Энэтхэг улс нэр төрөө хамгаалахын тулд “Indian variant” нэрийг хасахыг сошиал сүлжээний компаниудаас хүсжээ
ДэлхийБаасан гарагт Энэтхэг улсын мэдээллийн технологийн яам дэлхийн томоохон сошиал сүлжээний компаниудад хандаж захидал бичжээ.
Уг захидалд “Indian variant” (Энэтхэгийн хувилбар) хэмээх буруу нэр томъёо сошиал орчинд хүчтэй тарсан нь тус улсын нэр хүндийг унагаж байгаа тул ийм үг орсон агуулга бүрийг устгаж өгөхийг хүссэн байна.
Тус улсад анх бүртгэгдсэн коронавирусийн мутацлагдсан хувилбарыг Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага B.1.617 гэсэн нэрээр бүртгэсэн байдаг.
Харин хүмүүсийн ярианд “Indian variant” гэсэн нэрээр илүү дэлгэрсэн юм.
“Энэ бол худал мэдээлэл. ДЭМБ-ын бүртгэлд ийм нэртэй коронавирусийн хувилбар байхгүй. B.1.617 хувилбарыг Энэтхэг улсын нэртэй холбох үндэслэл байхгүй” гэж захидалд бичжээ.
Гэхдээ дэлхийн бусад улс орнуудад тархсан вирусийн хувилбаруудыг ч гэсэн анх бүртгэгдсэн улсынх нь нэрээр Бразил, Өмнөд Африк, Британи хувилбар гэж нэрлэж байгаа.
Сошиал сүлжээний агуулгад тодорхой нэг түлхүүр үгээр хязгаарлалт тавих нь боломжгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Тиймээс компаниуд Энэтхэгийн засгийн газрын хүсэлтийг зөвшөөрөхгүй байх магадлал өндөр гэнэ.
Энэтхэг улсад Бямба гарагт 257,299 халдварын тохиолдол шинээр бүртгэгдэж, 4,194 хүн нас барсан байна. Нийтдээ тус улсад цар тахал эхэлсэн цагаас хойш халдварын 26.3 сая орчим тохиолдол бүртгэгдэж, 295,525 хүн нас баржээ.
Эх сурвалж: Reuters