Аз жаргалтай гэр бүлийн нууц
НийгэмАз жаргалтай гэр бүл ямар байдаг вэ.
Гэр бүлийн аз жаргалын тухай ойлголтод эхнэр, нөхрийн санал зөрөлдөж байгаа нь тухайн гэр бүлд аз жаргал оршин тогтнох үндэс алга гэсэн үг биш.
Гэр бүлийн аз жаргалтай харилцааг хамтдаа бүтээж, түүнийгээ хадгалж явахын тулд зөвхөн өөрийнхөө бус ханийнхаа юу хүсдэгийг мэддэг, мэдэрдэг байх ёстой.
Гэр бүлийн аз жаргалтай харилцааны нууц болсон энгийн хэдэн зөвлөмжийг дэлхийн сэтгэл судлаачид санал нэгтэйгээр батласан.
Гэр бүлийн аз жаргалын нууц нь үнэн хэрэгтээ энгийн зүйлээс эхэлдгийг хүмүүс төдийлэн анзаардгүйгээсээ болж алдаа гаргадаг.
Энэхүү энгийн зүйлийг хэдхэн үгээр илэрхийлбэл, ярьж, сонсч, хүлээн зөвшөөрч, өгч, авч чаддаг байхад л оршино.
Ялангуяа өөрийгөө бусдын байр суурин дээр тавьж гаднаас нь дүгнэж сурах хэрэгтэй.
Дээр дурдсан хэдхэн үгэнд л аз жаргалын нууц оршдогийг сэтгэл зүйчид батлан өгүүлдэг.
Эдгээр үгийг санаж, биелүүлэхэд хялбархан мэт боловч цаг нь тулсан үед тийм ч хялбар зүйл бас биш ээ.
Хань тань чухам ямар алдаа гаргаж Таныг гомдоосныг өөрөөр нь таалгах гэж битгий “гүрийгээрэй”.
Зүгээр л юунаас болж гомдсон, ямар буруу зүйл хийснийг нь шууд хэлэх нь хамгийн зөв шийдвэр. Гэхдээ чанга хашхиралгүй, гомдол шүүмж тавилгүй эелдгээр тайлбарлаж сурах нь зүйтэй. Хань тань Таныг огт хүндэлдэггүй л биш бол эелдгээр хэлсэн үгсийг эргэцүүлж, алдаагаа засахыг хичээх нь гарцаагүй.
Хосууд ямар ч үед бүх зүйлийн талаар нээлттэй ярилцаж, санал бодлоо байнга солилцдог байх нь хамгаас чухал.
Өдөр тутам ажил дээр, гэр бүлийн хүрээнд тулгарч буй асуудлуудаас гадна хүүхэд ахуйн нандин дурсамжуудаасаа ч эргэн дурсч сэтгэл зүйн дотнослоо ойртуулж байх нь зүйтэй.
Таатай орчинд өрнөсөн харилцан яриа хүмүүсийг ойртуулаад зогсохгүй тэдний харилцааг улам дотно болгодог гэдгийг сэтгэл зүйчид сануулдаг. Ханийнхаа дутагдалтай талыг байнга шүүмжилж, үргэлж бүх зүйлд сэтгэл дундуур мэт гомдоллож, янз бүрийн зүйл нэхэж шаардах эсвэл байнга түүнийг дорд үзэн шоолох, өөрийгөө зөвтгөн тэмцэлдэх зэрэг нь харилцааг сүйтгэгч үндсэн чанарууд юм.
Иймэрхүү хандлага нь хосуудын харилцааг хүйтэн хөндий болгохоос гадна өөрийн санаа бодлоо ханьдаа илэрхийлж, итгэх сэтгэлийг нь хөсөрдүүлдэг хорт үр дагавартай.
Бусдыг, ялангуяа ханийгаа уучилж сурах нь хамгийн гайхалтай чанар.
Хүн бүр нийгмийн амьдралд хөл нийлүүлэн алхахдаа элдэв асуудалтай байнга тулгардаг. Үүнээс үүдэлтэй гомдол, цөхрөл хуримтлагдсаар санаатай болон санамсаргүй байдлаар илэрхийлсэн таагүй үгсийн цогц болох нь бий. Тиймээс дэргэдэх хүнээсээ сонссон болгоомжгүй үгсийг уучилж сурах нь зүйтэй.
Харин дараа нь бүх зүйл тайван болсон, нөхцөл байдал дээрдсэн үед энэ талаар ярилцахад гэмгүй.
Ханиа сонсч мөн түүнд өөрийгөө бүрэн ойлгуулж чаддаг байх нь чухал.
Зөвхөн өөрийн үзэл бодлоо тулган шаардах бус түүний юу гэх гээд байгааг ойлгох хэрэгтэй. Хэлсэн зүйлийг нь “чихнийхээ дэргэдүүр” өнгөрүүлж хэрхэвч болохгүй.
Та түүний хэлсэн зүйлийн мөн чанарыг ойлгосноор гаргасан үйлдлийг нь ойлгоно гэсэн үг.
Харилцан ойлголцол нь дотно байдлын эхний алхам гэдгийг хүн бүр мэддэг.
Аз жаргалтай хос үргэлж бие биедээ хайраа чөлөөтэй илэрхийлдэг.
Та яагаад түүнийг сонгож, түүнтэй гэрлэснээ үргэлж санаж яв.
Түүнийг бусдаас илүү онцгойлсон нь лав.
Та хамгийн сүүлд хэзээ ханиа магтан урамшуулснаа яг одоо сана даа.
Магадгүй Та ханиараа бахархдаггүй болохоор хань тань бас танаар бахархдаггүй байж болох. Хэн нэгнийг, ялангуяа ханиа “өөрчлөгд, шинэ хүн болооч” гэж ятган шаардаж болохгүй.
Учир нь энэ бол бараг л боломжгүй зүйл.
Нөгөө талаар ямар ч хүн өөрийнхөөрөө байх бүрэн эрхтэй.
Тиймээс түүнийг өөрчлөх хандлагаа арай өөрөөр илэрхийлж байх нь зүйтэй.
Тухайлбал, тэр найзууддаа Танаас илүү анхаарал, цаг зарцуулаад байгааг илэрхийлэхдээ “Хонгор минь чамайг найзуудтайгаа уулзахаар явахад надад уйтгартай байх юм.
Хоёул хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлж болохгүй юу” гэх мэт.
Нөхөр, эхнэрийн аль нь ч энэ миний ач, гавьяагаар л өдий зэрэгтэй амьдарч байгаа гэсэн өчүүхэн атгаг бодлыг өвөртөлж болохгүй. “Надтай хамт байгаадаа талархаж явах ёстой” гэсэн увайгүй хандлага нь гэр бүлийн амьдралд төгсгөл авч ирэх нь түгээмэл.
Харин ийм гайхамшигтай ханьтай учруулж өгсөн хувь заяа, эцэг эхдээ талархаж, ханиа улам ихээр хайрлаж явах нь өлзийтэй.
Хамгийн гол нь өдөр бүр, цаг тутам гэр бүлийн харилцаандаа анхаарч, гаргасан алдаагаа засч, алдаагаа давтахаас зайлсхийж сурах ёстойг мартаж болохгүй.
Эдгээр зөвлөмжийг Та бүхэн амьдралдаа хэрэгжүүлж чадсанаар хамтдаа “Бид хамгийн аз жаргалтай гэр бүл” хэмээн итгэл дүүрэн хашхирч чадна.
Гэр бүлд маргаан зайлшгүй чухал
Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг тул ямар ч гэр бүлд маргаан гардаг нь зайлшгүй асуудал.
Гэр бүлд маргаан зайлшгүй чухал
Хүн бүр өөрийн гэсэн үзэл бодолтой байдаг тул ямар ч гэр бүлд маргаан гардаг нь зайлшгүй асуудал.
Огт маргалддаггүй хүмүүсийн харилцаа мөхлийн ирмэг дээр байдаг гэж зарим судлаачид дүгнэдэг.
Хосууд гэр бүлийн харилцаагаа тогтвортой, хэвийн, хөгжилтэй байлгахын тулд харилцааны мөн чанараа байнга тодорхойлж байх хэрэгтэйг амьдралын туршлага харуулдаг.
Тэгэхээр хосуудын хоорондоо дайсагналцах болон сөрөг эмоцийн үр дагавар ч хайр сэтгэлийн хэвийн харилцаанд байх ёстой зүйл аж.
Учир нь хүн бүрийн дотор эерэг, сөрөг хоёр “хүн” тэмцэлдэж байдаг.
Нэг нь хайртай хүнийхээ ямар ч алдааг уучилж, хүлцэнгүй байхыг эрмэлздэг бол нөгөө нь зөвхөн өөрийнхөөрөө байж, өөрийгөө цаг ямагт хайртай хүнээсээ дээгүүр тавихад хүргэдэг.
Хамтын амьдрал зохиох үед тухайн хүний эдгээр чанар нь улам их илэрч элдэв асуудлын үндэс болдог.
Гэр бүлийн харилцаанд маргаан яагаад зайлшгүй хэрэгтэй вэ гэвэл хүн өөрийн мөн чанараа илэрхийлэх байдлаа гээхгүй тэмцэж байгаа болохоор тэр.
Тиймээс гэр бүлийн жижиг маргаан нь хэвийн харилцааг бататгах, хамгаалах үндсэн зэмсэг болж чаддаг.
Хэрвээ хосууд сэтгэл зүрхийг нь шаналгаж буй зүйлсээ гаргаж “асгарч” чадахгүй явсаар байвал асар их сөрөг хуримтлалтай болж сэтгэлийн гүн хямралд автах, буруу алхам хийх, өөрийгөө гээх зэрэг аюулд ордог.
Тиймээс мөн л дээр дурдсанчлан харилцан яриа хамгийн чухал.
Гэр бүлийн маргааны үед эрчүүд ихэвчлэн дуугаа өндөрсгөж, хашхирдаг.
Дайн тулааны шинж чанартай энэхүү хандлага нь эрчүүдийн тестостерон даавартай холбоотой. АНУ-ын Филадельф хотноо байрладаг Альберт Эйнштейний нэрэмжит анагаахын судалгааны төвд явуулсан судалгааны ажлаар эрчүүдийн түрэмгий зан тестостерон дааврын хэмжээтэй холбоотой болохыг тогтоосон.
Өөрөөр хэлбэл энэхүү дааврын хэмжээний өтгөрөл маргааны үед илрэх араншинтай шууд холбоотой гэсэн үг.
Харин эмэгтэйчүүдэд энэхүү даавар эрчүүдийнхээс 12 хувиар бага ялгардаг тул хэрүүл маргааны үед түрэмгийлэн хашхирах нь бага гэнэ.
Гэхдээ эмэгтэйчүүд маргааны үед маш олон төрлийн “жүжиг тоглох” чадвартай аж.
Учир нь эмэгтэйчүүд мэдрэмждээ тулгуурлан сэтгэдэг бол эрчүүдийн уураг тархи баримтад тулгуурлан ажилладаг.
“Эмэгтэйчүүд уурлах үед” номонд өгүүлснээр залуухан эмэгтэйчүүд илүү хэрүүлч, сэтгэл хөдлөл ихтэй, ярдаг байдаг аж.
Харин 50 гарсан эмэгтэйчүүд хэрүүл шуугиан дэгдээх нь бага, маргаанаас болж уйлах нь ч ховор болдог аж.
Америкийн эрдэмтдийн дүгнэснээр, хосуудын маргааны оргил үе 40 нас гэнэ.
Гэр бүлийн маргааны хурц хэлбэр эмэгтэйчүүд гарт тааралдсанаа шидэх, эрчүүд ямар нэг зүйл цохин хашхирах байдлаар илэрдэг.
Гэхдээ зарим гэр бүл хэрүүл, маргаангүйгээр харилцан ойлголцож чаддаг.
Хүний бие махбодид хамгийн ач тустай эм бол хайранд өлгийдүүлсэн аз жаргал гэж эмч нар зөвлөдөг.
Аз жаргалтай өнгөрүүлж буй агшин бүр бие махбодийн дархлааны системд сайнаар нөлөөлж, хамгаалалтын эсийн тоог нэмэгдүүлдэг байна. Тиймдээ ч “дурласан хүн өвчилдөг- гүй” гэж ярьдаг.
Гэвч гэр бүлд тань тодруулахаас өөрцгүй асуудал үүссэн үед аль болох биеэ барьж ухаалаг, тайван байдлаар харилцахыг хичээгээрэй.
Үүний тулд хэдхэн зөвлөмжийг баримтлах нь чухал.
-Яалт ч үгүй хэрүүл хийх тохиолдол гарвал хүүхдээ хол байлгах хэрэгтэй.
Хүүхдийн дэргэд ямар ч асуудал үүсгэх ёсгүйг хэн хэн нь ухамсарлаж, тэвчдэг байх ёстой.
Эцэг, эхийн маргаан хүүхдийн хүмүүжилд асар олон сөрөг нөлөө үзүүлдэг төдийгүй эцэг, эхээ гэх сэтгэлийг нь хөргөдөг.
-“Чи яг эцэг /эх/ шиг ээ, ийм л хүн”,
“Яг л түүнийг дууриасан, хэзээ ч өөрчлөгдөхгүй” гэх мэтээр төрөл садангаар нь доромжлохоос зайлсхий.
-Хамгийн гол нь хайртай хүнээ бүү доромжил. Түүний нандин бүхнийг гутаан доромжилсон гашуун үгс ухаан санаанд нь хэзээ ч арилшгүйгээр тод үлддэг бөгөөд иймэрхүү хар зураасыг арилгана гэдэг маш хэцүүг санаж яваарай.
ЭРЭГТЭЙЧҮҮД,
ЭРЭГТЭЙЧҮҮД,
Логик сэтгэлгээ сайтай
Нэгтгэх дуртай
Аливаа зүйлийг ерөнхийд нь хүлээн авдаг Тодорхойгүй зүйлд татагдах эрсдэлтэй Романтикийг чухалчилдаг
Орон зай, цаг хугацаагаар баримжаалах дуртай Техник талдаа гаргууд
Амжилтад хүрэхийг илүүд үздэг
Манлайлагч байх сонирхолтой
Шинэ зүйлд татагддаг Эмэгтэйнхээ анхдагч байх хүсэлтэй
Эрэгтэй, эмэгтэй хүний сэтгэлзүйн онцлог ялгаа
ЭМЭГТЭЙЧҮҮД
ЭМЭГТЭЙЧҮҮД
Мэдрэмж, зөн совин сайтай
Дүн шинжилгээ хийх дуртай
Жижиг сажиг гэлтгүй бүхнийг анхаардаг
Бодит зүйлд итгэх дуртай
Туршлага дээр тулгуурладаг
Гар биеээрээ бүрэн мэдэрч хэмжихийг илүүд үздэг
Нигүүлсэнгүй талдаа авьяастай
Эргэн тойрныхонтойгоо харилцахад илүү анхаардаг
Нийтэч байх чадвартай
Дүрэм журам баримтлахыг чухалчилдаг
Адилгүй, цор ганц байхыг хүсэх зэрэг давуу мөртлөө тэс өөр шинж чанаруудаар илэрдэг