Монголын анхны хурдны замд аудит оруулъя

Нийгэм
khiimori.co@gmail.com
2021-06-02 08:48:24


Хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж хөдөө тийш зүглэх цаг ирлээ.

Гэсэн ч  хот хоорондын авто зам дардан байж чадах болов уу, зорьсон газартаа эсэн мэнд хүрээд эргэж ирэх баталгаа бий юу гэсэн түгшүүр төрүүлнэ.

Үүний тод жишээ нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг, Улаанбаатар-Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал чиглэлийн 32.2 км  Монголын анхны хурдны авто зам юм.

Дээрх хоёр  урсгал бүхий зургаан  эгнээтэй зам нь  ашиглалтад ороод ердөө хоёр жил болж байгаа бөгөөд харьцангуй шинэ замд тооцогдоно.  

Гэсэн ч машин явсан гэхээсээ илүү яваагүй тус замын голд үргэлжилсэн цууралт үүссэн байна.  

Хөшигийн хөндийн олон улсын шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороогүй  байхад ийн цууралт өгсөн нь  цаашдаа машины ачааллыг дийлэх эсэх осол аваарь гарахгүй гэсэн баталгаа бий юу  гэх эргэлзээг дагуулж эхэллээ.

Хурдны замыг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр барьсан бөгөөд 2019 оны долдугаар сард  ашиглалтад оруулахдаа тухайн үеийн  удирдлагууд тууз хайчлан сүртэй нээж байв. 

Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх нээлтийн үеэр  “Уг авто зам ашиглалтад орсноор олон улсын нисэх онгоцны шинэ буудал Улаанбаатар хоттой хурдны авто замаар холбогдож, иргэдийн тав тухтай, түргэн шуурхай зорчих боломж бүрдэх юм. 

Мөн манай улсыг зорин ирэх гадаад, дотоодын жуулчдын тоо нэмэгдэж, цаашлаад Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийг түргэтгэж, бидэнд үр өгөөжөө өгнө гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцолсон. 

Гэтэл хурдны замын өнөөдрийн нөхцөл байдал салж унахад ойрхон байна. 

Ямар сайндаа иргэд цахим сүлжээнд “Хурдны зам руу данхаа бариад гүйхээр болсон байна шүү дарга нар аа” хэмээн  ёжлоод сууж байх вэ дээ.

ТЭГВЭЛ ХУРДНЫ ЗАМЫГ ЯМАР КОМПАНИ ХЭДЭН ТӨГРӨГӨӨР БАРИВ

Барилгын ажил гүйцэтгэх  гэрээг Зам, тээврийн хөгжлийн яам болон БНХАУ-ын “Чайна тэйсэжү сивил инженеринг групп” ХХК-ийн хооронд 2015 оны есдүгээр сарын 18-ний өдөр байгуулжээ. 

Улмаар барилгын ажлыг  2016 оны зургадугаар сарын 6-ны өдөр эхлүүлсэн бөгөөд туслан гүйцэтгэгчээр үндэсний аж ахуйн нэгжүүд болох “Бадрах ойл” ХХК, “Эрдэнэ зам” ХХК, “Арж Капитал” ХХК-иуд тус,  тус ажилласан байна.  

Уг төслийн ажлын нийт өртөг нь 140.3 сая ам.доллар бөгөөд барилгын ажлыг гурван  жилийн хугацаанд гүйцэтгэж, 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр улсын ашиглалтад оруулсан юм.

Хурдны авто замын барилгын ажилд өдөр тутмын хяналтын зөвлөх  үйлчилгээг БНХАУ-ын “Гуанжоу ванан констракшн супервишн” ХХК болон “Эс ар пи” ХХК хамтран гүйцэтгэжээ.  

Ерөнхийдөө төслийн хүрээнд 32.2 км асфальтбетон хучилттай хурдны авто зам мөн дагалдах хиймэл байгууламжууд болох нийт зургаан ширхэг  гүүр, 21 ширхэг нүхэн гарц  28 ширхэг  дугуй хоолой тус, тус баригдсан байна.

МОНГОЛЫН АНХНЫ  ХУРДНЫ ЗАМД АУДИТ ОРУУЛЪЯ

Үндэсний Аудитын газраас 2019 онд Засгийн газрын шугамаар авч, ашиглаж байгаа хөнгөлөлттэй зээл болон буцалтгүй тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа 61  төсөл, хөтөлбөрт шалгалт хийжээ. 

Тухайлбал, зам тээвэртэй холбоотой төслүүдээс дурдахад “олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төсөл, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төсөл, “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалт” зэрэг  төслүүд бий.

Харин дээрх шалгалтад хурдны зам багтаагүй байна.

Тиймээс Монголын анхны хурдны замд аудит оруулж замын чанарыг олонд мэдээлэх нь зөв болов уу. 

Аудитын газраас “Улаанбаатар-Дархан чиглэлийн авто  замын төсөл”-ийн хэрэгжилтэд дөрвөн сарын хугацаанд хяналт, шалгалт хийхэд хэд хэдэн зөрчил илэрсэн. 

Тухайлбал, замын хучилтын өнгөн үед нийт 10 см зузаан асфальт бетон хучилт байгуулахаар төлөвлөж байсан ч  5 см зузаан болгож багасгасан нь хучилт хурдан эвдрэх, засвар арчлалтын хөрөнгө ихээр шаардах, улмаар авто замын чанар байдалд сөргөөр нөлөөлж, насжилтын хугацааг багасгах эрсдэлтэйг тогтоосон. 

Мөн Дарханы замын нэгдүгээр багцын  32.76 км замд дэвссэн асфальт бетон хучилтын тэгш байдал алдагдаж, хөндлөн дагуу хагарлууд, зарим хэсэгт нүх гарч, хучилтын залгаас хэсгүүдийн заадас ил гарсан байжээ. 

Үүнийг   барилга  угсралтын  ажил  гүйцэтгэх  гэрээний дагуу хучилтын ажлыг зургаан  сарын хугацаанд  дуусгахаар ажлыг шахаж, цаг уурын тохиромжгүй нөхцөл, хүйтэн  сэрүүний  улиралд  захиалагчаас  гүйцэтгэгч  нарт  үүрэг,  чиглэл  өгч  ажил гүйцэтгүүлсэнтэй холбоотой гэдгийг мэдээлсэн билээ. 


Холбоотой мэдээ