Улсын төсөв уйлдаггүй: 100 жилийн наамдыг 10 тэрбумаар тэмдэглэнэ

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-05-31 07:18:50


Наадам хаяанд иржээ. 

 Тулгар төрийн 2230, Их Монгол Улс байгуулагдсаны 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн Үндэсний их баяр наадмаа цаг үеийн нөхцөл байдалд тохируулан үзэгчтэй зохион байгуулахаар болсноо Засгийн газраас зарласан. 

Өнгөрсөн жил наадмын бөхийн барилдааныг "Арвангуравдугаар зуун цогцолбор"-т үзэгчгүй зохион байгуулсан. "Арван гуравдугаар зуун" цогцолбор нь “Женкотур бюро” компанийн эзэмшлийнх. “Женкотур бюро” нь Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын гэр бүлийн компани.  Өөрөөр хэлбэл өнгөрсөн жилийн наадмыг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн хувийн зуслан дээрээ зохион байгуулсан  бол энэ жилийн наадам бүхэлдээ Ардын намын "төрсөн өдөр"-т зориулагдаж байна.

Түүхт ойн барилдаанд 1024 бөх зодоглоно. 

Ингэхдээ 100 жилийн ойд зориулан улсын төсөвт 10 гаруй тэрбум төгрөг суулгажээ. 

Энэ нь 2020 оныхоос 7 тэрбум төгрөгөөр илүү гэсэн үг. Тухайлбал, энэ жил  

  • Ардын хувьсгалын 100 жилийн тухай дуу бүтээхэд 100 сая төгрөг,
  • Ардын хувьсгалын түүхэнд холбогдох хөшөө дурсгалуудыг сэргээхэд 250 сая төгрөг,  
  • Бүх ард түмний урлагийн наадам 500 сая төгрөг, 
  •  Утга зохиолын шилдэг бүрээл туурвихад 100 сая төгрөг, 
  • “Зуун жил- Зуун бүтээн байгуулалт" телевизийн контент бэлтгэн цувралаар хүргэхэд 100 сая төгрөг, 
  • Тайзны бүрэн хэмжээний “Монгол угсаатны билиг” тоглолт туурвихад 270 сая төгрөг, 
  • “Хаадын хаан” жүжигт 200 сая төгрөг, “Эрхэт Монгол” концерт 80 сая, Шивээ хиагт дуурь шинэчилсэн хувилбар нь 50 сая төгрөг гэх мэтээр 10 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөжээ.

Монголд Covid-19 цар тахлын гамшиг нүүрлэж, улмаас эдийн засаг элгээрээ хэвтэж, аж ахуйн нэгжүүд хөл хорионы улмаас дампуурч, иргэд ажил орлогогүй болж байна. 

Гэтэл эрх баригчид нь болсон болоогүй дуу, шүлэг, хөшөө дурсгал, телевизийн контентод зуу, зуун саяар нь татвар төлөгчдийн мөнгийг цацаад сууж байгааг харахад улсын мөнгө уйлдаггүй гэж үнэн аж. 

 Хүүхдийн мөнгөө хүртэл "хүн"-ээс зээлж тараах байж шүү дээ.  

Монголын Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас хүүтэй мөнгө зээлж, хүүхдийн мөнгийг олгохоор болсон билээ. 

Тоон мэдээ дурдахад, Үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж, хоёр дахин өссөн бол 2012 онд 870 саятөгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар, 2014 онд 2.2 тэрбум төгрөгөөр тус тус наадсан байна. 

Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш 2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 3 тэрбум 4 саятөгрөг болжээ. 

Улмаар 2018 онд 2 тэрбум 98 сая, 2019 онд 2.9 тэрбум, 2020 оны 3 тэрбум төгрөг тус тус зарцуулсан байна.

100 ЖИЛИЙН НААДМЫГ ГУРВАН НАЙРУУЛАГЧ НАЙРУУЛНА


Төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг наадмын нээлт яг үнэндээ уйтгартай, хайрцаглагдсан хэвээр байгааг үзэгчид шүүмжлэлтэй ханддаг.  

Нөгөө л нэг үхэр тэрэг, морь мал, эртний баатрын дүрүүд. Сагсалзаж, сэгсэлзсэн үзүүлбэрүүд. 

Ямар сайндаа л "Херо"-гийн Б.Баатарын найруулсан уртаас урт клип ураад өгөх бүү хэл үзэгчдээ унтуулах дөхсөн. 

 Ийм нээлтүүдийг үзсээр байгаад монгол наадамчид, гадаад жуулчид залхаж, уйдах болсон нь худлаа биш. 

Энэ жилийн хувьд баяр наадмын нээлт, хаалтын концертыг Н.Наранбаатар, Г.Цоггэрэл, Б.Баатар нар хамтран найруулахаар болсон.

Найруулагч Н.Наранбаатарын хувьд 2016, 2017, 2018 оны баяр наадмын нээлтийг гурван жил дараалан найруулсан. 

Г.Цоггэрэл 2019 оны наадмын ерөнхий найруулагчаар ажилласан. Харин "Херо" Б.Баатар 2020 оны үзэгчгүй наадмын концертыг анх удаа найруулж байв. 

Жилээс  жилд төсөв нь данхайж, сэдэв нь ядуурсаар байгаа наадмын нээлтэд энэ жил 650 сая төгрөг төсөвлөжээ. 

Энэ мөнгийг найруулагчид нь эхнээсээ голж суугаа бололтой. 

Холбоотой мэдээ