруутай бол дэлхий даяар 3.5 сая хүний аминд хүрсэн гэх муу нэрээр хурдтай хүчирхэгжиж, улам хөгжсөөр буй амжилттай их гүрэн хэмээх тодорхойлолтоо сэвтээхгүйн тулд бүх нотолгоог эцсээ хүртэл нуух нь дамжиггүй.
Ялангуяа үндсэрхэг үзэлт удирдагч Ши Жиньпин болон түүний Коммунист нам нэг алдаанаас болж XXI зууны дэлхийд ардчиллаас илүү нэг намын тогтолцоо үр дүнтэй хэмээн батлах хүчин чармайлтаа сулруулахыг хүсэхгүй нь мэдээж.
Тэгээд ч энэ сэдэв дээр Байден эсрэг байр суурь илэрхийлж, түүнийгээ ч батлахаа амласан нь Хятад улс вирусийн гарал үүслийн тухай аль чадахаараа нууцлах чухал хүчин зүйлүүд болж байна.
Дээр дурдсан захирамжийг зарлахдаа Байден АНУ-ын тагнуулын албаны дэвшүүлж буй хамгийн боломжит хоёр хувилбарын тухай ярьжээ.
Тухайлбал, эхний таамаглал бол урт хугацаанд хамгийн боломжтой хувилбар хэмээн яригдаж буй Ухань хотын нойтон захад анх цар тахлын вирус амьтнаас хүнд халдварласан гэх таамаг юм.
Гэвч эл таамгийг батлах баримт үгүйгээс гадна үгүйсгэх олон шалтгаанууд бий.
Тиймээс ялангуяа АНУ-ын тагнуулын албаныхны дэвшүүлж буй вирус анх Ухань хотын вирус судлалын хүрээлэнгээс алдагдсан гэх таамаг олны анхаарлыг татаж эхэлсэн юм.
Байден ийнхүү олны өмнө байр сууриа илэрхийлэхээс өмнө АНУ-ын тагнуулын албаны тайланд Ухань хотын вирус судлалын хүрээлэнгийн гурван ажилтан цар тахлын эхний тохиолдол албан ёсоор бүртгэгдэхээс сар гаруйн өмнө халдвар авч, эмчлүүлж байсан тухай баримттай дурдсан нь Wall Street Journal сэтгүүлд хэвлэгдэж шуугиан тарьсан билээ.
Харин түүний дараа олон улсын хэвлэлүүд ДЭМБ-ын эрдэмтдийн баг Ухань хотод ажиллаад дүгнэлтэд хүрж чадаагүй гэдгийг, Байден дээрх судалгааг тун хангалтгүй хэмээн үзэж, Трампын албан тушаалаа өгөхөөс өмнөх сүүлийн өдрүүдийн үйл хэргийг давтаж байгаа талаар олон нийтлэл гарсан юм.
Түүнчлэн зарим ажиглагчид Байденг цар тахлын тал дээр анхнаасаа Трамптай ижил бодолтой байсан ч сонгуульд ялахын тулд чимээгүй байсан, өдгөө өөрийн удирдлагыг баталгаажуулмагцаа удаан төлөвлөсөн ажлаа эхлүүлж байна хэмээн харж байгаа аж.
Мөн энэ завшаанаар Трампын дэмжигчид ч цар тахлаас болж асар их нэр хүндээ алдсан Трампын нэрийг цэвэрлэх арга хайж эхэлсэн байна.
Эх сурвалж: CNN