Хятад улс яагаад гурван хүүхэдтэй болохыг дэмжиж байгаа вэ?

Дэлхий
khiimori.co@gmail.com
2021-06-01 08:30:14



ХКН-ын төв хорооны улс төрийн товчоо 5-р сарын 31-нд хуралдаж, хүн амын хөгшрөлтийн асуудлыг шийдвэрлэх тухай ирэх таван жилд авч хэрэгжүүлэх томоохон бодлогын тайланг сонсон, “Гэр бүлийн төлөвлөлтийн бодлогыг сайжруулж, хүн амын урт хугацааны турших тэнцвэртэй байдлыг хадгалах шийдвэр”-ийг авч хэлэлцэн, төрөлтийг дэмжихийг санал болгож, нэг гэр бүлд гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрч дэмжих холбогдох бодлогуудыг хэрэгжүүлэхээр боллоо.


    Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хариуцлагатай хүн хэлэхдээ, өдгөө Хятад улс хүн амын том гүрнээс боловсон хүчний нөөцийн хүчирхэг гүрэн уруу шилжих стратегийн боломжийн шат үед байгаа тул энэ удаагийн бодлого боловсруулалт нь эдийн засаг нийгмийн хөгжилд хүн амын гүйцэтгэх үүргийг бүрэн дайчлах бөгөөд төрөлтийн түвшин буурах эрсдэлийг идэвхтэй зохицуулах болно гэжээ.

    Сүүлийн жилүүдийн  бодлого зохицуулалтын дүнд 10 сая гаруй Хятадын айл өрх хоёр дахь хүүхдээ төрүүлжээ.

    Хоёр хүүхэдтэй болохыг дэмжих бодлого хэрэгжүүлсэн атлаа төрөлт мөн буурсаар буйн шалтгааныг Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хариуцлагатай хүн тайлбарлахдаа: Нэгдүгээрт, төрөх насны эмэгтэйчүүдийн тоо буурч, орой гэрлэж төрөх хандлагатай болсон. Хоёрдугаарт, Төрөх хүсэлт ерөнхийдөө буурч байна. Хүүхдийн боловсрол, орон сууц, ажлын байр зэрэг эдийн засаг нийгмийн холбогдох бодлогууд нь гэр бүлийн төлөвлөлт сонголтод гол нөлөөлж байна. Гуравдугаарт, Ковид-19-ийн цар тахлын улмаас олон улс орон бүс нутгийн төрөлтийн түвшин буурчээ. Ажлын байр, орлогын байдал тогтворгүй учраас гэрлэх төрөх төлөвлөгөөгөө хойшлуулсан эсвэл цуцалсан тохиолдол нэмэгдсэн юм. Хятад улсын хувьд ч 2020 оны төрөлтийн түвшин 2019 оны мөн үеийнхээс нэлээд буурсан нь цар тахалтай холбоотой байх магадлалтай юм гэжээ.

    Гурван хүүхэдтэй болохыг дэмжих бодлого ямар үр дагавартай болох бол?

     Хятадын Үндэсний эрүүл мэндийн хорооны хариуцлагатай хүн хэлэхдээ, 20-р зууны сүүлчээр Хятадын 60-аас дээш насны хүн ам нь нийт хүн амын 10 гаруй хувийг эзэлж байсан бол ирэх таван жилд 20 гаруй хувийг эзэлж, 2035 он гэхэд 30 гаруй хувийг эзлэх төлөвтэй байна.

    Гурван хүүхэд төрөхийг дэмжих бодлого хэрэгжүүлснээр урт хугацааны хувьд хүн амын насны бүцтийн сайжруулж, шинэ хөдөлмөр хүчийг нэмэгдүүлж, нийгмийн амьжиргааны хүчийг ерөнхийдөө дээшлүүлэх болно гэжээ.

Холбоотой мэдээ