Хүчирхэг удирдагч ба тогтвортой төр засгийн нууц

Улс Төр
khiimori.co@gmail.com
2021-06-01 00:50:35

1-р хэсэг – АНГЕЛА МЕРКЕЛЬ КАНЦЛЕР ХЭРХЭН БОЛСОН ТУХАЙ

Монголд Засгийн газрын дундаж наслалт дэндүү богино тухай бид сайн мэднэ. 
Хэдийгээр засгийн газар бүр улс орны урт, дунд хугацааны бодлогыг тасралтгүй үйлдвэрлэдэг ч дэндүү богино настай болоод ч тэр үү өнөөх нь ихэвчлэн цаасан дээр үлдсээр ирсэн. 
Ерөнхий сайдаар ажиллаж байсан хүмүүсийн хэн нь ч засаглаж буй хугацаандаа бодож, санаж байснаа бүрэн гүйцэтгэж, хэрэгжүүлж амждаггүй. 
Тэр ч бүү хэл эрх барьж байгаа нам хэвээр байсан ч дараагийн танхим нь, шинэ тэргүүн нь ч өмнөх засгийн газрын бодлогыг үргэлжлүүлж, хэрэгжүүлдэггүй өөрөөр хэлбэл "төрийн залгамж чанар" алдагдаж ирсэн гашуун түүх одоо ч үргэлжилж байна гэхэд хилсдэхгүй.
Тиймдээ ч дахиад гоё гоё нэртэй шинэ төлөвлөгөө, ахин нэг мөрөөдлийн жагсаалттай цаас үйлдвэрлэдэг учир улсын хөгжил нь чөдөртэй морь мэт дороо эргэлдэх төдий байсаар байгаа нь тун харамсалтай.
Улсын хөгжил, ард түмний амьдралын түвшин төрийн бодлогоос шууд хамааралтай.
Тэгвэл өндөр хөгжилтэй орнуудын туршлага ба сургамж юу байв гэж судалж, уншиж хэд хэдэн цуврал бичиж байна.
1970-аад оны дундаас эхлээд өнөөг хүртэлх сургууль, ажил, амьдрал маань шууд холбоотой, харьцангуй сайн мэдэх Герман улсын хувьд байдал тэс өөр байсныг энэ удаа өгүүлье.
Холбооны Канцлер буюу манайхны хэлж заншснаар Засгийн газрын тэргүүн ХБНГУ байгуулагдсан 1949 оноос хойш өнөөг хүртэл 72 жилийн хугацаанд ердөө 8 удаа солигдсон байх жишээтэй.
1990 оноос хойш 31 жилийн хугацаанд 3 канцлер буюу засгийн тэргүүн дунджаар 10 гаруй жил удирдсан байна.
Харин Монголд сүүлийн 31 жилд Ерөнхий сайд 18, түр үүрэг гүйцэтгэгчтэй 20 удаа солигдож засаглалын дундаж наслалт 1,6 жил байна.
Энэ бол зөвхөн тоон үзүүлэлтийн зөрүү төдий биш зүйл юм.
Чанарын хувьд маш том урвуу үзэгдэл бөгөөд улмаар засгийн газар олон солигдож буйгаас шууд хамааралтайгаар өнөөдөр манайд хөгжлийн түвшин, ард түмний амьжиргааны байдал ямар шуу байгааг Германтай зүйрлэхийн ч аргагүй болсон.
Өөрөөр хэлбэл парламентын засаглал дээр суурилсан ардчилал, зах зээлийн нийгэмд төр, засаг тогтвортой байх нь хөгжилд маш чухал гэдгийг Германтай харьцуулсан жишээн дээр харж болно.
Германы Холбооны засгийн газрыг Конрад Аденауер 1949-1963, Лудвих Эрхард1963-1966, Курт Георг Киссинжер 1966-1969, Вилли Брандт 1969-1974, Хельмут Шмидт 1974-1982, Хельмут Коль 1982-1998, Герхард Шрёдер 1998-2005 нар удирдаж, ХБНГУ-г дэлхийд тэргүүлэх гүрнүүдийн нэг болгож чадсан юм.
Дээрх жишээнээс хархад 1949 оноос хойш Германы 8 канцлерын ажилласан дундаж хугацаа 9 жил байдаг бол “Мөнхийн Канцлерь” гэгддэг түүхэн дэх цорын ганц эмэгтэй удирдагч Ангела Меркель 2005 оноос одоог хүртэл 16 дахь жилдээ Германы Засгийн газрыг тэргүүлж байгаа билээ.
Хүчирхэг удирдагчид нь тогтвортой төр, засгийг бий болгосноор Герман улс “ИХ-8”-ын нэгд багтаж, ажилсаг хөдөлмөрч иргэдтэй, тайван сайхан нийгмийг байгуулж чаджээ.
Хөгжлийн түүхийг нь хараад байхад тэд Сингапур, Солонгос шиг гэнэтийн гайхамшгийг бий болгосонгүй.
Гэхдээ Дэлхийн II дайны дараа үнсэн товрог болсон Герман улсыг дахин хөл дээр нь босгосны нууц нь Герман хүний тууштай ажилсаг байдал, хариуцлага ёс зүйтэй, эх оронч зан чанаруудаа илүүтэй тордож, дайны хор уршиг, гай гамшгийг хойч үедээ зөв ойлгуулж, үе үеийн удирдагчид нь ард иргэдийн амьдралыг нүдэнд харагдаж, гарт баригдахаар бодитой дээшлүүлэхийн төлөө тууштай зүтгэж, үлгэрлэн манлайлж ирсний үр дүн гэж хэлж болмоор.
Энэ нь төрийн бодлого цаасан дээрх мөрөөдөл зураглалаар үлдэх биш харин үеэс үед үргэлжлэн, залгамжлан хэрэгжиж байдаг учраас Засгийн газрын танхимууд тогтвортой ажиллаж, удирдагчдаа ч хүлээн зөвшөөрч байсантай холбоотой байна.
Энэ талаар лавшруулан сонирхон нэлээд ном, мэдээлэл цуглуулж уншлаа.
Тухайлбал, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн удирдагч Ангела Меркель хатагтайн ажлын арга барил, амжилтанд хүрсэн түүх, германчууд улстөрчөө хэрхэн бэлддэг, үнэлж дүн тавьдаг талаар сонирхолтой зүйлүүд олныг уншиж, энэ талаар ч гэсэн герман анд нөхдөөсөө бишгүй сонсож явлаа.
Ангела Меркель нь 1954 онд Баруун Германы Гамбург хотод Хорст Каснер хэмээх теологийн оюутан залуугийн ууган охин болон мэндэлжээ.
Түүнийг төрөөд удаагүй, хэдхэн долоо хоногтой байхад эцэг эх нь Зүүн Германд шилжин суурьшиж, нэгэн жижиг хотын сүмийн пастороор ажиллах болжээ.
Ангела охин ингэж Зүүн Германд дунд сургуулиа, Лейпциг дэх Карл Марксын Их Сургуульд физикийн чиглэлээр суралцаж, амжилттай төгсөөд, 1983 оноос эрдэм шинжилгээний ажлын гараагаа эхэлсэн байдаг.
Ангела Каснер 20 нас хүрээгүй ч "Германы Чөлөөт Залуучуудын эвлэл" (FDJ) байгууллагын идэвхтэй гишүүн болжээ. 1977 онд физикийн оюутан Ульрих Меркельтэй танилцаж гэрэлсэн ч амьдралын үзэл бодол таарахгүйн улмаас 1982 онд гэр бүлээ цуцлуулсан гэдэг.
Гэвч Меркель хэмээх хуучин нөхрийнхөө овгийг өөрийн нэрэндээ үлдээхээр шийдсэн нь өнөөдөр дэлхий нийтээр таних алдартай нэр болно гэж хэн төсөөлөх билээ.


Эмэгтэйчүүд, залуучуудын сайд А.Меркель, Бонн хот

Ангела Меркель 1983 онд төгсөөд квант механикийн чиглэлээр мэргэшснээр академийн түвшинд амжилтанд хүрэх нь тодорхой болж, Ардчилсан Германы Шинжлэх Ухааны Академийн Берлиний Төв Хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтнаар ажилд орж байсан бол ердөө 3-хан жилийн дараа буюу 1986 онд “Энгийн нүүрс-устөрөгчийн урвалын хурдны тогтмолыг тооцоолох” сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. 
1998 оны 12-р сард квант химич Иоахим Зауэртай гэрлэсэн байдаг. 
Түүний хувийн амьдрал бусдын л адил.
Меркель залуугаасаа улс төрд болгоомжтой ханддаг нэгэн байж. 
Залуучуудын эвлэлийн гишүүний хувьд Шинжлэх Ухааны Академийн соёлын төлөөлөгч гэдэг байсан ч тухайн үеийн коммунист нам, блок намуудын аль нэгэнд элсээгүй, иргэний сүмийн болон сөрөг хүчний үйл ажиллагаанд ч оролцдоггүй байв.
Харин Берлиний хана нурахаас өмнөхөн буюу 1989 онд тэрбээр "Ардчилсан Сэрэлт" (DA) намд элссэнээр түүний улс төрийн карьер эхэлсэн бөгөөд энэ нам нь 1990 онд Германы томоохон намын нэг Христосийн Ардчилсан Холбоотой /CDU/ нэгдэж “Германы төлөө холбоо” байгуулагджээ. 
Сонгуульд шууд нэр дэвшиж, Стралзунд-Рюген-Гриммений тойрогт өрсөлдөв. 
Тэрээр Германы Бундестаг руу шууд мандатаар сонгогдсон байна. 
Энэ үеэс улс төрд өөрийгөө сойж эхэлжээ.
Өөрөөр хэлбэл, 1990 оноос Ангела Меркелийн “улс төрийн амьдрал, карьер” шинээр эхэлсэн гэж хэлж болно. 
Тэрбээр Германы хамгийн хүчтэй намуудын нэг Германы Христосын Ардчилсан Холбоо нам /CDU/ -ын гишүүн болсон явдал юм.
Тэр үед Холбооны Канцлераар ажиллаж байсан, “Хоёр Германы нэгдлийн канцлер” гэж ард түмэндээ нэрлэгддэг Хельмут Коль залуу эмэгтэй улстөрч Меркельд итгэл хүлээлгэн, 37 настай байхад нь Эмэгтэйчүүд, залуучуудын асуудал эрхэлсэн Холбооны сайдаар томилсон байна.
Эл албан тушаалыг 1991-1994 он хүртэл хашиж, 1994-1998 онд Байгаль орчны сайдаар ажиллаж байсан ба 2000 онд Германы Бундестаг дахь Христосын Ардчилсан Холбоо нам ба Христосын нийгмийн холбоо нам/CDU, CSU/-н парламентын бүлгийн даргаар сонгогдож, улс төрийн карьер нь намын бодлогын хүрээнд өссөн байдаг.
Бундестагаар Социаль-демократ намын тэргүүн Герхард Шрёдерт итгэл хүлээлгэх эсэх дээр хэлэлцэхэд түүний засгийн газрын эсрэг хүчтэй сөрөг хүчний сайн удирдагч гэдгээ А.Меркель батлан харуулж, 2005 онд 51 насандаа Холбооны канцлерийн албанд сонгогдон, “хамгийн залуу” канцлер гэж нэрлэгдэх болжээ. Үүгээрээ Меркель Германы Бундестаг дахь “эрэгтэйчүүдийн” ноёрхлыг ялснаар энэхүү эмэгтэйгээр толгойлуулсан шинэ засаглал дэлхий даяар шуугиан тарьсан үйл явдал болсон юм.
Меркель 2005-2009 онд Их эвслийг, 2009-2013 онуудад хар, шар /CDU-FDP/ өнгийн эвслийг удирдаж, 2013 оноос хойш дахин Германы Социаль-демократ /SPD/ намтай хамт засаглаж байв. 
Ангела Меркель энэ албан тушаалд 16 жилийн турш ажиллаж байгаа бөгөөд “Германы болон олон улсын улс төрийн хамгийн хүчирхэг хүмүүсийн нэг” гэж гарцаагүй тооцогддог юм.
Эндээс Ангела Меркель гэх энэ эмэгтэй хэрхэн “Холбооны Канцлер” хэмээх өндөр хариуцлагатай албан тушаалыг ийм урт хугацаанд хашиж, тогтвортой ажиллаж чадаж байна вэ гэсэн асуулт зайлшгүй гарна. 
Монголчуудтай харьцуулахад германчууд тухайн удирдагчийн боловсрол, ажилсаг чанар, ёс зүйн хариуцлагатай байдал зэргийг нэн түрүүнд тавихын зэрэгцээ амаа бага, толгойгоо их ажилуулдаг хүнд л итгэдэг нь харагдана.


"Колийн охин" 1991 он

Учир нь хатагтай Меркелийн амьдрал, өнөөдрийг хүрсэн албан тушаал, амжилтын цаана бага наснаасаа өөртөө суулгасан зөв төлөв, зөв хүмүүжил, ясны уйгагүй бүтээлч чанар, тууштай байдал, ажилсаг чанар нь хувийн эрх ашгийг хэзээ ч хөнддөггүй энэ бүхний нууц байлаа. 
Угаасаа германчууд багаасаа "ажил хэргийн ёс зүй"-д суралцаж, хаа ч манлайлдаг ард түмэн. 
Ганцхан жишээ дурдахад тэрбээр сурагч байхдаа “Ардчилсан Германы орос хэлний тэргүүний сурагч”-аар шалгарч, математикийн хичээлээрээ улсын хэмжээнд тэргүүлж, физикийн шинжлэх ухааны салбарын докторын зэрэг хамгаалсан зэргийн цаана өнөөх “уйгагүй хөдөлмөр, зүтгэл” л үнэртдэг.
Мөн 2 Герман улсыг нэгдэхэд Баруун Германы ардчилал, зах зээлийн нийгмийн өндөр мэдлэгтэй, туршлагатай, мэргэшсэн улстөрчдөөс богино хугацаанд манлайлан гарсан нь түүний зарчимч, ажил хэрэгч, асуудалд олон талаас нь хандах чадвар, уйгагүй тууштай ажиллагаа, өндөр боловсрол мэдлэгтэй, аливаа асуудалд дүн шинжилгээ сайн хийж чаддаг зэрэг удирдагч хүний эзэмших олон шинжүүдийг эзэмшсэнтэй шууд холбоотой гэж дүгнэхээр.
Германы Засгийн газрыг тэргүүлэгчид ихэвчлэн хуульч, эдийн засгийн мэргэжилтэй голдуу байлаа.
Ангела Меркель байгалийн шинжлэх ухааны мэргэжилтэй цорын ганц канцлер гэдгээрээ бас бусдаас ялгардаг. Физикч мэргэжил нь түүний улс төрийн карьер ахихад аливаад дүн шинжилгээ, анализ сайн хийдэг, үйл явдлын уялдаа холбоо ба үр дүнгийн холбоосыг прагматик хандлагаар дүгнэж, шийдэл гаргах зэрэгт маш их хэрэг болдог байснаар батлагдах жишээтэй.
Нөгөөтэйгүүр, германчууд, улс төрийн намууд нь хэнийг улс төрд бодлогоор бэлтгэж, хүрээлэх, зүтгүүлэх вэ гэдэгтээ маш тооцоотой алсыг харж шилдэг, боловсон хүчнээ анхан шатнаас нь бэлтгэх шудрага зарчмыг баримталж байдагтай бас уялдаатай.
Тиймээс өнөөдөр Монголд олон нийтийн шүүмжлэл дагуулж байдаг өнөөх хэн нэгний цүнх баригч, мөнгө өгөгч, нам үндэстэн дамнасан шунахай хүмүүсийг Германд улстөрч, цаашлаад төрийн хүн болгодоггүй байх нь.
Бие хүний хувьд төлөвшсөн, хөдөлмөрч, оюунлаг хүнийг улс төрд, алсын хараатай бэлтгэх нь Германы улс төрийн намуудын Бундестагт суудал авахаас илүү чухал ач холбогдол өгдөг зүйл байх нь.
Харин энэ бүхэн Монголд харамсалтай нь эсрэгээр…
Хэн намаа мөнгөөр “цутгаж”, хэн намын даргынхаа дохиураар үнэнч боол нь мэт зүтгэх, хэн хамгийн сайн фракц үүсгэж, албан тушаалын арилжаа наймаа хийж чадах “сүнсгүй, олон нүүртэй” нөхдүүдийг аль сайхан, аль зөөлөн, аль өнгөтэй өөдтэй бүх суудалд зална.
Улс төрийн намын хөшигний ард үргэлж албан тушаалын наймаа, ашиг хонжоо харсан тохироо байдаг болохоор манай Засгийн газар дэндүү богино настай.
Бүгд л сайд, дарга болох, бүгд л гүйцэтгэх танхимд ажиллах ээлж тохироотой болохоор “хүчирхэг удирдагч” төрж, “тогтвортой төр” ажиллах боломжийг хулгайлсаар.
Энэ тал дээр яг эсрэгээрээ нэг жишээ хэлэхэд Ангела Меркель Канцлер Кольтой ойр дотно ажиллаж, түүний улс төрийн туршлага, намын бодлогоос судалж суралцаж байсан гол хүн нь байсан хэдий ч 1999 онд нийтэд ил болсон Германы Христосын Ардчилсан Холбоо намд өргөсөн хандивыг хуулийн дагуу ил тод мэдээлээгүй, нуусан шуугианаас улбаалан “намын нэр хүндээ хамгаалах” зорилгоор Х.Кольтой ойр дотно ажиллахаа болих зориг гаргаж байсан байна. 
Энэ нь олон нийт, намын жирийн гишүүдээс талархал хүлээж байв.
Меркелийн тэрхүү үйлдэл түүнийг намын зарим гишүүд, ялангуяа барууны консерватив үзэлтэй жигүүрийнхнийг тэвчихгүй байдалд хүргэсэн ч энэхүү зоримог алхмын талаар мужийн намын дарга нарын хэн нь ч түүнтэй маргах эрсдэл гаргахыг бодсонгүй, хүлээн зөвшөөрхөөс өөр аргагүй байв.
Учир нь Меркель зөв зүйлийн төлөө тухайн үед намын нэр хүндээ аварч чадсанд оршино.
2000 оны дөрөвдүгээр сард Христосын Ардчилсан Холбоо намын гишүүд 96 хувийн саналаар Меркелийг намын даргаараа сонгосон байдаг.
Энэ бол германчуудын “жинхэнэ зарчимч” хандлага.
Гэтэл Монголын улс төрд нэг намынхан дотоодын ийм зөрчлийн эзнийх нь толгойг нь илээд л таг дуугуй өнгөрөөнө.
Нам хандивын татвараа төлөөгүйн төлөө ингэж нэгэнтэйгээ зарчимчаар “дайтахгүй”, зөвхөн өөрсдийн хувийн эрх ашиг нь хөндөгдвөл хэн ч байсан хамаагүй нэгийгээ өөд уруугүй хараар будаж, хөнжилдөө хөлөө жийлцэхийн үлгэр гээч л болно.
Меркель шиг Кольтой намын нэр хүндийн төлөө шууд тулалдахаар зориг тэд гаргахгүй.
Канцлер Герхард Шрёдерт итгэл хүлээлгэх эсэх талаар Бундестагийн гишүүдээр хэлэлцүүлэхэд сөрөг хүчний удирдагч Ангела Меркель олонхийн санал авч Холбооны Канцлераар сонгогдсон түүх нь германчуудын аливаад тооцоотой, алсын хараатайг илтгэж буйн бас нэг тод жишээ.
Өнөөдрийн Монголын тогтвортой төр, чадалтай удирдагч, манлайлагчаа гаргаж ирж чадахгүй байгаа бүхний цаана өнөөх нь л бохир улс төр, олигархи бүлэглэлүүдийн мөнхийн тэмцэлтэй холбоотой. 
Гэвч шинэ цаг, шинэ залуу үе ирснийг ч тэд анзаарах сөхөөгүй хэмлэлдсэн хэвээрээ л байна.
Харин германчууд үнэт зүйлийн төлөөх тэмцэл нь өөр гэдгийг Германы Канцлер А.Меркелийн талаарх дээрх хэдэн баримтаас бага ч гэсэн ойлгогдох байх гэж найдаж байна..
Дараагийн удаа Канцлер Меркель хатагтайн баримталж хэрэгжүүлсэн бодлого, ажил хэргийн арга барил, түүний багийн тухай болон улс төрийн алхамуудын талаар сургамжтай зүйлийг үргэлжлүүлэн хуваалцах болно.

Холбоотой мэдээ