Тэргүүнээ сонгосон бөхчүүд хэрүүлээ эцэслэж чадсангүй

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-31 04:25:12


Монголын үндэсний бөхийн холбоо/МҮБХ/ өнгөрөгч амралтын өдөр ээлжит бус Их Эе хурлаа зохион байгуулж, бөхчүүд ч хуралдаа идэвхтэй оролцов.

Их эеэр дөрвөн асуудлыг хэлэлцсэн боловч гол асуудал болох допинг, цолны эрэмбэ, барьц сонгооны асуудал, цол нөхөн олгох, хураах талаар дорвитой шийдэлд хүрч чадсангүй


Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат нар ирсэнгүй

Ээлжит бус Их Эе-ийн зар түгэхтэй зэрэгцээ "Гацуурт"-ын Л.Чинбатын холбооноос мэдэгдэл хийж, Ц.Магалжавын холбоог хууль бус, эрх зүйн чадамжгүй  хэмээн буруутгалаа.

Мөн түүнчлэн Их Эеийг дангаар хуралдуулах гэж байгааг буруутгав.

Түүний хариуд Ц.Магалжавын холбооноос уриалга гаргаж,  Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар, дархан аварга Х.Баянмөнх, А.Сүхбат нарын хүмүүсийг урьсан.

Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралд оролцохгүй мөн бусдыг оролцуулахгүй үйлдэл, санаа агуулбал та бүхний олон жилийн тэмцэл монгол бөхийн төлөө бус хувийн эрх ашгийн зөрчилтэйг нотлон харуулна гэж үзэхээ ч анхааруулсан билээ.

Гэвч  Ц.Магалжавын анхааруулгыг Л.Чинбат, дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат нар тоосонгүй.

Дархан Х.Баянмөнхийг энэ удаагийн МҮБХ-ны тэргүүний сонгуульд өрсөлдөнө гэсэн яриа тархсан ч тэрбээр хурал ирээгүй юм.

Мөн УИХ-ын гишүүн асан А.Сүхбат ч бараагаа харуулсангүй.  2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэд Л.Чинбат МҮБХ-ны тамгыг хадган дээр  тавин өгсөн. 

Л.Чинбатын  холбоог төлөөлж, Ү.Хүрэлбаатар, улсын гарьд Б.Гантогтох нар хүрэлцэн ирсэн.

Ялангуяа Ү.Хүрэлбаатар хурлын төгсгөлд хэлсэн үг бөхчүүдийн эгдүүцлийг хүргэж, багагүй шүүмжлэл хүртсэн юм.

Түүнээс бөхчүүд яагаад эвлэлдсэн бөхийн холбоог дахин хуваахыг санаархаж байгааг мөн ард нь хэн турхирч буйг ч асууж лавлав.

Аваргууд бөхийн холбоог удирдахыг хүссэнгүй

Хурлын гол шийдвэрүүдийн нэг Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнийг сонгох явдал байлаа.

МҮБХ-ны тэргүүнд улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, улсын аварга С.Мөнхбат, улсын аварга О.Балжинням, дархан аварга Г.Өсөхбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нарын нэрсийг дэвшүүлсэн.

Гэвч аваргууд өөрсдийн хүсэлтээр тэргүүний сонгуульт ажлаас нэрээ татсан.

Дархан аварга Г.Өсөхбаяр, улсын аварга О.Балжинням нар тэргүүний үүрэг гүйцэтгэхээсээ илүүтэйгээр цэцдийн зөвлөлд орж ажиллахыг хүссэн бол улсын аварга С.Мөнхбат ирэх түүхт 100 жилийн ойн баяр наадамдаа бэлдэж, наадамчин олноо хүндэтгэн энэ удаагийн тэргүүний сонгуулиас нэрээ татсан.

Ийнхүү МҮБХ-ны тэргүүнийг үүргийг гүйцэтгэгч, дэд тэргүүн Ц.Магалжав, МҮБХ-ны гүйцэтгэх захирал асан Б.Сайнбаяр, бөх сонирхогч Б.Баярбаатар нар өрсөлдөж, Ц.Магалжав үнэмлэхүй ялалт байгуулсан.

Гэвч МҮБХ-ны сонгуульт ажил үүгээр дуусаагүй.

Бөхийн холбоо гурван дэд тэргүүн, гүйцэтгэх захирлын сонгуулиа явуулах болно.

Харин хэзээ гэдэг нь тодорхойгүй байна.

Удахгүй явагдах Цэцдийн зөвлөлөөр хурлаар эсвэл ирэх онд явагдах ээлжит Их Эе хурлаар энэхүү асуудлыг шийдэх төлөвтэй байна.


Ардын хувьсгалын 100 жилийн ойгоор 2048 бөх барилдах уу?

Ө Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхээс эхлүүлээд зарим УИХ-ын гишүүд Ардын хувьсгалын түүхт 100 жилийн ойгоор 2048 бөх барилдуудах санал гаргах болсон юм. 

Энэ санал ч Их Эеийн үеэр сөхөгдөв. Бөхчүүд энэ жилийн наадмаар 2048 бөх барилдуулах горимын санал гаргалаа.  

Тэд бүх амьдралаа бөхийн спортод зориулсан бөхчүүд улсын цолонд хүрэлгүй зодог тайлж байна. Тиймээс тэдэнд боломж олгож, 2048 бөх барилдуулъя. 

Зуун жилийн ой дахин давтагдашгүй түүхэн үйл явдал. 300 мянган өвөрмонголчуудтай хот 1024 бөх барилдуулж байхад гурван сая хүнтэй Монгол Улс яагаад 2048 бөх барилдуулж болохгүй байгаа талаар санал, шүүмжлэлээ хэлж байлаа.

Үндэсний их баяр наадмын тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн хуульчдын үнэлгээг үзэхэд түүхэн 100 жилийн ойн баяр наадамд 2048 бөх барилдсан нөхцөлд цолыг хэрхэн олгох асуудал тодорхойгүй байгаа юм. 

Хэрэв 2048 бөх барилдвал 11 даваатай явагдаж, тавын даваанд 128 бөх барилдана. 

Тэгш ойн аварга төрдөг арвын даваанд дөрвөн бөх тунах ажээ. 

Гэхдээ хуульчдын судалснаар 2048 бөх барилдвал цолны тал дээр нарийн зохицуулалт шаардлагатай болж байна.


109 бөхийн допингийн шинжилгээний хариу но-той байв уу?

Ээлжит бус Их Эеийн үеэр улсын харцага О.Хангай 109 бөхийн допингийн асуудлыг хөндлөө.  

Тэрбээр “Допингийн шинжилгээний хөндлөнгийн хяналтыг хэрхэн сайжруулах вэ. 

Допингийн эсрэг үндэсний төвийн хэдэн хүмүүс бөхчүүдтэй, улстөрчидтэй хуйвалдаад шээс сольдог, нэг хүний нэр дээр хоёр хүний шээс явуулдаг асуудлууд гарч байсан. 

Ц.Магалжав заан өөрөө ч Солонгосын лабораториос 109 бөхийн шинжилгээний хариу ирэх ёстой байсан ч 109-өөс олон шинжилгээний хариу ирсэн гэж надад хэлсэн. 

Явцын шинжилгээг оруулахгүйгээр шүү. 

Ингээд маргаантай, будлиантай асуудлууд үүсч байсан гэсэн” гэв.

Допингийн эсрэг үндэсний төв наадмын дараа байнга асуудал дагуулдаг. 

Үйл ажиллагаа нь ил тод бус, хаалттай энэ байгууллага Монголын үндэсний олимпийн хорооны харьяа байгууллага. Үнэн хэрэгтээ Монголын спортын хамгийн ил тод, үйл ажиллагаа нь идэвхитэй, нээлттэй байгууллага байх ёстой. Допингтой холбоотой бүхий л маргаан энэ байгууллагаас улбаатай. Шээсний шинжилгээ сольдог, хариу сольдог, нуудаг, нэг хүний хоёр өөр шээсний сорьцыг явуулдаг гээд олон асуултад өөрсдөө ч хангалттай тайлбар, мэдэгдэл хийдэггүй чих нь дөжирчихсөн байгууллага болсон. 

 Уг хуралд Допингийн эсрэг үндэсний төв уг нь заавал оролцох ёстой газар мөн юм. 

Учир нь, бөхчүүдийн дунд эргэлзээ үүссэн олон асуултад хариулт өгөх үүрэгтэй газар бол Допингийн эсрэг үндэсний төв  мөн билээ.

Хуулийн төсөл дэмжигдэх үү?

МҮБХ-ны зүгээс Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хэлэлцүүлгийг зохион байгуулж, бөхчүүд, бөхийн зүтгэлтнүүд, бөх сонирхогчдоос санал хүсэлтийг нь хүлээн авсан. 

Иргэд, бөхчүүдээс олон санал хүсэлт дундаас хэлэлцэж, хамгийн зөв зүйтэй гэх саналуудыг УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барьсан.

Бөхийн холбооны зүгээс УИХ-д өргөн барьсан хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд хэд хэдэн онцлох заалтууд байсан. 

Тодруулбал, “2.3.Үндэсний их баяр наадмын улс, аймаг, сумын баяр наадмыг 7-р сарын 10-12-ны өдрүүдэд тэмдэглэнэ”, “6.2. Наадмын допингийн шинжилгээний хариу ирсэний дараа цолыг олгоно”, “шинжилгээгээр бөх, харваач допинг хэрэглэсэн нь тогтоогдвол тухайн баяр наадамд олгосон цол, байрыг хасч бүх төрлийн барилдаанд барилдах эрхийг 4 жилээр хасна” зэрэг заалтуудыг хуулийн төсөлд суулгаж өгсөн билээ. 

Гэвч энэхүү төсөл нь бүхлээрээ УИХ-д дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй байгааг холбооны тэргүүн Ц.Магалжав дурдав. 

Түүний хэлснээр УИХ-ын гишүүд наадмыг улс, аймаг, сумаараа долдугаар сарын 10-12-ны өдрүүдэд зохион байгуулахыг эрс эсэргүүцэж байгаа аж. 

Тэгэхээр энэ мэтчилэн зарим заалтууд УИХ дээр дэмжигдэх эсэх нь эргэлзээтэй байна.



Монголын үндэсний бөхийн холбоо допингтой хэрхэн тэмцэх вэ?

Холбооны шинэ тэргүүн Ц.Магалжав допингийн асуудалтай тэмцэхээ өмнө нь удаа дараа мэдэгдэж байсан. 

Тэрбээр 2019 оны Э.Оюунболдын цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цол, чимгийг нь нөхөн олгохыг хүсч, ерөнхийлөгчид хандсан. 

Мөн допингтой нэр холбогдсон 38 бөхийн нэрсийг зарлахыг хүсч, нийслэлийн прокурорын газарт удаа дараа хандсан бол үүний дараа 2020 оны Улсын баяр наадамд сэргээшийн шинжилгээнд зөрчил гаргасан улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдавга, улсын харцага Бат-Орших нарын барилдах эрхийг 11 сараар хассан нь буруу шийдвэр урьдын адил хоёр жилээр хасах ёстой гэсэн байр суурийг илэрхийлж, энэ шийдвэрээ эргэн харахыг ХЗДХЯамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандоржоос хүссэн. 

Гэвч одоог хүртэл дорвитой цол олгогдог, хураадаг Ерөнхийлөгч,  ХЗДХЯ-наас ямар ч тайлбар, үйлдэл гаргахгүй байсаар наадамтай золгох бололтой.

Тэгвэл Ц.Магалжав хурлын үеэр  өөрийн аргаар допингтой тэмцэхээ мэдэгдсэн. Тодруулбал, Монголын үндэсний бөхийн холбоо улсын их баяр наадмаар барилдах бөхчүүдийг бүртгэдэг. 

Тиймээс Ц.Магалжавын тэргүүний хэлснээр бөхийн холбоо улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Р.Пүрэвдавга, улсын харцага Бат-Орших нарыг улсын баяр наадамд бүртгэхгүй аж. Өөрөөр хэлбэл, хэдийгээр эдгээр бөхчүүдийн эрх нь сэргэсэн хэдий ч бөхийн холбоо бүртгэхгүй ажээ. 

Энэ бол Монголын үндэсний бөхийн холбоо өөрсдийн аргаар допингтой тэмцэж буй нэг арга болохоо хэллээ.

Ийнхүү МҮБХ тэргүүнээс сонгосон хэрүүл талцал, олон эргэлзээтэй асуудлууддаа цэг тавьж чадсангүй. Цаашид монгол бөхийн шинэчлэлт Ц.Магалжавын зөв буруу бодлогоос шууд хамаарахаар болж байна.


Холбоотой мэдээ