Банкны залилангийн хэрэгт 13 хүнийг сэжигтнээр тооцжээ
НийгэмХудалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамч бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ.
Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.
Уг залилангийн гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна.
Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа юм.
Үүнтэй зэрэгцээд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс 1.1 сая ам.доллар машины тээшнээс олдсон талаарх мэдээлэл цацагдсан.
Машинаас олдсон 1.1 сая ам.доллар хаанахын хэний, ямар мөнгө болохыг цагдаагийн байгууллага мөн шалгаж эхэлжээ.
Тодруулбал, их хэмжээний мөнгө машинаас олдсон хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа бөгөөд дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзав.
Мөн олдсон мөнгийг Худалдаа хөгжлийн банкинд мөнгө шилжүүлээгүй гэлээ.
ХОЁР САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төв “Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байгаа.
Одоогоор хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээллийг өгөх боломжгүй.
Бидэнд ирсэн мэдээллээр залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн.
Тэд нас барсан хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ хэрэгт 10 гаруй хүнийг сэжигтнээр холбон шалгаж байгаа. Гол сэжигтнүүд болох дөрвөн хүнийг шуурхай эрэн сурвалжилж Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний баривчилсан. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжилж байна. Хоёр сая ам.доллар залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсоноос хойш цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж байгаа" гэв.
ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ НЬ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЭГҮЙ БАЙХАД Б.БЯМБАДОРЖ ДАХИН ЗАЛИЛАН ҮЙЛДЖЭЭ
Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилсан хүмүүсийн нэг Б.Бямбадорж өмнө нь хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож байсан байна.
Тодруулбал, Хаан банкийг луйвардсан хэрэгт холбогдож байжээ.
2019 онд итгэмжлэх ашиглан тус банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан хэрэгтээ ял шийтгэл авсан байдаг.
Тэрбээр батлан даалтад байх хугацаандаа ийнхүү дахин залилангийн хэрэгт холбогдсон болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа юм.
Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авсан аж. Мөн Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа хэрэгт холбогдох нотлох баримтуудыг битүүмжилж, 800 гаруй мянган ам.долларыг нь хайж буй тухай мэдээлсэн юм.
Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй.
Бүхэл бүтэн хоёр сая ам.долларыг хуурамч бичиг баримтаар авсан асуудлаар Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлэл өгөхгүй гэсэн юм.
Энэ хэрэгт банкны ажилтнууд холбоотой эсэхийг ч мөн нууцлаж байна.
Худалдаа хөгжлийн банкинд залилагчид хоёр сая ам.долларын валют гаргуулан авах хүсэлтээ өгч, өнгөрсөн долоо хоногийн Мягмар гаригийн 15.00 цагийн үед 50 орчим насны эмэгтэйг явуулж авахуулсан аж.
Тэрбум төгрөг залилсан хэрэгт буруутгагдсан сэжигтэн батлан даалтад гарсан хойноо дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, банкийг хохироосон явдалд түүнийг суллах захирамж гаргасан шүүгч холбоотой эсэх нь ч анхаарал татаж байна.
Хэрэгт холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж саатуулаад байгаа.
Эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсч байжээ.
Харин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болсон байна.
Жил бүр банкнаас мөнгө залилах гэмт хэрэг гардаг ч сүүлийн жилүүдэд статистик буурч байгаа аж.
Гэвч энэ төрлийн хэргийн мэдээллийг банк нууцалдаг нь нэр хүнд үйл ажиллагаатай нь холбоотой байж болзошгүй юм.