Австрали дахь монголчууд идэвхтэй саналаа өгч байна
Улс ТөрНЭМЭЛТ: 12.30 цаг
- Австралийн Канберра хот – 14.00 цагийн байдлаар 443 сонгогч буюу саналаа өгөхөөр бүртгүүлсэн сонгогчдын 57,7 хувь саналаа өгчээ.
- Осака хот – 13:30 цагийн байдлаар 48 хүн саналаа өгч ирц 37.5 хувьтай байна.
- БНСУ-ын Пусан хот – 12 цагийн байдлаар 19 сонгогч буюу 12.3 хувь саналаа өгөөд байна.
- ОХУ-ын Улаан-Үүд хот – 12:00 цагийн байдлаар 26 хүн саналаа өгчээ.
- ОХУ-ын Эрхүү хот – 12 цагийн байдлаар 14 хүн саналаа өгч ирц 31.1 хувь байна.
- Ханой хот – 11.25 цагийн байдлаар 21 иргэн саналаа өгч 77.78 хувьтай байна.
- Сингапур дахь салбар комисст 12.00 цагийн байдлаар 13 хүн санал өгсөн бөгөөд сонгогчийн ирц 20 хувьтай байна.
- Шанхай дахь салбар комиссын 12.00 цагийн ирц 36 хувьтай байна.
ГАДААД ДАХЬ МОНГОЛЧУУД САНАЛАА ӨГЧ ЭХЭЛЛЭЭ
НЭМЭЛТ: 10.00 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд явуулахаар шийдвэрлэсэн. Уг шийдвэрийн дагуу Монгол Улсаас гадаадын 30 улсад суугаа 45 дипломат төлөөлөгчийн газрын байранд тухайн улсын орон нутгийн цагаар 07:00-22:00 цагт зохион байгуулах ажил эхэллээ.
Гадаад улсад байгаа нийт 7394 сонгогч саналаа өгөхөөр хуульд заасан хугацаанд бүртгүүлжээ.
Австрали улс дахь Монгол иргэд цагийн бүсчлэлээр хамгийн түрүүнд саналаа өгч эхэлсэн бөгөөд саналаа өгөхөөр 767 сонгогч бүртгүүлснээс Канберра хотын цагаар 13:00 цаг гэхэд 405 сонгогч саналаа өгөөд байгаа юм. Токио хотод тухайн улсын цагаар 12.00 цагийн байдлаар 164 иргэн саналаа өгчээ. Ийнхүү Канберра, Токио, Сөүл, Эрхүү, Дели, Нур-Султан, Бишкек хот гэх мэтчилэн цагийн бүсчлэлээрээ санал авах ажиллагаа эхлэн сонгогчид саналаа өгсөөр байна.
Сөүлд 12.00 цагийн байдлаар саналаа өгөхөөр бүртгүүлсэн 1077 сонгогчоос 147 нь саналаа өгөөд байна.
Гадаад улсад байгаа иргэдийн санал авах ажиллагаа үргэлжилж байна.
ГАДААД ДАХЬ 7394 СОНГОГЧ ӨНӨӨДӨР, МАРГААШ САНАЛАА ӨГНӨ
2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад гадаадад байгаа иргэд өнөөдөр /2021.05.30/, маргааш хоёр өдөр санал өгнө. Тодруулбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн дагуу гадаад дахь иргэдийн санал авах өдрийг тавдугаар сарын 30, 31-нд байхаар товлосон. Гадаад дахь иргэд тухай улсынхаа цагаар 07.00-22.00 цагийн хооронд саналаа өгөх бөгөөд нийтдээ 30 улсын 45 дипломат төлөөлөгчийн газарт Монгол Улсын иргэд өөрийн биеэр саналаа өгөх юм.
Мөн гадаад дахь иргэд саналаа өгөхдөө иргэний үнэмлэх, эсхүл үндэсний гадаад паспортоо авч, Элчин сайдын яамны байранд биечлэн ирэх юм.
Түүнээс гадна санал өгөх гадаад дахь иргэд Сонгуулийн ерөнхий хорооноос ирүүлсэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн эсэхээ цахим хуудаст хандаж шалгах боломжтой бөгөөд санал тоолох ажиллагааг Сонгуулийн ерөнхий хороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 69 дүгээр зүйлд заасны дагуу зохион байгуулах аж.
Сануулахад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 9-ний өдөр болно.