БНСУ, Япон улстай түр хугацааны визээр зорчих талаар хэлэлцэнэ
НийгэмЦар тахалтай холбоотойгоор Монгол Улс хилээ тодорхой хугацаанд хааж зургадугаар сарын 1-нээс албан ёсоор нээлээ.
Хил нээгдсэн хэдий ч халдварын тархалтын эрсдэл өндөр байгаа. Тийм учраас ихэнх улс орон монгол иргэдийн виз мэдүүлэх, хилээр нэвтрэх эрхийг хязгаарласан хэвээр байгаа юм.
Засгийн газраас гаргасан шийдвэрийн хүрээнд Иргэний нисэхийн ерөнхий газар /ИНЕГ/-аас урьдчилсан байдлаар тавдугаар сард 16 удаагийн нислэг үйлдэх хуваарь гаргаад байсан.
Хатуу хөл хорио тогтоосон учраас тус төлөвлөгөөнд өөрчлөлт орж, зургадугаар сараас Монгол Улсын агаарын хилээр нэвтрэх хөдөлгөөн иргэн бүрт нээлттэй болж байна.
ЗУРГАДУГААР САРД 20 УДАА ТУСГАЙ ҮҮРГИЙН ОНГОЦ НИСЭХЭЭР ТӨЛӨВЛӨСӨН
Иргэний нисэхийн ерөнхий газраас хил нээсэнтэй холбоотой ямар зохицуулалт хийж буй талаар тодруулахад
“Тасалбар борлуулалт болон нислэг төлөвлөлтийн үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн.
Тиймээс батлагдсан нислэгийн хуваарийн дагуу тасалбар худалдан авах иргэд агаарын тээвэрлэгчдэд шууд хандаж байна.
Зургадугаар сард нийт 20 удаагийн тусгай үүргийн нислэгийг хийхээр төлөвлөсөн.
БНСУ, Япон, Унгар, Турк, Герман, ОХУ, Казахстан улс руу тусгай үүргийн нислэг хийж, иргэдээ татан авахаар зохицуулалт хийж ажиллаж байна.
Халдварын нөхцөл байдал, тархалтаас хамаарч цаашид нислэгийн тоо нэмэгдэх эсэхийг шийдвэрлэнэ.
Манай байгууллагын зүгээс нислэгийг хариуцаж байгаагаас бус зорчигч нарт ямар нэг хяналт тавих эрхгүй байгууллага.
Зорчигчид мэдээж Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн яамнаас гаргасан шийдвэрийн дагуу л явна.
Цаашид бусад улс оронтой харилцан зөвшилцөлд хүрэх үүднээс Гадаад харилцааны яамнаас хэлэлцээ хийсээр байна.
Үүнд Иргэний нисэх байгууллагын зүгээс оролцдоггүй” гэсэн юм.
Өнөөдрийн байдлаар цар тахлын улмаас дэлхийн 110 гаруй улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хэлбэрээр хаажээ.
Тодруулбал, ОХУ, БНХАУ, БНСУ, Япон болон Европын орнууд хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, гадаадын иргэдэд виз олголтоо зогсоож, зөвхөн тухайн улсад байнга оршин суух визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлж байгаа.
Ингэхдээ вакцины бүрэн тунд хамрагдсан байхыг зайлшгүй шаардахгүй байгаа.
Хэрэв нэг тунд хамрагдсан бол долоо хоногийн хугацаанд тусгаарлалтад байх шаардлага үүсч байна.
ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙГАА УЛСААС ИРЖ БУЙ ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАХ АСУУДАЛ ЯРИГДАЖ БАЙНА
ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМНЫ КОНСУЛЫН ГАЗРЫН ДАРГА Л.МӨНХТҮШИГ:
Монгол Улсын Засгийн газар зургадугаар сарын 1-нээс хил нээж байгаа тухай мэдээлсэн.
Хил нээж буйтай холбоотой хоёр зүйлийг иргэдэд тайлбарлаж хэлэх нь зүйтэй байх.
Монгол улсад ирэх гадаад улс дахь монгол иргэдийн хувьд ямар нэгэн нэмэлт шаардлагагүй энгийн горимоор тухайн сард зарлагдсан тийзээр эх орондоо ирэх боломжтой.
Вакцинд заавал хамрагдах шаардлага тавихгүй байгаа.
Вакцинд хамрагдаагүй иргэд ирээд долоо хоног тусгаарлагдана.
Вакцины бүрэн тунд хамрагдсан болоод халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд мөн тусгаарлагдахгүй байх журам үйлчилж байгаа.
Дэлхий даяар цар тахлын нөхцөл байдал амаргүй хэвээр байна.
Ялангуяа мутацилагдсан вирус орж ирэх өндөр эрсдэлтэй байгаа юм.
Тухайн бүс нутгууд нь өмнөд Америк, өмнөд Африк, Энэтхэг зэрэг улс орноос ирж буй иргэд 14 хоног тусгаарлах асуудал ЭМЯ-ны түвшинд яригдаж байгаа.
Мэдээж гадаадаас ирж буй иргэдийн эрсдэлийг бууруулах хяналтыг өндөр түвшинд тавих нь ойлгомжтой.
Хэрэв Covid-19 вакцинд хамрагдаад 14-өөс дээш хонож байгаа бол иргэдийг гадаад, дотоодын гэж ялгалгүйгээр тусгаарлахгүйгээр холбогдох бичиг баримтыг үндэслэн оруулж байгаа.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвшөөрсөн аль ч үйлдвэрийн вакциныг хийлгэсэн ч Монгол Улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримтад тулгуурлана.
МОНГОЛ УЛС ХИЛЭЭ НЭЭСЭН Ч ДЭЛХИЙН 110 ГАРУЙ ОРНЫ ХИЛ ХЯЗГААРЛАЛТТАЙ БАЙНА
Мөн тэрбээр "Өнөөдрийн байдлаар дэлхийн нийтлэг жишиг бол гадаадын улс орноос ирэх иргэд ПСР шинжилгээ хийлгэсэн байхыг шаардаж байна.
Заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэдэг хатуу шаардлага тавьж байгаа улс орон өнөөдрийн байдлаар байхгүй.
Хэдийгээр Монгол Улс хилээ нээх шийдвэр гаргасан ч дэлхийн 110 гаруй улс орон хилээ бүрэн болон хэсэгчлэн хаасан.
Бүрэн болон хэсэгчлэн хил хаах гэдгийг хүмүүс төдийлөн ойлгодоггүй.
Өөрөөр хэлбэл, тухайн улс, бүс нутагт гадаадын иргэдэд богино хугацааны буюу аялал жуулчлалын, бизнесийн виз олголтыг зогсоосон байна гэж ойлгож болно.
Харин эдгээр улс зөвхөн өөрийн орны иргэн эсвэл тухайн бүс нутагт байнга оршин суудаг визтэй хүмүүсийг оруулж байгаа гэсэн үг.
Тэгэхлээр хил нээх асуудал нь хоёр улс болон бусад улстай тохиролцох асуудал юм.
Визтэй холбоотой асуудалд зарим зүйлийг хэлэхэд Монгол Улсын хил нээсэн хэдий ч виз олгохгүй байгаа орнууд байна.
Мөн олгож байгаа улсууд ч бий. Өнөөдрийн байдлаар бидний хийсэн судалгаагаар дэлхийн 10 гаруй улстай одоогийн байдлаар харилцаж хилээ нээсэн" гэв
ТҮР ХУГАЦААНЫ ВИЗЭЭР ЗОРЧИХ ТАЛААР БНСУ, ЯПОН ЗЭРЭГ ОРОНТОЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙЖ БАЙГАА
Монгол Улсын иргэд Турк улс руу 30 хүртэлх хоног визгүй зорчих боломжтой байна.
Үүнээс гадна хэд хэдэн орон бий.
Одоогоор АНУ, Грек, Тайланд, Индонез зэрэг тусгай нөхцөлтэй боловч хил нь нээлттэй монгол иргэд зорчих боломжтой орнууд 10 гаруй байгаа юм.
Манай иргэд олноор хойд хөрш болон урд хөршид байнга зорчдог.
Тиймээс хоёр хөрш оронтой вакцинжуулалтын гэрчилгээг хүлээн зөвшөөрөх эсэх талаар хэлэлцээ хийж байгаа аж.
Мөн ГХЯ-наас Монголын иргэд хамгийн олноор оршин суудаг БНСУ-тай бид яриа хэлэлцээ хийж байгааг онцолсон.
Гэхдээ эдгээр улс оронд дотоодын халдварын нөхцөл байдал, вакцинжуулалттай холбоотойгоор гадаадын иргэдэд богино хугацааны виз олгохгүй байх, хилээр нэвтрүүлэхгүй байх шаардлага тавигдаад байгаа аж.
Монгол Улсын тухайд хүн амын дархлаажуулалтыг эрчимтэй хийж байгаа учраас вакцин хийлгэсэн гэрчилгээг иргэдэд олгох боломж нээгдсэн.
Хамгийн гол нь энэхүү гэрчилгээг дэлхийд хүлээн зөвшөөрүүлсний дараагаар виз олгуулж эхлэх, монгол иргэд гадны улс оронд чөлөөтэй зорчих боломжийг үе шаттайгаар нээх яриа хэлэлцээг холбогдох албанаас зохион байгуулж байна.
Вакцинд хийлгэсэн л бол хилээр нэвтрүүлнэ гэсэн шаардлага байхгүй.
Тиймээс энэ гэрчилгээг хүлээн зөвшөөрөөгүй бол Монгол Улсын иргэдэд виз олгохгүй гэж ойлгож болохгүй аж.
Вакцины гэрчилгээ гэдэг бол тухайн улс оронд зорчиж буй иргэний эрсдэлийг үнэлэхэд туслах болохоос визд огт хамааралгүй байна.
Дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдсан гэрчилгээ олгож байгаа нь зөвхөн нотлох баримт юм.
Гадаад харилцааны яам Унгар, Турк, Эмират, Их Британи, Латив зэрэг улс оронтой дархлаажуулалтын гэрчилгээг тохиролцох, хүлээн зөвшөөрөх ажил хийж байна. ОХУ, БНХАУ-тай мөн бид гэрчилгээг хүлээн зөвшөөрөх талаар болон нарийвчилсан асуудлаар ярилцахаар төлөвлөж байгааг албаныхан мэдээлэв.
Л.Мөнхтүшиг "Одоогийн байдлаар монгол иргэдийг цар тахлын өмнөх үе шиг аль болох чөлөөтэй зорчих боломжоор хангах хүрээнд Япон, БНСУ-д хэлэлцээ хийж байгаа. Цаашид дараагийн хүсэлт тавьсан улс орны элчин сайдуудтай уулзана. Элчин сайдын яам тухайн улс орон бүрт ажиллаж байна.
Дээрх дурдсан орнуудын ЭСЯ-тай холбогдож, уулзалт хэлэлцээг хийгээд явж байгаа.
Япон улсын хувьд Монгол Улсыг эрсдэлтэй бүсэд оруулж зарласан гэдэг асуудал яригдсан.
Ийм шийдвэр гарсан нь үнэн.
Гэхдээ Монгол Улсыг эрсдэлтэй бүс нутаг гэж үзэж байгаа 159 улсын нэг болгосон.
Монгол Улс эдгээр 150 гаруй орны нэг болоогүй жил гаруйн хугацааг өнгөрүүлж чадсан.
Ингэж мэдээлсэн хэдий ч бодит байдал дээр Монгол Улсаас Япон явах иргэдийг богино хугацааны визээр нэвтрүүлэхгүй байгаа.
Зөвхөн Япон улсад оршин суудаг монгол иргэдэд нэвтрэх эрх нээлттэй. Япон улсын засгийн газраас гаргасан энэ шийдвэр бол үндсндээ өнгөрсөн жил гаруйн хугацаанд хэрэгжиж байсан шийдвэр. БНСУ-ын тухайд ч мөн ялгаагүй богино хугацааны визтэй хүмүүсийг бус байнгын оршин суух хаягтай хүмүүст агаарын хилээ нээгээд байгаа" гэдгийг хэлсэн юм.
Монгол Улсын Засгийн газраас Covid-19-ийн эсрэг вакцинд хамрагдсан иргэддээ вакцин хийлгэснийг нотлох гэрчилгээ олгож, уг гэрчилгээг гадаадын улс орнуудаар хүлээн зөвшөөрүүлэх чиглэлээр БНХАУ, ОХУ, БНСУ, Казахстан болон Их Британи, Унгар зэрэг орнуудтай дипломат шугамаар яриа хэлэлцээ хийж байгаа аж. Мөн хил нээх асуудлаар харилцан тохиролцолд хүрэхээр ГХЯ-наас Элчин сайдын яамуудтай тогтмол холбоо харилцаатай ажиллаж байгаа юм байна. Одоогийн байдлаар Монгол Улсын иргэд 10 гаруй оронд зорчих боломжтой. Цаашид үе шаттайгаар зохион байгуулалтыг хийж, түр визээр зорчих асуудлыг улс орон бүртэй хэлэлцэх юм байна.